Монголын эдийн засаг  энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7.9 хувийн өсөлттэй гарч, нэгдсэн төсвийн орлого оны эхний таван сард нэг их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн учраас Монгол Улс түүхэндээ анх удаа давсан орлогоороо төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэрээ нэмлээ.

 

Төсвийн орлогын өсөлтөд нүүрсний экспорт гол нөлөөг үзүүлсэн. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд нүүрсний экспортын өсөлт хадгалагдаж байна. Эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 25 сая гаруй тонн нүүрс борлуулаад байгаа бөгөөд үүний 11.5 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулсан нүүрс байна. Үлдсэн долоон сарын хугацаанд улсын хэмжээнд 30 сая орчим тонн нүүрс экспортод гаргах боломжтой гэдгийг албаныхан хэлж байгаа. Тэгэхээр төсвийн орлогод гол нөлөөтэй түүхий эдүүдийн экспортын нөхцөл таатай байгаа энэ үед 2023 оны нэгдсэн төсөвт тодотгол хийлээ. Өмнө нь төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийх нөхцөл бүрдсэнийг Ерөнхий сайд хэлсэн.

2023 оны нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөг,  зарлагыг  20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцож, баталсан. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ оны төсвийн тодотголын төсөл батлагдсанаар тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20  их наяд 800 тэрбум төгрөг, нийт зарлага 1 их наяд 896,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22  их наяд 400 тэрбум төгрөг болох юм.

2023 он гарсаар төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгийн өсөлттэй явж байгаа учраас тодотголоор ийнхүү орлого, зарлагын хэмжээ өссөн ч төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2.6 хувиаас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна.

Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд 3.9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, 2.4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3.8 тэрбум ам,долларт хүрч сайжраад байна. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч  иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Хуулийг баталсан учраас ирэх сарын 1-ээс цалин, тэтгэвэр нэмэгдэх юм. Төсвийн тодотголоор 1.896 тэрбум төгрөгөөр тэлнэ. Үүний:

-996 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд

-396 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд

-167 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоход болон өнгөрсөн хугацаанд олгоогүй мөнгийг нөхөж олгоход

-187 тэрбумыг нийслэлийн автозамуудыг холбоход

-89 тэрбумыг зорилтот халамж нэмэхэд зарцуулах юм байна.