Хөгжлийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилсээр байгаа. “Говийн зам” ХХК-ийн барьсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг төрд худалдан авсан талаарх гэрчүүдийн мэдүүлгийг сонсголоо.
Зам тээврийн сайд асан, гэрч А.ГАНСҮХ:
-Дээрх авто замыг төрд худалдан авах үндэслэл шаардлага байсан эсэхийг мэдэхгүй. Энэ талаар намайг сайдын алба хаших хугацаанд Зам тээврийн яамнаас ямар нэгэн санал аваагүй. Ерөнхий сайдын ажлын арын өрөөнд албан бусаар бид нарыг цуглуулж, ярьсан. төмөр замын салбарын талаар ярьж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа оруулах гэхээр Н.Батбаяр эсэрүүцдэг байсан. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг оруулах ёстой гэж хэлээд маргаан гарч байсан.
Процессын хувьд ийм асуудлыг эхэлж яаман дээр материал боловсруулж бэлдүүлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт явуулсан байх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газар хянаад Ерөнхий сайдад танилцуулах ёстой байдаг. Ерөнхий сайд хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталснаар Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газрын хуралдаанд асуудал оруулахад бөөн асуудал болдог байсан. 2013 онд энэ замыг төрд худалдан авах талаар надаас санал аваагүй, бичиг ч ирээгүй. Миний хариуцах ажлын жагсаалтад энэ талаар байхгүй байсан.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга асан, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн дарга асан Ч.ОТГОЧУЛУУ:
-Хамгийн гол нь Засгийн газрын тогтоол гарсан байна уу гэдгийг бид нар хардаг байсан. Засгийн газрын тогтоолтой байсан болохоор бид дээрх санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж байсан. 2014 оны нэгдүгээр сард дээрх асуудлыг хэлэлцсэн ТУЗ-ийн хурал дээр ийм зүйл яригдаж байгаагүй. Ийм зүйл гэдэг нь концессын гэрээгээр баригдсан зам арван жилийн дараа хоёр жил ашиглагдсан зам найман жилийн дараа Монгол Улсад үнэ төлбөргүйгээр төрийн мэдэлд шилжинэ гэдгийг мэдээгүй байсан. Ийм зүйл яригдаагүй, Төлөөлөн удирдах зөвлөл дээр. Мөн тодорхой хугацааны дараа тухайн зам нь улсад үнэгүй авах гэрээтэй байсан талаар яригдах юм байна. Хурал дээр өөр асуудал яригдах байсан.
Хүнс хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн н.БАЯНМӨНХ:
-Төрийн өмчит компани болон хувийн компаниудын тээврийн асуудлыг тэгш үнээр шийдвэрлэх юм байна гэж ойлгож байсан. Тухайн үед тэгж танилцуулж байсан. ТУЗ-д харин 10 жилийн дараа уг замыг улс үнэ төлбөргүй авах юм гэдэг асуудлыг ярьсан талаар санахгүй байна.
Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.ЛХАГВАСҮРЭН:
-Хөгжлийн банк нь банк нэртэй боловч албан ёсоор зөвшөөрөл аваагүй, банкны статустай болоогүй байсан тул Засгийн газрын агентлаг маягаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Эхэлж Засгийн газрын хураддаанаар хэлэлцэн, шийдвэр гарсны дараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлж, шийдвэр гаргадаг байсан.
Ажлын хэсгийн зүгээс хувийн компанийн барьсан зам дээр төрийн өмчит компани юм уу, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээвэрлэсэн машин явахаар 5 ам. долларын хураамж төлдөг. Хэрвээ замыг улсынх болгоод авчихвал хураамж, зардал буурна. Эсрэгээрээ хувийн компани тээвэр хийхэд зам ашигласны төлбөр улсад төлнө гэж тайлбарладаг байсан. хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Хөгжлийн банкнаас вексель бичиж, Монголбанкаар мөнгөжүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн. Тэр үед нь би “Вексель бичих юм бол хугацаа нь дуусахад үл маргах журмаар их хэмжээний мөнгө Хөгжлийн банкны данснаас татаж авах эрсдэл үүснэ. Ийм замыг улс авч байгаа юм бол Хөгжлийн банк эрсдэлд орно гэдгийг тухайн үед хэлж байсан. Төсөвт хөрөнгийг суулгах ёстой. Мөн тухайн танилцуулагдаж байсан мөнгөн дүнг нь хаанаас гарч ирсэн тоо вэ гэхэд Эдийн засгийн хөгжлийн яамнаас судалж оруулж ирсэн тоо” гэсэн.
Би бас векселийг зөвхөн банк гаргадаг юм биш, “Эрдэнэс Монгол” компани вексель бичиж болдоггүй юм уу гэсэн. Гэтэл Н.Мөнхбат, Ц.Шинэбаатар нар “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад удаагүй, өөрөө вексель бичих хөрөнгийн чадвар байхгүй. Эхэлж Хөгжлийн банкнаас гаргаад дараа нь улсын төсвөөс эргэн төлөлт хийх замаар шийдвэрлэнэ” гэж тайлбарлаж байсан. Ц.Шинэбаатар дарга Хөгжлийн банкаар дамжуул гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайдад үүрэг болгосон. Үүнийг ингэж шийдэхээс өөр арга байхгүй” гэсэн. Дэд бүтцийн асуудлыг төр өөрөө шийдэж байх, шийдвэр гаргасан гэсэн.
Надад тухайн үед анх замыг барьж байсан өртгөөс нь өндөр үнээр худалдан авах гэж байгаа юм шиг танилцуулагдаж байсан.
Хөгжлийн банкны ТУЗ ийн гишүүн асан Б.НАЙДАЛАА:
Засгийн газрын тогтоолын дагуу ажил хийгдэж байна гэж ойлгосон. Арван жилийн дараа төрд авах юм байна гэдгийг огт мэдээгүй хэмээснээр энэ өдрийн шүүх хуралдаан өндөрлөлөө.