УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат төрийн аудитын төв байгууллага Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитыг хийж гүйцэтгэсэн. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтайгаар боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан, эдийн засгийн тогтвортой хөгжлийн хангахад чиглэсэн эсэхийг долоон зорилтын хүрээнд хянаж дүгнэхэд аудитын зорилго чиглэсэн. Аудитын дээд байгууллагын олон улсын стандартын дагуу Үндэсний аудитын газар нь өмнөх аудитын тайланд дурдсан асуудал, зөвлөмжийн дагуу Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт үнэлгээ хийсэн талаар мэдээлсэн юм.

Улмаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны төсвийн төсөлд нэг албан шаардлага, найман зөвлөмж бүхий дараах дүгнэлтийг хийсэн байна:

  • Төсвийн хүрээний мэдэгдлийг тухайн оны төсвийн төсөлд тохируулан жил бүр өөрчлөхгүй байх талаар өгсөн албан шаардлага

  • Төсвийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шаардлагад нийцсэн байдлыг үнэлэх шалгуурыг тогтоох талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй.

  • Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Үндсэн хуулийн 25.1.7-д заасны дагуу улсын хөгжил болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байна.

  • Засгийн газрын өрийн үлдэгдэл, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна.

  • Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34.2 хувь, нийт зарлага 27.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөсөн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шалгуур, шаардлагуудыг хангасан байна.

  • Төсвийн төсөл нь Монгол Улсын урт, дунд болон богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд нийцэж буй ч 2024 оны төлөвлөгөөнд туссан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний 71 хувь нь төсвийн төсөлд байгаа буюу улсын хөгжлийн жилийн төлөвлөө бүрэн тусгагдаагүй байна.

  • Төсвийн төсөлд макро эдийн засгийн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн экспортын хэмжээ, татварын хэмжээ зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна.

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй. Арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитоор тогтоогоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна.

  • Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урд, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо судалгаа хийх ажлыг боловсруулан баталж, өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

  • Төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулах зорилгоор дотоодын үнэт цаас гарган төсвийн зарлагын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна.

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын төсөвт төсвийн хязгаарыг хэтрүүлэн төлөвлөсөн 48.6 тэрбум төгрөгийн зардлыг буруулах боломжтой байна.

  • Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хамжээг тус тус тусгасан байна.

  • Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх , улсын комисс хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих хяналтын тогтолцоог сайжруулан, сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалт бий болгох шаардалгатай байна.

 

itoim.mn