“Wall Street”-ийн стратегичид 2024 оны хөрөнгө оруулалтын орчны ерөнхий өнгийг тодорхойлох 650 гаруй дүн шинжилгээг “Bloomberg” цуглуулан нэгтгээд байна. Тэдгээр дундаас хамгийн их анхаарал татаж буй талбаруудад биднийг юу хүлээж байна вэ?
Томоохон банкнууд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид болон хөрөнгийн менежерүүдийн дийлэнх нь хөрөнгө оруулалтын орчны 2024 оны ерөнхий төлөвийг огцом хөдөлгөөн багатай байдлаар харж байна. Бодлогын хүүгийн сөрөг нөлөөлөл зах зээлд эцэст нь илэрч, Төв банкнууд мөнгөний бодлогоо зөөлрүүлж эхлэхээр байгаа энэ онд эдийн засгийн “хөнгөн уналт тохионо" гэж “JPMorgan” болон “Vanguard” таамагласан бол “Эдийн засгийн эрүүл удаашрал хүлээж байна” гэж “BNY” үзжээ.
Morgan Stanley
Эрэлтийн өсөлтийг OPEC-ийн гишүүн бус орнуудын нийлүүлэлт нөхсөнөөр брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 85 ам.доллар орчимд хэлбэлзсэн хэвээр байх төлөвтэй. Харин БНХАУ-ын эрэлт төсөөллөөс сайн байх тул зэсийн үнэ харьцангуй тогтвортой байх нь. Мөн геополитикийн эрсдэл хэр байх нь алтны үнийг тодорхойлно.
BCA Research
Эдийн засгийн дараагийн агшилтын үеэр түүхий газрын тос, аж үйлдвэрийн металлын үнэ унана. Хэдий тийм боловч урт хугацааны төлөвийн хувьд газрын тосыг бодвол металл нь илүү өсөлттэй байхаар байна. Харин алтны үнэд Төв банкнуудын алт худалдан авалт сайнаар нөлөөлсөн хэвээр байх боловч одоогийн худалдан авалтын түвшнийг харвал алт хэтэрхий үнэтэй байна.
Bloomberg Intelligence
БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлын стратеги үргэлжилснээр нүүрсний импорт нь өндөр түвшинд хадгалагдана. 2023 онд БНХАУ, Индонез, Австралийн нүүрсний үнэ 21 хувиар, 56 хувиар, 70 хувиар тус тус унасан ч 2024 онд үргэлжлэн унах магадлал бага. Харин БНХАУ улс төрийн асуудлаас шалтгаалан Австралиас авах нүүрсний хэмжээгээ бууруулж, Индонез, ОХУ-аас авах нүүрсээ нэмэгдүүлж магадгүй.
Carmignac
Ам.долларын ханш суларч, БНХАУ-ын эдийн засаг тогтворжих нь хөгжиж буй орнуудыг чиглэсэн хөрөнгө оруулалт төрөлжихөд томоохон дэм болно. Ази, Латин Америк дахь худалдааны тэнцэл нь тогтвортой байдаг орнуудад хөрөнгө оруулалтын шинэ боломжууд үүсэх магадлалтай.
Deutsche Bank
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хандлага ерөнхийдөө доош чиглэлтэй байсан. Одоогийн нөхцөл байдлаар бол тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 4.5-5 хувийн түвшинд байх боломжтой гэж харж байна.
Vanguard
Өсөлтийг саатуулах эрсдэл өндөр байгаа энэ үед БНХАУ эдийн засгаа сэргээх шинэ багц арга хэмжээ авна гэж таамаглаж байна. Тиймээс энэ онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.5-5 хувийн хооронд гэж үзэж байна.
AXA Investment Managers
АНУ-ын макро үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байж, Засгийн газрын бондуудын өгөөж өндөр хэвээр байгаа нь ам.долларын ханшийг үргэлжлүүлэн дэмжих төлөвтэй. Евро болон фунт стерлингийн ханш чанга байгаа ч суурь үзүүлэлтүүд нь сул тул ханш нь унах магадлалтай. АНУ-ын бодлогын хүүгийн өсөлтийн цикл дуусвал иений ханш сэхэл авч магадгүй ч өсөлтөөрөө цойлно гэж найдах хэрэггүй.
Deutsche Bank
Мөнгөний хатуу бодлогоос гадна дэлхийн эдийн засгийн өсөлт сул, Тайвань, Ойрх Дорнодоос эхлээд ОХУ хүртэл геополитикийн эрсдэл их байгаа нь ам.долларыг эрсдэл багатай валютын байр суурьд хадгалж, уналтын мөчлөгийг нь саатуулж байна гэж харж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхойгүй байдал ч ам.долларын ханшид сөргөөр нөлөөлж чадахааргүй байна.
Goldman Sachs
АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сорилт учруулах тодорхой хүчин зүйл гарахгүй бол ам.долларын ханш чанга хэвээр байх төлөвтэй байна.
Монголбанк
Төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Улмаар инфляцын буурах хурд удааширч, Төв банкны зорилтын дээд интервалд ирж тогтворжих хугацаа 2025 оны эхэн үе болж хойшилж байна.
Цаашид уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх, төсвийн төлөв сулрах зэрэг нь дотоод эдийн засгийн идэвхжилийг тэтгэж, 2024 онд эдийн засгийн өсөлт зургаа орчим хувьд хадгалагдах төлөвтэй байна.
Дэлхийн банк
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэж, төсвийн зардал тэлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлно. Макро эдийн засгийн эрсдэлүүд өндөр байгаа ч тэдгээрийг бууруулах төсвийн орон зай хумигдмал байна. Иймд инфляцын дарамтыг бууруулан, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлагатай.
ОУВС
Эдийн засгийн суурь төлөвтэй холбогдох эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг тал руу хэвийж байна. Төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхгүй бол төсвийн тэнцлийн үзүүлэлт 2024 онд улам муудаж, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлснээр өндөр үнээр олж авсан Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна.
Иймд Монгол Улсын эдийн засагт яг одоо тохиож буй эерэг мөчийг ашиглаж нөөцөө нэмж бүрдүүлэн, илүү их төсвийн хэмнэлт хийж, зээлийн эргэн төлөлтөд бэлтгэх замаар өрийг дахин санхүүжүүлэхэд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хэрэгтэй.
Jefferies
Эдийн засаг ирэх саруудад удааширч, Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй тул 2024 он тогтмол орлоготой хөрөнгө оруулалтын хэрэгслийн жил байх болно.
Bank of America
Дэлхий даяар инфляц алгуур буурснаар олон Төв банкнуудад 2024 оны хоёрдугаар хагасаас эхлэн бодлогын хүүгээ бууруулж, дэлхийн эдийн засгийн уналтаас сэргийлэх орон зай олгоно. Холбооны Нөөцийн банкны хувьд зургаадугаар сард бодлогын хүүгээ эхний удаа бууруулж, цаашид улирал тутам 25 суурь нэгжээр багасгах төлөвтэй.
https://www.bloombergtv.mn/news/hx211