Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн захирал А.Буяннэмэхийг оны эхний дугаартаа урилаа.

 

-Танд шинэ оны мэнд хүргэе. 2025 оныг төмөр замын салбарын хувьд тун онцлог жил гэж харж байна?

 

-Энэ ташрамд төмөр замчдадаа шинэ оны мэнд хүргэе. Тиймээ, Төмөр замын тээврийн тухай шинэчлэгдсэн хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Шинэ хуулийн хүрээнд Төмөр замын агентлаг байгуулагдах гэж байна. Энэ агуулгаараа төмөр замын салбарын хувьд онцлог жил гэдэгтэй санал нэг байна.

 

-Төмөр замын Агентлаг байгуулахын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

 

-Агентлаг бол цаг үеийн шаардлагаар байгуулагдаж байна. Мэдээж агентлаг нь шинээр хэрэгжих төмөр замын хуулинд заагдсан эрх , үүргийг хэрэгжүүлж ажиллана. Гэхдээ энэ салбарт чамлахааргүй хэдэн жил ажилласан хүний хувьд дүгнэхэд одоогийн нөхцөл байдал Агентлагийн үйл ажиллагаанаас зарим талаар шинэ хуулинд тусгагдаагүй төрийн үйлчилгээг шаардах байх гэж харж байгаа. Миний хувьд Төмөр замын техникумд 15 настай элсэн орж, 19 настай Замын-Үүд өртөөнөөс ажлын гараагаа эхэлж, сүүлийн хэдэн жил төрийн байгууллагад ажилласан учраас бодож яваа зүйлээ хэлэхгүй өнгөрч болохгүй гэж бодлоо.

Улс орон маань хөгжлийнхөө онцгой үе шатанд явна. Төмөр замын салбарт маш хүчтэй өөрчлөлтүүд гарсан. Шинэ төмөр замууд баригдлаа. Хувийн хэвшлийнхэн хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирж, оператор компаниуд байгуулж байна. Олон улсын туршлагаар  Төмөр замын тээвэр тээврийн удирдлагын нэгдсэн системийг бий болгох зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ мэт маш өргөн хүрээтэй асуудал болон сүүлийн үед мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотой төрийн онцгой зохицуулалт, хяналтын  шаардлагыг хэрэгжүүлэхэд агентлагийн ач холбогдол чухал юм.

 

- Шинэ агентлагийн үйл ажиллагаа, түүний чиглэлийн талаар таны бодол...?

 

-Тэгэхээр бид хоёр хөршийнхөө  Төмөр замын агентлагууд ямар түвшинд эрх үүрэгтэй ажиллаж байна вэ гэдгийг судлах ёстой. Цаашлаад АНУ, Япон улсын туршлагаас судалж туршлага нэвтрүүлэх шаардлагатай байх.

Юуны түрүүнд  Агентлаг бол төмөр замын тээврийн тогтвортой байдлыг хангах, салбарын бүтцийн шинэчлэлийг хариуцах, тээвэрлэгчид болон үйлчлүүлэгч байгууллагуудын ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх бодлогын зохицуулалтыг хангах  ёстой. Мөн хөдлөх бүрэлдэхүүний оператор компаниудыг нийтийн дэд бүтцэд нэвтрүүлэх гэх мэт онцгойлон төрийн зохицуулалт шаардах үүргийг хүлээж оролцох нь чухал. Хоёрдугаарт,  Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах, олон улсын гэрээгээр хүлээж буй үүргийг биелүүлэхэд анхаарах ёстой. Гурав дахь том асуудал бол тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана. Тээврийн аюулгүй байдлын талаар үүрэг хүлээхдээ ирээдүйд баригдах метро ч багтах ёстой.

Дөрөвдүгээрт, газар, өмчийн харилцаа байна. Газрын маргаан асар их үүсдэг. Үүнд агентлаг хуулийн хүрээнд онцгой эрхтэйгээр оролцож, эдгээр байгууллагын эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй. Энэ чиглэлээр хуулийн тодорхой хэмжээний тусламж үзүүлдэг байх ёстой гэж харж байгаа.

 

-Төмөр замын салбар өргөжөөд, хөгжөөд байгаа гэж ойлгоод байна. Таны хувьд ирээдүйг нь хэрхэн харж байна вэ?

 

 -Бид сүүлийн жилүүдэд төмөр зам сүлжээгээ өргөтгөж бүтээн байгуулалтын хувьд чамлахааргүй амжилт олж байна.  Ирээдүйд эдгээр төмөр замыг тээврийн удирдлагын нэгдсэн системд оруулах гэдэг том бодлого өмнө хүлээж байна. Төмөр зам улсын эдийн засгийн өсөлт хөгжилд  ямар чухал болох, тэргүүлэх чиглэл гэдгийг Их хурлын гишүүнээс иргэд хүртлээ мэдэрч, энэ салбарыг хөгжүүлэхэд улс төржилгүй  анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.  Жишээ нь, уул уурхайн салбар олборлолтоо хичнээн нэмэгдүүлээд ч төмөр замын тээврийн бүтээмж нэмэгдэхгүй бол төмөр зам эдийн засгийн өсөлтийн хязгаарлагч нь болох талтай. Хамгийн түрүүнд тээвэр рүү харах ёстой гэж дахин тэмдэглэмээр байна.

 Бидэнд траннзит тээврийг нэмэгдүүлж төмөр замын тээврээс ашиг олох өргөн боломж байдаг.

УБТЗ хүчин чадлынхаа таазанд тулсан ачаалалтай ажиллаж байна. Дэд бүтцүүд  болон хөдлөх бүрэлдэхүүнүүд ашиглалтын хугацаа хэтэрсэн. Төмөр замын салбарынхан бол үүнийг маш сайн ойлгож байгаа. Гэтэл бидэнд үүнийг маш хурдтай өөрчлөх ойрын хугацааны төлөвлөгөө байхгүй байна. 2050 онд бид хос замаа барьчихна гээд ТЭЗҮ-гээ хийгээд явж л байгаа. Энэ бол асар хол байна. Үүний наана маш их эрсдэл бий. Ачаалал нэгэнт таазанд тулсан учраас маш богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө, төрийн бодлогын дэмжлэг  хэрэгтэй. Ингэж байж бид эрсдэлийг давж гарна. Олон улс оронд төмөр зам нь дампуурсан гашуун түүх байдаг. Төрийн оролцоотой байсан төмөр замууд дампуурахад хувийн хэвшилд шилжүүлээд маш яаралтай шинэчлэл хийх тал дээр улс орноороо дайран орж байж аварсан тохиолдлууд байдаг. Энэ том дэд бүтэц унах юм бол босгоход маш хүнд. Тээврийн хэмжээ нэмэгдээд байхад ашиг үр дүнтэй нэмэгдэхгүй хэмжээнд очно гэдэг байдал хүндэрсний л дохио. Ашиг нэмэгдэхгүй бол бид ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүй. Ийм нөхцөлд ажилтнууд тогтвортой ажиллана гэдэг хэцүү. Ажиллах хүч хомсдвол тээврийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ.

 

-Та ирээдүй цагт ярьж байгаа ч энэ хүндрэлүүдийн зарим нь одоо ч байна шүү дээ?

 

-Би 2005 онд Японд сурч байхдаа “Өөрчлөн байгуулахын нууц” гээд ном бичиж байсан. Тэр номонд Японы үндэсний төмөр зам нь дампуурсан жишээг нэлээд дурдсан. Япончууд энэ дампуурлаас сайн сургамж авч, төмөр замаа хувийн хэвшил рүү шилжүүлсэн. Ингээд 12 жилийн дотор буюу 2000-аад оны үед Дэлхийн ТОП 100 компаний эгнээ рүү орсон байдаг. Япончууд маш эв нэгдэлтэй, зоригтойгоор үүнийг шинэчлэхээр нэгдэж чадсан. Үүнийгээ тэд “Оюуны хувьсгал” гэж тодорхойлсон байдаг. Бид болохоор өнөөдрийг аргалах байдалтай яваад байна. Тээврийн өсөлтийн үр дүн доод түвшиндээ очихдоо байхгүй болж байна. Гэтэл нөгөө муудсан дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнүүд цаг хугацаа хүлээхгүй нь тодорхой шүү дээ. Үүний цаана эрсдэл томроод л байгаа. Хүнээр бол биеэ өвдөхөөр өвчин намдаах эм уучихаад, өвчний голомтыг эмчлүүлэхгүй өдөр хоногийг аргалаад яваад байгаатай адил юм.

Зарим хүн намайг шинэ он эхэлж байхад амны билиггүй муу юм ярилаа гэх байх. Яг одоо бид хоосон магтаал сонсож, цаасан малгай өмсөх биш эрсдэлийг бодитоор тодорхойлох цаг тулсан гэж  бодож байна. Өөрчлөлтийг хийж, бид хөгжиж чадах юм бол улс орноо хөгжүүлэхээс гадна тивдээ тэргүүлэх боломж бий. Газар зүйн байршлын том давуу тал бидэнд байна шүү дээ. 

 

-Шинэ төмөр замуудын зарим нь тээврээ эхэлсэн. Тэдний ирээдүйн талаар ямар бодолтой байна вэ?

 

-Би дээр хэлсэн. Бусад төмөр замууд тээврээ эхэлж байна. Яг энэ үед л Агентлагийн үүрэг маш чухал. Төмөр замын тээвэрлэгчид болон тэдний хэрэглэгчдийн ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг хангана. Ялгаварлан гадуурхахгүй байхыг Агентлаг хариуцах ёстой. Тэгээд энэ хөдлөх бүрэлдэхүүний операторуудыг нийтийн төмөр замын дэд бүтэц рүү нэвтрүүлэх онцгой эрхтэй байх ёстой. Хэрэв нэвтэрч чадахгүй энэ байдлаараа байгаад байвал нэг нэгнийгээ чирээд л унана. Бид сайхан төмөр замууд барьсан ч ашиг тусыг нь гаргаж чадахгүй л байна. Анх толгой дотроо бодсон 15,20, 30 сая тонн ачааг энэ янзаараа ахиад таван жил ч хүлээж магадгүй. Жилд 2-3 сая тонн ачаа тээчихээд суугаад байвал шинэ төмөр замууд зардлаа дийлэхгүй. Бидний гаргасан эрх зүйн баримт, шийдлүүд эргээд бүгдийг татаад унагана гэсэн үг.

Энд Японы төмөр замын түүхийг жишээ татъя л даа. Төмөр зам нь дампуураад ирэхэд төмөр замынхаа даргыг сольж тавиад л байж. Бүр Зам тээврийн сайд байсан хүнийг Үндэсний төмөр замынхаа даргаар тавьсан байгаа юм. Тэглээ гээд ямар ч өөрчлөлт гараагүй. Нэг хүн ирээд олон жил бугшсан өвчнийг анагаах боломж байгаагүй. Асуудлын учир шалтгааныг маш сайн ярилцаж том сууриар нь өөрчлөн шинэчлэхээс өөр аргагүй байдалд орсон учраас тэр. Бид бусад улс орны туршлагуудыг судлах хэрэгтэй л дээ. Бид яг л тэр замыг давтаад байна. Тэд ямар арга замаар тэр хүндрэлийг давж гарав гэдэг нь чухал.

 

-Японы төмөр замд юу болсныг та дэлгэрүүлж ярьж өгч болох уу?

 

-Ажилчдын цалин амьдралд нь хүрэлцэхгүй бол нэг хэсэг нь ажлаас гарна. Нөгөө хэсэг нь тэмцэнэ. Ийм л хоёр зам байдаг. Кокура буюу ҮЭ нь ажил хаялт зарлаж,  Японы төмөр зам сар зогсоход бүрэн дампуурсан. Тэр хугацаанд Японы төмөр зам бусад тээврийн салбартаа ялагдсан. Иргэд галт тэрэг явахгүй байлаа гээд ажилдаа явахгүй, амьдралаа зогсоохгүй шүү дээ. Японы төмөр зам бол зорчигч тээвэр давамгайлсан учраас хүндрэл улс орон дотроо явагдаад тэд асуудлаа шийдээд алдаагаа засаад явсан.

Манайд төмөр зам зогсвол уурхайд зогсоно, улс орны эдийн засаг зогсоно, транзит тээвэр зогсоно. Энэ нь цаашлаад олон улсын түвшинд яригдах асуудал болно. Монголын төмөр замын салбар ганхвал улсаараа маш хүнд байдалд орно. Тэгэхээр төмөр замын салбарын асуудлыг энэ чигээр нь орхиод яваандаа намжих байх гэж огт болохгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр маш хурдтай ойрын хугацааны хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлж, энэ салбарын бодлогыг сууриар нь өөрчлөхгүй бол болохгүй шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Одоо бол энэ тухай ярилцахаас аргагүй цаг үе шүү.

 

-Танай төвийн шинэ барилга БНСУ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа байхаа. Хэзээ ашиглалтад орох вэ?

 

-Бид 2019 оноос ОУ-ын жишигт хүрсэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвтэй болох зорилт тавиад ажиллаж байна. Төмөр замын салбарт гадны хөрөнгө оруулалтуудыг эрчтэй татах хэрэгтэй. Энд Агентлаг бас холбогдоно. Агентлаг нь энэ ажлаа хариуцах юм уу, эсвэл бодлогын газар нь хөрөнгө оруулалтын асуудлыг барьж явах уу. Үүнийг тодорхой нэг байгууллага хариуцаад явах хэрэгтэй. Бид энэ асуудлыг цогц байдлаар, маш зөв залж явах ёстой. Тэгэхгүйгээр төмөр зам болгон өөр өөр улс орны систем нэвтрүүлээд байх юм бол дараа нь бид яаж тэр бүгдийг нэгтгэж удирдах вэ. Улс орны хэмжээнд төмөр замын удирдлагын систем нэг байж бид Хятад, Оросын системтэй шуурхай холбогдож чадна. Энэ бол стратегийн том бодлого байх ёстой. Бид БНСУ-ын Койка олон улсын байгууллагатай хамтраад ОУ-ын галт тэрэгний төвийг барих, турших ажлыг эхлүүлээд амжилттай явж байна. Галт тэрэгний хөдөлгөөний төв маань манай өсөн нэмэгдэж байгаа төмөр замын сүлжээнд хүчин чадал нь арай хүрэхгүй болов уу гэж тооцоолж байна. Гэхдээ хүн мөнгө гаргаад хийж өгч байхад бид “бэлгийн морины шүдийг” үзэж болохгүй. Үүнийг цааш нь өргөтгөөд явах боломжтой. Бид 2026 он гэхэд бид галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын туршилтын мониторинг хийгээд эхэлнэ гэж төлөвлөж байна. Энэ төслийн гол онцлог нь вагонуудад радио давтамжаар ажиллах RPID гэдэг tag тавих ажил бий. Ингэснээрээ бид вагонуудын хөдөлгөөнийг мэдэрч бодит цагийн мэдээллийг гаргах юм. Энэ бол тээврийн үр ашгийг өндөр түвшинд нэмэгдүүлэх зорилготой. Үүнийг нэвтрүүлэхэд нэгдүгээрт маш их цаг хугацаа, мэргэжлийн боловсон хүчин шаардана. Одооноос ТЗДС оюутнууддаа хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн хичээлүүдийг зааж баймаар байна. Инженерүүдээ бэлтгэх шаардлагатай. Мэдээллийн технологийг ашиглаад үр дүнгээ гаргаж авах нь чухал. Нэвтрүүлэх бол амархан. Хамгийн сүүлийн үеийн гар утсыг авчраад хүний гарт бариулах амархан. Тэр утсаар ярих, мессэж бичих, фейсбүүк ухах хэмжээнд ашиглах нь асар учир дутагдалтай. Түүнийг хэрэглэхдээ үр ашгийг нь яаж олж авах вэ гэдэг бол өөр асуудал. Энэ өөрөө цогц бодлого. Би сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн чиглэлээр ОХУ-д сурсан. Тэндээс ийм дүгнэлтэд хүрсэн. Авчраад угсраад тавих амархан. Түүнийг ашиглаад үр дүнг нь гаргах, цааш нь хөгжүүлнэ гэдэг л чухал.

Солонгосын төмөр замын тухайд зорчигч тээвэр давамгайлдаг. Жижиг газар нутагтай улс оронд ачаа тээвэрт төмөр зам авто тээвэртэй  өрсөлдөх боломж муутай. Гэхдээ тэр улсаас технологийг нь оруулж ирэхдээ үүнийг ачаа тээвэр дээрээ хэрхэн ашиглах вэ. Уул уурхайн системтэй яаж холбох вэ гэдэгт л бидний толгой ажиллаж байх ёстой. Транзит тээврийг нэмэгдүүлэхэд бид яаж дүн шинжилгээ хийх вэ. Мэдээллийг яаж хурдтай боловсруулж, өдөр тутмынхаа ажилд ашиглах юм. Бид мэдээллийн эрин зуун гэж ярьдаг. Тэгвэл зорчигч, үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд төмөр замын мэдээллийг яаж ашиглуулах вэ. Тэд биднээс авсан мэдээллээ ашиглаад бизнесээ өргөжүүлээд, ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг байх ёстой. Бид хөрш орнуудынхаа төмөр замтай мэдээллээ солилцдог байх ёстой. Энэ цаг үе бол хэрэглээний нийгэм. Өнөөдөр Солонгост шинэ утас худалдаанд гарахад хүн маргааш нь түүнийг барихыг хүснэ. Тийм л хэрэглэгч нартай цаг үед бид амьдарч байна. Түүнийг хүргэгч гүүр нь тээврийн салбар. Түүнийг хүргэхийг хүсэж байгаа маш олон аж ахуйн нэгж байгаа. Тэгэхээр төмөр замын үйлчлүүлэгчид хэрэгтэй мэдээллээ олж аваад түүнд тулгуурлаад сар, жилийн бизнесийн төлөвлөгөөгөө гаргана. Өөрөөр хэлбэл, борлуулалтын төлөвлөгөө, ашгийн тооцоогоо хийгээд  хөрөнгө оруулалтаа шийднэ. Ийм болохоор мэдээллийн  асар том цогц системийг бүрдүүлэх нь чухал. Тиймээс бид галт тэрэгний удирдлагын төвөөс гадна нэгдсэн мэдээллийн төвийг босгох ёстой гэж би хувьдаа харж байгаа.

 

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

 

-Төмөр замчдадаа шинэ оных нь ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсье.

           

 

Б.Гүнжинлхам