Аюулгүй байдлын соёл гэдэг нь ажилтан ажлын байрандаа аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай нийтлэг ойлголт, хандлага, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн нэгдэл юм. Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх нь аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл юм.

Аюулгүй байдлын эерэг соёл нь ажилтан бүр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж техник хэрэгсэл, байгууламж, тоног төхөөрөмжийг зааврын дагуу ашиглах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, технологи, дүрэм, журмыг дагаж мөрдөх, аюулгүй байдлыг хангахын ач холбогдлыг бүрэн ухамсарлаж ойлгохыг хэлнэ.

Ажил олгогч нь тээврийн үйл ажиллагаа, ажлын байрны аюулгүй байдлыг хангахын тулд байгууллагын соёл, ёс суртахууны далд үүрэг хүлээдэг бол аюулгүй байдлыг хангах нь ажилтан бүрийн нэн тэргүүнийг үүрэг юм.

УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогын зорилго нь УБТЗ-ын тээврийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын соёлыг тогтоож төлөвшүүлэх, мэдээллийн нээлттэй систем бүрдүүлнр замаар байгууллагын бүх түвшинд хүний хүчин зүйлээс хамаарсан аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг бууруулж хамгийн бага байлгахад оршино.

 Шийдвэр

2023 оны нэгдүгээр сарын 02-нд “УБТЗ” ХНН-ийн даргын А/02 дугаар тушаал батлагдан гарсан билээ. Дээрх тушаалын нэгдүгээр хавсралтаар УБТЗ-ын “Тээврийн аюулгүй байдлын бодлогын баримт бичиг”-ийг, хоёрдугаар хавсралтаар “УБТЗ-ын Тээврийн аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангах 2023-2026 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг,  гуравдугаар хавсралтаар “УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын бодлого”-ийг тус тус баталсан юм. Энэ удаа уг тушаалын гуравдугаар хавсралт буюу “УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын бодлого”-ийг дэлгэрэнгүй хүргэж байна.

 

УБТЗ-ын Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлого

 

1.   Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогын үндсэн тодорхойлолт

“Сахилга - ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэхдээ хөндлөнгийн хяналт, шалгалтаас үл хамааран өөрийн ажил үүргийн хүрээнд  дүрэм журам, технологийн баримт бичиг, тушаал, шийдвэрүүдийг бие даан дагаж мөрдөх дадал хэвшлийг эзэмшсэн байхыг хэлнэ.”

Үл тохирол - ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үед холбогдох, дүрэм, журам, технологи заавар, зааварчилгааг зөрчсөнөөс үүдэн гарах зөрчил, үл тохирол, дутагдал, гологдлыг хэлнэ.

Ажилтан - байгууллагад бүх төрлийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж буй хувь хүнийг ойлгоно.

Иргэн  - “ажилтан”-аас бусад хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

“Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлого”-ын зорилт

  • Байгууллагын нийт ажилтнууд нь хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа соёл, ёс зүйн хэм хэмжээ, дэг журам, технологи, дүрэм, зааврыг чанд баримтлах;

  • Ажилтныаюулгүй байдлын сахилгын бодлогыг хэрэгжүүлснээр байгууллагад аюулгүй байдлын эерэг соёлыг төлөвшүүлж, үнэн зөв, бодит мэдээллийн тусламжтайгаар аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

  • Ажилтныаюулгүй байдлын сахилгын бодлого нь ажилтан бүрийн эрх тэгш байдлыг хангах, хувийн ашиг сонирхолгүй байхад анхаарах;

  • Ажилтныаюулгүй байдлын сахилгын бодлого нь аюулгүй ажиллагааны ерөнхий зарчим, зөв арга барил, хэвшлийг тогтоосноор байгууллагын аюулгүй ажиллагааны соёлыг бүрэлдүүлнэ.

 

2.  Хариуцлагын нэгдсэн ойлголт

  • Байгууллагын хэмжээнд үл тохирол гаргасан, дүрэм журам зөрчсөн нөхцөл байдлыг мэргэжлийн ур чадвар бүхий ажилтан /комисс/ шалган дүгнэлт гаргах ба тус дүгнэлтийг үндэслэн эрх бүхий удирдах ажилтан зохих сахилгын хариуцлагыг ноогдуулна.

  • Үл тохирол гаргасан ажилтан нь болсон асуудлын талаар худал мэдээлэл өгсөн, нуухыг оролдсон буюу нуун дарагдуулсан, мөрдөж байгаа дүрэм журмыг санаатайгаар зөрчсөн нь тогтоогдсон, давтан гаргасан, өөрийн гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлагын тэгш байдлыг баримтлахгүй.

2.1  Хариуцлагаас чөлөөлөх, арга хэмжээг хөнгөлөх нөхцөлүүд

Үл тохирол гаргасан дүрэм, журам зөрчсөн ажилтан нь үнэн, зөв мэдээллийг цаг алдалгүй дамжуулж аюул, эрсдэлийн үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн, өөрийн үл тохиролын хор хохирол, гэм бурууг ойлгосон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх, арга хэмжээг хөнгөлж, давтан гаргахгүй байхад чиглэсэн ач холбогдол бүхий үүрэг даалгавар, сануулга өгөх, сургалтанд хамруулж шийдвэрлэж болно.

2.2  Хариуцлагын тэгш байдлыг хангах тухай

  • Байгууллагын шат шатны удирдлага нь аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдол бүрийг судлан тогтоож адил шинж чанарын үл тохирол гаргасан ажилтанд ижил хариуцлага тооцох зарчмыг баримтална.

  • Ажилтны үл тохиролыг судлан арга хэмжээг хөнгөлөх тохиолдол нь дүрэм журмыг санаатайгаар зөрчөөгүй, худал мэдээлэл дамжуулаагүй, нуун дарагдуулаагүй бол хариуцлага алдсанд тооцохгүй.

3.  Мэдээллийн тогтолцоо

3.1 Мэдээллийг дэмжих, хүлээн авах

  • Байгууллага нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх мэдээллийг бүхий л эх сурвалжаас дэмжин хүлээн авах бөгөөд мэдээлэл хүлээн авах боломжит бүх хэрэгслүүдийг ашиглана.

  • Ажилтан /иргэн/ өөрийн болон хамтран ажиллагсад, байгууллагын үл тохиролыг сайн дурын үндсэн дээр цаг алдалгүй мэдээлсэн тохиолдолд хариуцлага тооцохгүй байх шийтгэлгүй мэдээллийн системийг  нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

3.2 Мэдээллийг боловсруулах, ашигтай байдлыг үнэлэх, дүгнэх

  • Байгууллага нь хүлээн авсан мэдээллийг хяналт шалгалт хариуцсан нэгж, холбогдох мэргэжлийн ажилтнуудаар шалгуулж тогтоох ба үнэн зөв мэдээллийг ач холбогдлоос нь хамаарч эрэмбэлнэ. Мэдээллийг шалгах үйл ажиллагааг хараат бусаар зохион байгуулж тухайн хяналт шалгалтыг хийсэн нэгжийг харьяалах Замын орлогч даргад тайланг танилцуулан шийдвэрлүүлнэ. 2 буюу түүнээс дээш хяналт шалгалтын нэгж хамтарч шалгасан тохиолдолд Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргад тайлагнан шийдвэрлэнэ.

  • Байгууллагын ёс зүйн шаардлагад нийцээгүй, илт хувийн ашиг сонирхлын зорилготой, аюулгүй байдлыг хангахад чиглээгүй мэдээллүүдийн мөрөөр хяналт шалгалт зохион байгуулахгүй.

3.3 Мэдээллийг ашигтай байдлаар эрэмбэлэн урамшуулах

Байгууллага нь аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй мэдээллийг шуурхай дамжуулан гарч болзошгүй аюул, эрсдэлийг илрүүлсэн, урьдчилан сэргийлэх бололцоо олгосон ажилтан/иргэн/-ийг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:

  • Байгууллагын цол, тэмдэг, өргөмжлөл

  • Мөнгөн шагнал

  • Сахилгын арга хэмжээг хүчингүй болгох

  • Бусад боломжит хөнгөлөлт, урамшуулал

3.4 Мэдээлэх хуудас, мэдээллийн суваг бий болгох

Мэдээллийг хүлээн авах хэрэгслийн нэг нь мэдээллийн хуудас юм. Мэдээлэх хуудасны загварыг мэдээлэл сурталчилгаа, хэвлэл хариуцсан нэгж хамтран батлуулж цахим болон цаасан байдлаар тараах үйл ажиллагааг зохион байгуулна. Байгууллага нь мэдээллийг хүлээн авах олон хэлбэрийн сувагтай байна. Үүнд:

  • Утсаар

  • Бичгээр /мэдээлэх хуудас, цахилгаан, захидал, шуудан г.м/

  • Цахимаар /фейсбүүк, телеграмм, мессеж г.м/

  • Бусад байдлаар /биечлэн мэдэгдэх, саналын хайрцаг ажиллуулах г.м/

3.5 Мэдээллийн нууцлалыг хадгалах

Мэдээллийн эх сурвалж, мэдээлсэн ажилтан /иргэн/ болон ирүүлсэн мэдээллийн нууцлалыг хангах ба шалган тогтоох эрх бүхий нэгж, ажилтан нууцлалыг хангах үүргийг хүлээнэ. Мэдээллийг хүлээн авах, боловсруулах, судлан тогтоох эрх бүхий ажилтнууд нь Нууцын гэрээ байгуулсан байх шаардлагатай.

Мэдээллийн нууцлалыг шалгах, хүлээн авах, боловсруулах, судлан тогтоох эрх бүхий ажилтнууд нь нууцлалыг хангах үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ.

3.6 Мэдээллийн сан бүрдүүлэх

Байгууллага нь ирүүлсэн мэдээлэл, түүнийг судалсан нийт материалыг 1 жилийн хугацаанд хадгална. Ирсэн мэдээллийг мэдээллийн сан үүсгэж хадгалах ажлыг мэдээлэл, технологи хариуцсан нэгж зохион байгуулна.

4. Сахилгын бодлогын хэрэгжилтийг шалгах, тайлагнах

Сахилгын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлыг улирал тутам хяналт шалгалт хариуцсан нэгж нь хүний нөөцийн асуудал болон чиглэл хариуцсан нэгжтэй хамтран гүйцэтгэнэ. Шалгалтыг зохион байгуулах хугацаа, шалгах нэгж зэргийг Замын даргын шийдвэрээр тогтоон хэрэгжүүлнэ. Шалгалтын дүнг хэлэлцэх асуудлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга хариуцан зохион байгуулна.

5. Бодлогын сурталчилгаа, танилцуулах ажлын зохион байгуулалт

  • Сахилгын бодлогыг батлагдсан өдрөөс эхлэн байгууллагын нийт ажилтнууд дагаж мөрдөх ба бодлогыг нийтэд сурталчилах, хэвлэн тараах ажлыг мэдээлэл сурталчилгаа, хэвлэл хариуцсан нэгжүүд хамтран гүйцэтгэнэ.

  • Бүтцийн нийт нэгжүүд өөрсдийн харьяа бүх ажилтнуудад сурган таниулах, сурталчилах ажлыг зохион байгуулна.

6. Байгууллагын соёлд нөлөөлөх тухай

Байгууллагын соёл гэдэг нь ажилтнуудын нийтлэг үнэт зүйлс, ажлын туршлагын нэгдэл, хамт олныг нэгтгэж байгаа зүйл юм. Сахилгын бодлогыг  хэрэгжүүлснээр байгууллагын аюулгүй байдлын соёл, ажлын ёс зүйг дээшлүүлнэ.

7. Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогыг гурван түвшинд дараах байдлаар хэрэгжүүлнэ.

 Удирдах ажилтны түвшинд:

  • Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогын хэрэгжилтийг хангах, төлөвлөх, хянах, сайжруулах ажлыг удирдлагаар хангах;

  • Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, зөвлөмж гарган сурталчилах;

  • Мэдээллийг хүлээн авах, дамжуулах, хадгалах, боловсруулах, шалгах, үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг алба, хэлтэс, төв бүр өөрийн онцлог тохируулан хэрэгжүүлж улирал бүр дүгнэсэн байх;

  • Ажилтнуудыг урамшуулах;

  • Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогын хэрэгжилтийг ханган зорилтыг биелүүлэхэд идэвхитэй ажиллаж байгаа байгууллагуудын ажлыг Замын хэмжээнд сурталчилан дэмжих;

7.2 Дунд шатны удирдлагын түвшинд:

  • Ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогын хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг холбогдох удирдлагад мэдээлэн шийдвэрлүүлэх;

  • Үл тохирол гарсан тохиолдол болон мэдээллийн мөрөөр шуурхай ажиллан үнэн зөв, бүрэн мэдээллийг цуглуулах;

  • Ажилтнуудаас ирсэн мэдээллийг дэмжин хүлээн авч байгууллагын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэх;

  • Эрсдэлийг бууруулах, үл тохирол гаргахгүй байх чиглэлээр ажлыг төлөвлөн биелэлтийг хангах;

  • Ажилтнуудад сахилгын бодлогыг таниулан ойлгуулах, аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, мэдээллийн ач холбогдлыг ойлгуулах;

  • Үл тохирол гаргасан ажилтны мэдлэг, ур чадварыг дүгнэх, сургалтад хамруулах болон бусад шаардлагатай арга хэмжээг авах ба сургалт хариуцсан нэгж нь тусдаа хөтөлбөр гарган дэмжиж ажиллах;

7.3 Гүйцэтгэх шатны түвшинд:

  • Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэрэг дагаж мөрдөх ёстой дүрэм журам, баримтбичгүүдийн дагуу ажлаа эрсдэлгүй гүйцэтгэх;

  • Үл тохирол гарсан тохиолдолд цаг тухайд нь үнэн зөв мэдээлэх, бусад шаардлагатай арга хэмжээг авсан байх;

  • Өөрийн гаргасан үл тохиролыг шударгаар хүлээн зөвшөөрч цаашид хэрхэн ажиллах талаар ур чадварыг эзэмших;

  • Аюулгүй байдалд нөлөөлж болохуйц үл тохирол, үйлдэл, эс үйлдлийг тухай бүр мэдээлж байх, хамт ажиллагсдадаа зарчимч шаардлага тавьж хэвших;

  • Аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зүйлсийг удирдах албан тушаалтанд мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авахуулах;

  • Бие даан өөрийгөө хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангахад манлайлах;

Тээврийн хяналтын алба