Эрүүл амьдралын зөв дадлын нэг нь эм, эмийн бүтээгдэхүүний зөв зохистой хэрэглээ юм. Эм бол аливаа өвчнийг эмчлэх тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож хэрэглэж байж үр дүнг нь үзнэ. Эмийн зохистой хэрэглээний талаар УБТЗ-ын Төв эмнэлгийн эмзүйч Э.Гармаатай ярилцлаа.
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Эмүүд өөр хоорондоо зохилдох, хоол унд, дэглэмийг эм хэрэглээтэйгээ уялдуулах, эмчилгээний үр дүнг үнэн зөв тооцож дараагийн арга хэмжээг шийдэх зэрэг олон асуудал хамаарна. Иймд эмч, эм зүйчийн заавар, зөвлөмжийн дагуу зөв хэрэглэх шаардлагатай.
- Хэрэглээний тухай иргэн ямар мэдээлэлтэй байх ёстой вэ?
-Эмийг өөрийн дураар биш эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ жоргүйгээр олгодог эмийг сонгон хэрэглэх бол тухайн эмийн хэрэглэх заавартай сайтар танилцсаны дараа хэрэглээрэй. Тухайлбал, эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, хориглох заалт, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлийг авах шаардлагатай. Өвчтөн эмчээсээ уух эмээ юунд тустай, гаж нөлөө гарах эсэх, ууснаар биед ямар үйлчлэл үзүүлэх, тухайн эмээ ууж байхдаа юуг анхаарах, хэдий хугацаанд хэрэглэх гэхчлэн зайлшгүй асуултыг асууж тодруулах хэрэгтэй. Эмчийн зөвлөснөөр хэрэглэвэл эмийн эмчилгээний үр дүн сайн байна.
- Манайхны дунд түгээмэл байдаг эмийн хэрэглээний буруу ойлголт, зуршил юу байдаг вэ?
Юуны түрүүнд гэрийн нөхцөлд эмийн бүтээгдэхүүнийг нөөцлөх, буруу хадгалах тухай яригдана. Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ. Иймд зориулалтын гэрийн эмийн санд, хүүхдийн гар хүрэхээргүй, нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд, болж өгвөл эмийг өөрийнх нь гаднах хайрцаг, саванд нь хадгалах хэрэгтэй. Эмийн савны таглаан дотор байдаг хөвөн чийгнээс хамгаалах зориулалттай байдаг тул түүнийг авч хаяхгүй байх нь зүйтэй. Эмийн хугацаатай хэсгийг хайчлахгүй, ижил төстэй нэг төрлийн эмийг нэг дор олноор нь хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн эмийн нэр нь мэдэгдэхгүй, хүчинтэй хугацаа нь тодорхойгүй, үйлдвэрлэгч тодорхойгүй, серийн дугаар байхгүй, хэрэглэх заавар нь тодорхойгүй байвал эргэлзэх зүйлгүй шууд устгах нь зүйтэй.
- Эм хэрэглэхдээ юуг анхаарах вэ?
Эмийг зөв хэрэглэх горим бий. Зөвхөн усаар даруулж ууна. Уухдаа хатуу эмийг хувааж хэрэглэх, зөөлөн капсул эмийг доторхыг нь задалж хэрэглэх нь эмчилгээний үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Эмзүйч болон эмч зажилж уухыг зөвлөөгүй тохиолдолд бүтнээр нь залгиж ууна. Зөвхөн зажилж уух заалттай эмийг л зажилж ууна. Ихэнх эм ходоодоор дамжаад нарийн гэдсэнд шимэгддэг. Тухайлбал, өвчин намдаах эмнүүд гадуураа тусгай хальсан бүрхүүлтэй байдаг. Тэр бүрхүүл нь ходоодны ханыг цочроохоос хамгаалах үйлдэл үзүүлдэг. Хэрэв эмийг хувааж хэрэглэвэл ходоодны улайлт үүсэх, цаашлаад шархлаа үүсгэх эрсдэлтэй.
Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй, эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой. Эмийг буруу хэрэглэвэл үр дүн буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай. Парацетамол найрлагад нь орсон 300 гаруй эмийн бүтээгдэхүүн Монголд зарагддаг. Иймд хоёроос олон эм ууж байгаа үед, эмийн найрлагад давхцаж байгаа эсэхийг анзаарах, шалгах хэрэгтэй.
-Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ? Яагаад заавал жороор олгодог болсон бэ?
- Антибиотик бол төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл юм. Харин вирусээр үүсгэгдсэн ханиад, томуу суулгалт зэргийг эдгээдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Антиобиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногт хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болгох аюултай. Иймээс т антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэх нь маш чухал.
- Ярилцсанд баярлалаа.
ЭМНА М.Жаргалмаа