Хүн энэ хорвоод нэг л удаа эцгээс үүсэж, эхээс мэндэлдэг бол би ачтай хоёр хүний ачаар ахин төрсөн хүн гэж бодож, өөрийг минь аварсан эгэлхэн баатруудад үргэлж талархаж дотроо сүсэлж явдаг юм.

Миний бие 1960 оны долдугаар сарын 11-ний өдөр төмөр замын Төв эмнэлгийн төрөх тасагт Тамжидын Галсаннамжил, Гомбын Цогзол нарын найм дахь хүү болж төрсөн юм. Аав, ээж хоёр минь 14 хүүхэд төрүүлж өсгөснөөс өдгөө долоо нь амьд сэрүүн аж төрж байна.

1966 оны долдугаар сарын 11-ний наадмын өглөө би зургаан нас хүрлээ. Тэр үед манай өвөөгийнх Гандангийн зүүн талд байх. Би өвөөгийндөө байсан юм. Тэр жил аав, ээж хоёр улсын наадам үзэхээр ирсэн юм. Нагац ах Д.Шинэнгийнх Төмөр замын эмнэлгийн урд, Октябрийн районы наад талд төмөр замчдын дан байшинд байв. Аав, ээж, өвөө гээд томчууд улсын наадам үзэхээр явцгаах болж намайг Шинэн ахынд үлдээж, гэр харж бай гээд гаднаас цоожлоод явцгаав. Би уйдсандаа цонхны тавцан дээр гарч зогсоод гадагш харна. Гэтэл тэнгэр дуугараад хачин харанхуйлаад бороо асгарч эхэллээ. Ганцаараа айх гайхах зэрэгцэж, нэг л тавгүй байсан санагдана. Гадаа бороо асгарч байсан тул цонхоо хаачихаад цонхны тавцан дээр байж байтал байшинд яах ийхийн зуургүй ус ороод ирлээ. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Нэг л мэдэхэд хөлгүй их усанд хөвж явснаа бүүр түүрхэн санадаг. Байшингаас яаж гарснаа ч огт мэддэггүй юм. Тэгтэл улаанаараа эргэлдэж хуйларсан үерийн их усан дотроос нэг зүйл намайг сэв хийтэл дээш татаад л авах шиг болсон. Түүнтэй зэрэгцэн “Цаана чинь нэг өлгийтэй хүүхэд явж байна” гэх нь сонсдоно. Энд тэндгүй хүн хашгирах орилох дуу гарч байсан санагдана. Тухайн үед эргэн тойрныг тогтоож юу болж байгааг ч харах сөхөө байгаагүй. Намайг ямар хүмүүс аварсныг тогтож харж амжаагүй. Осолдохгүй хоёр хүн  байсан. Тэд намайг одоогийн Улаанбаатар ГУА-ийн урд, Замын II ангийн долдугаар хэсгийн дэргэд тавьсан хоёр хаалгатай модон вагонд оруулсан юм. Дотор нь эсгий дэвсчихсэн, том поошигоор хийсэн зуух тавьчихсныг санадаг юм. Үерт автаж, орох оронгүй болсон хүмүүсийг тийш нь оруулж байсан байх. Би шорт, жижиг майктай чичрээд даараад байснаа санадаг. Тэгээд вагоны цаад мухарт зууханд жаахан ойр газар унтчихсан. Тэр шөнө чихэн дотор хүмүүсийн хашгирах орилох дуу дуулдаад байх шиг... Толгой дүүрээд чих шуугиад байж билээ.

Тэр вагонд би нэг хоносон. Хожим аав, ээж хоёрын ярианаас тэд намайг хайж цагдаа сэргийлэхгүй гүйсэн гэдэг.

Маргааш өглөө нь миний нэрээр дуудахад нь явж очвол аав, ээж хоёр маань ирсэн байсан. Тэд намайг амьд мэнд байгаад бөөн баяр болж, би ч “Намайг хүн уснаас татаж гаргасан” гэдгээ хэлсэн. Тэгээд үерийн ус татарсан хойно төмөр замын эмнэлэгт намайг үзүүлж би тэнд арваад хоног хэвтэж эмчлүүлсэн юм.

Тухайн үед хүүхэд болохоор ямар хүмүүс намайг аварсныг сайн мэдээгүй байсан. Арай жаахан том болсон хойно аав ээж минь надад “Миний хүүг аварсан хүмүүс хотод байдаг. Төмөр замын Гал командад ажилладаг Алтангэрэл, Мандшир гэж хоёр хүн байдаг. Миний хүү Алтангэрэл гэж судар, Мандшир гэж бурхан гээд ойлгочих” гэдэгсэн. Би тэр хүмүүстэй уулзаж байсангүй. Аав минь Алтангэрэл гэдэг хүнийг нь дээш нь уламжилж шагнуулсан гэдэг юм. Тэр үерээр тэд ганц миний ч биш олон хүний амь аварсан байх.

Би 1976 онд Чойрт дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Дүрслэх урлагийн сургуульд хуваарь авах гэсэн боловч хуваарь ирсэнгүй. Багаасаа зураг зурсан болохоор зураач л болох сонирхолтой. Тэгээд Замын III ангийн боловсон хүчин Цэвээн гэдэг хүн дээр очлоо. Тэдний охин манай анги учраас их танимхайрч очиж байгаа нь тэр. “Танай ангид зураачаар ажилд оръё” гэхэд “Манай анги зураачтай. Чи замчнаар ажилла” гэхэд нь “Тэгье” гээд туслах замчин боллоо. Ингээд намар хүртэл ажиллаж байтал Төмөр замын техникумын хоёр хуваарь ирж, түүний нэгийг надад өгч ашиглалтын ангид элсэн орсон юм. Одоо бодоход аавын минь буян байсан байх. Аав минь Ш.Түгж баатартай их ойр дотно хүн байсан юм. Тэгээд сурч байтал 1978 онд цэргийн зарлан ирж, сургуулиа төгсөж амжилгүй цэрэгт татагдсан. Харин цэргээс халагдахад хэдэн хүний цэргийн батлах өгдөггүй. Нийгмийн аюулаас хамгаалах яаман дээр очвол 20-оод залуус байна. Тэднээс шигшиж байгаа арваад залууг авч үлдээд “Та бүхэн манай мэдлийн хүмүүс боллоо. Гадуур элдэв юм ярьж болохгүй” гэсэн. Ингээд НАХЯ-ны хүн болсон. Октябрын районы 18 дугаар хороо хариуцсан хариуцсан цагдаа болж жил гаруй ажилласан. Тэр хооронд төмөр замын техникумаа эчнээгээр төгссөн. Төмөр замын цагдаагийн улс төрийн орлогч Батхүү гуайтай уулзаж, төмөр замын цагдаад шилжиж ирсэн дээ.

Нэг удаа ажилдаа гараад вагонд явж байтал 50-иад насны өндөр нуруутай бор хүн намайг танимхайрч “Чи Галсаннамжил гуайн хүү Сүхбаатар мөн үү?” гэв. “Тийм” л гэлээ. “Ээжийг чинь Цогзол гэдэг үү?” гэнэ. “Тиймээ” л гэлээ. Тэгтэл инээд алдаж “Аан за за, би чамайг аварч байлаа шүү дээ” гэсэн. Тэр хүн намайг аварсан Алтангэрэл гуай байсан юм. Тэгж би санамсаргүй амь аварсан ачтантайгаа анх нүүр тулан уулзаж билээ. Алтангэрэл гуай тухайн үед ачаа хамгаалагчаар ажиллаж байсан юм билээ. Тэр гэнэтийн учралд бэлэн байгаагүй би балмагдаад олигтой ч үг хэлж чадаагүй юм. Харин Мандшир гуай хожим таарахад Хонхорын дан байшинд ээжтэйгээ амьдардаг жижгэвтэр биетэй туранхай шар хүн байсан. Мандшир гуайд баярлаж талархсанаа хэлж байсан.  

Түүнээс хойш би 20 жил орон нутгийн болон ОУ-ын зорчигчийн галт тэргэнд нийгмийн хэв журмыг сахиулж, Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах албанд туслах төлөөлөгч, эргүүл офицер, Нийслэлийн Цагдаагийн газрын Багахангай цагдаагийн тасагт хэсгийн байцаагч, архины албадан эмчилгээний харуул хамгаалалтын орлогчоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа. Тухайн үед бага залуу ч байж амийг минь аварсан тэр ачтанууддаа би аятай хэдэн үг ч олигтой эвлүүлж хэлж чадаагүй шиг санагддаг юм. Өдгөө өөрөө буурал толгойтой ач зээ нараа тойруулсан өвгөн болсон үедээ эргэж бодоход тэр судрын нэртэй, бурханы нэртэй хоёр хүн миний амийг аварсан нь их сонин сайхан санагддаг. Тэгж бодох бүрдээ тэд ганцхан миний амийг аварсангүй. Миний таван хүүхэд, долоон ач зээд тэр үед амьдрал бэлэглэж буйгаа ч мэдээгүй байхдаа гэж боддог юм. Тэр сайхан буянтай хүмүүсийн үр хүүхдүүд хаа нэгтэй байгаа л байх. Тэр гайхалтай хүмүүсийг сэтгэлдээ үе үе эргэн дурсаж, үр хүүхэд ач зээ нар нь сайн сайхан явах болтугай гэж сэтгэлдээ залбирч явдаг даа. Ингэж бодохоор нэг хүний амийг аварснаар хичнээн хүнд амьдрал бэлэглэж болдгийг өөрийнхөө жишээн дээр бодож явах юм.

Сайн сайхан үйлс бүхэн түгэн дэлгэрч, энэ хорвоод бурхан мэт буянтнууд түм түмээр үржих болтугай!.

Ташрамд дурдахад, миний аав Т.Галсаннамжил Хэнтий аймгийн Дархан сумын хүн. Хүүхэд байхдаа Чойрын хийдэд ах дүүстэйгээ хамт шавилан сууж байсан гэдэг. Аавын ах нар номтой том лам нар байсан юм гэнэ билээ. Ээжийн минь ах Шинэн гэж хүн ч лам байсан гэж ярьдаг. Гучаад онд сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж хорих үеэр аав минь хар болж, сургууль соёлын мөр хөөсөн юм гэнэ билээ. Тэгээд Хууль цаазын дунд сургууль дүүргэсэн. Сургуулиа төгсөөд улсын дээд шүүхэд ажиллаж байгаад 1939 онд Халх голын дайнд Ж.Лхагвасүрэн жанжны удирдлаганд тулалдаж явсан түүхтэй хүн.

Чойр зангилаанд “Монгол транс”-т ахлагчаар ажиллаж байсан гэдэг. Дараа нь Чойрын БОС-ны ангид даамал, түүнээс хойш өртөө, холбоонд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Ээж минь Дорноговь аймгийн Их хэт сумын харьяат. Эцэг эхээс тавуулаа.

Миний ээж тэмээн хөсгөөр шуудан зөөдөг байсан гэдэг. Шүүхэд бичиг хүргэгчээр ажилладаг байж. Бага байхдаа олон жил хурдан морь унасан гэдэг юм.

Уртын дууг зохиогоод дуулчихдаг. Бүх ард түмний урлагийн их наадмын алт, мөнгө, хүрэл медальтай хүн байсан.

Ээж минь Чойр зангилааны худалдааны тавдугаар конторт цэвэрлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа. Миний төрсөн ах дүүсээс олон хүн төмөр замчин болж, ажил амьдралаа залгуулсан даа.

 

Цагдаагийн бэлтгэл офицер Галсаннамжилын Сүхбаатар