Өнгөрөгч долдугаар сард Монгол Улсын хэмжээнд олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас,  богино хугацаанд хүчтэй аадар бороо орж гамшигт үзэгдэл болсны улмаас төмөр замын Агуйт-Наран Элгэн хоорондын 559, 569 дүгээр километр, 39-41 дүгээр зөрлөг хоорондын 917 дугаар км, Айраг-Бор-Өндөр хоорондын замын 30, 35, 42, 44 дүгээр км, Үнэгт- Зүүнхараа хоорондын 250, 255, 270 дугаар км-т төмөр замууд, Ерөө өртөөний 62 дугаар км-ийн зөрлөгийн байшин үерт автсан. Үерийн дараах халдваргүйтгэл ариутгалын талаар ХАБЭА-н албаны Эрүүл ахуй, хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын байцаагч Л.Мөнхсаруулаас энэ талаар тодрууллаа.

 

- Халдваргүйтгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? Зорчигч болон замчид халдваргүйтгэл ариутгалын ямар дэглэмийг баримтлах хэрэгтэй вэ?

 

- Гамшгаас хамгаалах штабын дарга бөгөөд УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын гаргасан захирамжийн дагуу ЦХОБА, ХАБЭА-н албаны ЭАХХ хамтран Амгалангаас Толгойт өртөө хүртэлх гол төмөр зам, үерийн ус дайрч өнгөрсөн, үерт автсан 344678 ам.метр талбайд жавелионы 0.06 хувийн уусмалаар халдваргүйжүүлэлт хийж, лабораторийн шинжилгээт хяналт тавьж ажиллалаа. Халдваргүйтгэлд БОАЖ, ХХААХҮ, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан халдваргүйтгэлийн бодисыг зохих зааврын дагуу найруулж ашигласан. Мөн өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр Зорчигчийн воган депогийн гал тогооны хоолны заал, агуулах руу үерийн ус орсон тул үйл ажиллагааг зогсоож Ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн.

 

- Хүн ам төвлөрсөн хот суурин газрын цэвэрлэгээ ариутгал, ундны усны хэрэглээ, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгнө үү?

 

- Жил бүр ХАБЭА-н албаны Эрүүл ахуйн хяналтын хэлтсээс ундны усны чанар, аюулгүй байдалд төлөвлөгөөт шинжилгээт хяналт шалгалтыг хийж, үнэлгээ дүгнэлт өгдөг. 2023 оны тавдугаар сард төмөр замын дагуух өртөө зөрлөгүүдийн ундны уснаас 213 дээж авч Нэгдсэн лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан. 2017 онд Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын Усны нөөцийн сан, усны цистернд механик цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх журмыг баталсан бөгөөд тус журмын дагуу усны нөөцийн сангуудад механик цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийдэг. Мөн шинжилгээт хяналтаар нян судлалын үзүүлэлт шаардлага хангаагүй гарсан тохиолдолд тухай бүрт цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийж байна. Үерийн дараа халдварт өвчин тэр дундаа гэдэсний халдварт өвчин ихсэх магадлал өндөр байдаг. Иймээс гарын ариун цэврийг сайтар сахьж, ундны усыг баталгаат эх үүсвэрээс авах,  сайтар буцалгаж хэрэглэх, усны савыг цэвэрхэн байлгах шаардлагатай. Усыг түүхийгээр хэрэглэж болохгүй. Мөн орчны хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах, ариун цэврийн байгууламжийн орчныг халдваргүйжүүлэх хэрэгтэй. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар үерийн усанд автсан тохиолдолд халдваргүйтгэлийг ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хийлгэхийг зөвлөж байна.  

 

- Танай хэлтсээс баримталж байгаа төлөвлөгөөт ажил байна уу?

 

- Усны нөөцийн сан, усны цистернд механик цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх журмын дагуу сүүлийн гурван жилийн хугацаанд механик цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгдээгүй усны нөөцийн сангуудад механик цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг Эрчим хүч, ус хангамжийн анги, Барилга засвар, ашиглалт үйлчилгээний анги, Замын ангиуд хамтран хийж гүйцэтгэхэд манай ЭАХХ-ээс лабораторийн шинжилгээ хийж, халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж ажиллана. Мөн ирэх есдүгээр сард Ундны усны чанар, аюулгүй байдалд төлөвлөгөөт, шинжилгээт хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийнэ.

 

- Мэдээлэл өгсөнд баярлалаа