Хэдхэн хоногийн дараа эр цэргийн баяр болох нь. Жил бүрийн цэргийн баярын өдрөөр аавыгаа л их санадаг юм. Аав маань 1970-аад оны дундуур барилгын цэргийн ангид гурван жил алба хаасан гэдэг. Онжавууд нь “Овгор Мөнхөө” гээд л сүйд болно. Ялангуяа, цэргийн баяраар ирж уулзан, манайд бэсрэгхэн ширээ засаж тэмдэглэцгээнэ. Тэд оройжин л цэргийн дуу дуулж, дурсамжаа ярилцдаг сан. Төмөрбаатар ах хэд татаад халамцахаараа “Аав чинь мянган цэргийн овгор явсан шүү дээ. Чи том болоод аав шигээ цэргийн овгор болоорой” гэнэ. Гурван жилийн цэргийн алба хаасан тэдний яриаг сонсоход кино шиг л санагдана. Шинэ цэрэг, асман цэрэг, хал цэрэг гээд л ярилцана. Шинэков байхдаа дээд хоёр оны ах нараас үргэлж шанаа авч, сэргэлэн байж чадвал овгорынх нь торгон цэрэг болдог байж. Аав “Эхний жил дэглэлтээс дэглэлтийн хооронд өнгөрдөг сөн. Нэг жил маш урт хугацаа санагдаж билээ. Асман цэрэг /цэргийн хоёр дахь жил/ болоод л арай нуруу амарч, жил ч хурдан өнгөрсөн дөө. Гэтэл хал болчихоор уйдаад цаг явж өгдөггүй юм” гэж ярьсныг нь санаж байна. Харин 1992 онд манайх сумын төвөөс 30-аад км нүүн ээжийн аав, ах дүүсийг бараадан шинэ нутагт төвхнөсөн юм. Тэр цагаас хойш аав найзуудаасаа хол болоод ч тэр үү, цэргийн баярыг тийм ч их сайхан өнгөрөөдөггүй болсон санагдана. Ээж банштай цай хийж, хаврын хий нь арилаг гээд шар тосонд хуушуур шарж өгнө. “Миний хүү чинь ирээдүйн цэрэг шүү дээ” гээд надад чихэр, печень өгнө. Аав оройхон хүүхдүүдээ тойруулан суулгаад цэргийн тухай ярина. Үндсэндээ тэр өдөр аав бид хоёрын баяр учир эгч болон охин дүү нар мал хураах ажлыг хийнэ. Халуун бүлээрээ, нэгнээ хүндэтгэсэн, эрхийг нь дээдэлсэн сайхан ч үе байж дээ. Харамсалтай нь аав минь намайг цэрэгт явахаас өмнөхөн бурхан болсон. Нэг жилийн цэрэг юу байх вэ. Ёстой нэг л мэдэхэд халагдаж, түүнээс хойш цэргийн баярыг тийм ч сүрхий тэмдэглэж үзсэнгүй. Учир нь, аавын минь эзгүй цэргийн баярууд уйтай байдаг юм. Тэгээд ч аав шиг минь гурван жилийн алба хаасан жинхэнэ эрчүүдийн л тэмдэглэх баяр гэж боддог доо.

 

М.Наранболд