УБТЗ-ын Баянтүмэн тасгийн төмөр замыг эх орныхоо дархан хилийг манахад  гүйцэтгэсэн үүргийг нь үнэлэн баатарлаг төмөр зам гэдэг билээ. Уг төмөр замыг анх барьсан, мөн өнөөг хүртэл ашиглаж, арчлан тордож буй төмөр замчдын УБТЗ-д төдийгүй улс орны хөгжилд оруулсан гавьяа их. Үе үеийн замчдынх нь мэргэжил, ур чадвар, хөлс хүчээр Баянтүмэний төмөр зам өнөөг хүртэл алдраа дуурсгаж, ирээдүйн их хөгжил дэвшлийн үүдэн дээр одоо зогсож буй билээ. Энэ л баатарлаг төмөр замын “эрүүл мэнд”-ийг сахин хамгаалагчдын нэгээхэн төлөөлөл, Замын V ангийн хоёрдугаар хэсэг буюу 37 дугаар точек, Монгол орны хамгийн нам дор газар Хөх нуур дахь мастер Алтангэрэлийн Алтанчимэгийг саяхан Эрээнцав орох үеэрээ “Эгэл төмөр замчин” буландаа урилаа. Тус тасгийн төмөр замын аж ахуйг УБТЗ-ынхтай харьцуулахад үнэхээр хэцүү. Зам төмөр, дэр модны хувьд маш их муудсан тул сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр шинэчилж буй ч өнөөгийн байдлаар зарим хэсэгтээ тэнцэхгүй дэр дөрөв хүртэл дараалалтай цэг олон бий. Гэвч А.Алтанчимэг шиг олон чадварлаг мастер, бригад, тэдний удирдлага дахь замчдын хүчээрарчилгаа үйлчилгээ нь сайн байх тул Замын даргын үзлэг бүрд магтан сайшаадагюм.  А.Алтанчимэг мастер 1987 онд Дорнод аймгийн нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийг төгсөөд есдүгээр ангидаа орох хуваарь авсан байжээ. Ангийнхаас нь олон хүүхэд ТМС-ийн хуваарь авсан учир А.Алтанчимэг ч бусдынхаа адил сургууль авч, хот явж үзэхийг хүснэ. Гэвч сурлага сайтай хүүхдүүдийг багш нар амархан тавихгүй. Тэгж байтал нөгөө ангийнх нь нэг хүүхэд төмөр замын Техник мэргэжлийн дунд сургууль /ТМДС/-ийн замчны ангийн хуваариа голоод явсангүй. Тухайн үед аав Б.Алтангэрэлнь сургуульд багшилдаг тул аавыгаа шалж байгаад тэр хуваарийг нь авчээ. Ингээд Улаанбаатар хот явсан нь А.Алтанчимэгт хамаг хүсэл нь биелэх шиг л болсон гэх. Гурван жил сураад 1990 онд төгсөн Баянтүмэн тасагтаа Замын их засварын хэсэгт замчнаар хуваарилагдсан байна. Энэ тухайгаа “Би ааваасаа зөрсөн ч энэ мэргэжлээрээ 33 жил ажиллаж байна. Тухайн үед надад замчин болох нь биш, хот явах нь л сайхан санагдсан юм. Замчин болоход эхэндээ амар байгаагүй ээ. Яваандаа, ажилдаа дадаж сураад ирэхээр сайхан. Гэхдээ ажлыг бид ямар ч үед хийгээд болж л байна. Хамгийн гол нь ажиллах орчин нөхцөл, нийгмийн хангамж талдаа үнэхээр хэцүү. XXI зуунд цахилгаангүй, утасны сүлжээгүй газар бид ажилладаг. Олон жил болсон над шиг замчид яах вэ, дасаж сурсан болохоор тэсэх л юм. Харин залуус л тогтдоггүй. Тэд илүү хөгжил дэвшилтэй орчныг хүсдэг. Энэ нь ч аргагүй. Өнөөгийн залуусын сэтгэхүй өөр болсон. Гэхдээ манайх удахгүй шинээр барих төмөр замтай холбогдож, ажиллаж амьдрах нөхцөл илүү сайжирна гэж итгэдэг. Би замын их засвараас Чингисийн даланд нэг жил замчнаар ажиллаж байгаад 1993-2002 он хүртэл өнөөгийн энэ 37 дугаар точкадаа замчин болсон. Тэгээд 2002 оноос Эрээнцав өртөөний нэгдүгээр хэсэгт замчин, бригадаар, 2016 оноос энэ хэсэгтээ мастераар ажиллаж байна. Дээхэн үеийн замын нөхцөл ялангуяа, Чингисийн далан-Баянтүмэн хооронд өнөөгийнхөөс бүр хэцүү байлаа.Ер нь, манай төмөр зам дагуу түймэрт их автдаг байсан. Ургац ч их ургадгийг хэлэх үү, байсгээд л түймэрт дайчлагдна. Зам хөндлөн дайрсан түймэрт хамаг л дэр мод шатчихна. Сүүлийн жилүүдэд түймэрт автах нь багасаж, төмөр бетон дэрээр хүчжүүлээд сайжирч байна.Эрээнцав-Чингисийн далан хооронд 1987 онд Р-65 зам төмөртэй их засвар хийсэн болохоор арчлахад харьцангуй гайгүй байсан. Одоо бол их муудсан. Ялангуяа, манай хэсэгт дэрийн аж ахуй хүндэрсэн. Уулзварын суулт ихтэй. Тиймээс уулзварын дэрүүдийг бүрэн сольж л баллаа барихаар байна” хэмээн замынхаа нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг ярилаа. Тэдний хэсэгт 3511 бетон дэрийг схемчлэн солиад байгаа аж. Замын баллын төлөвлөгөө нь 45-тай, хэсгийн хурд нь 50 км цаг. Өвлийн цагт баллын төлөвлөгөөгөө тэд барин ажиллаж чаддагч газар гэсэхээр гэмтэл ихээр гарч, баллын төлөвлөгөөг заримдаа барьж чадахгүйд хүрэх нь бий. Гэвч А.Алтанчимэг мастер “Дэр мод хэдий муу ч хамгийн гол нь арчилж буй хувь хүмүүсийн хүчин зүйлээс шалтгаалдаг юм” гэх. УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн төв, Баянтүмэн тасгаас тус хоёрдугаар хэсгийг эрчим хүчээр хангах судалгаа, зураг төслийг нь хийсэн ч ковид гарснаар уг ажил нь зогсжээ. Тиймээс өнөөх л дизель генераторбуюу цахилгаан үүсгүүрээашиглан оройн цагаар гэрэл тогтой амьдарч байна. Харин өдрийн цагаар нар салхины эрчим хүчээр телевиз үзэж, жимобайлын суурин утас ашиглана. Мастер А.Алтанчимэг “Одоохондоо тог цахилгаангүй нь ч дүүрч. Нэн тэргүүнд гар утасны сүлжээтэй л болмоор байна. Залуучууд цахим холбоо, мэдээлэлтай байвал тогтож магадгүй.Залуус ирж ажилд ордог ч удахгүй явчих юм. Ахмад замчид маань тэтгэвэртээ гарчихвал үе залгамжлах залуус цөөн болоод байна” хэмээн сэтгэл нь зовнино. Тус хэсэгт ажилчдын байр сууцны хувьд дутагдахгүй. Мөн УБТЗ-ын 70, Баянтүмэний 80 жилийн ойн хүрээнд өөрсдийн хүчээр зуны цагт ашигладаг халуун усны газар байгуулсан байдаг. Харин өвлийн цагт ашиглах боломжгүй тул ээлжээр төв суурин явдаг юм билээ. А.Алтанчимэгийн нөхөр Ч.Энхтайван замчнаар ажиллаж байгаад одоо хувиараа буюу мал ахуйгаа хариуцаж буй аж. Тэд хоёр охин, хоёр хүүтэй. Том хүү Э.Соронзонболд нь Баянтүмэн өртөөнд ажиллаж байгаад уул уурхайн компанид ажиллах болсон. Харин бага хүү нь Замын нэгдүгээр хэсэгт замчнаар ажилладаг Э.Амартөгс гэж залуу бий. Одоо охин Э.Болорчимэг нь замчин болж ээжийнхээ удирдлага дор ажиллаж байгаа аж. Харин нэг охин нь малчин. А.Алтанчимэг “Энэ орон нутагт багаасаа амьдарсан залуус л төмөр замчин болбол тогтоно гэж боддог. Тиймээс төмөр замынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад нэмэр болох, бас удам дамжиж үр хүүхэд минь ажиллаасай гэж хүүхдүүдээсээ төмөр замчин болгосон”гэсэн юм. Замын хоёрдугаар хэсгийнхний 70 орчим хувь нь Дорнод аймгийн МСҮТ төгссөн залуус. Тэдгээр залууст А.Алтанчимэг мэргэжил, арга зүйн зөвлөгөөг харамгүй өгч ажилладгийг ангийнхан нь болон тасгийн удирдлагууд онцолсон билээ. “Манай 37 дугаар точкад ажилд орсон залуус дандаа л бригадын дарга, мастер, дарга... гээд тушаал дэвшээд явдаг. Ангийн дарга Д.Балдандорж,ахлах инженер Ш.Баатарсүрэн нар манай хэсгээс ажлын гараагаа эхэлсэн шүү дээ. Мөн Замын гуравдугаар хэсгийн мастер Б.Ууганбаяр, наймдугаар хэсгийн мастер Н.Наранбаатар болон нэг, зургадугаар хэсгийн бригадын дарга нар энд л анх замчин болсон. Ер нь, манай хэсэг их өгөөжтэй газар шүү” хэмээн мастер хэсгээрээ бахархана. Мөн “Залуус маань ажилдаа сэтгэлтэй байх нь л чухал. Аливаа ажилд хойш суухгүй, мэдэхгүй зүйлээ санаа зоволгүй асуудаг байх хэрэгтэй. Тэгж чадсан хүн л бусдаас илүү сурч, өсөн дэвждэг. Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна гэдэг дээ.Одооны залуусын олонх нь бэлэнчлэх сэтгэлгээтэй байна. Сургууль төгсөөд шууд дарга болох гэсэн л хүмүүс харагдах болж. Ажлыг багаас нь хийж үзсэн хүн дарга болсон байхад хүний өмнө нүүр улайхгүй шүү дээ. Ажлаа мэддэг хүн л хүмүүсийг зөв удирдана. Тиймээс би залуучууддаа энэ талын зөвлөгөөг ч их өгдөг. Ер нь, удирдаж буй хүмүүсийнхээ ар гэр, амьдрал ахуйг нь сайн мэддэг байх хэрэгтэй” гэв. А.Алтанчимэг мастер эцэг эхээс 12-уулаа. Долоон эгч, хоёр ах, хоёр дүүтэй өнөр өтгөн айлын охин. Аав Алтангэрэл нь Хэнтий аймгийн Баян-Овоо, ээж нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат. Ээж нь түүнийг зургаан настайд бурхан болсон учир ээжийнхээ талаар сайн мэдэхгүй гэх. Харин аав нь социализмын үед Адуун чулууны уурхайн Намын үүрийн даргаар ажиллаж байгаад сүүлд аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургуульд математикийн багш болсон байна. Мөн “Миний хадам ээж Баянтүмэн тасагт явуулын кассераар насаараа ажилласан. Тиймээс манай хүүхдүүд гурав дахь үеийн төмөр замчин. Надад 55 хүртэл ажиллах боломж бий болохоор ажиллаж байгаа. Хамт олонтой байна гэдэг сайхан. Тэтгэвэрт гарна гэхээр хоргодох сэтгэл төрөөд л...Өнөөгийн хүний нөөцийн ажилтан Х.Тодцэцэгийн аав хүний нөөцийн ажилтан байсан юм. Тэгээд биднийг төгсөхөд Баянтүмэн тасгаас ЗИЛ-130 машинтай очиж, хотоос 20 гаруй хүүхдийг авч ирж билээ. Тухайн үед тасгийн дарга Лханаасүрэн, ангийн дарга Ёндонжамц гуай /тасгийн Ахмадын хорооны дарга Г.Пагмын нөхөр/ нар ажиллаж байлаа. Би Замын их засварын хэсэгт ахлах мастер Пүрвээ, мастер Пүрэвсүрэн гэж хоёр мундаг хүний удирдлагад ажлыг маш сайн сурсан даа. Мөн шугам замд нэгдүгээр хэсгийн мастер Ж.Долгор ах, Б.Арьяа ах, В.Эрдэнэчимэг эгч /Эрээнцав өртөөний ахмадын хэсгийн дарга/ нараас ч их суралцсан. Мөн Ц.Зоригт дарга, Б.Оюунцэцэг мастер, Ц.Буд эгч, ангийн дарга байсан Д.Дугарсүрэн гуай гээд тоочвол намайг ажилд сургасан олон хүн бий. Өнөө үед зургадугаар хэсгийн Ч.Оюунчимэг гэж сайхан мастер найзтайгаа хамт ажиллаж байна. Бид нэг л насны зөрүүтэй.Ангийн өнөөгийн удирдлагуудынхаа хүчээр одоо миний ажил амжилттай явна. Миний гэлтгүй манай хэсгийн ажил маш сайн байгаа” гэв.  Эрээнцав өртөөнөөс бид галт тэргэнд хамт сууж, Хөх нуурын хотгор дахь тэдний хоёрдугаар хэсэг хүртэл ийнхүү ярилцаад мастерыг үдэж буулгалаа. Галт тэрэг дахин дуут дохиогоо хангинуулан хөдлөхөд А.Алтанчимэг мастер 37 дугаар км-ийн шонгийн дэргэд гар далласаар үлдсэн юм. Түүнийг тасгийн эмнэлгийн хэсгийн дарга Г.Болод “Би хүний эмч. Харин энэ мастер маань замынхаа эмч доктор нь шүү дээ” хэмээсэн билээ.

 

М.НАРАНБОЛД