Замын Ерөнхий инженерийн орлогч дарга, МУ-ын зөвлөх инженер, чанарын менежментийн нэгдсэн тогтолцооны аудитор А.Батболдтой ярилцаж, ХАБЭА-ны чиглэлээр цөөн асуултад хариулт авсан юм.
- Та олон салбарт улсын түвшинд хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад оролцож байсан. Танаас нэг зүйлийн эн тэргүүнд асуумаар байна. УБТЗ-д ажилласан нэг жилийн хугацаандаа ХАБЭА-ны хэрэгжилт, эрх зүйн орчин хэр бүрдсэн гэж дүгнэж байна вэ? Эн тэргүүнд юу хиймээр санагдав?
-Чиглэл хариуцсан нөхөд маань ажлынхаа талаар хангалттай мэдээлэл өгч байгаа байх. Давхардуулалгүй цөөн хэдэн зүйлд тогтож бодлоосоо хуваалцъя.
Юуны өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг дэлхийд данстай хэд хэдэн олон улсын байгууллагын гадаадын мэргэжилтнүүдийн амнаас манай улсын ХАБЭА-ны эрх зүйн орчин, зохицуулалтыг тун гайгүй гэж дүгнэж байхыг нэг биш удаа сонсож байсан. Өөрөөр хэлбэл, бид Олон улсын хөдөлмөрийн болон эрүүл мэндийн байгууллага зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас 20 конвенци, 40 дүрэм, 40 стандарт батлагдсанаас Монгол улс 3 конвенци, нэг зөвлөмж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Ослыг тэглэх” хөтөлбөрт нэгдэн орсон, дотооддоо хоёр удаа шинэчлэн сайжруулсан ХАБЭА-н хууль, мөн ХАБЭА-тай холбоотой асуудлыг зохицуулдаг Монгол улсын 10 хууль, таван удаа шинэчлэсэн үндэсний хөтөлбөр, үндэсний хэмжээний болон аж ахуйн нэгжийн норм, дүрэм журам, стандарт гэх мэт олон улсын гэрээ Конвенци, дотоодын хууль тогтоомж, эрх зүйн актуудыг хэрэгжүүлж байна. Монгол улсын эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын компани дахь ХАБЭА-ын нөхцөл байдал үндэсний компаниудаас хавьгүй сайн байгаад байна. Манайд үйл ажиллагаа явуулдаг гадны байгууллагуудад адилхан л Монгол хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Хэд хэдэн гадны байгууллагад илт ажиглагдсан зүйл бол Монгол ажилтнууд дүрэм журам, технологийн заавраа ягштал мөрддөг, түүнээс хазайх ямар нэгэн сэдэлгүй, тэр байтугай ажлын бус, чөлөөт цагаараа ч хотын гудамжинд машин барьж явах үедээ ч замын хөдөлгөөнд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад жолооч, явган зорчигчдыг хүндлэж оролцож, энэ үйлдлүүдээ бүр чин эрмэлзэлтэйгээр хийж байгааг одоо ч хөндлөнгөөс ажигласаар байгаа учраас эдгээр залууст энэ хандлага нь зөвхөн байгууллагын төдий биш бүр хувийн соёл, амьдралын хэв маяг болж ухамсарт нь гүн суусан байна гэж дүгнэхээс аргагүй. Мэдээж, менежментийн арга ухааны болон соёлын ялгаа байгаа ч зөрүүг учир шалтгааны үүднээс илүү гүнзгий судлах хэрэгтэй байгаа юм.
-Дээрх ажиглалтаас дүгнэхэд, УБТЗ-д тогтож анхаармаар зүйл юу байна гэж та бодож байна вэ?
-Дагаж мөрдөх ёстой маш олон шаардлага, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа нь асуудлыг төвөгтэй, ойлгомжгүй болгож байна. Энэ бүхэнтэй нийцүүлэх ажил, ажиллагаа, үүрэг хариуцлага нь ХАБЭА-ны үйл ажиллагааг хүнд мэт санагдуулдаг. Энэ бүхнийг цэгцлэх үндсэн арга нь ХАБЭА-ны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх явдал, асуудал ингэснээр шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бодлогоо тодорхойлж, хэрэгжилтийг нь зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийж тасралтгүй сайжруулах зэрэг нэг нэгэнтэйгээ нягт шүтэлцээтэй менежментийн тогтсон үйл ажиллагаа явуулна гэсэн агуулгатай юм. Энэ үйл ажиллагаанд ажилтнуудын идэвхтэй оролцоог хангах, тэдэнтэй зөвлөлдөх асуудал амин чухал гэдгийг бүх шатны удирдлага онцгойлон анхаарах ёстой. Яагаад гэвэл ажлын байран дээр ямар аюул байгааг, тэдгээрээс ямар аргаар зайлсхийх талаар ослын шалтгааныг илрүүлж, арилгахад гол үүрэгтэй болох ажилтнаас илүү сайн мэдэх хүн байхгүй шүү дээ.
- ХАБЭА-ны хэрэгжилтийн гол цөм нь хүн. Ийм учраас хэрэгжүүлэх бүхий л үйл явцад ажилтан бүр оролцох ёстой гэж та хэлэх гээд байна уу?
- Тиймээ. Бүх шатанд оролцогчдын үндсэн үүрэг ойлгомжтой бөгөөд тодорхой байх хэрэгтэй, тухайлбал:
-Замын дарга, орлогч нарын үүрэг: болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХАБЭА-н менежментийн тогтолцоо нэвтрүүлэх
-Алба, хэлтэс, салбар нэгжийн удирдлагын үндсэн үүрэг: үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, менежменитийн тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах
-ХАБЭА хариуцсан ажилтан, зөвлөлийн үүрэг: ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих
-Ажилтны үүрэг: ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан ХАБЭА-н шаардлагыг биелүүлж ажиллах
- Ер нь, төмөр замд хөдөлмөрийн ч бай, хөдөлгөөний ч бай зөрчил дутагдлууд жил бүр давтагдах юм. Яавал зохистой вэ?
- Юуны түрүүнд бүх түвшний удирдлагад хандлагын өөрчлөлтийг хийх хэрэгтэй л дээ. Хамгийн эхний алхам бол Замын орлогч, алба, хэлтэс, салбар нэгжийн дарга, орлогч, ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтод Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны дэргэдэх ХАБЭА-н сургалтын төвөөс олгодог ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлсэн гэрчилгээтэй байх шаардлага оруулж, албажуулах хэрэгтэй байгаа юм. Ингэснээр нэг зоосны хоёл тал болох УБТЗ-ын хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын түвшин, соёл үлэмж дээшилнэ. Төмөр замын дээд сургуулийн дэргэд ХАБЭА-н сургалтын төвд ХАБЭА-н чиглэлээр бүх төрлийн сургалт явуулах эрх авах тул бүх шатны удирдах албан тушаалтнууд, ИТА-нуудыг мэргэшүүлэх боломжтой болно.
- Сургалтын чанарыг олон жил ярьж байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байгаа шүү дээ?
-Ажлын байран дахь сөрөг хүчин зүйл болон хүний буруу үйлдэл хоёр хавсрахаараа л осолд хүргэдэг. Тийм учраас л ажилтнуудын сургалтыг илүү оновчтой, тодорхой болгох шаардлагатай байна. Ялангуяа сургалтыг үндсэн гурван агуулгад илүү төвлөрч оновчлох шаардлага байна. Нэгдүгээрт, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх. Хоёрдугаарт, аюулгүй байдлын талаарх техникийн ур чадвар, дадал суулгах. Гуравдугаарт, аюулгүй байдалд хандах хандлагыг төлөвшүүлэх сургалт. Ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хандлага гурвыг сургалтаар зөв олгож төлөвшүүлсэн нөхцөлд хүмүүсийн аюулгүй ажиллагааны хандлага нь соёл болон батжиж, энэ нь цаашлаад байгууллагын соёл болж тогтох учиртай шүү дээ.
- ХАБЭА-ны хэрэгжүүлэх үйл явц тов тодорхой байх ёстой байх. Бодлого ямар байвал зохих вэ?
-
Бодлогын амин сүнс нь ослын (эрсдлийн) шалтгааныг (аюул) л зайлуулж, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх ёстой.
-
ХАБЭА-г хууль, эрх зүйн шаардлагад нийцүүлэх
-
ХАБЭА-г тасралтгүй сайжруулах үзэл баримтлалтай байх
-
ХАБЭА-н менежментийн тогтолцоог УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаатай холбох, нэгтгэх
-
Ажилтнуудын оролцоог дэмжих
-
Ойлгоход хялбар, товч бичигдсэн байх
-
Ажилтнуудад болон харилцагч, хамтрагч талуудад мэдээлэх. Ер нь, ХАБЭА-н талаар ярих зүйл олон байна. Энэ удаа үүгээр дүүргэе дээ.
"Ган зам" сонин