Хүмүүс ер нь эрүүл мэнд байхдаа эмнэлгийн тусыг бараг ойлгодоггүй гэхэд болно. Харин өвдөж зовоод, үхэл амьдралын заагт ирсэн үедээ л эмнэлгийг, эмч, сувилагч нарыг “Авралын бурхад” хэмээж, хараа хяналт, эмчилгээ сувилгаанд нь л орвол аврагдана гэж чин сэтгэлээсээ итгэдэг. Тиймээс миний бие эмч, сувилагч нарын цалинг нэмсэн, шагнаж урамшуулсан, алдар гавьяаг нь өндөрт өргөсөн тухай мэдээлэл гарвал баярладаг юм. Тэр дундаа төмөр замчдынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг Төв эмнэлгээс хэн нэгэн нь шагнуулбал бүр нэг магнай тэнийж, өмнөөс нь баярлаж явдаг билээ. Учир нь, тусгайлсан чиг үүрэгтэй салбарын эмнэлэг гэдэг утгаараа эрүүл мэндийнхээ салбарынхаа шагнал, урамшууллын гадна үлддэг талтай.
Харин саяхан төмөр замын эмнэлгээс гавьяаны амралтдаа гарсан, олон жил сувилагчаар ажилласан бага эмч А.Наранцэцэг, сувилагч Л.Энхцэцэг нарын ажил үйлсийг Монголын Сувилагчдын нийгэмлэг өндрөөр үнэлэн өнгөрсөн оны сүүлчээр ард түмний талархал хүлээсэн “Гавьяат сувилагч” хэмээх дээд шагналаа олгосныг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг нар гардуулсан байна. 2002 онд байгуулагдаж, 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй Монголын Сувилагчдын нийгэмлэгийн энэхүү шагналыг өмнө нь төмөр замын эмнэлгээс хэн ч хүртээгүй байжээ. Тиймээс энэ удаагийнхаа буланд сувилагч Л.Энхцэцэгийг урилаа. Тэрбээр, өөрийнхөө ажил амьдралын замналаас илүү ааваараа бахархаж, аавынхаа тухай л их ярих аж. Арга ч үгүй биз, УБТЗ-ын анхдагчдын нэг аавтай хүн чинь бахархахгүй гээд яах билээ. Д.Линхуадорж агсны нэрийг сонсоогүй ахмад үеийн төмөр замчин, тэр дундаа замчид ховор байх. Нэрт сэтгүүлч, ахмад төмөр замчин Ж.Нямдаш агсан түүнтэй ярилцсанаа “Ган замын өглөө” номдоо оруулсан байдаг юм. Л.Энхцэцэг “Аав маань 16 настайдаа Завхан аймгийн Яруу сумаас 1951 онд, ээж 15 настайдаа Архангай аймгаас илгээлтээр төмөр замд ирж, Цайдам өртөөнөөс ажил амьдралын гараагаа эхэлсэн байдаг. Ирээд танилцан гэр бүл болсон юм билээ. Би Сайншанд дахь төмөр замын эмнэлэгт аав, ээжийнхээ есөн хүүхдийн долоо дахь нь болон мэндэлж, бага нас маань Дорноговь аймагт л өнгөрсөн. Аав шугам замд явж их ажиллана. Эзгүйд нь цалин буувал ээж “Даргын эхнэр цалинг нь хураачихдаг гэж хүмүүс хэлнэ” гээд явдаггүй. Харин би очиж гарын үсэг зурж, цалинг нь авдаг байлаа. Аав шугам замаас хонь авчирч төхөөрнө. Гэдсийг нь маш олон айлд хүргэдэг байж билээ. Тэр үеийн хонь их арвин гэдэстэй байсан шиг санагддаг. Өчнөөн айлд өгч, өөрсдөө идээд үлдсэнээр нь хуушуур хийдэг байлаа. Чихэр өгдөг айлыг нь бид булаацалдана. Хөгтэй ч байж дээ” хэмээн дурсав. Л.Энхцэцэг 1986 онд дунд сургуулиа дүүргээд аймгийнхаа Анагаахын дундад элсэж, 1988 оноос Сайншанд дахь төмөр замын эмнэлгээс ажлын гараагаа эхэлжээ. “Төмөр зам бараадсан хүн өлсөхгүй” гэж аав нь хэлсэн учир төмөр замын эмнэлэгт орсон гэнэ. Эмнэлэгт ороход нь сувилагч Б.Оюунцэцэг, Г.Ичинхорлоо нар зааж сургасан байна. Энэ тухай “Миний анхны хамт олон маш сайхан хүмүүс байлаа. Сайхан хүмүүсийн дунд хүн биеэ дайчилж, илүү их сурахыг хичээдэг юм билээ. Долоо хоног дагалдуулаад л жинхэлсэн. Мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө л гарна. Тэр бүрд хамт олон л тусалсан. Шилэн шприцтэй, зүү нь бүр мохчихсон байдаг сан. Тийм зүүгээр хүн тарих амаргүй. Яагаад ч юм, тэр үед хүүхдүүд шингэн их алдана. Судсаар дусал тариаг 24 цагаар хийдэг. Би ээлжинд гарахдаа хүүхдүүд уйлахаар нь мохоо зүүгээр тарьж чадахгүй, гар салгалчихна. Нярайн сувилагч Ч.Цэнджав эгчийг их дууддаг байлаа. Хөөрхий минь, цааргалахгүй ирж тариа хийгээд л өгнө. Гэтэл хоёр сарын дараа Ч.Цэнджав эгчид илүү цагийн мөнгө их гартал эмнэлгийн дарга Т.Чулуунбат гуай намайг өрөөндөө дуудаж “Чи ном үзэж, ногоотой шөлийг нь уусан хэр нь яагаад чаддаггүй юм. Энэ ажлыг чи хийх ёстой” гэхээр нь “Би чадахгүй байна даргаа” гээд уйлж билээ. Дарга “Цалинг нь авч л байгаа бол хийж сур” гээд загнасан. Тэгээд шар хөдлөн зориглож байгаад нэг хүүхэд тарьтал болж байна шүү. Урам ороод, бүх хүүхдээ өөрөө тарьчихлаа. Түүнээс хойш хүн дуудаагүй (инээв). Одоо бол хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэхэд нь л уян зүү тавьчихдаг, амар болжээ” гэв. Мөн “Ханийг минь Б.Энхбаатар гэж сайхан хүн байлаа. Төмөр замын ТМС-д багшилж, дадлагын хүүхдүүд авч Сайншандад очихдоо надтай танилцсан. Тэгэхдээ их сонин (инээв). Дэлхийн Залуучууд оюутны XIII их наадам болж, нэрэмжит аян зарласан үе. Би ажлын завсраар өндөр настнуудаа гэрээр нь эргэж, тариа хийж, асарна. Нэг өдөр манай аймгийн Лутаа гэдэг зурагчин ах миний зургийг “Пионерын үнэн” сонинд гаргана гээд дараад явсан юм. Тэгтэл тэр сонинд зураг ороогүй ч миний тухай бичсэн мэдээг манай хүн уншин хайчилж аваад намайг сурч ирэн танилцсан. Сонины хайчилбар үзүүлэн “Би чамтай л танилцмаар санагдаад” гэж билээ (инээв). Ингэж л бид хоёр танилцаж, амьдралаа холбосон. Харин би нөхрөө дагаад хот руу шилжиж ирсэн. Манай хүн сүүлд нь Улаанбаатар татах хэсэгт машинч болсон ч харамсалтай нь 2000 онд цэл залуухнаараа үйлдвэрлэлийн ослоор өнгөрч, би хоёр охинтойгоо үлдсэн. Гэрийн тулах баганын нэг нь үгүй болно гэдэг амаргүй юм билээ. Эгч нь хэцүү он жилүүдийг нэг хэсэг туулсан. Аав маань амьд сэрүүн байсан учир их дэм, хань болсон доо” хэмээн нулимс унагав. Одоо хоёр охин нь хувийн байгууллагад ажилладаг гэнэ. Л.Энхцэцэг дөрвөн зээтэй болж, уйт он жилүүд ард нь үлдэж, “Эгч нь одоо жаргалтай эмээ шүү дээ. Том зээ хүү гэхэд л ирэх намар наймдугаар ангид орно” гээд инээх ч цэл залуу ханийнх нь дүр төрх, нөмөр нөөлөг сэтгэлийнх нь гүнээс яахин салах билээ дээ. Тэр уг нь хотод ирээд төмөр замынхаа эмнэлэгт ажилламаар байсан ч орон тоо байгаагүй гэнэ. Тиймээс Эрүүл мэндийн X төвд сувилагчаар оржээ. Харин 1996 онд төмөр замын эмнэлгийн Лабораторийн тасагт үйлчлэгчийн орон тоо гарахад нь эргэлзэлгүй шилжиж ирсэн байна. Энэ тухайгаа “Төв эмнэлэгт Лабораторийн Б.Бямбасүрэн эмчтэйгээ хамтран ажилласан. Бид хоёр Сайншандад хамт ажиллаж байсан болохоор нэгнээ мэднэ. Сайншандад хүүхдийн, мэс заслын, төрөхийн гээд бүгд ээлжиндээ нэг л сувилагчтай. Мэс засалд ороход А.Адъяасүрэн эмч “Тийм багаж аваад өг” гэхэд заримыг мэдэхгүй, “Аль юм, хаана байна” гээд сандраад гүйдэг байлаа. Харин Төв эмнэлэгт надад ажиллаагүй тасаг бараг үлдээгүй. Хамгийн сүүлд Ш.Хоролсүрэн эрхлэгчтэй Мэдрэлийн тасгаас тэтгэвэртээ гарсан. Энэ тасагтаа Ч.Цэлмэг, Р.Минийнаран, О.Урантуяа нарын олон сайхан сувилагчтай хамтран ажилласан даа” гэв. Б.Энхцэцэгийг ээж Б.Сосор хүүхдүүдээ “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж үг бий. Ажлаа чанартай, маш сайн хийцгээж бай. Хүн ажлыг голж болохгүй. Ажилд л хүн гологддог юм” хэмээн сургаж, захидаг байсан гэнэ. Тиймээс ч хүүхдүүдээ багаас нь ажилд сургажээ. “Ер нь, миний багад томчууд хүүхдийг бага гэж голохгүй ажил хийлгэдэг байж. Тав, зургадугаар ангидаа багштайгаа нийлэн ангиа засчихна. Ширээн дээр сандал тавьж гараад ханаа шохойдно, шалаа будна. Ингэж л багаасаа ажил хийж, зассан ангийнхаа сайхныг харан баярлаж, урамшдаг байлаа” хэмээн дурсав.
Мөн тэр “Төмөр зам бол манай гэр бүлтэй салшгүй холбоотой. Бид төмөр замаараа л бахархдаг” гэсэн юм. Учир нь том эгч Л.Эрдэнэчулуун нь Замын IV ангид замчнаар ажиллан тэтгэвэртээ гарч, одоо Салхит өртөөнд амьдарч байгаа гэнэ. Ах Л.Эрдэнэбилэг нь Сайншанд татах хэсэг, Чойр солилцох тасагт машинчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бол бага дүү Л.Энхбат нь одоо Замын VI ангид замчнаар ажиллаж байна. Мөн ах, дүү нарынх нь хүүхдүүдээс ч төмөр замд олон хүн ажилладаг аж. “Аавын минь үргэлжлэл гурав дахь үеийн төмөр замчид бий болцгоож байна. Аав маань замчнаас эхлэн Замын IV ангийн дарга хүртэл дэвшсэн. 1985 онд Салхит дахь Үе угсрах баазын даргаар шилжиж байлаа. Тэр үед нь өнөөгийн Гавьяат тээвэрчин Г.Вандандагва гуай орлогчоор нь ажиллаж байгаад ангийн дарга болж үлдсэн юм. Аав дараа нь Замын VI ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Өнөө жил төрсөн нутгийнх нь 100 жилийн ой болно. Бид аавынхаа нутагт очихоор төлөвлөж байна. Багадаа гарсан болохоор аавыг нутгийнхан нь тэр бүр мэдэхгүй ч ахыг нь Дархан Зогсоо гэхээр андахгүй юм билээ” гэв. Л.Энхцэцэг тэтгэвэрт гарсаар одоохондоо эрх чөлөөтэй байхыг хичээж буй гэнэ. “Хувийн эмнэлгүүдээс ажиллах санал ирэх л юм. Нэг хэсэгтээ ажил хийхгүй гэж бодож байгаа” гээд инээв. Ийнхүү төмөр замын эмнэлгийн сувилагч нарын нэрийг өндөрт өргөж, “Гавьяат сувилагч” тэмдгийг энгэртээ гялалзуулсан, анхдагч төмөр замчны охинтой цөөн хором хөөрөлдсөнөө уншигч танд толилууллаа.
М.Наранболд
Сэтгэгдлүүд
Гавьяат шавьдаа баяр хүргэе. Гэр бүлээрээ ТӨМӨРЗАМ-ынхан байна гэдэг их бахархал. ТӨМӨРЗАМ-ын хөдөлгөөн маш өндөр хариуцлагыг хувь хүнээс шаарддаг алба. Хатуу албанд ажилладаг гэр бүлд хичээл номондоо, ажилдаа чамбай хүүхдүүд өсөж хүмүүждэг. Тэдний нэг нь ЭНХЦЭЦЭГ. Миний шавьдаа л даа.
Найздаа халуун баяр хүргэе. Ярилцлагыг нь уншиж найзаараа бахархаж суунаа. Аз жаргал хүсье
Найздаа халуун баяр хүргэе. Ярилцлагыг нь уншиж найзаараа бахархаж суунаа. Аз жаргал хүсье
Энхцэцэгтээ баяр хүргье. Сайн сайхныг хүсэн ерөөе.