Тээвэрлэлтийн бизнес эрхлэгч компаниуд энэ онд ОХУ-Украины дайнаас илүүтэй Хятад дахь ковидын нөлөөнөөс үүдэлтэй ажиллах хүчний дутагдал түүнээс шалтгаалсан инфляцийг хамгийн том бэрхшээл гэж нэрлэв. Энэ бол чингэлэг ложистикийн платформ болох “Container xChange”-ээс өнгөрсөн долоо хоногт гаргасан тайлан, дүгнэлтүүдийн нэг юм. Тайланд дурдснаар, цар тахлаас үүдэн энэ жил Дэлхийн №1 үйлдвэрлэгч улс болох БНХАУ-д ажиллах хүчний хомсдол үүсэж магадгүй хэмээн таамагласантай холбоотой юм. Уг платформд оролцсон “Caspian Container Company SA”-ийн гүйцэтгэх захирал Аамир С.Мир "Инфляци нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд илүү их эмх замбараагүй байдал үүсэж магадгүй. Ялангуяа, Европ, Их Британи, Хойд Америкт ажлын байрны хомсдол үүснэ" гэж хэлжээ. Мөн тэрбээр, цааш хэлэхдээ, "Бид өмнө нь харж байсанчлан цар тахлаас үүдсэн ажиллах хүчний хомсдол нь далайн портуудын үйл ажиллагааг удаашруулж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудлыг улам хурцатгаж болзошгүй" гэв.
Чингэлгийн ханш буурч байна
Платформын үеэр оролцогчдын дунд явуулсан судалгаагаар эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж байгаатай холбоотойгоор чингэлэг болон гэрээний үнэ цаашид буурна гэж таамагласан байна. Цар тахлаас үүдээд огцом үнэ нь өссөнөөс хойш чингэлгийн үнэ аажим буурч байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Гэхдээ дээр дурдсанчлан цар тахлаас үүдсэн ажиллах хүчний хомсдлын нөлөөгөөр урт хугацаандаа тээвэрлэлтийн гэрээний үнэ өснө гэдгийг хэлсэн байна. Энэ удаашралтай өсөлт нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах аж. Гэрээний ханшийг спот ханштай нийцүүлэх талаарх хэлэлцээр үргэлжилж байгаа тул дахин тохируулах боломжтой гэж мэргэжилтүүд тайлбарлав. Нөгөөтэйгүүр, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдал бий болтол экспедиторууд ханш тогтворжтол богино хугацааны гэрээ байгуулж ажиллах нь эрсдлийг бууруулах нэг арга зам гэж үзжээ.
Компаниуд Хятадаас үйлдвэрлэлээ шилжүүлж магадгүй
Мөн судалгаанд оролцогчдын таамаглаж буйгаар энэ онд дэлхийн үйлдвэрлэлд Хятадын гүйцэтгэх үүрэг буурахгүй ч компаниуд бизнесээ төрөлжүүлж, бүс нутгийн бусад орнууд руу үйлдвэрлэлээ шилжүүлж магадгүй гэнэ. Судалгааны дүнгээс харахад, оролцогчдын 67.3 хувь нь Энэтхэг, Вьетнамыг энэ онд дэлхийн тээврийн салбарт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна. “Дэлхийн тээврийн салбарын 2023 оны ерөнхий төлөв хэцүү хэвээр байгаа нь харагдаж байна. Европт өрнөж буй бүх цаг үеийн өндөр инфляци тус бүс нутагт хүнд цохилт болж байгаа нь ойлгомжтой. БНХАУ Ковид-19-ийн эсрэг аваад байсан хорио цээрийн дэглэмийн илрэл нь АНУ-ын хойд нутаг дахь тээврийн бэрхшээл, хөдөлмөрийн эмх замбараагүй байдал юм. Эдгээр сорилтуудын ихэнх нь 2023 онд хэвээр байх болно. Хэрэглэгчийн итгэл нэмэгдэх боловч илүү их саад бэрхшээл байсаар байна” гэдгийг “Container xChange”-ийн платформыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кристиан Роэлофс хэлэв.
Эх сурвалж: https://ubtz.mn/news/