Хүн хүсэж дурласан мэргэжлээ сонгон сурч, тэр мэргэжлээрээ ажиллан амжилт гаргах сайхан. Ер нь, төмөр замчдын олонх нь, тэр дундаа удам дамжсан төмөр замчид ихэвчлэн багаасаа л энэ мэргэжлийг хүсэж дурлан сонгосон байдаг. Тийм л залуусын нэг бол Вагон ашиглалтын депогийн харьяа Сайншанд ТҮГ-ын шурган үзэгч Хэнчбишийн Ариунболд. Тэрбээр, 2023 онд вагончдоо мэргэжил, ур чадвараараа тэргүүлэн “Алтан алх” атгаж, Замын мэргэжлийн аваргаар шалгарсан юм. Түүнтэй уулзахад “Аав маань Жигжидийн Хэнчбиш гэж хүн бий. Сайншанд ТҮГ-т вагон үзэгч, ахлах үзэгчээр ажиллаж байгаад хувийн шалтгаанаар 2006 онд ажлаасаа гарсан. Миний хувьд багаасаа л аавын ажлаар ирж, вагончдыг хэрхэн ажилладгийг нь харж өссөн. Тиймээс энэ мэргэжлийг л эзэмшье гэж бодсон. Аав “Аюултай бүс” гээд зам руу ойртуулдаггүй байлаа. Ер нь, их зарчимч хүн болохоор ажил дээрээ удаан ч байлгахгүй. Манайд хааяа ажлынх нь хүмүүс ирээд вагоны тухай ярилцахыг нь сонсоно. Вагоныг яаж үздэг юм бол гэж их гайхна. Аавыг гарснаас хойш ахлах ангид ороод хааяа нууцаар өртөөн дээр ирж вагон үзэгчид ажлаа хийхийг нь хардаг байсан. Нэг удаа бүр зорьж очоод цаг гаруй ажиглаж билээ” хэмээн хуучлав. Харин аав нь түүнийг “Миний хүү вагон үзэгч болоод дэмий. Ажил нь хүнд, чи чадахгүй” гэдэг байж. Гэвч Х.Ариунболд 2013 онд дунд сургуулиа төгсөн Сайншанд дахь МСҮТ-ийн вагон үзэгчийн ангид шууд орсон байна. 2014 онд төгсөөд Сайншанд дахь ТҮГ-ын дарга Ч.Баянмөнхөд ажиллах хүсэлтээ илэрхийлэн гэрээт вагон зэхэгчээр ажлын гараагаа эхэлжээ. Тодруулбал, зорчигчийн галт тэргэнд нүүрс, ус зэхнэ, мөс цохино. Нэг жил шахам ажиллаад байтал цэргийн албанд татагдсан ч 2016 онд халагдаж ирээд вагон үзэгчээр ажилдаа эргэж орсон байна. Тэрбээр, “Хүссэн мэргэжлээ эзэмшээд ажилд орох мөч сайхан байсан ч хөндлөнгөөс харах, номыг нь үзэх, яг ажил дээр гарах тэс өөр юм билээ. Мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө. Заримдаа хэцүү ч санагдсан үе бий. Гэхдээ багаасаа хүссэн мэргэжил минь болохоор тэгж их шантраагүй, өөрийгөө дайчилж хичээсээр сурсан. Ажлын ах нар ч зааж, зөвлөсөн. 2022 онд шурган үзэгч болсон доо” гэв. Вагон ашиглалтын депо нийт вагон үзэгчдийнхээ дунд мэдлэг, мэргэжил, ур чадварын тэмцээн зохион байгуулж тэргүүлсэн нэг вагон үзэгчдээ дурсгалын “Алтан алх” гардуулдаг уламжлалтай. Энэ талаараа Х.Ариунболд “Өмнө нь энэ тэмцээнд оролцож байсан хүмүүсээс ерөнхий ойлголт авсан. Тэгээд л унших, үзэж харах бэлтгэлийг хувьдаа хийгээд оролцож тэргүүлсэн. Харин Замын мэргэжлийн аварга болсноо бүр тулгаж байж мэдсэн. Гэртээ байж байтал дарга “Хот явна шүү, самбарын зураг авхуулна. Бэлтгэлээ хангаарай” гэхээр нь “Алтан алхны эзэн болсон гээд самбарт гаргах нь дээ” гэж бодсон. Тэгтэл Замын аварга болсон байж л дээ. Аварга болсноо мэдээд хамгийн түрүүнд эхнэртээ, тэгээд багш, дараа нь ээждээ хэлсэн. Эхнэр вагон үзэгчээр ажилладаг. Хүүхэд маань одоо хоёр ой гарантай. Нялх хүүхэдтэй болохоор ээлж зөрүүлэхээс эхлээд удирдлагууд маань бид хоёрыг ойлгож, дэмжиж ажилладаг” хэмээн баярт мөчийнхөө сэтгэгдлийг хуваалцав.
2020 онд эхнэр М.Эрдэнэ-Оюунтайгаа Айраг ТҮГ-т ажилладаг байхад нь танилцаж, 2023 оноос Сайншанд ТҮГ-т хамтдаа ажиллаж эхэлсэн байна. Х.Ариунболдыг ажилд сургасан гарын багш нь ахлах үзэгч Б.Хишигжаргал. Тэрбээр, шавийнхаа тухай “Аав Ж.Хэнчбиш нь миний багш байлаа. Намайг ажилд сургасан хүн. Х.Ариунболдыг анх төгсөөд ирэхэд нь багшийнхаа хүүг шавиар авахад сайхан санагдсан. Хувь ерөөл юм даа. Манай Х.Ариунболд их дайчин, нийтэч, манлайлагч залуу. Аавынхаа тууштай занг өвлөсөн санагддаг. Шавь маань Замын мэргэжлийн аварга болсонд маш их баярлаж, бахархаж байгаа. Ер нь, манай вагончид бүгд чадварлаг. Ажлаас ямар ч үед хойш суудаггүй” гэсэн юм. Үнэхээр ч халуун, хүйтэн, бороо, шуургатай цаг үеийн ямар ч нөхцөлд галт тэрэг, вагоноо үзэн оношилж, гэмтэл илэрвэл “эмчлэн” явуулах үүргээсээ вагончид хэзээ ч ухарч байгаагүй. Х.Ариунболд ч ажлынхаа энэ онцлог, хамт олныхоо тэсвэр тэвчээр, ажил мэргэжлээр бахархаж “Биднийг вагоны оточ гэдэгтэй бүрэн санал нийлдэг. Галт тэрэг орж ирэхэд угтан авах үеийн үзлэг буюу сонсох, харахаас эхэлнэ. Үргэлж л вагоны бүтэц, эд анги хардаг болохоор жижигхэн гэмтэл шууд л нүдэнд тусдаг. Ер нь, харна, сонсоно, үнэрлэнэ, барьж мэдэрнэ гээд бүх мэдрэхгүйгээ ашигладаг мэргэжил. Хүүхэд байхад вагон үзэгчид урт иштэй алх барьчихаад, түүгээрээ вагон руу зүгээр л цохиод явах шиг санагддаг байлаа. Гэтэл хамгийн чухал эд болохыг сүүлд нь мэдсэн. Яг над шиг өнгөц ойлголттой залуус олон бий. Харин энэ алх вагон үзэгчид ямар чухал болохыг ойлгох, ашиглаж сурах, мэдрэх хэмжээнд хүрнэ гэдэг амаргүй. Би одоо ч суралцсаар байна. Б.Хишигжаргал багшаас гадна М.Үнэнсанаа ах их зааж зөвлөдөг. Нэг л мэдэхэд надад ч бас доод үеийнхнээ сургах үүрэг ирлээ. Ах нараас сурсан зүйлээ дүү нартаа зааж байна. Гэвч сүүлийн үеийн залуус ажлын амар хялбарыг хардаг болж. Ажлын шаардлага тавихаар дарамт гэж андуурах нь бий. Вагон үзэгчийн заавал мэдэх ёстой зүйлүүд гэж байдаг. Түүнийг мэддэг болох ёстой. Зарим залуус мэдэхийг хичээхгүй, хийж буй ажлынхаа сайхныг мэдрэхгүй, ойлгоогүй хэр нь ажлаа голдог. Тиймээс л ажлаас гардаг байх. Ер нь, хаана ч очсон ялгаагүй ажлын зарчим, дүрэм, журам яригдана. Гэхдээ бид залуусаа аль болох дэмжиж ажилладаг. Өглөө ирэхдээ сэтгэл санаа нь жаахан тавгүй байвал ажлыг нь хийж өгөх нь ч юу юм. Багахан хөнгөлөөд өгөхийг боддог. Тэгж байж бид нэг хамт олон болно шүү дээ” гэв.
Мөн “Мэргэжлийн аварга болсон нь миний сайных биш. Хамт олны минь л хүч. Вагончдын ажил хамтын хүчээр бүтдэг. Тиймээс өндөр шагнал хүртээд хамгийн түрүүнд хамт олондоо маш их баярласан. Харин миний хувьд энэ алдрыг улам өндөрт өргөхийг хичээж байна. Бусад хүмүүст яаж харагдаж буйг мэдэхгүй юм. Ямартаа ч би дотроо бол маш их хичээгээд байгаа” гээд инээсэн юм. Сайншандын вагончид олон замын уулзварт ажилладаг учир цаашид ачаалал нь улам л ихэснэ. Тиймээс ч Замын захиргааны бодлогоор тус ТҮГ-ыг шинэ барилгатай болгож, саяхан нээлтийг нь хийсэн билээ. Энэ нь, ирээдүйн их ачаалалд бэлтгэж буй олон ажлынх нь нэг юм. Мөн хүн хүчний хувьд ч илүү сайн бэхжүүлэх, сургах, шинэ төгсөгчдийг бэлтгэх шаардлагатайг удирдлагууд нь хэлсэн билээ. Энэ л бодлогын хүрээнд Х.Ариунболдод ч цаашид суралцаж, инженер болох зорилго бий.