Элэг 100 гр архийг задлахад нэг цагийг зарцуулдаг бол эргэж хэвийн байдалд орохдоо хэдэн өдрийг зарцуулдаг. Архи маш богино хугацаанд судасны ханаар нэвчиж цусанд орж, бага хэмжээний хэсэг нь хэлээр, 20 хувь нь ходоод, нарийн гэдэсний ханаар нэвчиж цусанд орно. Цусанд орсон архи биеэс гадагшлахын өмнө биеийн бүх эд эсээр тархаж, тавхан хувь нь л амьсгалын зам, шээсээр ялгарч, үлдсэн 95 хувь нь элгэнд исэлдэн карбон диоксид, ус болж задардаг байна. Цусны этилийн спиртийн түвшин нь цусанд агуулагдах спиртийн хувийг илэрхийлдэг. Цусан дахь этилийн спиртийн түвшин өндөр байх нь хүний биед маш хортой.
Цусан дахь этилийн спиртээс хамаарч хүний биед дараах нөлөөг үзүүлнэ.
-02-0.03 хувь байхад хүний булчин, мэдрэхүй сулрах ба бага зэрэг сэтгэл хөдөлж, хуурамч баяр, хөөрлийн мэдрэмж төрнө.
-0.6 хувь нь оюун ухаан сэрэх чадвар илэрхий буурч, бие махбодийн зарим зохицуулга алдагдана. Хөл гуйвах, хэл яриа ээдрэн, тультирна.
-1 хувь нь эрүүл сэтгэх чадвар эрс муудсан байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж чадахгүй болно.
-12 хувь нь нүдний хараа муудаж бүрэлзэх, үг яриа тодорхой бус болж, огиудас хүрнэ.
-15 хувь нь ааш зан хувирч, янз бүрийн авир гаргана. Сэргээхэд хэцүү болно.
-30 хувь хагас ухаан алдалтын байдалтай байна. Эсвэл бүр гүн нойрссон байна.
-30 хувиас дээш болсон үед сэргэж чадахгүй, гүн комийн байдалд орно. Нас барах аюул ихтэй.
Элэгний өвчлөл хэрхэн явагддаг вэ?
Таны уусан хатуу ундааг задлахад хамаг хүчин чадлаа шавхан ажилласан элэг алкохолын хэтрүүлсэн хэрэглээнээс болж хамгийн түрүүнд өвчилдөг. Согтууруулах ундаа нь элэгний өөхлөлт, үрэвсэл, хатуурал буюу цирроз гэх элэгтэй холбоотой гурван өвчинг үүсгэдэг.
Удаан хугацааны турш архи хэтрүүлэн хэрэглэвэл элэгний эсэнд өөхлөг толбо хуримтлагдаж, үргэлжлүүлэн хэрэглээд байвал элэгний үрэвсэл, хатуурал болно. Элэг өөрийгөө нөхөн төхжүүлэх гайхалтай шидтэй эрхтэн хэдий ч хатуурлын үед элэгний эсүүд холбогч эдээр солигдон нэгэнт үүссэн гэмтэл эргэж сэргэх найдваргүй болдог.
Элэгний өөхлөлтийн үед илрэх шинж тэмдэг:
-Дотор муухайрах, бөөлжих
-Хэвлийн баруун дээд хэсэгт эвгүй оргих
-Турах, халуурах
-Арьс салст шарлах
-Хэвлий цардайх магадлалтай.
Архинд донтох эмгэг гэж юу вэ?
Архинд донтсон хүн тэсвэрлэшгүй ихээр архи хүсэж, амьдралын бусад зүйлсээ үл хайхарч эхэлнэ. Энэ эмгэг эрэгтэйчүүд ялангуяа 20-40 насныханд илүү түгээмэл тохиолдох нь бий. Үүний улмаас элгээ өвчлүүлэх төдийгүй сэтгэцийн эрүүл мэнд хүртэл гэмтэнэ.
Архинд донтоход олон хүчин зүйл нөлөөлнө. Зарим тохиолдолд удамших ба архичин эцэг эхийн дэргэд өсөх, удамшлаар авсан уух хандлагаас үүдэлтэй. Ичимхий, хурдан хямардаг, нийгмээс айх айдастай, сэтгэл гутралтай гээд сэтгэл зүйн асуудлууд архи хэтрүүлэн хэрэглэх шалтгаан болох нь ч бий. Ажлын шаардлагаар бусадтай тогтмол архи уудаг хүмүүсийн хувьд донтолтод өртөх эрсдэл ихтэй. Түүнчлэн стресстэх үедээ ууж байж тайвширдаг хүмүүс яваандаа донтох магадлалтай.
Шинж тэмдэг:
-Уух хорхой байнга төрж, уусан хэмжээгээ хянаж чадахаа болих
-Архины гаж нөлөөнд тэсвэртэй болсноор их хэмжээгээр ууж байж мансуурах
-Ууснаас хэдэн цагийн дараа хамар битүүрэх, хөлрөх, чичрэх зэрэг архинаас гарах үед ажиглагддаг шинжүүд илрэх
Архины тухай түгээмэл буруу ойлголтууд
Жирэмсэн эх согтууруулах ундаа ууж болно гэдэг ойлголт нь буруу. Учир нь жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ, хэрэглэж болох аюулгүй цаг үе гэж байдаггүй. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй учир алкогол нь жирэмсний аль ч хугацаанд урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал нүүрний өөрчлөлт /уруул, тагнайн сэтэрхий/ оюун ухааны хомсдол гэх мэт.
Архи согтууруулах ундаа бэлгийн чадавхийг сайжруулдаг гэж бодох нь буруу. Учир нь архинд агуулагдах химийн бодисууд бэлгийн чадавхийг бууруулах үйлчилгээтэй. Архи ууж буй хүн ихэвчлэн өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг, хэмжээгээ тохируулдаг гэж биеэ өмөөрдөг. Согтууруулах ундаа уухад хүний өөртөө дүгнэлт хийх, хянах чадвар үгүй болж, хожим та харамсаж барахгүй үйлдлүүд гаргах нөхцөл үүсдэг. Хамгаалалтгүй бэлгийн харилцаа, бэлгийн хүчирхийлэл, эд хөрөнгөө эвдэх, бусдад дээрэмдүүлэх, гэмт хэрэг зөрчилд орох зэрэг үйлдлүүдийг хийхэд хүргэдэг.
Хэрэв би хүсвэл хурдан хугацаанд эрүүлжих боломжтой гэж бодох нь буруу. Учир нь таны биеийн жингээс хамаараад хоёр хундага архи уусан үед цусанд байгаа архины агууламжийг элэг цэвэршүүлэхэд гурван цаг зарцуулдаг байна. Энэ хугацааг ямар ч зүйл хурдасгах боломжгүй.
Эмэгтэйчүүд эрэгтэй найзуудтайгаа зэрэгцэн адил уух нь хэвийн үзэгдэл гэж бодох нь буруу. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол согтууруулах ундааг задлах хоргүйжүүлэх явц нь удаан байдаг. Иймээс эрэгтэй хүнтэй адил хэмжээгээр уухад эмэгтэй хүн илүү хурдан хордож согтдог байна.
Хүний биед спирт дутагддаг гэдэг нь худлаа ойлголт. Хүний биед 0.01-0.03 хувийн концентраци бүхий дотоод гарал үүсэлтэй /идэж байгаа ислэг болон исгэлэн өдөр тутмын хоол хүнсний задрал/ этилийн спирт агуулагдаж, бие махбодийн илчлэгийн 10 хувийг хангаж байдаг физиологийн зүй тогтолтой болохыг эрдэмтэд тогтоожээ. Иймээс хүний бие спиртийн дутагдалд орохгүй.
Шар айраг, дарс уухад донтохгүй гэж бодох нь буруу. Учир нь шар айраг нь этилийн спирт агуулсан согтууруулах ундааны төрөлд ордог. Өдөр бүр эсвэл долоо хоногт дөрвөөс дээш удаа /300 мл дарс, эсхүл 1000 мл шар айраг / 2-6 сар уувал дуршил бий болох эрсдэлтэй. Нас залуу байх тутам архины хамааралд хурдан орох эрсдэлтэй. 15 нас хүрээгүй бол 40 хувь, 21-25 насанд 10 хувь, 25-аас дээш бол 2.5 хувь нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог байна.
Бага зэрэг согтууруулах ундаа уугаад “жолоо барихад” самбаачлах ур чадварт нөлөөлөхгүй гэж бодох нь буруу юм. Учир нь согтууруулах ундаа хэр хэмжээтэй ууна төдий чинээ цусан дахь спиртийн агууламж нэмэгдэж, хүний таван мэдрэхүйн хариу үйлдэл үзүүлэх мэдрэмж, хурд багасдаг.