“Манайд олон жил тогтвор суурьшилтай ажилласан хашир туршлагатай төмөр замчдын тод төлөөлөл гэвэл яах аргагүй Сүлдээ ах маань л байна даа” хэмээн Сүхбаатар өртөөний удирдлагууд онцолсноор энэ удаагийн зочинтойгоо уулзсан юм. Тэрбээр, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгыг эргэлт буцалтгүй өмнөө тавьж найруулагчийн туслах буюу холбогчоор ажлын гараагаа эхлүүлснээс хойш УБТЗ-д эдүгээ тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна. Түүний анхны эзэмшсэн мэргэжил нь багш. 1989 онд МУБИС-д биеийн тамирын багшаар элсэж, дөрвөн жилийн дараа төгсөөд Дундговь аймгийн Хулд суманд дөрөв, төрөлх нутаг буюу Сэлэнгэ аймгийнхаа IV сургуульд гурван жил багшилсан байна. “Боловсролын салбарт арав шахам жил ажилласан болохоор ч тэрүү шууд техникийн салбар руу хөл тавихаар эхэндээ жаахан будилсан. Үнэнийг хэлэхэд шантрах, “дэмий юм хийв үү” гэж бодох үе ч надад тохиолдож байсан.Хүмүүсийн харилцаа, ажилд хандах хандлага гээд хоёр салбарын эрс тэс ялгаа шууд нөлөөлжбилээ. Хүүхдүүдэд хичээл зааж явсан хүн буцаад анхан шатнаас нь суралцаад явахад түүртэх зүйл чамгүй гардаг сан. Гэхдээ ажилдаа дадаад, мэргэшээд ирэхээр  харьцангуй өөр болдог. Өөрийнхөө туулж өнгөрүүлсэн замналыг эргээд харахад ялангуяа, ажлын талбарт дөнгөж хөл тавьж байгаа залуусаа дунд болон ахмад үеийнхэн маань анхнаас нь зөв чиглүүлээд, зөв арга барилаар сургаад явчихвал төдий хэмжээний чадварлаг, тогтвор суурьшилтай ажилтнуудтай байх юм байна даа гэж боддог. Би 1999-2000 онд шилжих өвөл яг өдийд л төмөр замчны замналаа эхлүүлж байлаа” хэмээн хуучлах энэ эрхэм бол Сүхбаатар өртөөний вагон бичигч Т.Гансүлд. Тэрбээр, долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Аав нь ЦХОБА-ны харьяа Сүхбаатар цэрэгжүүлсэн хамгаалах салаанд ачаа хүргэгч, салбар захирагч, өртөөнд коммерын агентаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан бол ээж нь багш хүн байжээ. Т.Гансүлдийн бага насны он жилүүдийг эргэн дурсвал төмөр замын цэцэрлэгээс эхлээдгалт тэрэгний нүргээн, төмөр замчдын эгэл боргилхон амьдралын дүр зураг, тосгоны жаалуудын цовоо инээд зэрэг гэгээн мөчүүд тасралтгүй хөврөх аж.

Хөргийн маань эзэн төмөр зам хэмээх их айлд найруулагчийн туслах буюу холбогчоор ажлын гараагаа эхлүүлснээс хойш өртөөний туслах жижүүр болон жижүүр гэхчлэнгээр хөдөлгөөний чиглэлийн албанд дагнан ажиллажээ. Ингэхдээ үндсэн ажлынхаа зэрэгцээ спортын тэмцээнд идэвх санаачилгатай оролцож, хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол гээд бүх төрөлд хүч үзэж, амжилт гаргаж иржээ. “Ажиллаж амьдрахад хамгийн таатай газар бол яах аргагүй манай Сэлэнгэ. Хүний төрж өссөн нутгийг юутай ч зүйрлэшгүй. Дээр нь хилийн өртөө учраас оросуудтайгаа шууд харилцана.  Намайг анх ажилд орох үед хойд хөршийн төмөр замынхантайгаа сар бүр уулзалт зохион байгуулж, нөхөрсөг тэмцээн уралдаан явуулдаг байлаа. Зөвхөн тэмцээнээр зогсохгүй бид Наушки өртөөнд очиж ажлын туршлага судална гээд нягт уялдаатай ажиллана. Энэ нь залуучуудад маш том урам зориг, эгч хүчийг өгдөг байлаа. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн өөрчлөлт шинэчлэлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад энэ төрлийн уулзалт зогссон. Ер нь, багийн спорт гэдэг хувь хүний эрүүл мэндэд тустайгаас гадна хамт олныг нэгтгэхэд чухал үүрэгтэй юм шиг санагддаг. Би 2010 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулж байлаа. Мөн жилдээ хөл бөмбөгийн спортын мастерын болзол хангасан гээд ёстой оргил үе байлаа. Ажлын ачаалал ихтэй, тэр бүр хамт олонтойгоо чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор хомс төмөр замчдын хувьд спортоор хичээллэх нь маш чухал гэж боддог. Би сүүлийн үед идэвхтэй  алхаж байна. Ер нь, миний ажлын онцлог ч гадаа цэвэр агаарт алхаж ажилладаг нь илүү таатай санагддаг. Галт тэрэг ихтэй үед хамгийн багадаа 10, ихдээ 20 км орчим алхаж ажиллана шүү дээ. Энэ бол эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх том боломж гэж хардаг” хэмээн ярилаа.

Т.Гансүлд ажлын амжилт, гэрэл гэгээтэй бүхнээ дандаа л хамт олонтойгоо холбож ярих. Тэгэхээс ч аргагүй. Нэг хүнд ахадсан гэмээр хүнд сорилт шалгуурууд түүнд нэг бус удаа тохиолдсон ч эзэмшсэн мэргэжлийн онцлог, хамт олныхоо дэмжлэг, эр хүний сэтгэлийн хатаараа даван туулжээ. Энэ тухайгаа “Хүн зовлон даадаг гэж үнэн юм билээ. Амьдралд юу эсийг үзэх вэ. Аав, ээж,  төрсөн дүү, хань ижил гээд хайртай бүхнээ алдсан хэцүү он жилүүдийг би туулж өнгөрүүлсэн. Миний хань сургуулийн багш мэргэжилтэй бүсгүй байлаа. Одоогоос арван жилийн өмнө хань минь тэнгэр болсон. Тэр үед хүү маань арав гаруй настай байсан болохоор ээжийгээ алдсан нь маш хүндээр туссан. Ажлаа хийгээд л явж байхад сургуулиас нь залгаад “Хүү чинь ухаан алдаад уначихлаа” гэнэ. Ээжтэйгээ хамт байсан үеийнх нь дурсамж байнга сэдрээд маш хэцүү байсан байх л даа. Бас ч гэж хүний үгийг ойлгохтойгоо нас учраас нэг өдөр хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. “Миний хүү боломжтой бол өөрийгөө дайчлаад хурдан сургуулиа төгсөхийг бодохгүй юу даа” гэсэн. Хүү маань ч миний зөвлөснөөр хичээлдээ шамдаж, анги алгасаж суралцсаар БНХАУ руу суралцахаар явсан. Багш нар нь ч миний хүүг сайн дэмжсэн. Хятадад хоёр жил сурч ирээд үргэлжлүүлэн МУБИС-д хоёр жил сурч Хятад хэлний багш мэргэжлээр амжилттай төгссөн. Одоо Улаанбаатарт ажиллаж байгаа. Миний хувьд өнгөрсөн он жилүүдэд хамгийн гол нь ард үлдсэн хүмүүстээ түшиг тулгуур болохын тулд эрүүл байх, завгүй байхыг л хичээж ирсэн.Хүн л юм хойно ганцаардах үе бишгүй тохиодог. Ямартаа ч хүүгээ амьдралын талбарт гаргаад авсан минь л хамгийн том амжилт юм даа. Би сайндаа ч биш ажлын хамт олон, ах дүү нарын минь л хүч шүү дээ. Хаана ч явсан хамт олонтой байна гэдэг хамгийн чухал гэж боддог. 16000 төмөр замчин гэдэг маш том айл. Энэ өнөр бүлийн нэгэн гишүүн болж жаргал зовлонгоо мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцаж явах сайхан” хэмээн хуучилсан юм.

Түүний том эгч нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж  эрүүл мэндийн салбарт залуу насныхаа хөдөлмөр зүтгэлийг зориулаад гавьяаны амралтаа авчээ. Гурван эгч нь мөн л өөр өөрийн эзэмшсэн салбараасаа тэтгэвэрт гарсан байна. Бусад нь харин хувиараа бизнес эрхэлж буй аж. Т.Гансүлдийн энгэрт эгнэн гялалзах “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” тэмдгүүд түүний алдар гавьяа, амжилт бүтээл, амьдралын нугачаанд нуруу бөхийлгөөгүй бахдам түүхийг тод томруунаар илтгэх шиг. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилго тавин ардын багшийн ширээнээс ажилтны эгнээнд шилжсэн түүний сонголт туйлын зөв байжээ. Тэрбээр, эдүгээ шинэ залуу ажилтнуудаа сургах үйлсэд багшийн эрдэм, төмөр замчны туршлага хоёроо хослуулан зориулж явна. “Ах нь гавьяаны амралтаа авах хүртэлх хугацаандаа төмөр замын төлөө өөрөөс гарч болох бүхий л хүч чадлаа дайчилна гэж боддог доо” гэсэн үгээр нь бидний уулзалт өндөрлөсөн юм.

Түүний амьдралдаа бүтээсэн дүр хийгээд, хувь тавилангаа зурсан жим нь эгэлхэн бөгөөд дардан юм. Энэ л зам, үлгэрлэлээр нь олон арван төмөр замчин залуус хараа дээгүүр, нуруу цэх алхах буй за.

 

Б.Дэлгэрхишиг