Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого”-ын хүрээнд “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн. УБТЗ энэхүү зорилтын хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажлын байруудыг автоматжуулах, мэдээллийн давхардлыг арилгах, дэвтэр хөтлөлтийг цахимжуулах, үргүй зардлыг бууруулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Түүнчлэн, Замын даргын энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрийн А/213 тушаалаар Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, түүний удирдлагад Тээврийн хяналтын алба, Тээвэр зохион байгуулалт, Зүтгүүр, Зам, Дохиолол холбоо, Мэдээлэл технологийн алба, Эрчим хүчний төв, СИРДП-Е хэлтэс хамтран ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд өртөө, зөрлөгүүдэд хөтөлж байгаа техникийн баримт бичгүүдийн судалгааг гаргаж, эхний ээлжинд анхаарамжийг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид өртөөдөд хөтөлж байгаа техникийн бүх бичиг баримтууд (ДУ-2, ДУ-46 гэх мэт)-ыг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр өртөөний туслах жижүүр, оператор, вагон-бичигч нарын ажлын ачаалал буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ гэж тооцож байна. Ажлын хэсгийнхэн долоо хоног бүр хуралдаж хийсэн ажлуудаа дүгнэж, цаашид хийх ажлуудаа төлөвлөж, хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэн алхам, алхамаар урагшилсаар байна.
Одоогийн байдлаар, телеграф тасгаар дамжин ирсэн анхаарамжийг өртөөний ажилтнууд цаасаар хэвлэн дэвтэрт нааж, анхаарамжийн маягтад буулган шивж, анхаарамжийн дэвтэрт бүртгэн, машинч нарт хүлээлгэн өгдөг. Энэ нь олон шат дамжлагатай, цаг хугацаа их шаарддаг гар ажиллагаа юм. Анхаарамжийг цахим хэлбэрт шилжүүлснээр Замын аж ахуйн албанд ашиглагддаг “Замын аж ахуйн нэгдсэн систем”-ийн анхаарамж бүртгэлийг шинэчлэн хөгжүүлж, Тээвэр зохион байгуулалтын албанд ашиглагддаг АТМС-Натурка буюу (Галт тэрэгний хөдөлгөөний мэдээллийн систем) программтай уялдуулан холбосноор анхаарамжийн мэдээллийг цахимаар солилцох боломжийг бүрдэх юм. Товчхондоо анхан шатны аж ахуйн нэгжүүдээс дамжуулсан цахим анхаарамжийг өртөөний ажилтнууд хүлээн авч хэвлээд зүтгүүрийн машинчид олгодог болно гэсэн үг.
Цахим анхаарамжийг нэвтрүүлэх туршилтыг наймдугаар сарын 12-ноос Улаанбаатар-Багануур хэсэгт, есдүгээр сарын 05-наас замын хойд хэсэгт эхлүүлээд байна. Туршилтын хугацаанд засаж сайжруулах шаардлагатай олон асуудлыг олж харж, оновчтой шийдлийг боловсруулан, программ хангамжуудад нэмэлт хөгжүүлэлтийг хийж байна. Цахим анхаарамжийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан “Тээврийн нийтлэг багц дүрэм”, “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-д зохих өөрчлөлтийг оруулах тухай саналыг Тээвэр зохион байгуулалтын албанаас боловсруулан бэлтгэж, Тээврийн хяналтын албаар дамжуулан Зам тээврийн яаманд хүргүүлсэн.
Анхаарамж бол хүний амь нас, ХАБЭА, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой маш хариуцлагатай бичиг баримт учир бидэнд алдах эрх байхгүй. Тиймээс бид анхаарамжийг цахимжуулахдаа аюулгүй байдлыг найдвартай хангаж, хүний оролцоог багасгаж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, цаасны үргүй зардлыг бууруулахыг зорьж байна. Бүх өртөө, зөрлөгийн ажлын байрыг онлайн сүлжээнд холбож, компьютер суурилуулах, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энэ асуудлыг албад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн. Цаашид хөдөлгөөнтэй холбоотой ажилтнуудын хөтөлж буй баримт бичгүүдийг үргэлжлүүлэн цааснаас цахимд бүрэн шилжүүлэх юм. Анхаарамжийг цахимжуулах нь энэ ажлын эхлэл гэж харж байна. Иймд хөрөнгө оруулалтаар авах компьютерууд нь ажлын байруудыг автоматжуулахад нэн шаардлагатай техник хангамж болж өгөх юм.
Анхаарамжийг цахимжуулах нь цаг үетэйгээ хөл нийлүүлэх, чухал ач холбогдолтой, бодит үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, Тээвэр зохион байгуулалтын албаны хийсэн судалгаагаар нэг анхаарамжийг цаасан хэлбэрээр боловсруулахад зам, холбоо, өртөө гэсэн гурван нэгжийн есөн ажилтан оролцож, нийт 30 ажилбарыг дунджаар нэг цаг 55 минутад гүйцэтгэж байна. Тэгвэл цахим анхаарамжийг программаар дамжуулбал гурван нэгжийн таван ажилтан зургаан ажилбарыг ердөө 10 минутад гүйцэтгэнэ. Цаг хугацааг хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхээс гадна дэвтэр, цаас, принтерийн хор, цавуу зэрэг бичиг хэргийн зардлаас жилд дунджаар 379 сая төгрөгийг хэмнэх урьдчилсан тооцоо гарчээ.
Бид цахимжуулах ажлыг зөвхөн нэг алба, салбар нэгжийн хүрээнд харж хөгжүүлэлт хийх бус “УБТЗ” ХНН-ийн хэмжээнд, нийт тээврийн бүх үйл ажиллагааны онцлогт нийцсэн байдлаар төлөвлөж, алсыг харсан цогц бодлого, төлөвлөлттэйгээр ажиллах нь зүйтэй. Мэдээллийн технологийн алба нь ажлын байрны онцлогоос шалтгаалан 70 гаруй программ хангамжийн хөгжүүлэлт, шинэчлэлт, үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Цаашид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, ажлын технологийг цахим хөгжилтэй нийцүүлэн оновчтой байдлаар тодорхойлж эдгээр программ хангамжийнн өөр хоорондын харилцан уялдааг хангаж, мэдээллийн давхардалгүй нэгдсэн санг бий болгож, үйлчилгээний зардлыг бууруулан цогц платформыг хөгжүүлэх нь бидний хэтийн зорилт болоод байна. Бид 2023 оноос галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын “Е-норматив” программыг шинэчлэн хөгжүүлж, санхүүгийн “Coss” программтай амжилттай уялдуулж чадсан. Мөн 2024 онд ХАБЭА-н нормативыг “Е-норматив” программд нэгтгэн оруулсан. Цахим анхаарамж бол цааснаас цахим руу шилжих шилжилтийн үргэлжлэл юм. Ажлын байрны ачааллыг бууруулсан, цаг хугацааг хэмнэсэн, эдийн засгийн үр өгөөжтэй энэхүү ажил нь бүрэн цахимжсан бүтээмжийг дээшлүүлсэн байгууллага болох зорилтодоо хүрэх нэг алхам болж байна.
Тээврийн хяналтын албаны хяналтын байцаагч диспетчер Э.Өнөрбаяр