Саяхан, Агуйт зөрлөгийн замын их засварын үеэр ЗЗМС-ын дарга, МУ-ын гавьяат тээвэрчин Д.Батбаатар "Замчдын ажил амаргүй ээ. Олон сараар гэрээсээ хол, шугам замд томилолтоор ажиллана.  Ид ажлын цагт дуу чимээ, тоос шороо ихтэй. Хийж байгаа ажил нь дандаа биеийн хүчний. Багаж, техник хэрэгсэл нь хүнд... Тийм ч болохоор залуу насны л хөдөлмөр дөө.  Нас ахиад ирэхээрээ ажилдаа түүртэх гээд байдаг талтай. Ер нь, сэтгэл зүрхээрээ энэ мэргэжлийг сонгож ирсэн нь үлдээд, сонирхол төдий цалин хөлс харж ирсэн нь явчихдаг юм. Гэхдээ манайд залуу халуун насныхаа хөдөлмөр зүтгэлийг хоёргүй сэтгэлээр зориулж, хамт олныхоо бахархал, байгууллагынхаа нэрийн хуудас болсон замчин олон бий. Тэдний нэг нь манай МПД-ын машинч Баяраагийн Амарсайхан шүү дээ. Гавьяаны амралтаа авч, тэтгэвэрээ хэдийнэ тогтоолгосон ч залгамж халаагаа бэлтгэж, арвин их туршлагаа залууст харамгүй өвлүүлж яваа хүн дээ"  гэж нэг замчнаа магтлаа. Бидний дунд өрнөсөн энэ яриа сэтгэлд бууж, магтаалын эзэнтэй  цонхны үеэр амжиж уулзсан билээ.

            Уулзах төдийд халуун яриа дэлгэж, инээд алдсан энэ эрхэм УБТЗ-д 1986 оноос хойш тасралтгүй 33 жил ажилласан байна. Өнгөрсөн хугацааны найман жилд нь тавигч краны машинчаар үлдсэн жилүүдэд нь зөвхөн МПД машин дээр ажилласан гэнэ. "Ах нь саяхан тэтгэврээ тогтоолгосон ч их засвар дуустал хоёр сарын хугацаанд ажиллах хүсэлт тавьсан. Би энэ л байгууллагаас амьдралаа залгуулсан учраас чадах зүйл байвал зориулалгүй яах вэ. Дуртай нь аргагүй ирсэн. Ах нь олон жил мэргэжил нэгт нөхөдтэйгөө шугам замд ажиллалаа. Нас ахиад ирэхэд олон сараар хөдөө хээр явах, дуу чимээ, доргионд олон цагаар ажиллахад ядрах гээд байх. Хүний нас гэдэг юунд ч захирагддаггүй юм байна. Өнөөдөр ах нь хоёр дахь шавьтайгаа ажиллаж байна. Сарын өмнө сургасан нэг шавь маань ажилдаа бүрэн дадлагажаад өөр МПД машин дээр ажиллаж байгаа. ЗЗМС-т жолоочоор ажиллаж байсан. Техник сэтгэлгээ сайтай болохоор заасан зүйлийг минь хурдан сурч байна. МПД машин дээр ажиллаж байгаа хүн маш том хариуцлагыг өөртөө авдаг. Зам засварын бусад машинтай харьцуулахад харьцангуй бага оврынх шүү дээ. Яг гардаад ажиллахад техник сэтгэлгээ, ур чадвар хэрэгтэй болдог. Техникт огт дөргүй, жаахан эв дүй муутай хүн бол ер нь будилна шүү. Гэхдээ хүн хийж болж байгаа зүйлийг өөрөө хичээвэл хэн ч сурна. Гагцхүү энэ техникийг гартаа оруулаад, нэр төртэй ажиллана гэдэг том хариуцлага шүү" хэмээн ярих зуураа их ажлынхаа талбар руу саравчлан харж "МПД гэдэг чинь тэр хүнгэнээд л асаж байгаа саарал тэрэг шүү дээ..." гэв. Үргэлжлүүлэн "... Замын ажлын голыг нугална, урамтай эд шүү. Миний  хийж байсныг залуус үргэлжүүлэн аваад явна аа. Гэхдээ л энэ замаасаа, сайхан техникээсээ холдохнээ” гэх нь нэг л уйтай байгаа бололтой. Зам, ялангуяа   замын цонхны ажил ямар ч хүний ид хав, хийморь золбоог  сорьсон, бахархалтай сайхан хөдөлмөр.  Хөдөлмөрийн амт, хөлсний үнэр шингэсэн энэ талбарт залуу насны гэгээн мөчүүд дурсгал болон үлдэх нь гэсэн бодол ч надад зурсхийн бууж билээ.

            Б.Амарсайханы тухайд хамтран зүтгэгч, дотны нөхөр ?????Баатархүү "Би Амараатай 40 жил нөхөрлөж байна. Найзыгаа  бид "Маарамба"  гэж хочилно. Ажлын талбарт ч хурлын танхимд ч "Маарамбаа" гээд дуудахад инээж л явдаг юм. Өөр хүн энэ хочоор нь дуудахаар "Нэртэй хүний нэрийг нь хэл" гээд уурладаг. "Баатархүү ах ингэж дуудахаар та яадаг ч үгүй биз дээ" гэхээр "Тэр чинь өөр хүн" гэж хэлдэг гэнэ билээ. Манай найзад мэдэхгүй юм гэж үгүй. Гэрийнхээ нэг талын хананд нь гэрэл зургийн хэрэгсэл, компьютер байрлуулсан. Хүнд их тусархуу, ёстой л за гэвэл ёогүй зантай. Нэг удаа найзтайгаа уулзана гэж яриад мартчихаж, замаараа хувийн ажлаа амжуулж явсаар бүр орой уулзана гэсэн газраа очтол "Чамайг ирнэ гэж мэдээд байсан юм аа" гэчихсэн автобусны буудал дээр зогсож байж билээ. Тийм л үнэнч, итгэлтэй найзтай хүн дээ " хэмээсэн юм.

            Түр завсарласан бидний яриа түүний хоббигоор үргэлжлэв. "Бүр сүүлд компьютерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гэж сонслоо. Та их залуу сэтгэлгээтэй хүн юм аа?" гэвэл "Тэгэлгүй яах вэ. Бид чинь орчин цагт амьдарч байгаа хүмүүс. Залуусын сэтгэлгээнээс аль болох хоцрохгүй, орчин цагийн хүн байя гэж хичээдэг. Тэтгэвэр тогтоолгосон өдрөө үсчин орж гоёлын будалт хийлгэлээ шүү дээ" хэмээн өнөө л хөгжилтэй зангаараа тас тас инээн малгайгаа авч харуулав. "Ах нь гэрэл зураг, бичлэг сонирхдог хүн. Оюутан байхдаа  гэрэл зургийн "Зенит", "Киев" гээд хоёр аппараттай. Хальсных л даа. Сүүлд дижитал камер, принтер гараад техник технологи хөгжөөд ирэхээр "Би ч бас өөрийгөө хөгжүүлэхгүй бол болохгүй" гэж бодсон. Тэгээд график дизайны чиглэлээр хоёр сарын курст бас суусан. Үүнийхээ ачаар авсан дүрс бичлэгээ эвлүүлж сурсан. Одоо edius 6.0, 7.0 програмууд дээр чөлөөтэй ажиллаж байна. Хамгийн сүүлд "Sony" брендийн 2021 оны шинэ загварын камер авсан. Юм бүхнийг зоосны нүхээр харж болохгүй. Ялангуяа, хоббигоо хөгжүүлэхэд мөнгө төгрөг хараад байвал утгагүй шүү дээ. Миний хувьд хүмүүсийн ажил, амьдралын дурсамжийг хадгалж үлдээхийг хичээдэг. Өөрийнхөө чаддаг мэддэгийг бусдад зааж өгмөөр л санагддаг юм. Сургалт хийх гэхээр үндсэн ажлын зав чөлөө гардаггүй. Аав маань шүлэг яруу найраг сонирхдог урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байлаа. "Ган зам дархлаачаа магтая" нэртэй шүлгэнд нь МУСТА Г.Эрдэнэчулуун аялгуу хийсэн байна билээ. Шилдэг дуучин шалгаруулах телевизийн шоунд түрүүлсэн Одонтөгс гээд залуу өөрөө дуулах хүсэлт тавьсан. Удахгүй сайхан уран бүтээл гарах байх.  Аавын минь 80 гаруй шүлгээс 20 дуу төрсөн байдаг. Аавынхаа дуу төрсөн түүхүүдийг би бүгдийг нь мэднэ. Ард түмэнд хамгийн их танил болсон дуунаас нь нэрлэбэл "Замбуулинд заяасан хань" гээд ээжид маань зориулсан дууг нь Ц. Чулуунцэцэг сайхан уран бүтээл болгосон. Дараа нь, СУИС-ийг төгсөөд удаагүй Сайнтөмөр, Сайзанмаа гэдэг дуучид ая данг нь орчин үеийн хэлбэрт оруулаад дуулсан. Надад ч шүлгийн мөртүүд орж ирээд байдаг. Гэхдээ цаасан дээр буулгаж чаддаггүй гэмтэй. Эгч маань бас чамгүй олон шүлэг бичсэн. Эхнээсээ дуу болоод эхэлсэн байна билээ" хэмээн яриагаа үргэлжлүүлсэн юм. Тэрбээр, хувийн архивтаа ЗЗМС-ын олон үйл явдал, түүхэн баримтыг цуглуулжээ. 2019 онд ЗЗМС-ын 50 жилийн ойд зориулсан баримтат киног хийхэд түүний үүрэг оролцоо маш их байсныг багууллагынх нь удирдлага онцлов.

            Багын найз Баатархүүгийнх нь хэлснээр тэрбээр ямар ч ойлгомжгүй зүйл байсан учир зүйг нь олчихно. Тийм ч болохоор түүнээс тусламж гуйдаг хүн олон. Тэр бүхэнд цааргалахгүй нэг бүрчлэн зааж хэлж, цаад учир ухагдахууныг нь нарийн тайлбарлаж өгдөг нийтэч, элгэмсүү нэгэн. "Олон жил ажиллаад энэ хамт олондоо дэндүү дасчихаж дээ, ах нь. Эр бяр чадал, чадвар чансаагаараа ажлын талбартаа эрдэж явах нь эр хүний хамгийн том бахархал.  Гэргий минь ЗЗМС-д замчнаас эхэлж ажилласан. Эндээс цувааны 16 үйлчлэгч Зорчигчийн вагон депо руу шилжихэд тийш яваад таван жилийн өмнө 50 настайдаа гавьяаны амралтдаа суусан. Дөрвөн хүүхдийн маань гурав нь их сургуулиа төгслөө. Нэгийг нь ч болов төмөр замчин болгочих юмсан гэж бодох юм. Том охин нягтлан бодогч мэргэжилтэй. Удаах нь хүний нөөцийн чиглэлээр сургууль төгссөн. Дунд хүү маань мөн санхүүч. Отгон хүү хоёрдугаар анги. Би сурагч байхдаа машинч болох юмсан гэж боддог байлаа. Их гоё харагддаг байсан л даа. Намайг наймдугаар ангиа төгсдөг жил ангийн багш Түдэвдагва "Төмөр замын машин механизмын ангийн хуваарь ирсэн байна. Чи төмөр зам сонирхдог юм билээ. Орох уу?" гэж, би ч дуртайяа орчихолгүй яахав.  Ингэж л 1982 онд Төмөр замын техникумд элсэж байлаа. 1986 онд сургуулиа төгсөөд л төмөр замчин болно гэж бодтол шууд цэргийн албанд татагдсан.  Би чинь анхны хоёр жилийн хугацаат цэрэг шүү дээ. 1988 онд Зүүнбаянгаас ирээд л ЗЗМС-даа орсон.  Би энэ сайхан мэргэжлийн амтыг үзье гэсэн ганцхан л зорилготой байсан. Түүнийхээ төлөө тууштай явсан. Нэг л мэдэхэд 33 жил болчихож. Айхтар том гавьяа байгуулаагүй юм гэхэд хамт олныхоо, удирдлагынхаа итгэл найдварыг алдаагүй гэж боддог" хэмээснээр бидний бахархал омогшилтой ярилцлага өндөрлөсөн юм. Залуу сэтгэлгээтэй, өөрийгөө үргэлж дайчилж, сорьж явдаг түүнийг "Амардаггүй Амараа” гэж нэрлэмээр санагдав.

Б.ДЭЛГЭРХИШИГ