Саяхан л манай улсад Монгол-Оросын ХНН УБТЗ гэх төмөр замын ганцхан компани үйл ажиллагаагаа явуулж байсан бол өдгөө төр, хувийн хэвшлийн оролцоотой олон компани бий болоод байна. Тэдгээр компаниас одоогоор хамгийн отгон нь “Шивээхүрэн төмөр зам” ХХК юм. Тус компани Шивээхүрэн-Сэхэ боомтыг 6.96 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтад оролцож, төмөр зам барих ажлыг өнгөрөгч тавдугаар сард эхлүүлсэн. Манай улсын нүүрсний экспортын багагүй хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой дээрх боомтын төмөр замын цаашдын үр ашиг, бодлого чиглэлийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал А.Хүрэлбаттай ярилцлаа.

 

-Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтын тухайд хоёул яриагаа эхлүүлэх үү?

 

-Юуны өмнө танай сонины редакцийн хамт олон болон нийт төмөр замчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газраас тээвэр ложистикийг хөгжүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлт дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйн нэг жишээ нь манай хилийн Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын төсөл юм. Бүтээн байгуулалтын хувьд төмөр замын суурь бүтэц, өртөө, ТҮГ, уурын зуухны барилгыг бүрэн дуусгах, ажилчдын орон сууцны барилгыг эхлүүлэн ажиллаж байна. Мөн шилжүүлэн ачих терминалын газар шорооны ажил бүрэн дуусаж, цутгалтын ажлыг эхлүүлсэн. Эдгээр ажлаа төлөвлөлтийн хугацаанд нь дуусгах, эрчимжүүлэх зорилгоор 24 цагийн ээлжээр ажиллаж байгаа.

 

-Тус бүтээн байгуулалт дууссанаар Шивээхүрэн боомтын үр ашиг хэр хэмжээнд нэмэгдэх вэ?

 

-Төслийн ТЭЗҮ-ээр жилд 10-20 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ бол зөвхөн экспортын тоо хэмжээ юм. Төслийг дагаад нийгэм, эдийн засгийн шинжтэй олон эерэг үр дагавар бий болох тооцоолол бий. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын бүлэг ордын батлагдсан нөөц 1.4 тэрбум тонн. Хэтийн нөөц нь гурван тэрбум тонн төдийгүй хөрс хуулалтын ажил бага, нүүрсний давхарга зузаан тул олборлолтын нөхцөл таатай, ил уурхайгаар олборлох боломжтой. Манай улсын нийт экспортын бараг 90 хувийг уул уурхайн эрдэс түүхий эд эзэлдэг. Үүнээс зэсийн баяжмал, нүүрс голлодог.

Энэ оны сүүлийн улиралд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний дундаж үнэ 150 орчим ам.долларт тогтворжих төлөвтэй байгааг судлаачид хэлж байна. Төмөр зам ашиглалтад орсноор экспортын шинэ, томоохон, нэмэлт гарц болж Нарийнсухайтын сав газар нүүрсний олборлолт, борлуулалт, экспорт 20 сая тонн хүртэл нэмэгдэх боломж бий. Нүүрсний экспортын орлого 2024 онд ойролцоогоор 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, төмөр замын тээврээс 22.8 сая ам.долларын орлого олох боломж бүрдэнэ. Монгол Улсын энэ оны нийт экспорт болох 12.5 тэрбум ам.доллартай харьцуулж тооцоход 2024 экспортын орлого 14.5 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.доллар болох боломжтой байна. Дээрх мэдээллүүд бол макро түвшний үр ашиг.  Бодит байдлаа эргээд харвал өнөөдөр ч Шивээхүрэн боомт дээр 30, 40 км урт авто машины цуваа хөвөрсөөр байгааг, тээврийн жолооч нар машиндаа хонох, нэг удаагийн ачаа эргэлт долоо хоног байтугай сунжирч буйг шийдвэрлэнэ гэж харж байна.

Шивээхүрэн боомт орчмын нүүрс тээвэр зохион байгуулалтад орсноор хил дээрх автомашины дараалал үгүй болж, жолооч нарт ч тээвэр хийх таатай нөхцөл бүрдэнэ.

 

-Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон байдаг. Одоо энэ ажлын явц хэдэн хувьтай байна вэ?

 

-Бүтээн байгуулалтын хувьд төмөр замын доод, дээд бүтэц, дохиолол холбоо, эрчим хүч, барилга байгууламж гээд цогц ажлуудыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Замын доод бүтэц 90 орчим хувьтай, дээд бүтцийн хувьд зам төмөр, бетон дэр, жижиг эдлэлийг татах, тараан байршуулах ажлууд нь дууссан. Угсрах ажлыг эхлүүлээд явж байна. Арваннэгдүгээр сардаа багтаж дээд бүтцийн ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Хилийн Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын төслийн гадна цахилгаан хангамжийн үндсэн тэжээлийн шугамыг “Сэхэ-Нарийн сухайт–35 кВ” ЦДАШ-ын 25 дугаар тулгуураас салбарлан микропроцессорын реле хамгаалалт бүхий алсын удирдлагатай таслуураар дамжуулан төслийн талбай хүртэл 35 кВ-ын нэг хэлхээт ЦДАШ-ыг 2.54 км, 35/10 кВ дэд станц нь 1600 кВ чадалтай хоёр трансформатортай, тус тус төлөвлөн ажиллаж байна. Ер нь, агаарын шугамын ажил дуусах шатандаа явж байна. Хамгийн их техник, хүн хүч, цаг хугацаа зарцуулдаг ажил бол доод бүтцийн ажил байдаг. Нийтдээ 1.2 сая шоо метр газар шорооны ажлын ард гарсан байна. Өнөөдрийн байдлаар, төмөр замын дээд үеэ угсрах, барилга байгууламжуудын угсралтын ажил ид өрнөж байна.

 

-Шивээхүрэнгийн төмөр зам ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болж байна вэ?

 

-Нийт 233 ажлын байр шинээр бий болно. Бид хүний нөөцийг бэлтгэх тал дээр мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, төсөл хэрэгжиж буй зэргэлдээ сумдын иргэдийг ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлнэ.

 

-Тус төмөр замын онцлогийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу. Суурь бүтэц, техник технологи гэхчлэнгээр?

 

-Хил дамнасан, экспортын төмөр замын хувьд хэд хэдэн технологийн онцлог давуу байдлыг дурдаж болно. Нүүрсний экспортын худалдан авагч талын хэрэглээ асар их байгаа ч хилийн нэвтрүүлэх чадвар, автомашинаас галт тэргэнд шилжүүлэн ачих процесс, хил дээр үүссэн дараалал зэргээс шалтгаалан санасан хэмжээгээр нүүрсээ экспортолж, эдийн засгаа тэлж чадахгүй байна. Шивээхүрэн төмөр замын хувьд хоёр улсын хилийн хэлэлцээр нааштай байж, ямар нэгэн сааталгүйгээр Хятад улсын гүн дэх хэрэглэгч рүү болон далайн боомтуудад хүрэх боломж бүрдэнэ.

Нэгэнт Хятад улстай холбогдсон төмөр замын хувьд дохиолол холбоо, эрчим хүч, зам төмөр, дэр, түүний бэхэлгээ зэрэг нь хятадын технологитой уялдаж байгаа.  

 

-Хамгийн гол нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, тэр дундаа боомтын сэргэлтийн агуулгаараа энэ төмөр зам өндөр ач холбогдолтой байх гэж бодож байна?

 

-Тиймээ. Мэдээж экспорт, импортын гарц нэмэгдэнэ гэдэг сайн талтай. Шивээхүрэн боомтын хувьд нэвтрүүлэх чадвар 2-3 дахин нэмэгдэх, тээврийн хэмжээ 20 саяас дээш тонн болж, тэр хэрээр улсын эдийн засаг тэлэх, ажлын байрууд нэмэгдэх гэхчлэн олон талын ач холбогдолтой. Шивээхүрэн бүс нутаг орчмын нүүрсний орд газруудын батлагдсан нөөц нь 1.4 тэрбум тонн. Бусад таамаг нөөцийг баталгаажуулснаар гурван тэрбум тонн болж нөөц нэмэгдэх магадлалтай. Энэ утгаараа төмөр замаар нэг жилийн хүчин чадлыг 10 сая тонн гэж үзвэл олон жил тээвэрлэлт хийх орон зай харагдаж байна.

 

-Хил дамнасан төмөр зам учраас Хятадын талтай харилцан ойлголцож, урт хугацааны бодлого боловсруулах нь хамгаас чухал байх?

 

-БНХАУ-ын нэг жилийн нүүрсний хэрэглээ дөрвөн тэрбум орчим тонн байдаг. Үүнээс Шивээхүрэн боомттой ойролцоо орших мужуудын нүүрсний хэрэглээ 100 орчим сая тонн байдаг. Зөвхөн нүүрс тээврээр урд хөршид маань асар их хэрэглээ байгаа учраас тус төмөр замын хувьд хоёр талын хэрэгцээнд тулгуурлаж асуудал нь харьцангуй түргэн, нааштай байдлаар шийдвэрлэгдэж байна гэж хэлж болно.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөршид “Бүс ба зам”-ын хүрээнд айлчлал хийж Шивээхүрэн-Сэхэ хилийн төмөр замын асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан байх.

 

-Энэ төмөр зам өртгөө хэдий хугацаанд нөхөх вэ?

 

-Төслийн ТЭЗҮ-д тусгаснаар бол зургаан жилийн хугацаанд өөрийн өртгөө нөхөх тооцоолол бий.

 

-Шивээхүрэнгийн төмөр замын тээврийн жин дарах төрөл нь нүүрс юм байна. Тэгэхээр хамгийн наад зах нь байгаль орчинд ч ээлтэй нөхцөл бүрдэх нь?

 

-Нүүрс тээврийн хувьд олон талын сөрөг асуудлууд байдаг. Задгай тээвэр, зориулалтын бус замаас үүдэлтэй тоосжилт, тээврийн дарааллаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, цаг хугацааны хүндрэлүүдийг бид мэддэг. Эдийн засаг талаас нь үзвэл бидний анзаарахгүй маш олон асуудлууд нүүрс тээвэртэй холбогддог. 50 км урт цуваанд орж, машинаасаа холдох эрхгүй, өвдөх ч эрхгүйгээр гэр орноосоо хол нойр хоолгүй яваа Монголчуудыг аль ч боомтоос харж болохоор.

Хилийн наана дугаарлаж, хилийн цаана ачаагаа буулгах хүртэлх тэр процессыг дотооддоо шийдвэрлэх, Шивээхүрэн төмөр замын терминалд ачаагаа юүлээд тэндээ алжаалаа тайлаад буцчихдаг, ачаа нэгдсэн байдлаар галт тэргээр хилийн чанадад гардаг байх нь цаг хугацаа, шатахуун тос, хүний эрүүл мэнд гээд олон эерэг талтай юм. 

 

-Шивээхүрэн төмөр замын хувьд үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөж байна вэ. Төмөр замын отгон байгууллагын хувьд олон шинэлэг ажил төлөвлөж байгаа гэж итгэж байна?

 

-Тэгэлгүй яах вэ. Бидний нэн тэргүүнд барих бодлого хэрэглэгч рүү чиглэсэн үйл ажиллагаанууд юм. Тээврийн үйл ажиллагаа, хил гааль, шилжүүлэн ачихтай холбоотой бүх асуудлыг цахимжуулах боломжтой. Мөн компанийн засаглалыг сайжруулах, хүний нөөцийн сургалт-хөгжлийг цогцоор нь хөгжүүлэх, хөдөлмөрийн хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.

 

 -Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

Б.Дэлгэрхишиг