БНХАУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын хонгилон гарц барих төсөл хэрэгжиж буй билээ.

Эдгээр хонгилон гарц нь том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтойгоороо онцлог юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замтай байхаар төлөвлөжээ. Ийнхүү авто зам, төмөр замын огтлолцлыг хоёр түвшинд шийдснээр галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалан гарам дээр үүсдэг авто замын түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулахын зэрэгцээ аюулгүй байдлыг найдвартай хангах боломж нөхцөл бүрдэх аж.

Одоогийн байдлаар, төслийн нэгдүгээр байршил буюу төмөр замын 396 дугаар км-ийн гармын хонгилон гарцын барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Уг хонгилон гарцыг Хятадын “Чайна тисижу сивил инженеринг групп” гэсэн компани гүйцэтгэж буй юм.

Ажлын явцын талаар УБТЗ-ын Замын аж ахуйн албаны гүүр хоолойн инженер О.Жигжидсүрэнгээс тодрууллаа.

-Хонгилон гарцын төмөр зам доогуурх байгууламжийн ажил наймдугаар сарын эхээр эхэлсэн. Одоогийн байдлаар, төмөр зам доогуурх бетон эх биеийн ажил 80 орчим хувьтай явж байна. Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй юм билээ. Үүнээс гадна 398, 401, 407 дугаар км-т барих хонгилон гарцын ажлыг ирэх оны эхний улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байсан.

Замын II ангиас авсан судалгаанаас харахад 396 дугаар км-ийн гармаар хоногт дунджаар 86400 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол уг гармаар хоногт 55-60 галт тэрэг өнгөрдөг байна. Авто замын өндөр ачаалалтай өдрийн цагаар уг гармаар дунджаар 25 орчим галт тэрэг явж өнгөрдөг гэсэн судалгаа байна.