УБТЗ-ын хэмжээнд 2024 оны хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр тавьсан зорилтоо дүгнэж, цаашид хийх ажлуудаа хамтдаа төлөвлөсөн “Аюулгүй байдал ба байгууллагын соёл” зөвлөгөөн 12 дугаар сарын 24-ний өдөр “Ган зам палас”-т боллоо. 

Зөвлөгөөнд Зам тээврийн яам, ХНН УБТЗ-ын удирдлагууд, Монголын төмөр зам ТӨҮГ, Тавантолгой төмөр зам ХХК-ийн төлөөллүүд оролцож, үг хэлж, хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийллээ.

 

Зөвлөгөөнийг нээж УБТЗ-ын дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ “Төмөр замчид бидний хувьд аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт юм. Аюулгүй байдлын соёл манай байгууллагын үнэт зүйл болж хөгжиж байгаад таатай байна. Бид төмөр замын салбарын техник, технологийн үсрэнгүй хөгжлийг шууд өдөр тутмын үйл ажиллагаандаа хүлээн авч хэрэгжүүлэх боломжгүй ч олон улсын төмөр замчидтай мэргэжлийн ур чадвараараа дүйцэж ажиллах боломжтой болохыг аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлуудын үр дүнгээс харагдаж байна. Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхээр зорьсон 2024 он бол тээврийн аюулгүй байдлыг нэг шатаар ахиулсан цаг үетэйгээ нийцсэн оновчтой зорилт зорилго байсан төдийгүй сургалт, зааварчилгаа, технологи дүрэм журмын шинэчлэлт, хяналт шалгалт, мэргэжлийн тэмцээн уралдаан, цахимжуулалт зэрэг олон чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, зохих үр дүнд хүрсэн, амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлдэг гэж үг байдаг. Үүний адил аюулгүй ажиллагаа эерэг хандлагаас эхэлнэ. Иймээс бид ажилтан хүнээс дүрэм журам, техникийн мэдлэг, өндөр ур чадвар, боловсрол шаардахаас гадна эерэг харилцаа, хандлагатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, цаашид өсөн хөгжих хүсэл эрмэлзлэл дүүрэн тасралтгүй суралцагч төмөр замчдыг бий болгохыг зорьж байна” гэв.

 

“Аюулгүй байдал ба байгууллагын соёл” зөвлөгөөний үндсэн илтгэлийг ХНН УБТЗ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал эрхэлсэн орлогч дарга Ш.Нямсүрэн тавилаа. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.

 

-Өмнөх зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн дагуу аюулгүй байдлын удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, эрсдэлийн үнэлгээний дагуу эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, хяналтын системийг сайжруулах, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах гэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн билээ. Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхийн тулд 2024 онд Замын даргын А/02 тоот тушаал гарснаар аюулгүй байдлын соёлын тухай нэгдмэл ойлголтыг бий болгох, “Аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг Замын хэмжээнд зохион байгуулж, холбогдох мэдээлэл, заавар, зөвлөмжийг өгөх, аюулгүй байдлын нээлттэй мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хөдөлгөөнтэй холбоотой алба, салбар нэгжүүдийн дунд болзолт уралдаан зарлаж, дүгнэх гэх мэт ажлуудыг зохион байгууллаа. Аюулгүй байдлын соёлыг хангахад ажилтан бүрийн манлайлал ба оролцоо хамгийн чухал байдаг. Иймд ажилтнууддаа нээлттэй мэдээллийн тогтолцооны хүрээнд аюулгүй байдлын мэдээллийг шуурхай дамжуулах, ажлын байран дахь эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх, ажил үүргээ дүрэм, журам, технологийн дагуу зөв хийж гүйцэтгэх дадлыг хэвшүүлэх уриалгыг дэвшүүлэн ажиллалаа.

Аливаа нэгэн шинэ соёлыг төлөвшүүлэхэд байгууллагын удирдлагаас эхлээд бүх түвшинд ойлгож, хамтран ажиллахад цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Иймд УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн зүгээс “Аюулгүй байдлыг хамтдаа хангацгаая” хэмээн анх санаачлан манлайлж, уриалга гаргасан нь шинэ соёлыг түгээхэд ихээхэн түлхэц боллоо.

Аюулгүй байдлын соёлын нэгэн чухал хэсэг болох нээлттэй мэдээллийн нэгдсэн тогтолцоонд шилжихийн тулд 2023 онд “Цааснаас цахимд” гэсэн нормативын шинэ платфорумыг ашиглалтад оруулсан. Ингэснээр манай төмөр замчид, байгууллагын удирдлагууд цахим хэлбэрээр нормативаа хийж гүйцэтгэх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар энэ мэдээллийн нээлттэй системд УБТЗ-ын 6000 гаруй ажилтан нэгдэн орж, ажлын байран дээр гарч байгаа аливаа зөрчил дутагдал, гологдол үл тохирлыг цаг алдалгүй мэдээлж,  тухайн мэдээллийн дагуу холбогдох алба, нэгжүүд, чиглэл хариуцсан байцаагч нар шуурхай хариу арга хэмжээ авдаг боллоо. Анхны мэдээллийг дамжуулсан ажилтныг шагнаж урамшуулдаг тогтолцоог бий болголоо. Энэ платфорум нь санхүүгийн COS программтай холбогдсон бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн программ хангамжтай нэгтгэгдсэн байгаа.  Цаашдаа энэ платфорумыг хяналт шалгалт, дотоод мониторингийн чиглэлээр өргөжүүлэхээр төлөвлөж байна.

УБТЗ-ын хэмжээнд 2014 онд 21.1 сая тонн ачаа тээвэрлэж байх үед 74 гологдол гарч байсан бол 2024 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр  33.3 сая тонн ачаа тээвэрлэхээр байгаа үед одоогийн байдлаар 61 гологдолтой ажиллаж байна. Хөдөлгөөний аюулгүй байдалд тавигддаг олон улсын шаардлага гэж бий. Энэ шаардлагад нэг сая км-т ачаа тээвэрлэхэд ногдох гологдлын хэмжээг тооцсон байдаг. 2014 онд 21.1 сая тонн ачаа тээвэрлэж байх үед нэг сая км-т 8.2 гологдол гарч байсан бол 2024 онд 33.3 сая тонн ачаа тээвэрлэж байгаа үед нэг сая км-т 5.3 гологдол гарсан байна. Энэ бол ажлын хэмжээ нэмэгдэх тусам гологдол буурч, хөдөлгөөний аюулгүй байдал тогтвортой сайжирч байгаагийн бодит илрэл юм.

Салаа замууд дээр гарч байгаа гологдол дутагдлыг арилгахын тулд Замын даргын үүрэг, шийдвэрээр холбогдох тушаалыг гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зам арчилж байгаа байгууллагатай тухайн салбар зам эзэмшигч, өртөөний удирдлага, замын ангиас комисс томилж,  улирал бүр салбар замууд дээр техникийн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд тэргэнцрээр шалгалт хийх болсноор далд ноцтой гэмтлийг илрүүлэхэд ихээхэн ахиц гарлаа.

 

Сүүлийн үед Зүтгүүрийн аж ахуй дээр гарах гологдол дутагдлын тоо өсөх хандлагатай байгаа тул зүтгүүрт хийгдэж байгаа засвар үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2024 онд технологийн 39 картыг боловсруулж мөрдөж ажиллаж байна. Зүтгүүрүүдэд суурилуулсан хяналтын камеруудын тоо, цэгийг нэмэгдүүлж, 47 секцэнд 6-8 ухаалаг камер суурилуулж, бичлэгийн тохиолдлын тоог нэмэгдүүллээ. Энэ нь хөдөлгөөний болон сэлгээнийн аюулгүй байдалд онцгой сайнаар нөлөөллөө. Түүнчлэн, сэлгээний аюулгүй байдлыг цаашид сайжруулахын тулд тулгуур өртөө, татах хэсгийн ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс удирдамжийн чанартай цахилгаан зааварчилгааг тогтмол өгч ажиллалаа. Үүний үр дүнд өртөөн дээр сэлгээний үед гарч байсан ноцтой зөрчил, гологдол дутагдлын тоо буурч байна.  

Улсын ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас урьдчилан сэргийлэх Үндэсний хүрээлэнтэй хамтран УБТЗ-ын хэмжээнд гамшгийн ерөнхий үнэлгээг газар хөдлөлт, гал түймэр, үер ус, цасан шуурга, цацраг химийн бодис, хүн малын гоц халдварт өвчин гэх мэт зургаан төрөл дээр хийхэд 3.1 гэсэн дундаж үнэлгээ авлаа. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2022 оноос эхлэн ШУА-ийн Ус зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж, 2023 онд 107 цэг дээр, 2024 онд 100 цэг дээр ус зүйн судалгаа хийлээ. Ирэх жил 130 цэг дээр энэ судалгааг хийнэ. Судалгаан дээр үндэслэн 2023 онд долоон хоолой, хоёр гүүрэн байгууламж барьсан бол 2024 онд  зургаан хоолойг барьж, 559 дүгээр км-т 560 метр урттай гүүрийг барьж дуусаж байна.  Энэ 559 дүгээр км-т өмнө нь хоёр удаа үер бууж, усанд угаагдаж байсан юм. Иймд Замын захиргаанаас 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэ гүүрийг барихаар болсон юм. Ирэх 2025 онд таван цэг дээр гүүр, хоолой барих ажлыг 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байна.

Төмөр замын аюултай бүсийн чиглэлээр нэлээд ажлыг зохион байгууллаа. Замын даргын тушаалаар Төмөр замын аюултай бүсийн дотоод стандартыг батлуулж, мөрдүүлж салаа замын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

УБТЗ-ын хэмжээнд  2022 оны байдлаар нийтдээ 440 орчим технологийн бус гарц, гарам байсан. Тухайн жилд Замын даргын тушаалаар 130 гарц гармыг хаасан бол  2023 онд нэмж 48 гарц, гарам,  2024 онд 19 гарц гармыг тус тус хааснаар төмөр зам дээрх осол зөрчлийн тоо жил бүр 10 нэгжээр буурах болсон. Түүнчлэн төмөр зам дээрх осол зөрчил буурахад Толгойтоос Амгалан хүртэлх зам дагуух хориг хашааг хоёр метр хүртэл өндөрлөж, шинэчилсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 358 гарам ашиглагдаж байна. Үүнээс 86 нь бага эрсдэлтэй, 219 нь дунд эрсдэлтэй, 53 нь их эрсдэлтэй байна. Ашиглаж байгаа нийт гарамын 56 нь объектын гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй, 47 нь үзэгдэлт орчин хангалтгүй байна.  

Сүүлийн гурван жилийн хугацаанд  16 гарам дээр 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар шинэчлэлтийн ажил хийж,  зургаан хонгилон гарцыг шинээр барьж, 21 технологийн бус гарц, гармыг хаасан байна.  Тухайлбал, Багахангай-Мааньт хоорондын 518 дугаар км-т нэг түвшинд огтолцож байсан гармыг хонгилон гарц болгон өөрчилсөн. Мөн чиглэлийн 508 дугаар км-ийн гармыг жижүүрийн зохицуулалттай гарам болгож өөрчилсөн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд  Таван шарын хонгилон гарц баригдсан тул 396 дугаар км-ын гармын авто тээврийн зорчих хэсгийг хаасан.

Ирэх 2025 онд Төмөр замын аюултай бүсийн чиглэлээр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар-Амгалан хооронд Дүнжингаравын чиглэлд хонгилон гарцыг барьснаар 407 дугаар км дахь гармын хөдөлгөөнийг хаана. Мөн Олон Овоо-Өлзийтийн 704 дүгээр км-т хонгилон гарц барина. Түүнчлэн Улаанбаатар өртөөний ТЭЦ-4-ийн гарам, Дархан-2-Шарын голын 27 дугаар км дэх гарам, Наран-Элгэн-Оорцог-Энгэрийн 596 дугаар км-ийн гармыг тус тус хаана. Мөн Орхон өртөөний 73 дугаар км-ийн, Мандал өртөөний 313 дугаар км-ийн, Сонсголонгийн 2 дугаар км-ийн, Өргөний 937 дугаар км-ийн гармуудыг тус тус хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болгоно.

 

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” зорилгын хэрэгжүүлэх хүрээнд УБТЗ-аас “Цааснаас цахим руу” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Өртөөний жижүүрүүд орой ажлаа хүлээлцэхдээ “Анхаарамж олгох, буулгах” гэж цааснаас цаасанд гараараа хуулж бичиж, цаг их зарцуулж байсныг программаар дамжуулан цахимд шивэх болсноор урьд нь хоёр цаг орчим зарцуулдаг байсан ажлыг 8-10 минутын хооронд амжуулдаг боллоо. Ингэснээр жилд дундажаар 379 сая төгрөгийн бодит хэмнэлт гаргах нөхцөл бүрдлээ. Энэ ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Замын хэмжээнд мөрдөж ажиллахаар боллоо.

 

Ирэх 2025 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд сургалтын чанарыг сайжруулах замаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан үл тохирлуудыг бууруулах, аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах, ажлын байрны цахимжуулалтын ажлыг үргэлжлүүлэн үе шаттайгаар зохион байгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, төмөр замын аюултай бүс, гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэх, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр объект бүрээр хяналтын хуудсуудыг шинэчлэн боловсруулж, үр дүнтэй мониторинг хийх, хяналт тавих ажлыг зохион байгуулах гэх мэт зорилтуудыг дэвшүүлж байна.     

Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтдаа хангацгаая.

 

Г.Энхбаатар