Өглөө эрт галт тэрэгнээс буухад хүйтэн жавар хацар алгадах агаад ноосон малгай нэвт сийгэж, шүд хага ташна. Вокзалын амрах байр руу алхах зуурт чиний үзүүр часхийж, савхин бээлий өмссөн атал гарын хурууны үзүүр жиндэх аж...Энэ бол Сэлэнгийн жавар тас шилбүүрдэх Сүхбаатар өртөөний жирийн нэгэн өглөө. Томилолтоор ирсэн миний хувьд харин цочирдмоор хүйтэн өглөө.
...“Одоогоос яг жилийн өмнө агентаар ажиллаж байлаа. Идэр есийн жавар сөрөн гадаа ажиллах мөн ч чанга байсан даа. Ажилд ороод удаагүйг хэлэх үү шөнөжингөө галт тэрэг орж ирсэн болохоор хальт дулаацаад л буцаж гарч байлаа. Өглөө нь ээлжнээсээ буунгуутаа ээж, аав руугаа залгаад “Би төмөр замд ажиллаж чадахгүй юм байна. Гэртээ харья тэгэх үү?” гээд л уйлсан. Ээж, аав хоёр минь шууд л “Миний охин хүрээд ир ээ...” гэсэн. Яг ийм хариулт сонсохоороо “Би чинь бие даагаад амьдрах гэж байгаа хүн. Насан туршдаа ээж, аавтайгаа амьдрахгүй шүү дээ” гэж боддог юм билээ. Бүр хоёр ч удаа ингэж ярьсан шүү. Дараа нь “Миний охин юу болж байна?” гээд асуухаар нь “Одоо гайгүй дээ. Удахгүй урин дулаан ч болчихно” гэсэн. Би ер нь өөдрөг үзэлтэй хүн л дээ. Шантрах үе байдаг ч бүр мөсөн буугаад өгчихийг хүсдэггүй. Хурдан тайвширдаг онцлогтой. Манай ажлынхан үргэлж тусалж дэмждэг учраас ажлын хэцүүгээс илүү хамт олондоо дасчихдаг юм билээ” хэмээн УБТЗ-д нэг жил дөрөв дэх сардаа ажиллаж буй залуухан бүсгүй хуучилсан юм.
Түүнийг Самбуугийн Оюунтуяа гэдэг. Эдүгээ Сүхбаатар өртөөний дамжуулах конторын оператораар ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ мөрний сэрүүн тунгалаг уур амьсгалд хэдийнэ идээшжээ. Гэр бүлийнхэн нь С.Оюунтуяаг анагаах ухааны салбарт ажиллуулах сонирхолтой байсан ч өөрөө дургүй болохоор чадвал онгоцны үйлчлэгч болох нууцхан мөрөөдөл дотроо тээсэн 17 настай охин ОХУ-ыг зорьсон гэдэг. Улмаар нэг жил хэлний бэлтгэлд суугаад Путины тэтгэлэгт хамрагдахаар Монголдоо ирж л дээ. Тэтгэлэгтээ ч амжилттай тэнцэж. Гэтэл гэрийнхэн нь түүнээс “Төмөр замд орох уу, анагаахын сургуульдаа явах уу?” гэж асуув. Ямартаа ч ажиллах дургүй салбараас нь гадна өөр нэг сонголтыг санал болгосон тул юу ч бодолгүйгээр “За за төмөр замд оръё” гээд хэлчихэж. Ингэж л урд нь огт төсөөлж байгаагүй салбарынхаа мэргэжилтэн болохоор Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн тээвэр зохион байгуулалтын ангийг сонгосон гэх. “Одоо бодоход би буруу сонголт хийсэн санагддаг. Өөр тийш хөрвөх боломжгүй мэргэжил учраас одоо яая гэх вэ сонгосон замаараа л хичээгээд ажиллана даа. Хөрвөх чадвартай мэргэжил сонгосон бол өөрийгөө илүү олон зүйлд сорьж үзмээр санагддаг л юм. Анх ажилд орохоор анкет бөглөж байхад “Замын-Үүд рүү явах уу, Сүхбаатар руу явах уу?” гэхээр нь “Сүхбаатар явъя” гэсэн. Одоохондоо бүхнийг эхнээс нь сураад явж байгаа болохоор зорилготой болж амжаагүй л явна. Хамт олны маань уур амьсгал гоё болохоор энд ажиллах сайхан байдаг. Хойноос орж ирсэн галт тэрэгний бичиг баримтыг программд оруулна. Орж ирсэн вагонуудаас нь хураамж татна. Буруу таталт хийвэл өөрөө асуудалд орно. Тав хоног тутамд тайлан хийнэ гэхчлэнгээр ажилладаг. Миний хийсэн үйл ажиллагаанаас шалтгаалж дамжин өнгөрөх өртөөдөд тээврийн бичиг баримтын үзлэг шалгалтууд нь хийгдэх учраас маш өндөр хариуцлагатай ажил. Давуу тал нь гэвэл гадаа гарч ажиллахгүй л юм даа. Ажлын 12 цагийн турш компьютерийн араас босохгүй. Галт тэрэг ихтэй үед үдийн цайндаа ч орох завгүй шүү дээ” хэмээн илэн далангүй ярилаа.
С.Оюунтуяа гурван охинтой айлын бага нь. Түүний аав тээврийн жолооч, ээж нь оёдолчин. Харин хоёр эгчийнх нь нэг цэцэрлэгийн тогооч, нөгөөх нь нягтлангаар ажилладаг аж. Дорнын говьд хүүхэд насаа өнгөрүүлсэн С.Оюунтуяа Эрхүүд сурч байхдаа хангай нутгийн онцлогт төвөггүй дассан ч амьдралын сорилт шалгуурт төдийлөн бэлтгэгдээгүй явж. Учир нь тэтгэлгээр суралцаж байгаа түүнд тав тухтай байрнаас эхлээд бүх зүйл нь бэлэн байж. Мөнгө хэрэг болбол аав ээжээсээ авна гээд л түүнд дутагдаж гачигдах нэг ч зүйл байсангүй. Харин Сэлэнгэ нутагт ажлын гараагаа эхлүүлж, анх удаа бие даан амьдрах нь эхэндээ үнэхээр амаргүй байсан гэх. Анх ажилд ороод л амьдрах орон сууцны бэрхшээлтэй тулгамдаж, олдсон байр нь өвөлдөө маш хүйтэн. Төрсөн гэр, аав ээждээ байнга очиж чадахгүй, баяр ёслолын өдрүүдэд ихэвчлэн ажлын байрандаа байдаг зэрэг нь түүнийг халширч, шантрахаас аргагүйд хүргэж байв. Гэхдээ л тэр энэ бүхнийг даван туулж чаджээ. “Аав ээж хоёр минь намайг оюутан болонгуут л хөдөө гарсан. Намайг л ажил мэргэжилтэй болохыг хүлээж байсан юм шиг билээ. Одоо би ээж, аав руугаа “харья” гэж хэлэхгүй. Энэ бол миний л амьдрал. Ээж аав байхгүй бол би яах вэ тиймээс бүхнийг өөрөө л зохицуулаад даван туулаад явах ёстой гэж боддог болсон” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм. Тэр бол эзэмшсэн мэргэжлийнхээ төлөө ээж аав, нутаг уснаасаа хол байхыг үл ажран хөдөлмөрлөж яваа залуу төмөр замчдын нэгэн төлөөлөл. Үеийн үед аль ч салбарын залуус ийнхүү бие дааж, бэрхшээлийг туулж, асуудлыг өөрөө шийдвэрлэн байж амьдралд хөлөө олдог. Чухамдаа энэ бол анхны алхам. Амьдралынхаа анхны алхмыг хэрхэн хийхээс дараагийн алхам хэрхэн үргэлжлэх нь тодордог учиртай.
Б.Дэлгэрхишиг