Миний бие УБТЗ ХНН-ийн 75, Төмөр замын Ахмадын холбооны 45 жилийн ойд зориулан энэхүү багахан дурсамжийг хүргэж байна.
1990 онд Төмөр замын дуу бүжгийн чуулга /ТЗДБЧ/-ын дарга намайг дуудаад “Манай байгууллагын ахмадууд ямар ч бүртгэлгүй. Энэ тэнд тарсан, зарим нь Удирдах газрын ахмадын харьяанд байна. Нэгтгэж чуулгын ахмадын зөвлөл байгуулаач” гэж санал тавьсан. Тэгээд ТЗДБЧ-ын дэргэд 35 хүний бүрэлдэхүүнтэй ахмадын зөвлөл байгуулж би даргаар нь томилогдсон юм. Би зохион байгуулсан ажлаа Удирдах газрын дэргэдэх “Хувьсгал тэмцлийн ахмадын хороо”, “Ахмадын холбоо”-нд тайлагнадаг байлаа. 1997 оны өвөл УБТЗ-ын Ахмадын хорооны дарга Н.Жанчив намайг дуудаж чуулгын ахмадын хорооны ажил байдалтай танилцсан юм. Намайг очиход Ахмадын хорооны байранд дуу хөгжим болсон хэдэн ахмадууд байсан. Н.Жанчив дарга тэдгээр ахмадаар урлагийн үзүүлбэр бэлтгүүлж байгаа нь тэр. Н.Жанчив дарга надтай уулзаад шугам замын ахмадын зөвлөлүүдийн ажил байдалтай танилцахад хамт явах санал тавьсны дагуу Сэлэнгэ, Дархан, Салхит, Чойр, Сайншанд, Замын-Үүд рүү хамт явсан. Тухайн үед бид галт тэрэг, авто машин хослон хөлөглөж явцгаасан. Эмэгтэй хүн гэхэд нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажилдаа махран зүтгэж буй Н.Жанчив даргыг хараад тухайн үедээ бахархах, хүндлэх сэтгэл төрж байсныг одоо эргэн дурсахгүй байхын аргагүй юм. Биднийг эдгээр өртөөгөөр явахад шугам замын ахмадын зөвлөлүүд дундаас Салхит (дарга Ц.Пунсалдулам), Чойр (дарга Б.Ичинхорлоо), Сайншанд (дарга Д.Пунцагдулам) өртөөдийн ахмадын зөвлөлүүдийн ажил тогтмолжсон, бусад нь сайнгүй юм шиг надад санагдаж билээ. 1998-2000 онд Замын хоёрдугаар анги, Зорчигчийн вагон депо, Зүтгүүрийн депо, Төмөр замын Төв эмнэлэг зэрэг байгууллагаар ч очиж байсан. 1998 онд төмөр замын сайн дурын уран сайханчдын нэгдсэн тоглолт болсны дараа тэдгээр уран бүтээлч ахмадууд дундаас шилж сонгон авч “Ахмадын хорооныхоо дэргэд чуулгатай болъё” гэж Н.Жанчив дарга хэлсний дагуу таван хөгжимчин, дөрвөн дуучин, гурван бүжигчний бүрэлдэхүүнтэй “Ган замчдын алдар” нэртэй чуулга байгуулах санаа анх төрсөн юм. Улмаар төмөр замын байгууллагууд өглөө бүр сонсгол хийсний дараагаар Н.Жанчив дарга ахмадын зөвлөлийнхөө талаар ярьж танилцуулж, үргэлжлүүлэн шог гараа, урлагийн номерууд толилуулдаг байлаа. Жилдээ 1-2 удаа төмөр замын зангилаа, өртөөдөд очиж төмөр замчдад соёл урлагаар үйлчилдэг болсон. Зөвхөн төмөр замчдад ч биш нийслэлийн Ахмадын хороо, төмөр зам дагуух иргэд хөдөлмөрчдөд, ардын арми болон хилийн цэргийн ангиуд, бүр хорих ангиудад ч очиж өөрсдийн уран бүтээлээ толилуулдаг болов. Мөн Батлан хамгаалах яамны ахмадын хороотой хамтран дайнд оролцож байсан дайчин тугийн аялал зохион байгуулж билээ. Энэ арга хэмжээндээ генерал Ц.Гомбосүрэн, Г.Дугарсүрэн, дайнд оролцож байсан партизан Дорж, ахмад дайчин Н.Кампаан зэрэг ахмадыг урьж оролцуулсан нь төмөр замчин залууст цэрэг эх оронч хүмүүжлийг олгоход тодорхой нэмэр болсон. Мөн “Ган замчдын алдар” хамтлагтайгаа ОХУ-ын Наушки, Улаан-Үд, Эрхүү, Красноярск, Владивосток, БНХАУ-ын Бээжин, Эрээн, Жининь зэрэг хотууд, мөн Япон, Солонгос улсуудад зохиогдсон ахмадын урлагийн их наадмуудад амжилттай оролцож өөрсдийн уран бүтээл, Монгол үндэстнийхээ түүх өв соёлыг сурталчлан таниулж байсан. Тухайлбал, 1996 онд Владивосток хүртэл явахаар манай чуулгынхан явсан юм. Би аж ахуйн ахлагчаар, тэгээд МУУГЗ П.Дамдинжав дарга, уран сайхны удирдаач МУУГЗ Ц.Баатаржав, ерөнхий нягтлан, уран бүтээлчдээс Б.Чанцалдулам, Т.Тэгшжаргал, Л.Уранмандах, Г.Сумъяарагчаа, Ц.Отгонцэцэг, П.Ундармаа нарын олон уран бүтээлчид, вагоны хоёр үйлчлэгчтэй явсан. Бид Наушик ортол цааш нь явуулдаггүй. Монголын вагон цааш явах зөвшөөрөлгүй гэв. Би Львовт сурч төгссөн болохоор нэг муу халтар хултар хэлтэй. Тиймээс өртөөний даргаас нь гуйж байж Москва руу холбогдож Алс Дорнодыг хариуцдаг сайдад нь учир байдлаа хэлтэл “За бид ярилцаад хариу өгье” гэж байна. Тэгтэл нэг их удалгүй буцаж холбогдон зөвшөөрч буйгаа хэлж, биднийг олон улсын суудалд залгаад “Замд нэг ч хүн буулгаж болохгүй шүү” гээд явуулсан. Владивостокт ах дүү орнуудын урлагийн их наадам болж байсан юм. Тэнд очоод манай уран бүтээлчид тоглолтоо хийхээр төв рүү нь автобусаар явчихсан. Харин би хоёр үйлчлэгчтэйгээ Номхон далайн эрэгт вагонтойгоо үлдэж билээ. Бид тэнд гурав хоносон. Сүүлчийн өдрийн тоглолтыг нь би очиж үзэх гэтэл оруулдаггүй. Үзэгчид нь багтахгүй их. Тэгэхээр нь уран бүтээлчдийнхээ хөгжим техникээс барилцаж орж байгаад үзэж билээ. Чуулгынхан маань урлагийн их наадмын хаалтыг хийж, би үзээд уран бүтээлчдээрээ маш их бахархсан даа. Буцах болтол манай вагоныг “Эвдрэлтэй байна. Ийм эвдрэлтэй вагон замд явуулахгүй” гэдэг юм. П.Дамдинжав даргад хэлтэл вагоны засварчдад нь хэдэн шил архи авч өглөө. Тэгтэл дор нь засварлаж, уран бүтээлчид маань ч вагондоо ирж бид буцсан даа.
Ер нь, төмөр замын ахмадын хороо нь Ахмадын холбоо болтол өргөжихөд “Ган замчдын алдар” чуулга маань тодорхой хувь нэмэр оруулсан. Энэ хамтлагийн маань үргэлжлэл залгамж халаа одоо ч гэсэн Ахмадын холбоонд бий. Тэр бүхэн тухайн үед байгуулсан хамтлагийн маань л үр дүн гэж боддог.
Эцэст нь хэлэхэд УБТЗ-ын 75, төмөр замын Ахмадын холбооны 45 жилийн ойг тохиолдуулан үе үеийн төмөр замчдадаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Урт овогт Уртаагийн Чулуунбаатар