Говийн замчид зуны тээвэрт бэлэн байна
Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд нараар ахлуулсан Замын даргын үзлэгийн комисс энэ сарын 15-20-ны хооронд замын урд хэсэгт ажиллалаа.
Замын-Үүд зангилаа бол УБТЗ-ын даллаганы үүд
Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд үзлэгийн дүнгийн хурлын үеэр тус зангилааг ийнхүү тодорхойлсон билээ. Энэхүү тодорхойлолт эх орны өмнөд хилийн боомтод ажиллаж амьдарч буй төмөр замчдын хувьд тун оносон зүйрлэл байсан юм. Замын-Үүд зангилааны галт тэрэг солилцоо өсвөл УБТЗ төдийгүй улс орны эдийн засагт эерэг үр дүн гарч байдаг, буурвал хасах дүн гардаг нь гарцаагүй үнэн. Он гарсаар Замын-Үүд өртөөний хувьд галт тэрэг солилцоо нэмэгдсэн, бүх төлөвлөгөөт үзүүлэлт 101-203 хувийн биелэлттэй, ажил үйлс нь тун өөдрөг явна. Гуравдугаар сарын 28-наас хойш өргөн царигаар хоногт 15 хос галт тэрэг тогтмол солилцож байгаа аж. Он гарсаар тус өртөөнийхөн нэг гологдол, нэг дутагдал гаргасан тул өртөөний дарга Ч.Сугирбаатар хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр онцгой анхаарч буйгаа илтгэлийнхээ эхэнд онцолсон юм. Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “Замын-Үүд өртөөний нарийн цариг дээр жил бүр гологдол гарч байна. Цаашид нарийн царигийн өртөөг цахилгаан төвлөрүүлэлтэд холбож, ГТХАБ-д нөлөөлөх хүний хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахгүй бол гологдол гарсаар байх болно. Тиймээс энэ жил зураг төслийг нь хийлгэж, ирэх жилээс холбох хэрэгтэй” хэмээн зөвлөлөө. Түүнчлэн, тус өртөөний хувьд ажиллах хүч хомсдолтой, одоогоор найман ажилтан дутуу байна. Ковидын үед зорчигчийн галт тэрэгний аялал зогссонтой холбогдуулан тасалбарын гурван нярав, нэг зарлан мэдээлэгчийг орон тоогоор Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид шилжүүлснээ буцааж авах хүсэлтэй байгаагаа үзлэгийн комисст уламжиллаа. Хүний нөөцийн хомсдол ганц өртөөн дээр ч яригдсангүй. Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн хувьд ч 18 орон тоо дутуу ажиллаж байгаа аж. Тухайлбал, 12 ачигч, таван оосорлогч, гэрээт талбайн нэг үйлчлэгчийн орон тоо дутуу. Тус ангийн дарга Г.Цогтбаатар 2022-2023 онд 7-15 ажилтны орон тоо дутуу явж ирсэн гэлээ. Тус ангийн хувьд оны эхнээс гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллаж байна.
Замын-Үүд эргэх депогийн хувьд зуны тээвэрт 14 илчит тэрэг бэлтгэхээс үзлэг очсон өдөр найман илчит тэргэнд комиссын үзлэг засвар хийж дууссан байлаа. Тус эргэх депо нь Зүтгүүрийн аж ахуйн албаны хэтийн төлөвлөгөөнд дөрөв дэх татах хэсэг болохоор тусгагдсан байдаг. Юутай ч эхний ээлжинд Засварын цехийг өргөтгөж, таван илчит тэрэг нэмэх төлөвлөгөөгөө үзлэгийн үеэр танилцууллаа. Ингэснээр тус депод ТО-3, ТР засвар хийдэг болох юм. Үүний тулд есөн ИТА, 32 засварчин шаардлагатай гэв. Ерөнхийдөө тус зангилааны бүхий л аж ахуйн нэгжийн хувьд ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээл арвин байна. Үзлэгийн дүнгийн хурал дээр Тээврийн хяналтын албаны чиглэл хариуцсан байцаагч нарын өгсөн үл тохирлуудыг цаг хугацаанд нь засах үүрэг өгсний зэрэгцээ аж ахуй нэгжүүдэд шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах нь тулгамдсан асуудлуудын эхэнд эрэмбэлэгдэхийг онцолсон юм. Сайншанд зангилаанаас Замын нэгдүгээр орлогч дарга хот руу буцаж, үзлэгийн комиссыг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд нар удирдлаа.
Суурь бүтцийн аюулгүй байдлыг хангахад...
Замын IV ангийн хувьд гол тулгамдсан асуудал нь замын металл эд анги, модон дэрийн хангалт. Тус ангийн дарга А.Оргодолын танилцуулснаар ковидын үед ангийн хэмжээнд шаардлагатай материалын хангалт дутуу хийгдсээр ирсэн нь тайлан балансад ашиглалтын зардал хэмнэсэн мэт харагдаж байгаа ч үүний цаана ГТХАБ-ын эрсдэл хуримтлагдсаар байдаг ажээ. Юун түрүүнд тус ангид нарийн царигийн 2000 бетон дэр, СZ маркийн бетон дэр 3000, хориг хашааны өргөст тор 25 тонн, тусгаарлах уулзварын материал 250 ком, дух 600 ширхэг гэх мэт 1.9 тэрбум төгрөгийн материалын хангалтыг яаралтай авах шаардлагатай байгаа аж. Түүнчлэн, энэ хавар их салхи шуургатай байснаас зам болон гүүр хоолой хиймэл төхөөрөмжүүд элсэнд дарагдах болжээ. Ялангуяа, тус ангийн Зүүнбаян дахь замын хэсэгт хүчтэй салхи шуурганы улмаас хоёр ч удаа зам элсэнд дарагдсанаас ЗЗМС, Чулуун заводоос ковш, камаз машин татан авч хүч нэмэхэд хүрчээ. Замын ангид ийм машин механизм байхгүй учир дээрх хоёр байгууллагын ажлыг зогсоон байж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээс аргагүй. 600 метр замын элсийг 10 замчин найман цаг цэвэрлэж байсан бол элс цэвэрлэгч машин нэг цагт багтаан хоёр удаагийн явалтаар элсийг бүрэн цэвэрлэж байжээ. Цаашид элсэнд дарагдах эрсдэлтэй хэсгүүдэд элснээс хамгаалах сэтэрхийг өргөтгөх ажлыг хийхийн тулд машин механизм зайлшгүй хэрэгтэй байгаа талаар ч мөн яригдлаа. Үзлэгийн үеэр Замын дөрөвдүгээр ангийнхан Нартын хошуу зөрлөг дэх 10 дугаар хэсэгтээ “Замчин ХАБ” интернэт кафе нээлээ. “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсийн алслагдсан өртөө, зөрлөгт төмөр замчдын ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний гэр бүл, хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах зорилгоор энэхүү кафе үүдээ нээжээ. Тус зөрлөгт 21 өрх амьдардгаас сургууль, цэцэрлэгийн насны 18 хүүхэд бий. Энэхүү кафед хүүхдүүд үнэ төлбөргүй интернэт ашиглах, тоглох, суралцах боломжтойгоос гадна томилолтоор ирэх ажилтнууд ч ажил үүргээ чөлөөтэй хийх бололцоотой болжээ. Тус зөрлөгийн хүүхдүүд интернэт кафегаар үнэ төлбөргүй үйлчлүүлснийхээ хариуд орчноо цэвэрлэх, мод услах ажлыг хариуцах гэнэ.
Говийн төмөр замчдад тулгамдсан асуудлууд
Сайншанд өртөөний хувьд ажлын хэмжээ нэмэгдэж, ашиг орлого өссөн ч гэлээ ГТХАБ-ыг хангахад онцгой анхаарах шаардлагатайг үзлэгийн комиссоос онцгойлон анхаарууллаа. Энэ зангилаанд хоёр асуудал голлон яригдлаа. Нэгдүгээрт, зангилааны аж ахуйн нэгжүүдийн хувьд байшин барилгууд хуучирч, зарим нь актлагджээ. Тухайлбал, Сайншанд өртөөний хувьд зориулалтын оффиссын барилга байхгүйгээс вокзалын байшингийн 60 орчим хувийг оффисын зориулалтаар ашигладаг. Гэтэл вокзалын хүлээлгийн танхимд зорчигчид багтдаггүй. Зуны халуунд зорчигчийн тавцан дээр сүүдрэвчгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд байгааг өртөөний дарга танилцууллаа. Түүнчлэн, Дохиолол холбооны III ангийн хувьд ч барилга нь хуучирч, актлагдсан байна. Мөн Сайншанд Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн барилга актлагдаж, ашиглах боломжгүйгээс Замын IV ангийн хашаанд түр шилжин байрлаад 3-4 жилийн нүүрийг үзэж байна. Шинэ барилга байшингийн зураг төсөл бэлэн, газар сонголт хийгдсэн хэдий ч хөрөнгө санхүүжилтээ хүлээсээр байна. Галын машинууд л гэхэд зориулалтын бус гараашид байдгаас дуудлагад гарахдаа толио эвхэж гарах гэж хугацаа алдах эрсдэлтэй байгааг ч ярьж байлаа. Мөн тус зангилаанд барилга байшингийн хүндрэл Сайншанд худалдааны төв, эмчийн салбар гээд цааш үргэлжилнэ. Сайншанд зангилаа хөгжлийн томоохон төв болох ирээдүйтэй газар. Тиймээс энэ мэт барилга байшингийн асуудлыг цогцоор нь дорвитой шийдвэрлэх нь зүйтэй гэх санал гаргах комиссын гишүүд ч байсан юм.
Хоёр дахь хүндрэл нь, ажиллах хүчний хомсдол. Зангилааны аж ахуйн нэгжүүд төмөр замын мэргэжил сурталчилах өдөрлөг зохион байгуулах, ТЗДС, Политехник коллежийн оюутнуудтай уулзалт зохиож байгаа ч төдийлөн үр дүн гарахгүй байгаа аж. Орон тооны дутагдал, зарим ажилтанд ажил хавсран гүйцэтгүүлэх нь даамжирвал ГТХАБ, ХАБЭА-н хувьд ч эрсдэлтэйг ярьсан юм. Дохиолол холбооны III ангийн дарга одоогийн байдлаар орон тоогоор 32 ажилтан дутуу ажиллаж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд замын урд хэсэгт өртөө зөрлөгийн өргөтгөл маш ихээр хийгдсэн. Алсын удирдлагатай шинэ зөрлөгүүд ч нэмэгдэж, ажлын ачаалал өссөн. Ийм үед одоогийн орон тоогоо ч нэмүүлэх шаардлагатай байна хэмээв. ТЗДС, Политехникийн коллежийг энэ жил төгсөх 75 оюутнаас санал авахад ганц оюутан тус ангид ажиллах хүсэлт өгчээ. Тиймээс хүний нөөцийн асуудалд ихээхэн дэмжлэг хэрэгтэй байна гэв. Хүний нөөцийн албанаас говийн бүсэд дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Үүний нэг илрэл нь “Говийн төмөр замчин” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн үр шимийг говийн төмөр замчид эхнээс нь хүртэж эхэлсэн ч энэ талаар мэдээлэл дутмаг байгааг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн сануулж, хөтөлбөрийг сурталчилах ажлыг Хүний нөөцийн алба, Маркетингийн алба, “Ган зам” сонинд үүрэг болголоо. Үзлэгийн үеэр “Говийн төмөр замчин” хөтөлбөрт хамрагдаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй залуус цөөнгүй байсан юм. Ер нь, Сайншанд өртөөний хэсэглэлийн өртөө зөрлөгүүд үзлэгийн комисст тун ханатай дүгнэгдсэн. Ажлын байр, амьдрах нөхцөл таатай байвал ажилтнууд тогтвортой ажиллах нэг шалгуур үзүүлэлт болдог аж. Улаан-Уул өртөө, Холбооны хэсэг, Замын хэсгээр орсон үзлэгийн комиссынхон тун сэтгэгдэл өндөр гарсан. Энэ байгууллагууд ажлын байрны тав тухыг үлгэр жишээ хангасныг үзлэгийн комисс бусдад үлгэр жишээ болохоор байна хэмээн дүгнэсэн.
Барилгачид богц дүүрэн үүрэг даалгавар авсаар явлаа
А.Батболд даргаар ахлуулсан үзлэгийн хоёрдугаар комиссынхон төмөр замчдын байр орон сууцны нөхцөлтэй танилцаж, төмөр замчдын санал хүсэлтийг сонсож явлаа. Өртөө, зөрлөгт ихэвчлэн шинэ залуу ажилтнууд ажилладаг. Залууст говьд ажиллаж амьдрах, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Тэдний хувьд алслагдсан өртөө зөрлөгт суурьшин тогтвортой ажиллахад орон сууцны нөхцөл ихээхэн нөлөөлдөг бололтой. Тиймээс Барилга орон сууцны алба болоод барилгын ангийнхны хувьд “богц дүүрэн” үүрэг даалгавартай явлаа. Мөн өртөө зөрлөгийн технологийн орон сууцны ашиглалт, айл хооронд хүлээлцэх журам гаргаж мөрдөх шаардлагатай байгааг ч дурдсан юм.
Айраг дахь “Ган зам” дэлгүүрийн их засварыг өмнөх онд хийж өгчээ. Тухайн үед Замын даргын үзлэгээр дэлгүүрийн лангуу, кофе чанагч, хүнсний бүтээгдэхүүний халуун баригч зэргийг авахаар үзлэгийн тушаалд тусгагдсан ч хэмнэлтийн горимын улмаас хасагджээ. Одоо хуучирч муудсан лангуунууд нурах аюултай тул худалдагч нар нь үйлчлүүлэгч нараа лангуунд аль болох ойртуулахгүй өөрсдөө бараагаа авч өгөх хэмжээнд үйлчилж байгаа тухай яриа ч гарав.
Түүнчлэн, “Ботгохон” цэцэрлэгийн барилга суулт өгч, хана таазанд цууралт гарсан тул яаралтай арга хэмжээ авах цаг болжээ. 1997 онд баригдсан энэ барилгын сууринд 2017 онд хүчитгэх засвар хийсэн ч засал аваагүй аж. Тиймээс Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, их засвар хийх эсвэл шинэ барилга барих асуудлыг даруй шийдвэрлэхээр тогтлоо.
Энэ мэтчилэн бүх өртөө, зөрлөгийн төмөр замчдын ахуй амьдрал, санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ Замын захиргааны бодлого шийдвэр, цалингийн системийн шинэчлэл зэрэг цаг үеийн мэдээллийг төмөр замчдад хүргэж явлаа.
Чойр хэсэглэлийнхэн боломжийн үнэлгээ авлаа
Чойр хэсэглэлийн өртөө, зөрлөгүүд үзлэгийн комиссоос сайн үнэлгээ авлаа. Өртөө зөрлөгийн жижүүрүүдийн ихэнх нь дөнгөж 20 гарч яваа охид. Хэсэглэлийн хэмжээнд ганц эрэгтэй жижүүртэй гэж дуулдав. Гэхдээ охид ажилдаа хурдан дадаж, үүргээ чамбай гүйцэтгэж буй нь бахархмаар...
Чойр хэсэглэлийн бүх өртөө зөрлөгийн жижүүрийн байранд хямд төсөр хэр нь дуу дүрсний өндөр нягтаршилтай хяналтын камер байршуулжээ. Түүнчлэн, өртөө зөрлөгүүддээ засвар тохижилт хийж, ажлын байрны тав тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тулгуур өртөөний . . . . . багагүй амжилт гаргаж байгааг үзлэгийн комиссоос үнэлсэн. Тухайлбал, Айраг өртөөний 35 ажилтан бүгд бүтээлч ажил сэдэж, ажлын байраа тохижуулсныг үзлэгийн комиссоос үнэлж, тус хамт олныг “Баянбуурал” амралтад амрах эрхийн бичгээр шагнасан юм.
Бор-Өндөр өртөөний байшингийн зоорийн давхрын өрөө тасалгааг засварлаж, ашиглалтыг сайжруулжээ. Мөн Оорцог-Энгэр зөрлөгийн дарга Д.Оюун нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ИХ-ын төлөөлөгчийн сонгуультай. Тэрбээр, сум хөгжүүлэх сангаас 5.0 сая төгрөгийн санхүүжилт авч, зөрлөгтөө сагсны талбай байгуулж, гэрэлтүүлэг, хогийн савны асуудлыг иж бүрнээр нь шийдүүлжээ. Түүнчлэн, өөрсдийн санаачилгаар явган хүний замыг цутгасан бөгөөд тулгуур өртөөнөөс тэдэнд 1.5 тонн цемент худалдан авч өгчээ. Ийнхүү баг болж гар нийлж ажиллаж байгаа жишээ олон байна.
Мөн Чойр зангилаанд Машинч нарын амрах байрыг өргөтгөх шаардлагатай болжээ. 40 ортой амрах байранд 65-70 хүн амрах үе гардаг. Зарим үед зүтгүүрийн бригад ор хүлээх байдал гарч байгаа тухай Сайншанд татах хэсэгт яригдсан. Түүнчлэн, вокзалын цайны газар хаагдснаас хойш тус амрах байрны цайны газрын ачаалал улам нэмэгджээ. Төмөр замчид төдийгүй, нутгийн ард иргэд ч ихээр үйлчлүүлдэг нь хоолны амт чанар сайн, үнэ хямд байгаагийнх гэнэ. Өдөрт бараг 400 шахам хүнд үйлчлэх болжээ. Гэвч, машинч нарт үйлчлэх зориулалттай энэхүү цайны газрын ачаалал хэрээс хэтрэх нь тийм ч таатай зүйл биш. Чойр вокзал дахь Зоогийн газрын засварыг хийж, ажиллуулах нь зүйтэй гэж үзлэгийн комисс дүгнэлээ. Чойр эмнэлгийн тасаг нь гурван жилийн өмнөөс уламжлалт эмчилгээний эмчтэй болсон нь төмөр замчдын талархлыг хүлээгээд байна. Тус эмнэлгээс нөхөн сэргээх эмчилгээний зарим тоног төхөөрөмжийг авч өгөхийг хүссэн юм. Энэхүү хүсэлтийг үзлэгийн комисс дэмжиж, харин эмч нарыг төмөр замчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зорилго болгохыг хүссэн юм.
Чулуун заводын тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэнэ
Чулуун заводын Олон-Овоо-2 ордод бутлах шугам суурилуулахаар суурийг нь бэлтгээд хэдэн оныг үджээ. Учир нь, ковидын улмаас энэхүү ажил удааширсан байна. Мөн тус заводын хоёр авто ачигч техникийн эвдрэл гэмтэл ихтэй, сарын 30 хоногийн 10 хоногт нь засвартай зогсдог болжээ. Түүнээс гадна тэсрэх бодисгүйгээс бэлэн болсон 200 цооногийн тэсэлгээг хийж чадахгүй хүлээж байгаа зэрэг тулгамдсан асуудлууд яригдлаа. Үзлэгийн комиссынхон Шанхайд манай захиалгаар үйлдвэрлэгдээд бэлэн болчихсон байгаа бутлах шугамыг яаралтай худалдан авч, ашиглалтад оруулах, төлөвлөгөөнд тусгагдаагүй ч авто ачигч авч өгөх, тэсэлгээний материалын санхүүжилтийг даруй шийдвэрлэхээр боллоо.
Б.Гүнжинлхам