Зүтгүүрчдийн хувьд Замын-Үүд эргэх депо хаврын үзлэгийг хоёр гологдол, нэг дутагдалтай угтлаа. Тус депог цаашид Замын-Үүд татах хэсэг болгох талаар олон жилийн өмнөөс ярж байгаа билээ. Үүний тулд тоног төхөөрөмж нэмэх, депогийн өргөтгөл хийх зэрэг хөрөнгө мөнгөтэй холбоотой олон ажил байгааг комиссынхон хэлж байв. Зүтгүүр ашиглалт хариуцсан хяналтын байцаагч Ц.Жавхлант “Хэрэв бие даасан татах хэсэг болбол өөрийн гэсэн мөртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Сайншанд хүртэл Замын-Үүд татах хэсэг даагаад явах нь зүйтэй юм. Сайншанд татах хэсгийн хувьд Зүүнбаян, Замын-Үүд, Бор-Өндөр, Айраг, Олон-Овоо, Чойр гэхчлэн хамгийн урт мөртэй нь. Үүнд хүрч ажиллахад нэлээд цаг хугацаа шаарддаг. Замын-Үүд эргэх депо татах хэсэг болсноор өөртөө бэхэлгээтэй тэргэндээ том засваруудыг хийдэг болно. Ингэснээр зүтгүүрийн аж ахуйн засварын ачааллыг жигд хуваарилах давуу талтай” гэв. Сайншанд татах хэсгийн хувьд өмнөх үзлэгээр өгсөн үл тохирлууд, үүрэг даалгаврыг биелүүлсэн байв. Ялангуяа, сургалтын чиглэлээр боломжийн ажил хийсэн гэж комисс дүгнэлээ. Гэхдээ татах хэсгүүд Замын даргын А-02 тушаалын үндсэн агуулгыг ажилтнуудад таниулах, нээлттэй хаалттай мэдээллийг хэрхэн дамжуулах, тэр мэдээллийн дагуу анхан шатны болон дунд шатны дарга нар ажлаа хэрхэн хурдан зохион байгуулах зэрэг талд анхаарч ажиллах шаардлагатайг санууллаа. Зүтгүүрийн ашиглалт хариуцсан байцаагч “Зүтгүүрчдийн хэмжээнд А-74 “Хаазаа хяна” тушаалын хэрэгжилтийг тогтмол хангуулж ажиллах хэрэгтэй. Ялангуяа, сэлгээний хөдөлгөөнд Замын-Үүдийн хэсэгт энэ тушаалын хэрэгжилтийг хангаагүйгээс шалтгаалж ноцтой гологдол гарсан. Мөн хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их байна. Машинчийг багадаа 2-5, түүнээс дээш жил зарцуулж өндөр түвшинд бэлтгэдэг. Энэ хүмүүс маань гэнэт л гарчхаж байна. Үлдсэн нь ачаалал үүрэх шаардлага гардаг. Жишээ нь, Сайншандын хэсэглэлд машинч, туслах машинчийн орон тоо 474 хүн. Гэтэл хэрэгцээ нь 515 хүн байх шаардлагатай. Энэ зөрүүгээс шалтгаалж зүтгүүрийн бригад илүү цагаар ажиллаж байна. Хэдийгээр илүү цагаа мөнгөөр авдаг ч бие нь ядардаг. Үүнтэй холбоотой хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс зүтгүүрийн бригад аль болох хугацаандаа гэртээ амрахыг хүсдэг болсон” хэмээн танилцуулав.