Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтсийн дарга А.Алтаншагайтай ярилцлаа.
-Өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээний чингэлэг тээвэрлэсэн шүү дээ. Тэр амжилтыг ойрын хугацаанд давуулах боломж бий юу?
-Тийм шүү. Өнгөрсөн 2022 он УБТЗ-ын хэмжээнд түүхэндээ хамгийн их чингэлэг тээвэрлэсэн жил болсон. Учир нь, импортын тээвэр, экспортын хоосон чингэлгийн, мөн “Open top” болон транзит чингэлгийн тээврийн хэмжээ нийлээд дээд амжилт тогтоосон. Өнгөрсөн жил ТЗХАБ-ын тавдугаар хэсгийн замуудын ачааны хэмжээ тохирох хурлаар УБТЗ-аар экспорт, импорт, транзит тээврийн харилцаанд 492235 чингэлэг тээвэрлэхээр төлөвлөж баталсан бол 509109 чингэлэг тээвэрлэж, 103.43 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Үүнийг 2021 оны тээвэртэй харьцуулахад 16.9 хувиар давсан үзүүлэлт юм. Дамжин өнгөрөх чингэлгийн хувьд 2324 галт тэрэг аялуулсныг өмнөх жилийнхтэй харьцуулбал 92.5, чингэлэг тоогоороо 265793 чингэлэг тээвэрлэсэн нь 93.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан. /Чингэлэг тоог TEU-д шилжүүлэн тооцсон/Импортын хувьд 101487 чингэлэг тээвэрлэсэн. Энэ нь өмнөх жилээсээ 37.9 хувиар давж биелсэн. Экспортын 97729 чингэлэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн жилээс 138.8 хувийн гүйцэтгэлтэй. Мөн 41100 “Open top” чингэлэг тээвэрлэсэн нь 541 хувиар өссөн үзүүлэлт болсон. Хятадын төмөр зам ачааг чингэлэгтэй хүлээн авч эхэлсэн тул хувийн эзэмшлийн тавцант вагоны парк их хэмжээгээр нэмэгдсэн нь ч нөлөөлсөн. Чингэлэг тээвэр нийтдээ 116.9 хувь болж өссөн. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан импортын ачаатай 91988 чингэлгийг Улаанбаатар хотод авч ирсний гол хувь нь оргил ачааллын саруудад тээвэрлэсэн. Энэ нь өмнөх оноосоо 148.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Буцаагаад өргөн царигаараа 88221 чингэлэг гаргасан нь 148.4 хувиар өссөн. Мөн нийт 219 мянган чингэлэг шилжүүлэн ачсан нь өнгөрсөн жилээс 102.46 хувиар өссөн. УБТЗ-ын нийт тээврийн 50-аас илүү хувийг вагон, галт тэрэг тоогоороо чингэлэг тээвэр эзэлсэн онцлогтой жил болсон. Манай хэлтсийн хувьд үүрээс шөнө дөл хүртэл ажилласан жил байсан. Энэ ажлын ард гарсан алба, хэлтсийн хамт олноороо бахархаж байна.
-Энэ онд дамжин өнгөрөх чингэлгийн хэдэн галт тэрэг аялуулахаар төлөвлөв?
-Транзит чингэлгийн галт тэргийг энэ онд 2700-д хүргэх зорилт тавьсан. Өмнө нь “2000 галт тэрэг аялуулна” гэж ярьж, төлөвлөөд “Их том тоо ярьж байна” гэж шүүмжлүүлж байлаа. Одоо харин 2700, бүр цаашлаад 3000 руу тэмүүлнэ. Мэдээж, уг тээврийг гүйцэтгэхэд хөрш замуудын ажлын зохион байгуулалтаас шууд шалтгаална. Энэ сарын 6-ны байдлаар чингэлгийн 935 галт тэрэг дамжин өнгөрүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс есөн галт тэргээр илүү гарч байгаа юм. Хамгийн өндөр үзүүлэлт нь 2021 оны эхний таван сараар 926, жилийн турш 2513 галт тэрэг аялуулсан.
-Он гарсаар нийт тээврийн үзүүлэлтүүд ямар байгаа вэ?
-Шуурхай ажлын мэдээний өссөн дүнгээр буюу өнгөрсөн сарын 27-ноор 9.8 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөө 106.9 хувиар биелсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 128.7 хувийн биелэлт юм. Ачилт 7.9 сая тонн болж 101.54, өмнөх жилээс 131.56 хувиар тус тус биеллээ. Тээврийн үзүүлэлтүүд биелж байгаа гол шалтгаан нь Хятад улсад үүссэн цар тахлын хориг цуцалсан. Мөн ачааны хэмжээ тохирох хурлаар урд хил дээр өргөн царигаар 15, нарийнаар найман хос галт тэрэг солилцохоор тохирч хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Одоо хойд хилийн галт тэрэг солилцоо нэмэгдэж, хоногтоо 8-10 хос галт тэрэг болсон нь УБТЗ-ын ачаалал ямар их байгааг харуулж байна. Урд, хойд хилийн галт тэрэг солилцооны тоо ижил түвшинд очиход гайхах зүйлгүй болсон. Дорнод Сибирийн төмөр замынхан хойд хилээр галт тэрэг солилцоог 12 хүртэл нэмэгдүүлнэ гэсэн.
-ОХУ-д үүссэн нөхцөл байдал болон хөрш улсуудын харилцаа манай чингэлэг тээвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлж байна уу?
-Ер нь, Хятад-Европ-Хятад чиглэлийн чингэлгийн галт тэрэгний урсгал эрс багассан. Харин ОХУ, Беларусийн чиглэлд тээвэр саадгүй явж байна. Мөн Оросын төмөр замын ачааны урсгалд өөрчлөлт орсон. Оросын төмөр замаас баруун тийш гардаг байсан тээврийн урсгал зүүн тал руугаа чиглэсэн. Тэгэхээр зүүн талын тээврийн урсгал дээр барууных нэмэгдэж, ачаалал нь ихэссэн. Зүүн талын далайн портууд болон зүүн, дорнод чиглэлийн төмөрзамын хилийн гарцууд руу явж байна гэсэн үг. Эдгээрийг шуурхай нэвтрүүлэхэд Оросын төмөр замын Дорнын полигон буюу Транссибирийн төмөр зам, Байгаль Амарын төмөр зам маш их ачаалалтай байна. Тиймээс Оросын төмөр замаас ачааны эрэмбэ дараалал тогтоосон түр технологи гаргасан байна лээ. Үүнтэй холбоотой манайх руу чиглээд Хятад руу явах транзит ачаа хүлээлгэн өгөхөөр тогтоосон хэмжээндээ хүрэхгүй байгаа. Ингэснээр бид урагшаа төлөвлөсөн тоондоо галт тэрэг өгч чадахгүй байна. Үүнтэй уялдаад урдаас ирж буй чингэлгүүдийг шилжүүлэн ачих вагоны хангалт хүндэрсэн. Өнөөдрийн хувьд энэ нь хамгийн том тулгамдсан асуудал. Мөн ОХУ-д вагоны хомсдол үүссэнтэй холбоотой хоосон вагон авч ирж шилжүүлэн ачилтыг зохион байгуулах боломж хязгаарлагдаад байна. Тиймээс зөвхөн транзит ачаанд бас хамааралтай гэж бодохгүй байна.
-Та саяхан ОХУ руу томилолтоор яваад ирсэн шүү дээ. Энэ асуудлыг Оросын талтай ярилцсан байх. Ямар нэгэн нааштай шийдэлд хүрэв үү?
-Чингэлэг тээврийн оператор компаниудтай уулзаж хоосон вагон илгээхийг хүсэж холбогдох асуудлыг хэлэлцсэн. Эхнээсээ хоосон вагонууд тодорхой хэмжээгээр орж ирж байгаа ч хангалттай биш. Мөн модны тээвэр зохион байгуулдаг компанитай уулзлаа. Сибирээс мод тээвэрлэсэн вагонууд УБТЗ-аар транзитаар аялж Эрээн өртөөнд ачаагаа буулгаад Замын-Үүд өртөөнд хоосноор ирсний дараа Хятадын төмөр замаас ирсэн транзит чингэлэг тээвэрлэх тухай тохироод уг ажлыг хэрэгжүүлж байгаа. ОХУ-ын холбогдох компанитай уулзахад чингэлэг ачих боломжтой фитинг бүхий модны вагоны урсгалаа УБТЗ руу чиглүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Бид транзит модноос суларсан 1000 орчим вагоныг сондгой транзит чингэлгийн галт тэрэгний тээвэрт ашиглаж илгээсэн нь энэ жилийн чухал ажлуудын нэг боллоо. Оросын төмөр замын вагон эзэмшигч 13 компанитай уулзалт хийсэн. Нөхцөл байдал хүндэрлээ гэхэд чингэлгүүдийг зөөвөрлөн УБТЗ-ын хаана сул талбай байна тэнд буулгана гэж мэдэгдэл өгч зарим нэг томоохон компанитай тохирсон. РЖД энэ сарын 1-нээс хоногт транзит чингэлгийн таван галт тэрэг хүлээлгэж өгөхөө аман байдлаар мэдэгдсэн. Оросын төмөр зам өөрсдөө ачаагаа тохирсон хэмжээнд өгөөгүй байж тээврийн компани, ачаа илгээгч нартаа “УБТЗ ачаа авахгүй байна” гэсэн ойлголт өгч, дотроо тийм мэдээлэл тарааж баталгаажуулсан байсан. Үүнийг нь тийм биш, манайх ачаа хүлээж авахад бэлэн гэдгээ бүгдэд нь ойлгуулж, холбогдох бүх баримтуудыг хүлээлгэн өгч буруу ойлголтыг залрууллаа. Үүнээс гадна Улаанбаатар хотод байгаа хоосон чингэлгийн урсгалыг ОХУ руу илгээж транзит чингэлэг ачуулан Хятад улс руу тээвэрлэх тухай санал солилцсон. Энэ ажлын хүрээнд талууд холбогдох арга хэмжээг авч чадсан тохиолдолд хоосон чингэлгийн урсгалыг урагш нь биш хойш нь чиглүүлж урд хилээр өгөх ачаатай галт тэрэгний ниткийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Энэ талаар холбогдох хувийн хэвшлүүдтэй хамтарч бодит үр дүнд хүргэхээр ажиллана. Мэдээж хүндрэлтэй асуудал олон бий. Бас нэг чухал ажил нь хагас вагонд транзит чингэлэг ачихаар тохирсон. Одоогоор транзит ачаатай явж байгаа хагас вагоны парк төдийлөн их биш тул хагас вагонууд нь сондгой транзит ачаандаа таарч чингэлэг ачих боломж бүрдэхгүй байна. Оросын талд “Та бүхэн тавцант вагон илгээж чадахгүй бол хоосон хагас вагон илгээгээч” гэж санал тавьсан. Үүнээс гадна тээвэр зохион байгуулалттай холбоотой тодорхой саналуудыг ч тавьсан.
-Эдгээр санал тань бодит ажил болбол ачаа тээвэр нэмэгдэх нэлээд том боломж нээгдэх нь дээ?
-Харин тиймээ. Уг нь, Хилийн төмөр замуудын хэлэлцээрээр хоногт хойд хилээр дамжин өнгөрөх чингэлгийн дөрвөн галт тэрэг солилцох ниткийг баталсан. Мөн ачааны хэмжээ тохирох хурлаар хоногт дөрвөөс багагүй гэж тохирсон ч үүндээ хүрч чадахгүй тасраад байгаа. Үүнээс шалтгаалж бид олон мянган чингэлэг урдаас хойш нь тээвэрлэх боломжоо алдсан. Бидний хувьд бол Оросын төмөр замтай хоногт дамжин өнгөрөх чингэлгийн таван галт тэрэг солилцох тухай тохиролцсон ч Дорнод Сибирийн төмөр зам Наушки өртөө маань хүлээлгэн өгч чадахгүй байна. Мөн хоногт таваас дээш галт тэрэг орж ирсэн ч хүлээж авах боломжтой. Үүнийгээ ч илэрхийлсэн. Оросын төмөр зам ОХУ-ын зүүн талын далайн портуудад их хэмжээний ачаа, чингэлгийн хуримтлал үүссэнийг Засгийн газраас чиглэл өгсөнтэй холбоотой онцгой анхаарч,цэгцлээд дууслаа. Энэ сараас эхлэн хуурай замын хилийн гарцууддаа анхаарч ажиллана. Иймд галт тэрэг дамжуулалт хэвийн болох тухай холбогдох албаны хүмүүс нь мэдэгдсэн.
-Өнгөрсөн онд Тяньжинд хуримтлагдсан чингэлгүүдийг татан авахад Улаанбаатар дахь терминалуудын хүчин чадал хүрэлцэхгүй байсан шүү дээ. Цаашид тэр хэрийн ачааны урсгал нэмэгдвэл давж гарах хэмжээнд хүртэл терминалууд асуудлаа шийдвэрлэсэн болов уу?
-Одоо ийм ачаалал дахин ирвэл терминалууд яг л хэвээрээ. Өргөтгөх, замаа уртасгах ч боломжгүй. Уг нь, техникээ шинэчилж болох ч шинэчилсэн нь алга. Бага зэргийн засвар үйлчилгээ л хийсэн. УБТЗ-ын хувьд өнгөрсөн жил чингэлэг тээвэр дээр ачилт буулгалтын өртөөд болон тэнд байрлах ачааны терминалуудын хүчин чадлаас давсан хэмжээнд ажилласан. Өөрөөр хэлбэл, манай УБТЗ-ын эзэмшлийн чингэлэг тээвэрлэх 470-500 вагон байдаг. Үүний 100-г нь ОХУ-аас түрээслэн ашигладаг. Одоогоор түрээсийн гэрээ сунгагдаагүй тул зарим нь ОХУ руу буцсан. Манай эзэмшлийн чингэлэг тээгч вагонуудын насжилт маш өндөр, өнөө маргаашгүй актлагдахад бэлэн болсон. Өнгөрсөн жил бид хоногтоо 500 вагонд тээвэрлэж амжихгүй хэмжээний их чингэлгийг оргил ачааллын үед буюу 4-8 сарын хооронд татаж авсан. Уг ажилд гадаад, дотоодын хувийн хэвшлүүд хамтран ажилласан. Цаашид дахин ийм хэмжээний ачаалал ирэхэд тээвэрлэх вагоны асуудалтай шууд нүүр тулгарна. Нийгмийн хариуцлагын хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээвэрт хэн ч вагоноо оруулж ашиггүй тээвэр хийхийг хүсэхгүй. Бүгд экспортын түүхий эд тээвэрлэхийг хүсэж байгаа. Бас нэг тулгарсан хүндрэл гэвэл таны асуусанчлан Улаанбаатар хотод тээвэрлэн ирэхэд ачааны терминалуудын хүчин чадал хангалтгүйгээс ачаа олголт удааширсан. Ачаагаа авахгүй, бараа бүтээгдэхүүний татварыг төлөхгүйтэй холбоотой ачааны бөөгнөрөл үүсэж терминалууд дүүрсэн. Улаанбаатарт нийт арван терминал ачаа боловсруулдаг. Дээр нь, техникүүд нь хуучин тул 48 цаг тасралтгүй ажиллахад доголдол үүсэж, эвдэрчихнэ. Эвдэрвэл сэлбэг нь олдохгүй, олж засах гэж хэд хоног өнгөрдөг. Хуучны кран, тоног төхөөрөмжүүдийн сэлбэг үйлдвэрлэхээ байсан. Энэ хооронд ачаа нь бууж чадахгүй зогсдог. Мөн УБТЗ 24 цагаар ажиллаж байхад бусад холбогдох байгууллагын ажиллах цагийн хуваарь богино. 24 цагаар ажиллах боловсон хүчний нөөцгүй. Үүнээс гадна ачаа нь их хэмжээгээр хүрээд иртэл гаалийн татвараа бүрэн төлөөд хүлээж авах мөнгөтэй хүнгүй болсон. Банк санхүүгийн байгууллагын зээл зогссон байсан. Иргэн, аж ахуйн нэгжүүд 10 чингэлгийг хоёр, хоёроор нь татан авч борлуулаад мөнгөөр нь дараагийн хоёрыг нь хүлээж авах байдлаар явдаг байсан бол 10, 20-оороо нэг дор ирэхээр төлбөрийн асуудал үүсэж байгаа юм. Тэгсээр хүмүүс ачаагаа автал эргээд хоосон чингэлгээр терминалууд дүүрсэн. Тэр үед Улаанбаатарт 6000 шахам чингэлэг буусан байхад Замын-Үүд шилжүүлэн ачих ангид 1800 орчим байсан. Нааш нь авчрах гэхээр буулгах зайгүй. Бид багтаах зайгүйтэй холбоотой вагоны нуруун дээр 2000 чингэлэг гаргаж зам зуур нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан шүү дээ. Улаанбаатар хотын терминалуудад 3500 чингэлэг хадгалах зайтай гээд бодоод үз.
Үүнтэй холбоотой УБТЗ өнгөрсөн жил Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот, Замын-Үүд болон Сайншандын гааль, Тээвэр зуучлалын нэгдсэн холбоотой хамтраад шинээр дөрвөн терминал гаргаж хоосон чингэлэг хадгалсан. Мөн терминалуудыг хоосон чингэлэг хүлээн авахгүйгээр зохион байгуулалт хийж байж ачааг нь буулгасан. Төмөр замаас, компаниудаас ч их зардал гарсан жил болсон. Улсын болон хувийн байгууллага бүгд хамтран ажиллажбайж ард нь гарсан.
-Одоо Тяньжинд хэр их чингэлэг байна вэ?
-Чингэлгийн тээвэрт одоо ямар нэгэн асуудал алга. Тяньжинд 1500 чингэлгийн хуримтлалтай байна. Оргил ачааллын үед 3000-3500 чингэлэг хэзээний л хуримтлагддаг байсан. Тиймээс 1400 гэдэг бол хэвийн үзэгдэл. Цаанаасаа Монгол руу явах чингэлгүүдийг цуглуулан нэг онгоц явуулахад л Тяньжинд 300-500, зарим үед 1000-1500 чингэлэг буух боломжтой шүү дээ. Тэгээд л нааш нь галт тэргээр Хятадын төмөр замын төлөвлөгөөний дагуу тээвэрлэгдэнэ. Усан онгоцоор 1000 чингэлэг ачигдаж ирэхэд түүнийг шууд нэг дор тээвэрлэх төмөр зам одоогоор дэлхийд байхгүй байх. Ачаа түгжрэлтэй үед ачаа хүлээн авагч нар өмнө нь “Манай ачаа хаана явна, хурдан ирүүлээч” гэж манай инженерүүдийг загнадаг байсан бол энэ жилээс “Хүлээж авах мөнгөгүй байхад ямар хурдан бөөнөөрөө ирээд байгаа юм бэ. Наад ачаагаа Сайншанд, өөр хаана боломжтой газарт нь орхичих л доо” гэж ярьж байна гэсэн /инээв/.
Манай Замын-Үүдийн II талбайд импортын 40 тонноор тооцоход 288, логистикийн төвд 2500 чингэлгийн багтаамжтай. Энэ жилээс буулгалтын схемээ өөрчилж хоёр давхарлан хураадаг байсныг дөрөв давхарлан хурааж байгаа. Ингэснээр 3500 хүртэл чингэлэг багтахаар болгосон. Өнөөгийн байдлаар импортын чингэлгийн үлдэгдэлгүй, харин транзит 3100 чингэлэг байна. Бараг л дүүрэх гэж байгаа биз. АБТЭМА-ийн хувьд Улаанбаатарт буй 10 терминалын нэг шүү дээ. 400 чингэлгийн багтаамжтай. Бусад терминалаас давуу тал нь вагоны фронт урттай. Өргөтгөл ямар ажлууд хийж байгааг албаны дарга нараас ярих байх. Манай хэлтсийн зүгээс бол нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд зохион байгуулалтын аргаар зарим асуудлыг шийдэхээр төлөвлөсөн.
-Төлөвлөсөн ачаа, чингэлгээ тээвэрлэхэд хөдлөх бүрэлдэхүүний хувьд хэр хангалттай вэ?
-Экспортын түүхий эдийн тээвэрт хувийн эзэмшлийн вагонууд явдаг учир хангалттай байгаа. Харин импортын тээвэр, нийгмийн шинж чанартай ачааны тээвэрт оргил ачааллын үед хөдлөх бүрэлдэхүүн дутагддаг. Гэхдээ бид зохион байгуулалтын ямар нэгэн аргаар нөхөөд ажилладаг. Мөн транзит тээвэр дээр хөдлөх бүрэлдэхүүн хангалтгүй байна. Хятадаас ирсэн чингэлгийг шилжүүлэн ачих вагонгүй учраас л Замын-Үүдэд 3100 чингэлэг хуримтлагдаад байгаа юм. Оросын төмөр зам дээр үүссэн ачаалалтай холбоотойгоор сондгой дамжин өнгөрөх чингэлэг хуримтлагдсан.
-Тээврийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Ингэснээр үйлчлүүлэгчид та бүхэн рүү утасдах бус өөрсдөө цахимаар ачааныхаа мэдээллийг бүрэн авдаг болсон гэж ойлгож байгаа?
-Тиймээ, экспортын захиалга цахим болсон. Ачаагаа вагон, чингэлэг дугаараар нь хайлт хийгээд л харчихна.Тухайн үйлчлүүлэгч Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем /АТҮЦС/ программыг худалдаж авсан бол ачаа нь хилээр орж ирснээр бүх мэдээлэл нь харагдана. Зарим компаниАТҮЦС программын өөрсдийн ашиглаж байгаа хувилбараа хөгжүүлээд илүү боловсронгуй болгосон байна билээ. Утсанд нь хүртэл мэдээлэл чат мессежээр очдог болгож сайжруулсан байна. Гэхдээ компани бүр тийм болсон эсэхийг мэдэхгүй.
-Сүүлийн үед онцлог бүхий ямар тээврүүд хийв. Мөн хэрэгжүүлж болох шинэ санаачилга гарч байна уу?
-Тээвэр зохион байгуулалтын алба 70 жилийн ойгоороо нэрэмжит галт тэрэг аялуулсан. Энэ нь, өнгөрсөн онд Улаанбаатар хотод үүссэн чингэлгийн хуримтлалтай холбоотой манай улсаас гарах экспортын бараа бүтээгдэхүүнүүдтэй чингэлгүүд терминалуудаар орж чадахгүй, орсон ч ачигдаж чадахгүй вагоноо хүлээж зогсох болсон нөхцөл байдал үүссэн байсан. Энэ нь их хэмжээний түрээсийн төлбөртэй хоосон чингэлгийн хуримтлалаас болж хувийн терминалууд хоосон чингэлгээ ачаад бусад зүйлсийг анзаарахгүй нөхцөл үүссэн гэсэн үг. Бид харин АБТЭМА-ийн талбайд экспортын бараатай чингэлгүүдийг цуглуулаад бүтэн галт тэрэг болгож аялуулах ажлыг амжилттай зохион байгуулж эхэлсэн. Үүний хүрээнд Улаанбаатараас ачаатай 10 орчим галт тэрэг аялуулаад байна. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж, улам хөгжүүлээд явах бүрэн боломж бий. Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн гаргахад тээвэр нь хурдтай, зардал бага байх нь чухал. Өөрийнхөө өнцгөөс харахад Монгол Улс бараа бүтээгдэхүүн гаргах, далайд хүргэх, далайн цаана очих тээврийн хэрэгсэл болох чингэлэг нь хоосноор явж байна гэж харж байгаа. Тиймээс үүн дээр тээвэр зуучлалын холбоо, тээвэр зуучлагч, мэргэжлийн холбоод ажиллаач гэж уриалга гаргасан. Төмөр замын тарифыг багасгах,хөнгөлөлт авах, тариф нэмэгдүүлэхийг үнийн өсөлтөд нөлөөлнө гээд эсэргүүцээд байдаг. Төмөр замын тээвэр маш өндөр зардал ихтэй үйл ажиллагаа шүү дээ. Өөрийн өртгөө хааж чадахгүй тээвэр зохион байгуулаад байвал цалингаа тавьж чадахгүйд хүрч, бүр тээвэр ч үгүй, юу ч үгүй болох байх. Тэгэхээр арай өөр хэлбэрээр экспортлогч, жижиг дунд үйлдвэрлэгчээдэмжих нь чухал. Хятад улсаас маш их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг төрөл бүрийн замналаар дэлхийд гаргаж байна. Тод жишээ нь, чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлт юм. Хятадын Засгийн газраас чингэлгийн галт тэргээр экспортын бараа явуулсан тохиолдолд нөхөн төлбөр олгодог гэж дуулсан. Энэ бол тухайн улсаас хийж буй экспортлогч, үйлдвэрлэгчийг дэмжиж байгаа чухал алхам юм. Түүхий эд биш боловсруулсан бараа бүтээгдэхүүнийг хоосон чингэлэгт хийгээд явуулахад хаанаас ямар дэмжлэг авах, үнийг яаж хямд байлгах тал дээр төрөл бүрийн холбоод ажиллах ёстой шүү дээ. Түүнээс биш УБТЗ-аар өөрийн өртгөө хааж чадахгүй хямд тарифаар тээвэрлэснээр ямар ч асуудал шийдэгдэхгүй. Харин эсрэгээрээ зүйл болох байх. Энэ талаар бас “Ложистикс 2023 форум” дээр уриалга гаргасан байгаа. Өөр нэг зүйл гэвэл Оросын төмөр замын холбогдох албан тушаалтанд “Фитинггүй тавцант вагонд чингэлэг ачих техникийн нөхцөл боловсруулж гаргаач” гэсэн санал тавьсан. Энэ хэцүү ажил боловч ОХУ өндөр мэргэжлийн хүмүүс ихтэй тул найдвар бий. Хэрвээ санал хэрэгжсэн тохиолдолд ОХУ-аас ирэх модны тээвэр нэмэгдэж, зөрүүлээд сондгой чингэлэг ачих вагоны парк нэмэгдэнэ. Мөн хагас вагонд транзит чингэлэг ачих ажлыг удахгүй нэвтрүүлээд хэрэгжүүлээд явна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амижлт хүсье!
ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД