Өнгөрсөн сарын 28-ны Бямба гарагт зам зуур Шивээ-Овоо өртөөнд аяны дөрөө мулталсан юм. Биднийг тус өртөөнд очиход нар тонгойж байв. Талын задгай салхи исгэрч, жавар тачигнасан амралтын өдөр төмөр замчдын цомхон суурин ажин түжин. Амралтын өдөр хэдий ч төмөр замчдын ажил тасралтгүй үргэлжилж л байдаг даа гэж бодон өртөөний саарал байшинг зүглэлээ. Өртөөний жижүүр залуу үүрэгт ажлаа гүйцэтгэж, цаашилбал өртөөний дарга бүсгүй ч албан өрөөндөө ажилтай сууж таарсанд олзуурхан сониноос яваагаа дуулгалаа. Залуухан бүсгүй дарга уриалагхан угтаж, ширээнд суухыг урилаа.

Амралтын өдөр ч ажилладаг хэрэг үү гэхэд М.Оюун-Эрдэнэ дарга “Тиймээ, манай өртөө техникчгүй тул би амралтын өдрүүдэд ажиллахаас аргагүй. Өглөө, оройд шуурхай ажлын селектортой. Өглөөний ээлжээ 07.30, оройн ээлжээ 19.30 цагт зааварчилгааг нь өгч ажилд нь гаргадаг. Тиймээс заавал ажил дээрээ байж байх ёстой. Шинэ оноос техникчтэй болбол амралтын өдрүүдэд ээлжилж, гэр бүл, үр хүүхдэдээ цаг зав гаргах боломжтой болох байх” хэмээв.

Шивээ-Овоо өртөөнийхөн нийслэлийнхнийг өнтэй өвөлжүүлэхийн тулд хоногийн 24 цагт тасралтгүй хөдөлмөрлөдөг өндөр үүрэг хүлээсэн улс. Тодруулбал, Дулааны IV цахилгаан станц, мөн Амгалан дулааны цахилгаан станцын нүүрсний тээврийг тэд хариуцдаг.  Мөн энэ өртөөнөөс “Страто” ХХК экспортын нүүрс ачдаг байна. Харин тус компаний ачилтыг өвлийн улиралд нь зогсоож, зөвхөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах ажлыг нэн тэргүүнд тавьдаг байна. Үүн дээр Бор-Өндөр, Сайншанд, Айраг руу ч хэрэглэгчдийн нүүрсний ачилт хийдэг гэнэ. Уурхайн 10, 14 дүгээр зам дээр нэг тавилтаар 42 вагонд ачилт хийж, дуусмагц нь татан авч дараагийн  вагонуудыг тавих байдлаар тасралтгүй сэлгээний ажил хийдэг тул өвлийн улиралд экспортын ачилт хийдэггүй гэдгийг өртөөний дарга тайлбарлалаа. Оны сүүлийн өдрүүдэд хоногт дунджаар 135 вагоны ачилт хийж байгаа аж. Он гармагц хоногийн ачилтыг 148 вагонд хүргэх төлөвлөгөөтэй гэнэ.

Нийслэл маань жил ирэх тусам хаяа тэлж, эрчим хүч, дулаан хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тус өртөөний нүүрсний ачилт, тээвэрлэлт сүүлийн жилүүдэд 15-30 хувиар нэмэгдэж байгаа гэв. Өмнө нь, хоногт 100 вагон ачилт хийж байсан бол 2024 онд хоногийн ачилтын дээд амжилт 151 вагонд хүрчээ. Сард тус өртөөнийхөн дунджаар 4372 вагон ачиж, явуулж байгаа юм байна.

Тус өртөөний хамт олон 2024 онд гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллаж шинэ оноо урам зоригтой угтан авч байгаагаа М.Оюун-Эрдэнэ дарга бахархалтай өгүүлэв. Тэр битгий хэл, өнгөрсөн зун Шивээ-Овоо ХХК-ний салбар замд сэлгээний ажил хийх явцдаа галт тэрэгний найруулагч Ч.Ууганбаяр, холбогч Т.Хашчулуун нар зам төмөр хугарсан хурц гэмтэл илрүүлжээ. Найруулагч Ч.Ууганбаяр олон жил ажилласан туршлагатай нэгэн бол холбогч Т.Хашчулуун хоёр дахь жилдээ ажиллаж байгаа залуу ажилтан аж. Ийнхүү болзошгүй аюул ослоос сэргийлж, даруй замчдад мэдэгдэн хугарсан зам төмрийг яаралтай солиулан, галт тэргийг хуваарьт цагаар нь аялуулсан найруулагч Ч.Ууганбаяр “Тэргүүний төмөр замчин”, холбогч Т.Хашчулуун “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын даргын улирлын үзлэгээр шагнасан байна. Мөн олон жил тус өртөөнд ажилласан тооцооны оператор Д.Уугантуяаг ч “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр шагнажээ. Өнгөрч буй оныхоо ажил үйлсээр Чойр өртөөнийхөө шинэ жил дээр ҮЭ-ийн хорооноос “Шилдэг өртөө” цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэнээ үзүүлэв. Өртөөний дарга нэг үзлэгээр гурван хүнээ зэрэг шагнуулдаг газар ховор юм байна лээ гэж өөрөө шагнуулсан мэт баяртай өгүүлэв.  Тус хамт олон 2024 оны оны эхний 11 сараар ачилтын төлөвлөгөөг 105.7, статик даацыг 101, вагон явуулалт 140.7, буулгалт 197.1 хувиар тус тус биелүүлж, Замын санхүү 26.1 тэрбум гаруй төгрөгийн тээврийн орлогыг төвлөрүүлж, тээврийн орлогыг өмнөх оны мөн үеэс 33 сая төгрөгөөр давуулсан байна.

 

 

Ажил ундарч, амьдрал цэцэглэсээр...

 

Шивээ-Овоо өртөө нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II баг гэж явдаг. Энэ багт буюу төмөр замын цомхон сууринд өртөө, Замын хэсэг, холбооны механикч, монтёр, вагон үзэгчид зэрэг төмөр замын ажилтнууд тэдний ар гэр, үр хүүхэд гээд нийт 154 хүн аж төрөн суудаг ажээ.

Энэ сууринд залуус давамгай, бага насны хүүхэд олонтой тул Шивээговь сумынхаа захиргаанд хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгөөч гэх хүсэлтийг тавьжээ. Сумын захиргаанаас ч нааштай хариу өгч, 2025 онд багтаан тоглоомын талбай байгуулж өгөхөө амлажээ. Сумын төвөөс 12 км-ийн зайтай тул цэцэрлэгийн хүүхдүүдээ ажилтнууд нь өөрсдийн машинаар ээлжээр зөөдөг аж. Харин сургуулийн хүүхдүүдийг тусгай автобус зөөдөг юм байна. Замын III ангиас гаргадаг сурагчдын автобус өглөө, өдөр, орой явж, Шивээ-Овоо болон Шивээговь зөрлөгийн ажилчдын хүүхдүүдийг зөөдөг гэлээ.

Мөн Шивээ-Овоо өртөөнд “Ган зам” сүлжээ дэлгүүр ажилладаг. Дэлгүүрээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна гэрийн тавилга, цахилгаан хэрэгслийг захиалгаар авах боломжтой, мөнгөө хувааж төлөх уян хатан нөхцөл ч бий гэв. Энэ нь алслагдсан өртөө, зөрлөгт ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залууст их нийцтэй үйлчилгээ гэж өртөөний дарга бүсгүй онцолсон. Өөр шаардлагатай зүйлс гарвал сумын төв рүү ухасхийнэ.  Ингээд бодвол энэ сууринд амьдрахад дутуу зүйл үгүй бололтой.

М.Оюун-Эрдэнэ дарга “Шугам замд ажилладаг хүмүүс хоорондоо маш дотно. Жинхэнэ хүн чанараараа байдаг хүмүүс шүү дээ. Манай зөрлөгийнхөн групп чаттай. Хэн нэгнийх нь хүүхэд өвдвөл групп чат руугаа “Хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн юм. Унаатай хүн байна уу” гэхэд нэг нь аваад явдаг. Хэн нэгэнд нь ямар нэгэн зүйл хэрэг болоод “.... байна уу?” гэхэд “Байна. Орж ирээд аваарай” гээд л манайхан дэм дэмэндээ амьдардаг. Ийм сайхан халуун дулаан харилцаа Улаанбаатарын аль ч хотхоны групп чатанд байхгүй дээ” гэсэн нь аргагүй л үнэн үг байлаа.

Мөн Замын хэмжээнд анх удаа энэ өртөөнд бага оврын цэвэршүүлэх байгууламжийг суурилуулжээ. Ингэснээр говийн нөхцөлд саарал ус ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Ирэх зунаас тус өртөөнийхөн уг цэвэршүүлэх байгууламжийн цэвэршүүлсэн саарал усыг ашиглахаар төлөвлөжээ. Мод бутаа услах, цаашлаад хүлэмжтэй болж нарийн ногоо ч тарих боломжийг олж харснаа ярилаа.

Үүнээс гадна Шивээ-Овоод мал аж ахуй эрхэлдэг ажилтнууд ч бий гэнэ. Тиймээс зундаа сүү цагаан идээгээ борлуулчихна. Ахуй амьдралдаа ч дэмтэй, бусдынхаа хэрэгцээг ч хангачихна аль аль талдаа ашигтай, ажиллаж амьдраад л байна даа, бид гэж дарга бүсгүй ярив.

 

Тодруулга:

Тус байгууламжийн талаар БАҮ-ний III ангийн сантехникийн инженер Г.Дэлгэрцогтоос тодруулсан юм. Тэрбээр, “Тус өртөөнд 2023 оны сүүлчээр герман технологийн бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулсан. Энэ төхөөрөмж бүрэн автомат ажиллагаатай, хоногт 25 шоо метр бохир усыг хүлээн авч, таван шатлалаар цэвэршүүлдэг байна. Сард нэг удаа лаг задлах бодис хийнэ. Бохир соруулахгүй гэдгээрээ давуу талтай. Уг байгууламжийг 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан байна. Одоогийн байдлаар, ашигтай бактер үржүүлэх шатандаа яваа. Байгууламжийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн “Ховд тул” ХХК-аас сар бүр саарал усны дээжийг авч шинжлүүлээд хяналт тавьж байгаа. Ашигтай бактер нь үржээд зохих түвшинд хүрснээр ус цэвэршүүлэлт нь 95 хувьд хүрснээр саарал усыг нь ашиглах боломжтой болно. Ирэх зунаас ногоон байгууламж зэргийг услахад ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа” гэлээ. 

 

 

Z үеийнхнээр хүч сэлбэж байна

 

Шивээ-Овоо өртөө 28 ажилтантай, ажиллагсдын 70 орчим хувь нь залуус гэнэ.

Өртөөний даргын хэлснээр сүүлийн жилүүдэд 19-20 насны залуус хамт олны эгнээнд орж ирж байгаа гэнэ. 1996 оноос хойш төрөгсдийг “Z үеийнхэн” гэдэг. Ингээд бодвол Шивээ-Овоо өртөөний ажилчдын бараг тал хувь нь энэ үеийнхэн гэнэ.  “Z үеийнхэн”-тэй ажиллахад ямар байна гэхэд өртөөний дарга “Манай залуучууд сайн. Одоо залуус өөрсдийгөө бүхий л талаар жигд хөгжүүлдэг болж. Манайхан урлаг, спорт аль алинд нь гаргуун. Уралдаан тэмцээнээс ганзага хоосон ирэхгүй шүү.  Залуусыг бид алслагдсан өртөө, зөрлөгт ажиллуулахад нийгмийн орчныг нь бүрдүүлж өгөх л их чухал байна. Амьдрах орчин нь хүнд бол бидний үеийнхэн шиг болгоё, бүтээе гээд тэвчээд, тогтож ажиллах нь ховор. Өртөөний даргын хувьд шинэ хүн ирэхэд хамгийн түрүүнд байр сууц яах билээ гэж боддог. 24 айлын нэг л орон сууцтай. Энд өртөөний жижүүрүүд болон тодорхой албан тушаалын ажилтнууд амьдардаг. Бусад нь дан байранд байдаг. 2005 оны хүүхдүүд нүүрс, түлээ мэдэхгүй, гал түлж үзээгүй ирдэг. Хүний амь нас, эрүүл мэндийг 100 хувь хариуцаж байгаа бидэнд энэ л хүндрэлтэй байна. Гал түлж байгаад гал алдах, угаартах гээд эрсдэлтэй. Тэгэхээр шугам замд орон сууц, нийгмийн хангамжийг нь сайн шийдэж өгөх нь чухал санагддаг. Тэгвэл алслагдсан өртөө зөрлөг, тэр дундаа говийн бүсэд ажиллах хүний нөөцийн асуудал шийдэгдэх болов уу гэж хардаг.  

Сүүлийн үед ирж байгаа залуус маань нэг мэргэжил биш хэд хэдэн мэргэжлийг зэрэг эзэмшчихсэн байна. Тэдэнд амьдрах орчин нь таалагдахгүй бол өргөдлөө өгөөд дараагийн ажлаа хайдаг. Тиймээс би 2025 онд галлагаатай хоёр байраа халаалтад холбуулах талаар хөөцөлдөж байгаа. Тэгвэл ядаж зургаан ажилтнаа халаалттай байранд оруулах боломжтой болно. Би өөрөө МСҮТ төгсөөд 2012 онд Өлзийт зөрлөгөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Өлзийт тухайн үедээ хамгийн гоё тохижилттой жишиг зөрлөг байсан. Түүнээс хойш Сайншанд хэсэглэлийн Улхын-Овоо, Агьсүмбэт зөрлөг, Сайншанд өртөөнд оператор, техникчээр ажиллаж байгаад Шивээ-Овоо өртөөнд ирж, пүүлэгч, өртөөний жижүүрээр ажиллаад 2024 оны гуравдугаар сарын 22-нд өртөөний даргаар томилогдсон.

Өөрөө шугам замд чамгүй олон жил ажиллахдаа хүнд амьдрах орчин хамгийн чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Нөгөө талд, хүн хоорондын харилцаа, хандлага маш чухал санагдсан. Ажил чухал ч гэсэн хүнээ мартаж болохгүй. Би залуусаа алдаа гаргалаа гэж загнаж зэмлэхээс илүү “Ахиад алдаа битгий гаргаарай” гээд зааж зөвлөхийг хичээдэг. Сэтгэл санаа нь тавгүй байгааг анзаарвал ганцааранг нь авч үлдээд цай, кофе хийж өгөөд ярилцаж, тусалж чадах зүйл байвал туслаад, чадахгүй бол сэтгэлийн дэм, урам өгөөд гаргадаг. Ажилтнаа ойлгож, сонсож, зоригжуулж, урамшуулбал ажлынх нь бүтээмж сайн байдаг. Зөвхөн ажлаа л хий, энийг ч сайжруул, тэрийг ч хий гээд зүтгүүлээд байж болохгүй л дээ гэж М.Оюун-Эрдэнэ дарга шагхийтэл  хариулав. Тэгснээ тэр намайг өртөөний жижүүрийн өрөө рүү дагуулан орлоо. Залуусынхаа зассан гацуурыг харуулах гэсэн аж. “Манай гацуурыг хар даа. Би сүлд модны чимэглэл л авах юм бодсон. Гэтэл залуус маань “Даргаа бидэнд бодсон юм бий. Өөрсдөө чимэглэчихнэ” гэсэн. Тэгээд өөрсдийнхөө зургаар ийм хөөрхөн чимэглэл хийсэн” гэв. Холоос өнгө алагласан гоё чимэглэлийг ойртож харвал ажилтнуудын зургаар хийжээ. Манай залуус юм юманд адтай шүү гэж дарга бүсгүй бахархал дүүрэн өгүүлэв.

Тухайн өдөр өртөөний жижүүр Э.Амгаланжаргал үүрэг гүйцэтгэж байлаа. Тэрбээр, 2019 оны нэгдүгээр сараас Чойр өртөөнд холбогчоор ажлын гараагаа эхэлжээ. 2023 оноос найруулагчаар дэвшин ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сараас өөрийн хүсэлтээр өртөөний жижүүр болохоор Шивээ-Овоо өртөөнд дагалдаж, 12 дугаар сард шалгалтаа өгч жинхэлээд долоо дахь гараандаа гарч байхтай нь таарлаа. Э.Амгаланжаргал Политехник коллежийн ашиглалтын техникчийн эчнээ ангийг 2023 онд төгсжээ.

Тэрбээр “Шивээ-Овоо өртөөний хамт олон маань маш эвсэг, хөдөлмөрч, маш сайхан уур амьсгалтай. Энэ хамт олны дунд орж ирсэндээ баяртай байна. Хамт олонд 2025 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” гэв.

 

 “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн үр шим

 

М.Оюун-Эрдэнэ дарга “Говьд ажиллахын давуу тал их бий. “Говийн төмөр замчин” гэж өгөөжтэй сайхан хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүний үр шимээр би өнгөрсөн зургадугаар сард инженерээр 100 хувийн хөнгөлөлттэй суралцаж төгслөө. Би анх МСҮТ-ийг төгсөөд төмөр замчин болж байлаа. Надад дунд сургууль төгсөөд шууд дээд сургуульд сурах бололцоо бага байсан. Би зургаан хүүхэдтэй айлын том. Намайг анх МСҮТ-д ороход ээж минь “Охиноо дээд сургуульд сургаж чадсангүй” гэж их санаа нь зовж байсан. Би таван жил ажиллаад техникчийн эчнээ ангид элсэж, сурч төгссөн. Ажлаа хийгээд цалингаа аваад суралцана гэдэг маш давуу тал шүү дээ. Тэгээд жил засварлаад “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд 100 хувийн хөнгөлөлттэй сурч инженерийн дипломоо авахад ээж минь их баярласан. Хүн хичээвэл болдог л юм байна. Ер нь, УБТЗ-д л ийм гоё боломж байна шүү дээ. Хүмүүс болж бүтэж байгаа, сайн сайхан зүйлийн талаар ярьдаггүй хэрнээ болохгүй бүтэхгүй цөөхөн зүйлсийг өлгөж аваад л шүүмжилдэг юм шиг санагддаг. УБТЗ-д ажилтан руугаа чиглэсэн олон сайхан төсөл хөтөлбөр хэрэгждэг. Бид говийн бүсийн нэмэгдэл гэж цалин дээрээ сар бүр 150 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Саяхан бид “Хөдөлмөрийн баатар”-ын хишиг, шинэ жилийн бэлэгний мөнгөө авсан. Тулгуур өртөөнөөс шинэ жилийн баяраа тэмдэглэ гэж ажилтан тус бүрд 60 мянган төгрөг өгсөн. Ингээд яриад байвал ажилтнуудаа урамшуулдаг олон сайхан жишээ бий.

Манай өртөөний хоёр ч жижүүр одоо “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд 75 хувийн хөнгөлөлттэй инженерээр суралцаж байна. Би залуустаа өөртөө хэрэгтэй зүйлсийг унш судал. Замын захиргаанаас та нарын төлөө гаргасан сайхан боломжуудыг ашигла. Завсарын өртөө, зөрлөгт ажилладаг гэж битгий өөрсдийгөө зэврүүл” гэж хэлдэг юм” гэлээ.

Намайг очих үеэр шинэ жилийн баяр дөхсөн тул өглөө ээлжээс буусан зарим хүмүүс нь хот руу явсан байлаа. Гаднаас нь харахад энэ суурин ажин түжин ч энэ өртөөний төмөр замчид улсынхаа нийслэлийн голомтыг галтай байлгахаар хоногийн 24 цаг тасралтгүй хөдөлмөрлөж байна.

 

Б.Гүнжинлхам