О.Дэмбэрэлсүрэн /Техникийн ухааны доктор Ph.D/
Төмөр замын компанийн хувьд тээврийн ажлынх нь чанарын үзүүлэлтийн хамгийн чухал хэсэг нь аюулгүй байдал байдаг. Ачаа, зорчигч тээврийн үйл явцынх нь аюулгүй байдлыг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал /ГТХАБ/, харин уг үйл ажиллагааг хэрэгжүүлж буй хүний аюулгүй байдлыг нь хөдөлмөрийн аюулгүй байдал буюу ХАБЭА гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр аюулгүй байдлыг салгаж авч үзэх боломжгүй. Нэг зоосны хоёр тал шиг үргэлж хамтдаа явагддаг процесс гэж ойлгож болно.
Аюулгүй байдлыг хангах ажил нь бүх шатны удирдлага болон гүйцэтгэлийн ажилтнуудын нягт уялдаа холбоотой хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын үр дүнд л бий болдог зүйл гэдгийг ойлгох нь нэн чухал. Бүх шатны удирдах ажилтнуудын зүгээс аюулгүй байдлыг хангах үйл явцад тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстой гэдгээ гүнээ ухамсарлах нь аюулгүй байдлыг хангах ажлын гол зангилаа буюу барилгаар бол “каркас” нь болж өгдөг. Энэ зорилгоо хагас дутуу ухамсарласан удирдах ажилтнууд нь аюулгүй байдлыг удирдах биш харин удирдлагагүй болсон хөлөг онгоцтой их далайд сэлж яваагаас ялгаагүй зүйл юм. Аюулгүй байдалтай холбоотой осол, гологдол гарах үед зарим удирдах ажилтны гаргадаг алдаанаас дурдъя. Осол гологдлын шалтгааныг үнэн зөвөөр олж тогтоохоос илүү буруутай ажилтныг торгож шийтгэхийг эрмэлздэг. Асуудлын шалтгааныг судлан тогтоохдоо нотлох баримтад үндэслэх биш өөрийн туршлага, хувь хүний хандлагаараа дүгнэлт хийдэг. Мөн асуудалд системтэй биш зөвхөн нэг хүчин зүйлийн нөлөөллийг тогтоож дүгнэлт гаргадаг. Осол гологдлын бодит үнэнг ил гаргавал маш өндөр хэмжээнд сахилгын арга хэмжээнд орох вий хэмээн эмээж нуун дарагдуулж өөр зүйл рүү дүгнэлтээ чиглүүлдэг. Гарсан асуудлын шалтгааныг судлахдаа шинжлэх ухааны арга зүйг ашигладаггүйгээс өрөөсгөл дүгнэлт гаргахын зэрэгцээ холбогдсон ажилтнуудаа шууд зэмлэн буруушаапаг тул тэд бодит нөхцөл байдлыг нуудаг зэрэг олон буруу үйл ажиллагаа хийгддэг. Үүний үр дүнд гарсан осол, гологдлын бодит шалтгаан илрэхгүй өнгөрч, тухайн асуудал дахин давтагдан гарсаар байна. Ажиглалт судалгаагаар төмөр замуудын хэмжээнд гарч байгаа осол, гологдлын 80-90 хувь нь дахин давтагддаг шинж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл, асуудлыг үүсгэж байгаа бодит шалтгаанаа олж чадахгүй өнгөрснөөс аюултай хүчин зүйлс нь “бат бөх” оршсоор байгааг харуулдаг. Нэгэнт асуудлын шалтгааныг зөв тогтоож чадаагүйгээс түүний мөрөөр авах арга хэмжээ нь ч буруу төлөвлөгдөж, осол гологдлын мөрөөр хэрэгжүүлэх ажил нь “бай”-гаа онодоггүй ямар ч үр дүнгүй өнгөрдөг. Төлөвлөлттэй холбоотой бас нэг буруу зүйл нь бид аюулгүй байдлын талаар хэрэгжүүлэх жил, сарын ажлын төлөвлөгөөгөө гаргахдаа өмнөх тайлант хугацаанд аюулгүй байдалтай холбоотой үүссэн ретроспекц мэдээлэлд үндэслэхгүй, ач холбогдол багатай дахин давтагдах процессийн шинжтэй ажлуудыг жил бүр оруулж “гурилддаг”. Энэ нь аюулгүй байдлыг удирдах биш харин нөхцөл байдалд удирдуулах шалтгаан болдгийг сайтар ухамсарлах шаардлагатай. Мөн аюулгүй байдлыг хэмжих тоон болон чанарын зорилтот үзүүлэлтээ өөрийн ажлын онцлогтойгоо холбон алба, нэгж бүр тодорхойлоогүйгээс удирдах ажилтнууд нь төлөвлөлтдөө хайнга хандаж, аюулгүй байдлыг сайжруулах буюу тавьсан зорилтдоо хүрэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллах сэтгэл дутдаг нь ажиглагддаг. Иймээс удирдах ажилтнуудын зүгээс аюулгүй байдалд хандах сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт хийх нь аюулгүй байдлын менежментийн тогтолцоо бий болгох ажлын үндсийн үндэс болох ёстой юм. Чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001) бий болгож удирдаж байгаа үед мөрдөх ёстой үндсэн долоон зарчмыг Аюулгүй байдлын менежментийн тогтолцооны зарчим дээр буулгаж хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Жишээлбэл, аюулгүй байдалтай холбоотой төлөвлөлтийг хийхдээ нотлох баримтад үндэслэх, ажилтнуудын санал бодлыг тусгахыг эрмэлзэх, бүх асуудалд системийн хандлагаар хандах, аюулгүй байдлыг хангах процессийн зураглалыг бүх шатанд гаргаж мөрдүүлэх хэрэгтэй. Ялангуяа, удирдах болон хяналтын ажилтнуудын хариуцах аюулгүй байдлын процессуудыг нарийвчлан тодорхойлох нь тэргүүлэх ач холбогдолтой байдаг. Түүнчлэн, эрсдлийн менежментийн арга зүйг бүх шатны удирдах болон хяналтын ажилтнууд бүрэн эзэмшиж, аюулгүй байдлын нормативт үзлэгийн үйл ажиллагаандаа хэрэглэж сурах нь маш чухал. Эрсдлийн менежментийн үндэс нь доод шатнаас буюу ажилтнуудаас ирэх мэдээллийн урсгалыг чөлөөтэй байлгахад оршдогийг анхаарах хэрэгтэй. Аюулгүй байдлын төлөвлөлттэй холбоотой гаргадаг нэг том алдаа бол төлөвлөлтийг ганц хүн буюу аюулгүй байдал хариуцсан байцаагч, инженерүүд хийдэг. Тэдний хийсэн төлөвлөлтийг сайтар судалж, санал дүгнэлтээ өгөх ажилд бүх шатны удирдах ажилтнууд хайнга ханддаг явдал юм. Олон улсын төмөр замуудад хэрэгждэг нэг чухал үйл явц бол аюулгүй байдлын төлөвлөлтөд онцгой анхаарч, бүх шатны санал дүгнэлтийг онцгойлон авч үзэн бүгд хэлэлцэж баталдаг. Ингээд баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангахын төлөө бүх шатанд хүч, анхаарлаа тавьж ажилладаг нь нэг зорилгын төлөө төвлөрч “зангидагдах” ач холбогдолтой зүйл болдог байна. Энд онцлохгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл нь аюулгүй байдалд “системийн хандлага”-аар хандах явдал маш чухал байдаг. Зарим тохиолдолд гарсан асуудлын шалтгааныг тогтоохдоо зөвхөн нэг л хүчин зүйлээс хамаарсан мэтээр, жишээ нь ажилтан хүнээс л бүх зүйл шалтгаалсан мэт дүгнэлт гаргадаг нь маш буруу юм. Бодит байдалд ямар нөхцөл байдалтай байдаг вэ гэхээр тухайн ажилтан алдаа гаргасан ч хамгаалах, зогсоох хяналтын тогтолцооны систем бүрдээгүй, батлагдсан технологийн процесс нь алдаатай, сэлбэг материал нь чанарын шаардлага бүрэн хангаагүй, ажлын зохион байгуулалт нь харилцан уялдаагүй, техник тоног төхөөрөмж нь гэмтэлтэй зэрэг маш олон хүчин зүйлсийн нөлөөлөл давхцаж тухайн осол, гологдол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, бүх хүчин зүйлсийн хамаарал, өрнөлийг нарийн тогтоолгүйгээр багыг ихэд нь “багтаан” нэг л хүчин зүйлийн хамааралтай гэсэн дүгнэлт хийдэг нь асуудлын бодит шалтгаан нь далд хэлбэрт “үлдэх” гол нөхцөл болдог.
Аюулгүй байдлыг найдвартай хангах ажлын нэг үндэс нь анхан шатны удирдах ажилтнуудын сэтгэл, зүтгэлээс ихээхэн хамаардаг. Миний туршлага судалж байсан Япон, Солонгосын төмөр замд анхан шатны удирдах ажилтнуудын үндсэн үүрэг нь ажилтнуудынхаа үйл ажиллагааг тогтмол хянах, тэднийгээ зааж сургаж хөгжүүлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Харин манай төмөр замуудад анхан шатны зарим удирдах ажилтан ажилтнуудаа тогтмол хянадаггүй, аюулгүй байдлын зааварчилгаа өгч ажилд нь гаргаад “мартдаг”. Дээрээс элдэв судалгаа тайлан байнга нэхдэгээс албан өрөөндөө өдөржин суудаг, ажилтнууддаа зөвлөн туслах, зааж сургах үйл ажиллагааг бараг хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, ажилтнуудаа “зөнд” нь орхих явдал их байдгаас удирдлагын хяналт алдагдаж, осол гологдол гарах нэг том нөхцөл бий болдог байна. Улмаар осол гологдол гарсны дараа ажилтнуудаа буруутгаж зэмлэн шийтгэх хандлага их гаргадаг нь ажилтан, удирдлагын хооронд үл ойлголцол үүсдэг. Энэ нь гүнзгийрсээр ажилтнуудын сэтгэл зүйд буруугаар нөлөөлж эхэлдэг байна. Дээр дурдсан бүх зүйлийг ухамсарлан ойлгож, хариуцсан ажилдаа сэтгэл гарган ажиллах нь бидний өдөр тутам ярьдаг манлайллыг хэрэгжүүлж байгаа хэрэг. Манлайлал гэдэг нь хоосон ярьж, ажлаасаа хөндийрч “агаар” дээр ажиллах бус харин хөрсөн дээрээ бууж ажилтнуудынхаа идэвх, сэтгэлийг сэргээж, урам зориг өгснөөр аюулгүй байдлаа хангуулах явдал юм.