Өнгөрсөн Баасан гарагт УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I ангийн хамт олон “Бахархлын өдөр” сэдэвт гурван үеийн уулзалт зохион байгуулав. Тус байгууллага нь Замын даргын 1967 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар Зүтгүүрийн аж ахуйн албанаас өрх тусгаарлаж, бие даасан баланстай аж ахуйн нэгж болон байгуулагдсан түүхтэй юм. Уг түүхэн өдрийг энэ хамт олон байгууллагынхаа хэмжээнд ажил мэргэжлээрээ бахархах өдөр болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай болжээ.

Энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш болон тус байгууллагыг удирдаж байсан Ц.Сүхбаатар (1991-1993), Л.Чулуунбат (1993), Ү.Арслаа (1993-1998), Н.Баатаржав (1998-2013), Ө.Ууганжаргал (2013-2022) нарыг зочин хоймортоо урьжээ. Мөн дунд үеийнхний төлөөлөл, залуу ажилтнууд өргөнөөр оролцсон юм. Эдгээр хүндтэй зочдын ярианаас энэ байгууллагын өнгөрсөн он жилүүдийн ололт амжилт хийгээд төмөр замын тээврийн салбарын хөгжилд эрчим хүчний салбар ямар үүрэг гүйцэтгэж ирснийг бэлхнээ харж болохоор байв. Уг уулзалт тус байгууллагын шинэ залуу ажилтнуудын хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлах, ирээдүйнхээ талаар тодорхой ойлголтыг олж авах өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм. Тухайн уулзалтад уригдаж ирсэн хүндэт зочдын сэтгэгдлийг товчлон хүргэвэл:

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш:

 

Манай эрчим хүчнийхэн “Вант улс” доторх “Вант улс” маягтай байгууллага юм. Хашаагаар нь ороод ирэхэд л мод бут ургасан, гэрэл гэгээ цацарсан, ажилтнууд нь нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай угтдаг. Энэ байгууллага Татах хэсгээс хаяа тусгаарлаж, бие даасан анги болсны 56 жилийн ой болж байна. Бие даана гэдэг хүнд их эрмэлзэл өгдөг, хариуцлага ногдуулдаг. Байгууллагын бие даасан байдал гэдэг тодорхой хэмжээний эрх мэдэл ирдэг. Үүнд сагаж болохгүй. Эрчим хүчний байгууллага бие дааснаар Эрчим хүчний яамтай шууд харилцаад асуудлыг шийдээд явна гэдэг бол төмөр замдаа, цаашлаад улс орондоо том хувь нэмэр оруулах боломж нь цэлийтэл нээгдсэн хэрэг шүү дээ. 

Уламжлал, шинэчлэл хоёр дээр улсын ажил явдаг жамтай. Өчигдөр бол болоод өнгөрсөн бодит түүх. Түүнд авах гээхийн ухаанаар хандаж урагшаа харж явах учиртай. Бидний өөдөөс харж суугаа энэ залуусыг харахад ирээдүй итгэл төгс сайхан байна. Удамтай төмөр замчин гэдэг өөр юм. Хоёр дахь, гурав дахь үеийн төмөр замчид олон байх тусмаа төмөр замын салбар найдваржина. Өндөр технологи, зохион байгуулалт эндээс бэхждэг. Өглөөхөн үүдээр орж ирээд, төмөр замын хувцас өмсөөд төмөр замчин болчихдоггүй. “Төмөр замчин” болно гэдэг дотоод мөн чанартаа төмөр замын үнэрийг шингээж байж төмөр замчин болдог гэдгийг ойлгох ёстой.

 

Л.Чулуунбат:

 

Шинээр ажилд орсон залуустаа хандаж хэлэхэд энэ байгууллагад сурч, дадлагажих, ахиж дэвших бүх боломж та нарт бий. Хамгийн гол нь ажилдаа чин сэтгэлээ зориулж ажиллаарай гэдгийг захья.

 

Ц.Сүхбаатар:

 

Би төмөр замын эрчим хүчний салбарт 42 жил долоон сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд төмөр замын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудад манай хамт олон гар бие оролцож байлаа. Эрчим хүчнийхэн бол хамгийн түрүүнд эзгүй талд гэрээ барьж, худаг усаа гаргаж, явуулын цахилгаан эх үүсвэрийг тавьж байж бүтээн байгуулалт эхлэх нөхцөлийг бүрдүүлдэг. 2018 онд Сайншанд- Алтан ширээгийн нефтийн үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтын шавыг тавьж ажлыг эхлүүлж байлаа. Уг ажлыг 2019 онд дуусгаж, эрчим хүчний шугам татаж Хонгорын-Овоо зөрлөгийн цахилгаан хангамж гэрэлтүүлгийг өөрөө хийсэн.  

2019 онд Баянтүмэнгийн төмөр замын Хавирга, Чингисийн далан өртөө рүү 35 км эрчим хүчний шугам татаж, зүүн бүсийн төмөр замын цахилгаан хангамжийг сайжруулсан. Мөн Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам байгуулагдахад энэ төмөр замыг дагаад 35 км хоёр хэлхээний өндөр хүчдэлийн шугам, диспетчерийн алсын удирдлагатай зургаан зөрлөг дээр автомат ажиллагаатай дизель цахилгаан станц барьсан. Ийм улс орны хөгжилд онцгой үүрэгтэй том бүтээн байгуулалтад оролцож явсандаа баяртай байдаг.

Залуустаа хандаж хэлэхэд энэ бол хариуцлага өндөртэй, алдаа гаргаж, хазгай гишгэх эрхгүй ажил юм шүү. Алдаа гаргавал аюулд өртдөг, гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй учир ХАБЭА-г сайн сахиж, дүрэм журмаа баримталж ажиллаарай. Сурч мэдэхийг эрхэмлэж, технологийн ажиллагаанд сайн суралцаарай. Залуус минь үг даах сэтгэлийн тэнхээтэй, ачаалал даах эрүүл саруул бие бялдартай байх ёстой шүү. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Ү.Арслаа:

 

Зах зээлийн амаргүй цаг үед энэ байгууллагыг авч явах үүрэг надад ногдсон. Тэр хүнд хэцүү цаг үед амьдралыг авч гарах хоёр хүчин зүйл байдаг гэж би боддог. Нэгдүгээрт, хүнд итгэл өгөх. Итгэлээ юунаас эхлэх вэ гэхээр сайхан харилцаанаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчнийхэндээ хамгийн сайхан сэтгэл, соёлыг өгөхийг хичээж ажилласан. Ажилтнууддаа энэ байгууллагад ажилладгаараа бахархах бахархлыг бий болгохыг зорьсон.

Эрчим хүчний ангийн логог Барилгын техникумын шугам зургийн багш н.Нямжав гэдэг хүнтэй хамтарч зохиосон. Түүний дараа нүүрэндээ байгууллагын логотой бугуйн цагийг хийлгэж ажилтнууддаа зүүлгэсэн. Мөн энгэрийн тэмдгийг Солонгост хийлгэж өгсөн.  Хөдөлмөрийн аваргууддаа мөн тэмдэг хийлгэж өгдөг болсон. Энэ бол хүмүүст урам өгөх нэг ажил байлаа.

Хүнсний бараа картанд орчихсон хэцүү үед ажилчдын цайны газрыг ашиглалтад оруулсан. Ажилчид хоолоо идчихээд талх, боорцгоо худалдаж аваад явдаг байлаа. Туслах аж ахуй хөгжүүлж, хоньтой, үхэртэй болсон. Анх Зүүнхараагаас 30 хонь хүлээж авч байсан бол сүүлдээ 800 хоньтой болсон. 800 хонио Төв эмнэлэгт хүлээлгэж өгч байлаа.  Технологийн хувьд төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахын тулд төвийн хэсгийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд Р.Раш даргад танилцуулсан. Р.Раш дарга дэмжсэн. Зах зээлийн хүнд хэцүү үед тийм том ажлыг манай хамт олон хийж чадсан. Мөн нийт хэрэглэгчдийн 98 хувь нь төмөр замынхаа хойно байдаг учраас Хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу борлуулалтын хэсгийг байгуулсан. Р.Раш дарга бас энэ санаачилгыг дэмжсэн. Тэр бол хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойртуулах маш зөв шийдэл байсан. Хожим Улаанбаатар шугам сүлжээнд ажиллаж байхдаа би ийм төвүүдийг байгуулсан. Энэ бол манай төмөр замын эрчим хүчнээс эхлэлтэй юм шүү.

Ер нь, аливаа байгууллагын удирдлагад тухайн хамт олонд буюу өсөж яваа ажилтанд, мөн ирж яваа залууст зориулагдсан бодлогын аль аль нь байх ёстой шүү.

Эцэст нь хэлэхэд, ЭХУХ-ийн I анги бол маш зөв зохистой суурин дээр байгуулагдсан. Түүний үндэс суурин дээр одоог хүртэл нэр төртэй яваа гэж бодож явдаг. Үүний үргэлжлэл нь та нар шүү. Та бүхэндээ амжилт хүсье.

 

Н.Баатаржав:

 

Миний хувьд жилийн эцэст тасаг цехүүдийнхээ ажлын тайланг авч хэлэлцэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа санал хүсэлтийг сонсож, түүндээ үндэслэн дараа жилийнхээ ажлын төлөвлөгөөг гаргадаг. Ингэж ажилтнуудынхаа хүсэл эрмэлзлэлийг дэмжиж ажилласнаар жил бүрийн төлөвлөгөөний биелэлт 80-100 хувь биелэлттэй гардаг. Байгууллагын удирдлага ажилтнуудаа сонсдог, дэмждэг байх нь ажил амжилттай байхын нэг үндэс юм.

 

Эрчим хүч, ус хангамжийн төвийн их барилга, их засвар хариуцсан инженер Ө.Ууганжаргал (Бахархлын өдрийг санаачлагч):

 

Энэ байгууллагын үүсэл хөгжлийг авч үзвэл бараг УБТЗ үүсэн бий болохоос өмнө гэж хэлж болно. Яагаад гэвэл Сталин, Х.Чойбалсан хоёрын уулзалтын дараа Монгол дахь төмөр замын судалгааны ажил эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 1947 оны арваннэгдүгээр сараас эхлээд үндсэн судалгааны ажил эхлэхэд эхний ээлжинд газрын хөрсний нэг, хоёрдугаар уст үеийн хайгуулын ажил буюу паравозыг усаар зэхэхэд боломжтой цэгүүд хаана байна вэ гэдгийг хайхаас эхэлсэн байдаг. Тэр үеэс манай усны аж ахуйн үүсэл хөгжил эхэлсэн гэж үзэх боломжтой.

Паравозын аж ахуйг ус, нүүрсээр зэхнэ гэдэг төмөр замын хувьд эн тэргүүний чухал ажил байсан. Дээр нь, паравозын аж ахуйг усаар зэхэх ус шахуургын станцуудыг ажиллуулахын тулд дизель станцуудтай байсан болохоос биш Улаанбаатараас урагшаа гарах хүртэл цахилгаан станцуудыг аж ахуйн болон нийтийн хэрэгцээнд ажиллуулаагүй байдаг. Тэгэхээр бид түүхийн энэ он цагийг урагшлуулж чадах юм бол түүх арай өөрөөр бичигдэх юм. Тиймээс та бүхэн маань түүхээ тодотгох ажлыг анхааралдаа аваарай. Бид түүхээ мэддэг байх ёстой. Түүхээс бахархал бий болдог. Бахархлаас хүндлэл бий болдог. Хүндлэлээс үнэт зүйл бий болно. Үнэт зүйлийн харьцаанаас ёс зүйн тухай ярина. Түүхээ мэдэхгүй, бахархах зүйлгүй, хүндлэлгүй газар ёс бус зүйл гардаг. Тиймээс хамт олон минь бахархах түүхтэй, үнэт зүйлтэй байна гэдэг нь ирээдүйн сайн сайхан зүйлийг бүтээн бий болгох үндэс суурь болно гэж бодож явдгаа хэлье хэмээсэн билээ. Энэхүү уулзалтын үеэр тус байгууллагын дунд үеийн төлөөлөл Г.Түмэннаст  (Хэрэглэгчид үйлчлэх төвийн инженер), залуу үеийн төлөөлөл Т.Каванбая (Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний монтёр) нар сэтгэгдлээ хэллээ.

Мөн уулзалтын төгсгөлд Ахмадын хорооныхоо шинэ өрөөний нээлтийг хийлээ. Тус байгууллага, ҮЭ-ийн хороотойгоо хамтран 10-аад сая төгрөгөөр тухайн өрөөг засаж тохижуулан С.Энхтайван даргатай Ахмадын хорооныхондоо хүлээлгэж өгчээ.

 

Б.Гүнжинлхам