2015 оны хавар Вагоны аж ахуйн албаны 10 жилийн ойд зориулсан сэтгүүл хийхээр урд, хойд замд дараалан томилолтоор ажиллаж билээ. Вагоны аж ахуйн албаны ХАБЭА хариуцсан инженер Н.Наран, “Вагончид” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга И.Батсайхан агсан, манай редакцаас сурвалжлагчаар М.Наранболд, гэрэл зургийн сурвалжлагчаар миний бие гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан тэр нэгэн томилолт олон сайхан хүнтэй танилцуулж, сэтгэлд тодоос тод гэгээн дурсамж үлдээсэн сэн. Энэ үед дотно танилцсан хүмүүсийн нэг бол яах аргагүй урд хэсэглэл хариуцсан байцаагч Ж.Өлзийбаатар. Түүнтэй аяны дөрөө харшуулж явахад хүүхдээ хөтөлсөн нэгэн залуу бүсгүй алсын буйдхан зөрлөгөөс зам тосон сууж, Сайншандад буусан юм. Ж.Өлзийбаатар байцаагч түүнтэй мэндлэх зуураа “За танайхан сайн уу? Ажил нь дажгүй биз дээ” гэснээ, “Ах нь энэ хүүхдийг анх зөрлөгт ирэхэд нь заяаны ханьтай нь танилцуулж байлаа. Энэ маань хотод найз залуутай, нөгөөх нь ч бас үерхдэг охинтой гэж үнэд ороод л... Ах нь мэдэлгүй л яах вэ. Одоо ингээд нэгэн сайхан залуу төмөр замчин гэр бүл голомтоо бадраасныг харах сайхан байна. Та нар, ахдаа гомддоггүй биз?” гэхэд өнөөх бүсгүй “Юу гэж гомдох вэ. Харин ч танд манай гэр бүл баярлаж явдаг шүү” хэмээж билээ.

 Тэр цагаас хойш Ж.Өлзийбаатар байцаагчтай тааралдалгүй явсаар саяхан болсон “Вагон үзэгч, засварчдын анхдугаар зөвлөгөөн”-ний үеэр уулзав. Тэрбээр 2018 онд гавьяаны амралтаа авсан тус зөвлөгөөнд “хүндэт зочин”-оор уригдан иржээ. Ийнхүү түүнтэй есөн жилийн өмнөх дурсамжаа үргэлжлүүлэн хүүрнэх завшаан тохиосон юм.

Хэзээд алиа хошин яриа дэлгэж, хавь ойрын хүмүүстээ инээд баясал бэлэглэж явдаг тэр л зангаараа Ж.Өлзийбаатар ах “Миний ажлын гараагаа эхлүүлж байсан 1980-аад оны үеийн вагоны аж ахуйг өнөөдрийнхтэй харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай. Тэр үед ТҮГ-уудад дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн хүн ч цөөн байлаа. Ирээдүйдээ төмөр замд тууштай ажиллах бодолтой. Архи дарс ууж, ажлаа хийдүүлээд байдаггүй, хүмүүжил төлөвшил нь зөв хүнийг л сургаж авахыг зорьдог байв. Тэр үед төмөр замын шалгуур ч өндөр. “Архи уудаг уу, тамхи татдаг уу? Урлаг спортын ямар авьяастай вэ?” гээд л нэг бүрчлэн асууна. Би цэргээс ирсэн даруйдаа ажлын ярилцлагад орж, “Архи, тамхи хэрэглэдэггүй. Урлаг спорт аль алинд нь хоосонгүй” гэвэл намайг шууд ажилд авч байсан. Тухайн үедээ би ОХУ-д Машин механизмын сургууль төгссөн, цэргийн албаа хаачихсан залуу гэхээр мундаг том мэргэжилтэн байв шүү дээ. Тэр үеийн ахмадууд хэдийгээр ерөнхий боловсрол, техникийн мэдлэг багатай ч өөрөө судалж, мэдсэн зүйлээ бусдад харамгүй зааж, сургадаг байлаа. Одоогийн ажил удирдагчдад маань энэ асуудал жаахан орхигдоод байгаа юм шиг санагддаг. Хүнд юм зааж сургах нь бага байхын хэрээр тухайн хүний өөрийнх нь мэдлэг хомсдож эхэлдэг гэмтэй. Тиймээс манай ажил удирдагч нар шинэ залуу ажилтнууддаа мэдэхгүй чадахгүйг нь харамгүй хэлж өгдөг байгаасай гэж хүсдэг. Намайг ажлын гараагаа эхлүүлж байх үед манай Салхит ТҮГ 26 хүнтэй байснаас гурав нь дөрөвдүгээр ангиа төгссөн. 8, 10 дугаар ангиа төгссөн нэг ч хүнгүй байлаа. Гэтэл одоо ТҮГ бүрд техникчийн боловсрол эзэмшсэн, дээд сургуулиа төгссөн мэргэжилтэй боловсон хүчин 20-30 хувийг нь эзэлж байна. Бусад нь бүгд МСҮТ төв төгссөн мэргэжилтэй хүмүүс байв. Тухайн үеийн техникийн байдал өнөөдрийнхөөс эрс өөр. Миний үед ширмэн колодка, гулгах гүүшингийн холхивч солино гэхчлэнгээр айхтар хүнд ажлууд байлаа. Бид бол ёстой тос даасан, тостой гартай үзэгч нар байлаа. Өнөөгийн үзэгчид харин жинхэнэ цагаан гартай хүмүүс. Тээвэрт явж байгаа вагонуудад ч завсар хийгээд байх зүйл алга. Ийм л сайхан техник технологийн өндөр хөгжилтэй цагт манай үзэгч нар ажиллаж байна. Би залуу үеийнхэндээ “Үнэхээр сонирхоод, энэ бол миний идэх талх, миний ирээдүй гэж бодож байгаа бол ажилдаа үнэнч бай. Нэг газарт хоёргүй сэтгэлээр ажиллана гэдэг бол ерөөсөө л чиний ирээдүй гэрэлтэй байна л гэсэн үг.  Тэгэхгүй нэг байгууллагаас нөгөө рүү үсрээд үрсээд яваад байвал төдийлөн амжилтад хүрэхгүй” гэж захидаг. Тогтворгүй ажилласны хамгийн захын хор уршгийг эцсийн эцэст гавьяаны амралтдаа суух болохдоо л мэдэрнэ.  Хэн ч энэ цаг үеийг тойрч гарахгүй шүү дээ. Би л гэхэд 38 жил хоёргүй сэтгэлээр вагоны аж ахуйн албанд зүтгээд 2018 оны 12 дугаар сарын 28-нд гавьяаны амралтад суух хүсэлтээ өгсөн. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нд тэтгэвэр, тэтгэмж, халамж бүгд бэлэн болчихсон байсан.  Энэ бол нэг газраа хоёргүй сэтгэлээр ажилласны минь буян хэмээн дурсамж сургамж, хосолсон яриа дэлгэсэн билээ.

Түүнийг тэтгэвэртээ суусны дараахан ТЗДС, МҮСТ-ээс холбогдож багшаар ажиллахыг урьжээ. “Өнгөрсөн хугацаанд би 14 жил техниктэй харилцаж, 15 жил байцаагчаар ажилласан. Миний мэдсэн сурсныг эрдэмтэн багш нар үнэлж байхад би үнэрхээд байж болохгүй шүү дээ. Нээрэн ч энэ туршлагадаа үндэслээд ирээдүйн төмөр замчдадаа боломжийн хэмжээнд юм зааж сургах хэмжээнд хүрсэн юм болов уу гэж бодсон. Тэгээд цагийн багшаар ажиллаж байна. Хамгийн сүүлд 10 гаруй оюутанд сарын турш тасралтгүй хичээл заалаа. “Багшаа” гэж дуудуулах. “Миний сургасан шавь амжилттай явна” гэж бодох нь ахмад төмөр замчны хувьд бас нэгэн аз жаргал шүү”. Одоо цагт компьютер, гар утас, интернэт гээд бүх үйл ажиллагааг хөнгөвчилсөн дэвшилтэт технологийн хэлбэрүүд олноор нэвтэрчээ. Үүний үр дүнд хичээл сургалт орлоо гэхэд зааж байгаа нь уншдаг, сурч байгаа нь хуулан бичлэг хийдэг болчхож. Гэтэл манай мэргэжлийг эзэмшихийн тулд алгаараа мэдэрч, арваараа барьж байж суралцдаг мэргэжил шүү дээ. Онол дадлага хоёр хосолж байж сая бүтээгдэхүүн болдог. Энэ л жаахан алдагдчих гээд байх шиг. Би “Залуучуудаа, та нар битгий хавтас сугавчилсан моделиуд болчих” гэдэг. Магадгүй заримд нь хатуу л сонсогддог байх. Өөрөө хийж үзээгүй хүн бусдад яагаад ч зааж чадахгүй. Өөрөө биеэрээ мэдэрч байж тухайн асуудлынхаа цөмийг олно. Цөмийг нь олж ойлгосон хүн л бусдад үлгэрлэлээрээ ойлгуулдаг юм шүү дээ. Хүн удирдаж байгаа хүн хамт олноосоо төө илүү, бүр байх гэхэд сөөм илүү байх ёстой. Ийм байхгүй бол хэн ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Өөрт нь зөв юм хэлээд ухааруулаад байгаа хүнийг тэртээ тэргүй үнэлнэ шүү дээ. Нэг сайн гэж үнэлсэн хүнээ Монголчууд үргэлж өөд нь татдаг. Харин анхнаасаа л сул үнэлчихвэл төдийлөн ойшоодоггүй. Энэ бол манай үндэсний онцлог юм шиг билээ” хэмээв.

 Төмөр замын салбар дунд зүтгүүрчид, холбоочид, замчид, вагончид гээд мэргэжил бүр өөр өөрийн соёл, дэг жаягтай байдаг. Вагончдын хувьд албан тушаалын эрэмбэ, дараалал, удирдах удирдуулах соёлыг маш сайн хэвшүүлсэн хамт олон гэж боддогоо түүнд хэлэхэд, “Наадах чинь маш гоё дүгнэлт байна. Би “Жингийн цуваа шиг олон вагоны зүрхийг нь чагнаж, судсыг нь барьдаг би вагоны оточ” гэж хэлэх дуртай.  Эмч хүн бол нэг цаг үед нэг л хүний эрүүл мэндийг үзнэ шүү дээ. Вагончид харин хэдэн зуун хүнийг тээвэрлэсэн зорчигчийн галт тэргэнд үзлэг хийгээд “Энэ галт тэрэг Улаанбаатараас Замын-Үүд өртөө хүртэл гэмтэл сааталгүй явна” гэсэн баталгааг өгч, гарын үсэг зурдаг. Үзсэн галт тэрэгнийхээ бүрэлдэхүүнд байсан ганцхан вагонд л дутуу үзлэг хийхэд л зорчиж явсан олон арван хүний амь насанд санаатайгаар аюул учруулж байгаагаас өөрцгүй. Ийм л өндөр хариуцлагатай ажил. Ачааны галт тэрэг л гэхэд хамгийн дээд тал нь 120 вагонтой явдаг болсон. Тэрхүү галт тэргэнд хэчнээн хүний, хэдэн арван тэрбумаар хэмжигдэхүйц өртөгтэй ачаа бараа яваа вэ гэдгийг үргэлж бодох ёстой. Вагон үзэгчээр ажиллана гэдэг ийм л өндөр сайхан нэр хүндтэй, бас хатуу үүрэг хариуцлага үүрч байна гэсэн үг. Тийм ч учраас хүндлэх, хүндлэгдэх ёсыг ажил мэргэжлийнхээ талбарт дээдлэхээс аргагүй.  Баяр наадам боллоо гэхэд албан тушаалынхаа эрэмбээр суух ёсыг бидний өмнөх үеэс уламжилж ирсэн. Хоол идсэн ч эрэмбэ дарааллаараа барина. Би Замын-Үүд ТҮГ-ын даргаар 10 жил ажилласан. Тийм л мундаг хүмүүжилтэй байсан. Энэ өөрийгөө заавал хүндлүүлэх гээд байгаа зүйл биш. Үе үеэс уламжилж ирсэн ахмад настан, албан тушаалын эрэмбэ дарааллыг хүндэтгэн үзэж ирсэн хүнлэг чанарын л илэрхийлэл. Байгууллагын соёл гэдэг л энд яваад байгаа юм” хэмээн хуучлав.

Түүнтэй холбоотой 10 жилийн өмнөх дурсамжийг дахин хөндвөл “Төмөр замын бүх мэргэжилд л ийм түүх бий. Зөрлөгт төлөвшил, хүмүүжил сайтай, тохитой томоотой охид, залуучууд ирэхээр тогтвор суурьшилтай ажиллуулахыг хичээнэ. Хооронд нь дотносуулна. Ингэхийн тулд нэгэнд нь нөгөөг нь магтаж ярина. Хамт ээлжинд гаргана. Боломж нь байвал ойролцоо, зэргэлдээ өрөөнд амьдруулна гэхчлэнгээр төлөвлөгөөтэй ажиллана. Нөгөө хоёр маань бага багаар дотносож нөхөрлөсөөр гэр бүл болдог юм. Ах нь УБТЗ-д тасралтгүй 38 жил ажиллахдаа мэдлэгтэй чадвартай хүн салбарт минь байгаасай гэж үргэлж бодож ирсэн. Залуустаа ч үүнийг л захидаг гэв. Зэрвэс сонсоход энгийн л харилцан яриа боловч цаана нь орон нутагт очиж байгаа залуусыг тогтвортой ажиллуулах гэсэн ахмад төмөр замчны чин сэтгэл, алс буйдхан зөрлөгт ажил, амьдралаа цогцлоож яваа залуусын хайр дурлал гээд ийм л өргөн агуулга, сэтгэл зүрх оршин байдаг аж.

 

Б.Дэлгэрхишиг