Өнгөрсөн жилийн намар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутгийн зөвлөлийн уулзалт дээр өндөр настан Б.Маналсүрэн гуай “Би УБТЗ-д ажиллаж байлаа. Боловсон хүчний хэлтэст (Тухайн үеийнхээр) байхдаа ЗХУ руу олон ч залуусыг сургуульд явуулсан. Тэдний дунд өнөөгийн Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш ч байсан” хэмээн ярихыг нь сонссон билээ. Харин саяхан түүнийг зорьж очин ярилцсанаа сийрүүллээ.
Сонины булангаас мэргэжлээ олов
-Би малчин Л.Банзрагчийн ууган хүү болж 1943 онд Бат-Өлзий сумын Хойд агуйтын Баянхөндлөнгийн Дунд өтөгт төрсөн. Манайхан ах дүүсээрээ Хойд агуйт, Төвхөн хийдийн доод Нарийны амаар нутагладаг байлаа. Сум дөрвөн жилийн сургуультай тул төгсөөд Хужирт руу явдаг. Гэхдээ хөвгүүд нь тавдугаар ангид дэвшин сурч, харин охид ихэвчлэн хүнтэй суугаад үлдэнэ. Дөрөв төгсөөд хүнтэй суусан гэхээр одоогийн хүүхдүүд их гайхдаг юм. Тэд чинь нэгдүгээр ангидаа бараг арав гаран настай л ордог байхгүй юу (инээв). Би тэр л жишгээр сургуульд явсан даа. Харин аав минь намайг 13-тайд бурхан болсон. Бие нь муудан 1957 онд хот руу эмчлүүлэхээр явсан ч тусыг олоогүй. Намайг гурван настайгаас аав эмээл төхөөрч, номхон морь унуулан хөтлөөд ах дүүсээрээ хэсдэг байсныг тод санадаг юм. Ээж Д.Лхагва маань 18 нас хүрээгүй байхдаа л аавтай гэрлэж намайг төрүүлсэн байдаг. Нутагтаа “Туулай” гэгддэг Гэндэндорж гэх нагац өвөөгийнх Билүүтийн ам, Онгоцот хавиар нутаглана. Тиймээс манайх тийшээ нүүж очсон юм. Аавыг бурхан болоход охин дүү Б.Оюунтуяа маань нялх байсан. Харин сүүлд ээж Б.Базаргүр гэх хүнтэй ханилж гурван хүүхэд төрүүлсэн. Дүү нар маань төмөр замаас бас тэтгэвэрт гарцгаасан шүү дээ. Нэг нь Замын II ангиас тэтгэвэртээ гарсан, Аршаантад амьдардаг Б.Сүхбаатар гэж хүн бий. Нөгөө дүү Б.Алтанцог маань ЗЗМС-аас тэтгэвэрт гарсан. Аавыг өөд болсны дараахан Хужиртад сурч байхдаа гудамжнаас сонины тасархай олтол “ТЭ2 тепловоз Монголд орж ирлээ” гэсэн зүтгүүрийн зурагтай мэдээ байна. Тэгтэл “Би ерөөсөө л ийм техникийн жолооч болж ээжийгээ тэжээе” гэсэн бодол зурсхийн орж ирсэн. Сонины тасархайгаа нандигнан хадгалаад, долдугаар ангиа төгсөнгүүтээ 1959 онд төмөр замын Техникумд шалгалт өгөн элссэн. Тэр үед Техникум баригдаад удаагүй байсан үе. Сургуулиа 1963 онд төгсөөд Улаанбаатар зүтгүүрийн депод туслах машинчаар ажилд орж байлаа. Эрээн, Наушки хүртэл явах эрхтэй үнэмлэхтэй. Зам, зүтгүүр, вагон гээд бүгд шинэхэн байсан цаг. Машинч, туслах машинчийн нэг нь Зүүнхараа хүртэл унтчихна. Цаашаа нөгөөх нь унтана. Одоо бодоход хөдөлгөөн ихтэй л байж. Хоногт 12 хос галт тэрэг явж байсан шүү дээ. Туслах машинч хэр нь сард 3000 төгрөгийн цалин авна. Гэтэл сайдын цалин 1500 төгрөг. Бид бол ажлаа сайн хийх тусам цалин тэр хэрээр өндөр. Ээжийн төрсөн дүү Д.Жүвээдэй ах 1964 онд Москвад сургууль төгсөж ирэхэд нь би галт тэрэг жолоодоод ирж байлаа. Ээжийн ах Д.Цэрэнбямба, дүү Д.Ичинхорлоо хоёр нь вокзал дээр тосож авахдаа намайг хараад “Эр өсөж эсгий сунана гэж энэ дээ” гээд уйлцгааж билээ.
Эрхүүд багш болсон нь
-1964 онд Л.Дандар баатар манай суманд очиж Улаанбаатарт барилга дээр ажиллах хүмүүсийг элсүүлэхэд хойд эцэг, ээж хоёр багтсан юм. Ингээд гэр бүлийнхэн маань Улаанбаатарт ирээд Хөнгөн бетон заводын манаач болсон. Харин би туслах машинчаар нэг жил ажиллаад байтал тухайн үед Техникийн ордны дарга, Ардын Их хурлын дэд дарга Хөдөлмөрийн баатар Г.Мандах намайг өөрийнхөө туслахаар авсан. Давхар Техник ухуулгын вагоны дарга. Вагоноо авч яван шугам замын төмөр замчдад кино үзүүлнэ. Үндсэндээ Ардын их хурлын дэд даргын орлогч шахуу л юм даа (инээв). Дараа нь Боловсон хүчний хэлтэст шилжиж ахлах инженер боллоо. Гадаадын төмөр замын техникумыг хариуцна. Аравдугаар анги төгссөн хүүхдүүдээс сонгон шалгаруулж гадагш нь сургуульд явуулдаг ажилтай. Жилд 60 хүүхэд явна. Энэ ажлыг би олон жил хийсэн. Хүүхдүүд маань төгсөж ирээд УБТЗ-даа л ажилладаг. Явах хүүхдүүддээ бэлтгэлээ базаа гэж төмөр замаас тус бүр 1500 төгрөг өгнө. Улсын их дэлгүүрт оюутанд зориулсан тусгай хямдралтай. Би дагуулаад л орно. 1969 онд өөрөө шалгалт өгтөл тэнцээд хүүхдүүдтэйгээ хамт явж, Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн бэлтгэлд сурсан. Нэг жил суртал Москва хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд сур гэсэн хуваарь гарахаар нь хэтэрхий хол гээд яваагүй. Тэгээд Боловсон хүчний хэлтэстээ эргэж орсон. Үүнийхээ зэрэгцээ МУИС-ийн авто инженерийн ангид оройгоор сурч төгссөн. Би 1981 он хүртэл төмөр замд ажиллахдаа Цэрэгжүүлсэн хамгаалах хэлтсийн орлогч дарга, Хөдөлмөр хамгааллын ахлах инженер гээд янз бүрийн л ажил хийсэн. Тэр үед Цэрэгжүүлсэн хамгаалахын орлогч дарга Засгийн газрын тогтоолоор дэд хурандаа цолтой байлаа.
1976 онд “Нарлаг Монгол” галт тэрэгний анхны аяллыг би Москвад хүргэлцэж байлаа. Тэр далимдаа хүүхдүүдээ эргээд, бүр цаашаа Унгар орж билээ. УБТЗ-аас гарах болсон шалтгаан нь сурах байсан. Тэр үед Боловсролын орлогч сайд Даваасамбуу гэж Өвөрхангайн Бүрд сумын хүн байв. Бид хоёр Хужиртад хамт сурсан. Би хичээлийн эрхлэгч Я.Дорж багшийнд, Даваасамбуу Цэдэндорж захирлынд тусалдаг. Ус, түлээг нь бэлтгэх гээд хийхгүй юмгүй. Тиймээс бид хоёр найз л даа. Орлогч сайд болоход нь “Би ер нь хойшоо явж суръя. Миний удирдлагад ажилладаг хүмүүс бүгд хойно дээд сургууль төгссөн байх юм” гэж хэлсэн. Тэгэхэд би Удирдах газрын хөдөлмөр хамгааллын ахлах инженер байлаа. Миний дээр хэлтсийн дарга, тэгээд Замын ерөнхий инженер л байна. Төмөр замын бүх дарга нараас жил бүр Замын ерөнхий инженер шалгалт авч, би хяналт тавьдаг. Тиймээс мэргэжлээ дээшлүүлэхийг бодсон хэрэг. Тэр үед ЗХУ-ын ТМС орчуулагчгүй болж, эхний жилд нь хэлний бэлтгэл, үлдсэн хоёр жилд нь мэргэжлээ эзэмшдэг системийн өөрчлөлт орсон юм. Өмнө нь орчуулагчтай ганцхан жил сурдаг байсан. Тэгтэл Эрхүүгийн төмөр замын тосгонд мал аж ахуйн чиглэлийн ТМС рүү ахлах багшаар явуулсан. Үндсэндээ Монгол талын захирал л гэсэн үг. 250 рублийн цалинтай. Мал аж ахуйн фермерийн механикжуулагч болох анхны 25 оюутнаа Монголоос аваад очиж байсан. Манай улсад энэ мэргэжил их хэрэгтэй болсон үе. Партизаны сангийн аж ахуй, мөн Гачууртын Шар хоолой, Борнуурын сангийн аж ахуйд тус бүр 400 үнээний ферм бий болсон учир мэргэжилтнээ бэлтгэж байхгүй юу. Миний хувьд тэр сургуульд ажиллахад орос хэлний хувьд асуудал байгаагүй. Өмнө нь хэлний бэлтгэлд жил сурснаас гадна Удирдах газарт дүүрэн л орос хүнтэй ажилласан шүү дээ.
Төмөр замд орон тоо байсангүй
-Сургуульдаа найман жил ажиллаад буцаж иртэл УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Болд “Орон тоо гартал хүлээж бай” гэлээ. Тэгтэл СОТ-3 гээд Оросын барилга трестэд хөдөлмөр хамгааллын асуудал хариуцсан хүний шинэ орон тоо гарч байгааг сонсоод шууд яваад очсон. Тус байгууллага нь Оросын 7000, Монголын 5000 орчим ажилчинтай. Улаанбаатарт гэлтгүй аймаг бүрд л бүтээн байгуулалт хийдэг. Хоёр цагаан онгоцтой, түүгээрээ тойроод л явдаг байсан. Монгол талыг хариуцсан дарга н.Буянтогтох гэж хүн “Энэ орон тоонд Засгаас нэг хүн ирнэ” гэхээр нь “Хөдөлмөр хамгааллын ажлыг зүгээр нэг том дарга ирээд хийчихдэггүй юм. Үүнийг чинь мэргэшсэн, чаддаг хүн хийх ёстой. Би УБТЗ-д олон мянган хүн хариуцаж таван жил ажилласан. Тэр хүнийг чинь ирэхээр шалгалт өгч өрсөлдье” гэтэл нам болж, шууд ажилд авсан. Дотроо олон хэсэгтэй, хэсэг бүр хөдөлмөр хамгааллын инженертэй. Тэднийг нь хариуцах шинэ орон тоо л доо. Орос дарга нь Б.Ельцингийн найз нь гээд нэг хүн. Надтай танилцаад “Орост хаана амьдарч байв” гэхээр нь Эрхүү мужийн давс үйлдвэрлэдэг Усолье-Сибирскт байснаа хэлтэл “Би тэнд төрсөн” гээд бөөн баяр болж, бидний яриа нийлээд, надад нэг өрөө байр өгөх байсныг шууд дөрвөн өрөө болгож билээ. Ганцхан хоноод дөрвөн өрөө, азтай шүү. Энэ ажлаа би барилга трест тарах 1993 он хүртэл хийсэн. Ажиллах хугацаандаа байгууллагын зардлаар Москвад жижиг дунд үйлдвэрийн менежерийн курст 20 хэдүүлээ сурч байлаа. Дараа нь, 1969 онд хэлний бэлтгэлд хамт сурсан н.Чадраабал маань “Авто импекс”-ийн Эрхүү дэх төлөөлөгчөөр ажиллах санал тавьснаар би ОХУ руу явсан юм. Тэндээ удаан ажилласан.
Канад худаа гайхшируулав
-Ах нь 1974 онд эхнэр П.Оюунтайгаа гэр бүл болсон. Хань минь унаган орос хэлтэй хүн байлаа. УБТЗ-д бас хэсэг ажилласан. Бурхан болоод таван жил өнгөрч байна. Манайх гурван хүүхэдтэй. Том нь АНУ-д, дундах нь Улаанбаатарт, бага нь Канадад ажиллаж амьдардаг. Бид хоёр хүүхдүүддээ 2-3 хэл сургасан. Одоо ач, зээ нар том боллоо (гэр бүлийнхээ зургийг үзүүлэв). Канадад байгаа охиндоо Эрхүүгийн их сургуульд эдийн засгийн тусгай анги нээлгэн сургасан юм. Тэгээд Монголдоо ирэхдээ Худалдаа аж үйлдвэрийн дээд сургуульд оруулсан. Төгсөхөөс нь нэг жилийн өмнө Япон руу явуулан сургаж ажиллуулсан. Ер нь, гурван хүүхдээ бүгдийг нь л Орос, Япон, Америк гээд олон газарт сургаж хэл устай болгосон нь миний хамгийн том амжилт. Охин Канад хүнтэй гэр бүл боллоо. Хадам аав нь жолооч, ээж нь цэцэрлэгийн багш. Би охин дээрээ очсон үедээ гаднаас бас л нэг сонины тасархай оллоо (инээв). Тэнд уул уурхай, алтны хайгуул эрхэлдэг АНУ, Канадын 400 байгууллагын үзэсгэлэн болох гэж байгааг бичжээ. Тэр үед би МҮХАҮТ-ын ОХУ-д суугаа төлөөлөгч гэсэн нэрийн хуудастай байлаа. Тиймээс энэ үзэсгэлэнд урилгаар оролцож болох эсэх хүсэлт охиноороо бичүүлэн нэрийн хуудсаа хавсаргаад явуултал зөвшөөрсөн хариу ирж оролцлоо. Танилцаад явж байтал манай улсын Сэлэнгийн Зэлтэр болон Хэнтийн Чандаганы нүүрсний уурхайг авсан гаднын хоёр компани байж байна. Охин орчуулж цаг аван уулзаад түншлээд авлаа шүү. Нэг захиралд нь охиноо танилцуулж, “Одоо хүүхдээ асраад ажилгүй байгаа, удахгүй нэг ажилд оруулна” гэтэл “Манайд оруулчих” гэдэг юм. Англи хэлгүй хэр нь охиноо ажилтай болготол худууд их гайхацгааж билээ (инээв). Одоо Канадын Бритиш Колумбын их сургуульд ажиллаж байгаа. Энэ зун сумын маань 100 жилээр охин гэр бүлээрээ ирнэ. Монгол өвөө нь гадаад зээ нартаа Монголын ёс заншил, найр наадмын тухай таниулж буйгаар манай хүргэн баримтат кино хийнэ гэсэн. Миний амьдралд сонины тасархай хоёр удаа ингэж амжилт авчирсан. Одоо ч гадуур явахдаа сонины тасархай байвал авч харна шүү дээ (инээв).
Берлиний ханыг нурааж, төгрөгийн ханш унагав
-Эхнэр бид хоёр нэг удаа Москва орж, цаашаа Польшид найзуудтайгаа уулзаад буцахдаа нэг машин авчирсан юм. Түүнийгээ 25 мянган төгрөгөөр зарахаар сонинд зар өгтөл маргааш нь 20 дугаар тогтоол гарч, шууд мөнгөний ханш уналаа. Тэгтэл Д.Амгаа заан тэргүүтэй олон хүн авах гээд ирчихсэн. “Өчигдөрхөн л зар өгсөн, гэтэл өнөөдөр ийм боллоо” гэтэл булаацалдаж, хоорондоо үнэ хаялцаад нэг нь 55 мянгаар авчхаж билээ (инээв). Бас нэг хөгжилтэй нь хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ Герман явлаа. Очтол Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэн өдөр таарчихсан. Берлин ороод буцаж Дресденд буусан. Гэтэл хоёр Герман нэгдэхэд гадаадын хүнээр туг тахина ч гэнэ үү, элдэв юм дуулдаад бөөн түгшүүр. Германы далбаатай онгоц хотын дээгүүр нисэлдээд л... Арай гэж л нэг юм амьд хонолоо (инээв). Маргааш нь Баруун Германаас айл бүрд 4000 марк өгч, Зүүн Германыхан хуучин тавилгаа бүгдийг нь гудамжинд гаргаад хаячих юм. Шинээрээ юм зөндөө. Монгол руу ачуулах юмсан гэж их бодож билээ. Ингэж л ах нь мөнгөний ханш унагаж, Берлиний ханыг нураасан даа (инээв).
Ийнхүү баялаг түүх, кино шиг амьдралыг туулсан Б.Маналсүрэн гуайтай ярилцсан юм. Түүний “УБТЗ тусгай таван улаан тасалбартай байлаа. Би нэг удаа нэгийг нь авч ажлаар Орос, цаашлаад Унгар орсон. Тэндээсээ БНАСАУ орж үзмээр санагдаад вагондоо ганцаархнаа явчхаж билээ. Шөнө очтол Оросын элчингийн хүн галт тэрэгний үйлчлэгчээс юм авахаар ирэхэд нь уулзаад Монголын элчинг заалгасан. Нэг ч төгрөгийн зарлагагүй явсан хүн чинь элчингийнхнийг дайлъя гэтэл нээлттэй газар нь ганц дэлгүүр байна. Орчуулагчийг дагуулаад хүн бүрд хоёр шар айраг авлаа. Өөр авах юм байхгүй гэнэ (инээв). Тэгээд буцахдаа ч мөнгө заралгүй нутагтаа ирж байлаа. Мөн ч сайхан цаг байж дээ” гэж хуучилсан нь өнөөгийн бидний ой тойнд ч багтахгүй. Энэ мэт түүхий үзэж туулсан бүх түүхийг сонины нэг нүүрт багтаах аргагүй билээ.
М.Наранболд