Ажилтан хүн ажил үйлсээ өндрөөр үнэлүүлэн хамт олныхоо өмнө санамсаргүйгээр гэнэт шагнуулах сайхан. Замын даргын үзлэгийн үеэр ингэж шагнал хүртсэн төмөр замчин цөөнгүй. Тэдний нэг нь Сайншанд Татах хэсгийн Чойр Солилцох тасгийн сэлгээний ахлах машинч Энхбаатарын Идэрсайхан байлаа. Энэ намрын үзлэгээр тэр “Тэргүүний төмөр замчин” тэмдгийг зангилааны төмөр замчдын өмнө хүртэж, ихэд баярласан юм. Тэрбээр, УБТЗ хэмээх их айлд 21 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Э.Идэрсайхантай уулзан цөөн хором ярилцвал “Аав маань намайг 2003 онд Сайншанд Татах хэсэгт Түлшний цехэд засварчнаар ажилд оруулж байлаа. Аав өөрөө Замын III ангид тор засагчаас ажлын гараагаа эхлүүлж дээд шүүх болон хуулийн байгууллагад олон жил ажилласан. Шүүгч бэлтгэх дамжаанд сурч Дорноговь аймгийн Сайхандулаан сумын сум дундын шүүгч болсон. Дараа нь аймагтаа удирдах ажил хийж байгаад Дээд шүүхийн ерөнхий зөвлөл, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт ерөнхий шүүгч болж, хамгийн сүүлд зүүн бүсийн ерөнхий шүүгчээр ажиллаад тэтгэвэртээ гарсан. Одоо Бор-Өндөр суманд амьдарч, хуулийн зөвлөхөө хийж байна. Аав надад “Миний ажил амьдралын гараа маш зөв газраас эхэлсэн. Миний хүү төмөр замчин бол” гэж хэлж билээ. Аав шүүгчээр ийш тийшээ их томилогдож, бид дагаад л явдаг байсан. Төмөр замд орохоосоо өмнө би барилга болон уурхайд ажиллаж үзсэн. Татах хэсэгт ороход Бархасын Баяраа дарга байлаа. Засвар эрхэлсэн орлогч нь Ж.Жавхлан, мастер нь Б.Хүрэлбаатар гээд сайхан хүмүүс байсан. Засвар дээр сайн ажилласан залуусаас сонгож туслахын курст явуулахад нь би багтсан юм. 2004 оны зургадугаар сард төгсөж ирээд хоорондын замын туслах машинч болсон доо” гэв. Тэрбээр, туслах машинчаар хоёр жил ажиллаад 2005 оноос машинч болжээ. Анх машинч болсон тухайгаа “Хоорондын замын машинчийн ажил маш сайхан. Үүрээр даваа давахад нар мандаж, галт тэрэгний төгсгөл мурилзахыг харан давхиж явах ч урамтай шүү. Ажлынхаа сайхныг тийм агшинд л мэдэрдэг дээ. Одоо бол би сэлгээний машинчаар ажиллаж байна. Залуудаа туршлагатай ах нараас суралцсан. Машинч Д.Батнасан, Д.Чулуун, С.Сосорбарам зэрэг ах нар, С.Мягмар багш гээд нэрлэвэл олон хүн бий. Ах нарын ач тусаар ядарч, шантрахыг бараг үзсэнгүй. Анх туслах болоод С.Мягмар гэж хүний гар дээр очиж их ч зүйлийг сурсан даа. “За миний хүү, үүнийг ингэж хийдэг юм” гэж биечлэн заадаг сан. Анхны гараан дээрээ сэтгэл ихэд хөдөлж, хөөрч явснаа санаж байна. Ер нь, дээр үед хатуу ширүүн машинч олон байсан. Харин намайг дагуулж сургасан машинч нар хатуу биш, залуусыг дагалдуулан сургаж, их ухааруулдаг хүмүүс байлаа. Хааяа ганц нэг аялалд өөр машинчтай явах тохиолдол гарна. Тэр үедээ алхны ишээр тоншуулж л явлаа /инээв/. Гэхдээ л тэд бүгд залуусаа сургая гэсэн чин сэтгэлтэй. Тийм хүмүүсээс сурсан бүхнээ одоо залуу машинч нартаа зааж л байна. Яавал алддаг, яавал зөв гэдгийг залууст урьдчилан хэлэхийг хичээдэг дээ” гэв.

Э.Идэрсайхан сэлгээний машинчаар 19 жил ажиллаж байгаа аж. Сэлгээний машинч анхаарал болгоомжтой явахгүй бол эрсдэл хамгийн өндөртэй гэдэг. Учир нь, өртөөний паркт олон хөдлөх бүрэлдэхүүнээс гадна хүний хөдөлгөөн их тул сонор сэрэмж ер алдаж болохгүй. Тэр нэг удаа өөрийн алдаанаас болж нэг жил засвар дээр буцаж очсон гэх. Энэ тухайгаа “Хүн ер нь юмыг сурлаа гэж эрдэж, бардаж болдоггүй юм билээ. Залуу насанд ааг, омог байдаг даа. Тэр зангаа ямагт дарж, ахмадынхаа үгийг сонсож байх ёстойг биеэрээ мэдэрсэн. Манай зааварлагч машинч байсан Д.Ганболд гэж залуу одоо Эрдэнэт солилцох тасагт байгаа. Бид хамтдаа алдаа оноогоо дэнслүүлж л явлаа. “Чамаас болж асуудалд орлоо” гэж ер хэлээгүй. Удирдагч хүнд байх ёстой чанар гэж боддог. Би өмнө нь туслахаар нь ажиллаж байсан л даа. Аливаа асуудлаас шантарна гэж үгүй, их ажилч. Д.Ганболдоос ажилд хэрхэн хандах талаар суралцсандаа баяртай байдаг. Би 2012 онд цувааны аварга болж, дахиад 2015 онд шалгарч удахгүй болох цагаан сараар туузаа авна гээд хүлээж байсан үе. Тэгэхэд Т.Ганхуягийн аав Ү.Төмөрхуяг гэж мундаг машинч байлаа. “Идэр ээ, ах нь хүүгээ чамтай бэхэллээ шүү. Миний хүүг сайн машинч болгож өгөөрэй” гэдэг юм. Би тухайн үедээ машинч болчихсон, сэлгээг хурдан хийдэг гээд их сагсуурна. Ер нь, дааж чадахгүй хүнийг шагнал эвдэх талтай юм билээ. Аав “Миний хүү жаахан сагсуу болоод байна даа” гэж нэг бус удаа хэлсэн. Гэтэл үг авахгүй явсаар нэг л мэдэхэд алдсан даа. Мухар зам руу вагон түрж яваад тупек мөргөөд баларсан. Хамгийн түрүүнд л туслахаа машинч болгох талийгаач аавынх нь захиасыг яах билээ гэж бодогдож, даргаас “Миний туслахыг л ажилтай нь үлдээж өгөөч” гэж гуйсан. Албаны Х.Лхагвасүрэн дарга, байцаагч тэргүүтэй Татах хэсгийн дарга нар тойроод суучихсан. Зөвхөн миний буруугаас болж олон хүн загнуулахыг харах үнэхээр хэцүү байсан. “Ахиж л ингэж сагсуурч болохгүй юм шүү” гэж бодогдоод. Б.Гантөмөр дарга зааварлагч Д.Ганболд бид хоёрыг дараа нь засварчин болгосон. Засварчин болох хүртэл хэсэг хугацаанд ёстой их юм үзсэн дээ. Өдөржин жонш хагалан вагонд ачиж 20 мянган төгрөг авна. Ажил хийхгүй бол амьдрал зогсчих гээд л... Сайн эхнэртэй тулдаа л хөл алдаагүй. Тэр үед хань минь “Хүүхдүүд боорцогны мөнгөгүй байхад чи үнэтэй тамхи татах хэрэг байна уу” гэхэд нь тамхинаас гарч байлаа. Аав “Чи алдсанаа ойлгосон бол сайн байна. Нэг ухарч гишгэсэн чинь арван удаа урагш алхах ухаарлыг, мэдрэмжийг өгдөг юм” гэж хэлсэн. Нээрэн л ажилдаа эргэн орж, ааш зангаа ч засаад ирэхээр амьдрал аяндаа л дээшилсэн дээ. Би алдаж байж ухаарах ёстой байсан юм шиг санагддаг. Гэхдээ алдаагаа ухамсарлахгүй, хэн нэгэнд буруугаа өгөөд ч юм уу, эсвэл аав надад тусалсан бол би хэзээ ч ухаарахгүй байх. Харин аав намайг яаж хүмүүжүүлэхээ сайн мэджээ гэж одоо боддог. Зөв яваад ирэхээр найз нөхөд ч хүрээлээд ирдэг юм билээ. Аав маань “Хүнийг хэзээ ч ажил мэргэжил, амьдрал ахуйгаар нь дугаарлаж болохгүй” гэж захиж, үүнийг нь ч би сайн сурсан. Дизелийн засварчнаар нэг жил ажиллаад Айргийн IV цуваанд туслах машинч болж, тэгээд буцаж машинч болсон доо. Тэр алдаа надад асар их зүйлийг ойлгуулсан учир залуу дүү нарт сургамж болог гээд ярьж байна” хэмээн хуучлав.  

Түүний хувьд хоёр дүүтэй, айлын ууган хүү ажээ. Дүү нар нь аав шигээ хуульч, прокурор мэргэжил сонгосон байна. Нагац өвөө нь Олон-Овоо өртөөн дэх Замын хэсэгт тор засагчаар ажиллаж, ээж Б.Жигжидсүрэн нь өртөөнд пүүлэгч, ЭХУХ-ийн ангид гэрлийн байцаагч зэрэг алба хашдаг байж. Хүүхэд насныхаа тухай Э.Идэрсайхан “Өвөөгийн гэрийн ойролцоо нэг булагтай. Булгийн хажуугаар галт тэрэг хойш, урагшаа их явна. Машинч нар цонхоо онгойлгосон зарим нь сонин уншиж, зарим нь замаа хараад явж байдаг сан. Гар даллаж мэндчилээд л... Би ааруул жижиглэж өвөртлөөд худаг дээр очиж арай томоос нь машинч ах нарт цонхоор нь шидэж өгдөг байлаа. Цонхыг нь онохоосоо онохгүй нь их ээ. Тэр үедээ би өөрийгөө ирээдүйд машинч болно гэж ёстой төсөөлөө ч үгүй” гээд инээв. Чойр өртөөний хувьд ачилт их, ачаалал өндөртэй. Сэлгээний ажлыг цаг тухайд нь дүрэм журмын дагуу хийвэл тэр хэрээр УБТЗ-ын ашиг, орлого өсөж, амжилт бүтээл нэмэгдэнэ. Тиймээс Э.Идэрсайхан анхаарал сэрэмжээ хором ч алдалгүй, тушаал зааврыг ягштал биелүүлж, ХАБЭА-г сахиж ажиллахыг залуустаа захиж яваа эгэл жирийн л нэгэн төмөр замчин. Сэлгээний машинч хүн өртөөнд зөвхөн өөрийн дураар ажиллахгүйг тэр маш сайн ойлгосон байна. “Диспетчерийн өгсөн үүргийн дагуу өртөөний жижүүр, холбоочин, холбогч найруулагч, вагон үзэгч, дохиочин, замчид... гээд бүгдтэй нь нягт хамтран ажиллах ёстой. Залуучууд үг авахгүй, үл ойлголцох асуудал гарч л байдаг. Гэхдээ аль болох тэдэнд зөв талаас нь эвтэйхэн ойлгуулж, заан зөвлөдөг. Сэлгээг хаанаас нь эхэлж хийвэл хурдан байх вэ гэдгээ бүгдийг тооцоолох нь чухал. Илүү үйлдэл хийвэл үргүй зардал их гарна. Машинч хөдөлгөөний таван байгууллагын талаар зохих мэдлэгтэй байх шаардлагатай. Зүтгүүрээс бусдыг нь ойлгохгүй бол яаж ажиллах билээ дээ” гэсэн юм. Тэрбээр, ахмад үеийн машинч нараас гадна өнөө хэр хамт ажиллаж буй Д.Эрдэнэбаяр машинчаас үргэлж суралцаж явдгаа онцлов. Арваад насны зөрүүтэй ч үеийн мэт нөхөрлөдөг аж. Ажлаас гадна амьдралын талд ч ярилцаж, хэн хэндээ тусалдаг гэнэ. Хааяа нэгнээсээ “Найз нь ер нь зөв явж байна уу, үгүй юу” гэж асууна. Хэрэв буруу бол нуулгүй хэлж, алдаа дутагдлаа засацгаана. Э.Идэрсайханы хувьд зөөлөн, уян талдаа хүн шиг санагдав. Аав ээжийн тухай ч юм уу, уярал хөндсөн зүйл яриулбал нүднийх нь буланд нулимс гилтгэнээд ирэх ажээ.

“Миний хамгийн хайртай шавь дөрвөн жил хамт явж буй Э.Амартүвшин гэж залуу бий. Өмнө нь миний туслахаар ажиллаж байсан, одоо зааварлагч машинчийг орлож буй Т.Ганхуяг байна. Өнөө аавынх нь надад захисан залуу шүү дээ. Одоо амжилттай явааг нь хараад бахархдаг юм. Ер нь, зарим залуусыг анх төгсөж ирэхэд нь “Ямар сонин харилцаатай юм бэ” гэж хардаг байлаа. Гэтэл харилцан ярилцаад, ойлголцоод ирэхээр анхны сэтгэгдэл бүрэн өөрчлөгддөг. Болохгүй бол заримд нь ах хүний хувьд “Миний дүү ийм байж болохгүй. Чиний наад харьцаа чинь хамт олон дунд өөрийгөө ганцаардуулж мэдэхээр байна. Тиймээс чи ингэж бай” гэхчлэн зөвлөнө. Залуу хүн өмнө нь ямар гэр бүлд өссөн, ямар ч байсан байж болно. Хамгийн гол нь хамт олны харилцаа чухал. Ер нь, тэгээд хүнийг төмөр замын дүрэм журам, хамт олон нь сургачихдаг юм билээ. Тиймээс хүнийг анхны нүдээр дүгнэж, тэр чигт нь ойлгож ер болохгүй” гэв. Э.Идэрсайхан эхнэр Ш.Энхцэцэгтэйгээ танилцан 2002 онд том хүүгээ өлгийдөн авсан цагаас хойш гурван хүү, нэг охины аав ээж болжээ. Ажлын анхны Б.Баяраа даргаас хойш Б.Гантөмөр, Д.Хорлоо, Б.Мөнх-Оргил, О.Батдорж гэхчлэн татахын олон даргын удирдлага дор ажиллаж байгаа аж. Б.Баяраа даргын үг нь хурц ч үнэн байдгийг, Б.Гантөмөр дарга зандрахгүй хэр нь үгээрээ хүнийг их эмээлгэдгийг, ажилтнаа үргэлж бүтэн нэрээр нь дууддагийг талархан дурсав. Алдаад ухаажсан хүний үг үнэн, үйлдэл зөв байдаг гэдэг дээ. Э.Идэрсайхан одоо төмөр замынхаа хөгжлийн жолоог атгалцан, залуу үедээ зөв үлгэр үзүүлэн ажиллаж байна.

 

М.Наранболд