“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж, УБТЗ ХНН-ийн хамт олон дөрвөн сая мод тарих амлалт авч 2022 оны хавраас бүх өртөө, зөрлөг, аж ахуйн нэгжүүд мод тарих аяныг өрнүүлж эхэлсэн. Зүүнхараа дахь Мод Боловсруулах үйлдвэрийнхэн ч энэ үүрэг амлалтын хүрээнд мод үржүүлгийн ажлаа өргөтгөснийг бид тухай бүрд нь мэдээлж байна. Өнгөрсөн онд тухайн байгууллагад Замын захиргаанаас мод үржүүлгийн ажлыг нь дэмжиж нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Ажил нь өөдрөг яваа талаар тус үйлдвэрийнхэн ярьж байсан билээ. Харин 2024 онд ямар үр бүтээлтэй ажиллаж байгааг нь сонирхлоо.
Мод боловсруулах үйлдвэрийн хашаан дахь үржүүлгийн талбай болон Номтын ам, төмөр замын 246 дугаар км дэх мод үржүүлгийн гурван талбайдаа шилмүүст болон навчит 11 нэр төрлийн модыг үржүүлж байгаа аж. Мод үржүүлгийн зөвшөөрөл авсан талбайн нийт хэмжээ нь 29 га гэнэ. Үүнээс одоогийн байдлаар 6.5 га талбайг үйлдвэрлэлийн зориулалтаар боловсруулж ашиглан мод үржүүлж байгаа юм байна. Өнгөрсөн хаврын тарилтад төмөр замын аж ахуйн нэгжүүдэд зургаан нэр төрлийн 21645 тарьц нийлүүлжээ. Харин энэ намар төмөр замын аж ахуйн нэгжүүдээс ойролцоогоор 18 мянган тарьцын захиалга авчээ. Мөн гадны зах зээлд 30 мянган бургасны тарьц борлуулсан тухай тус үйлдвэрийн эдийн засагч Ж.Дөлбадрах танилцууллаа. Ер нь, модны тарьцын борлуулалт ямар байгааг түүнээс тодруулбал, тэрбээр “Манай байгууллага өмнө нь дотоод хэрэгцээндээ буюу Монгол орны ойгоос бэлтгэсэн модны оронд байгалийн нөхөн сэргээлт хийхэд хэрэглэх зориулалтаар шинэс, нарс модны тарьцыг үрээр үржүүлж, жил бүрийн хавар, намар ойжуулалт хийхдээ хэрэглэдэг байсан.
Харин “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос мод үржүүлгийн талбайгаа өргөтгөж, олон төрлийн мод үржүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын 4.0 сая мод тарих зорилтын хүрээнд шүү дээ. Ингэж мод үржүүлгийг өргөн далайцтайгаар хийж байгаа манай байгууллагын хувьд борлуулалт харьцангуй бага байна. Уг нь, УБТЗ ХНН арван жилийн хугацаанд дөрвөн сая мод тарих амлалтаа биелүүлэхийн тулд жил бүр 500-560 мянган мод тарихаар төлөвлөсөн байдаг. Гэвч 2022, 2023 онуудад Замын хэмжээнд нийт 150 мянга гаруй мод тарьсан нь төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа юм билээ. Дээр нь, төмөр замын аж ахуйн нэгжүүд модны тарьц суулгацаа гаднаас худалдаж авч байгаатай холбоотой манай борлуулалт бага байна. Тэгэхээр модны тарьцны нийлүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж өгөхийг хүсэж байна. Нөгөө талаар, төмөр замчид 10 жилийн хугацаанд 4.0 сая модоо тарьж амжихын тулд цаашид жил бүрийн хавар, намрын улиралд шилжүүлэн суулгах тарьцны тоогоо нэмэгдүүлэх байх. Манай байгууллагын хувьд жил бүр 500-560 мянган мод тарих зорилтын хэмжээнд тарьц гаргана гэж тооцоолж, үржүүлгээ хийж байгаа. Одоогийн байдлаар, манай үржүүлгийн талбайд энэ намар, ирэх хаврын тарилтад гаргахад бэлэн болсон 400 мянган суулгац байна” хэмээв. Танай тарьцын үнэ зах зээлийн ханштай харьцуулахад ямар байгаа вэ. Магадгүй үнийн зөрүү байгаа болоод төмөр замчид гадны байгууллагаас тарьц худалдаж аваад байна уу гэж лавлахад Мод боловсруулах үйлдвэрийн эдийн засагч “Манайх үнээ зах зээлийн дундаж ханшаар тогтоосон. Тэгэхээр үнэтэй холбоотой асуудал байхгүй болов уу” гэлээ.
Түүнчлэн, тус үйлдвэрийнхэн цаашид ч мод үржүүлгээ нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Үүний тулд шинээр худаг нэмж гаргах, газар хагалах трактораар хүч сэлбэх шаардлага үүсжээ.
Тус үйлдвэрийн үржүүлсэн тарьцыг зах зээлд нийлүүлэхэд нэг талаар сурталчилгаа дутагдаж байгаа бололтой. Нөгөө талаар, төмөр замын аж ахуйн нэгжүүд гаднаас тарьц авалгүй үйлс зорилго нэгтэй төмөр замын байгууллагаа дэмжиж ажиллах шаардлагатай байна даа.
Тус үйлдвэрээс хийсэн бяцхан сурвалжлагаас төмөр замчдын “Тэрбум мод” хөтөлбөрийн эрч жаахан суларчихаагүй байгаа даа. Бид 10 жилийн хугацаанд 4.0 сая мод тарих амлалтаа биелүүлж амжих болов уу гэх бодол төрөв.
Б.Гүнжээ