Шаргын-Овоо буйдхан зөрлөг. Харин өнгөрсөн намраас олны хөлд дарагдав. Эхэндээ тасралтгүй түчигнэх хос дугуйн чимээ, машин техникийн хүчирхэг нүргээн, дээр нь олон хүний сүр бараанаас хавь ойрын ан амьтан  хүртэл сүрдсэн байх. Энэ чимээ гэм хор учруулахгүй нь гэсэн аятай зээрийн сүрэг говийн бяцхан цүнхээлээ бараадан эргэн ирж, идээшилнэ. Говь шанхын нутагт шар алаг өнгөтэй сунайсан урт цуваа, шар хантаазтай замчид намаржиж бас өвөлжих нь ... Зөрлөгийн салбар замыг эзлэн зогссон шар алаг вагонуудаас өглөөний нартай уралдан их ажлын талбартаа гарч, үдшийн сартай уралдан буцаж ирэх замчдын энгийн  амьдрал. Хөндлөнгөөс харвал уйтгартай ч гэмээр... Өдөр бүр адилхан давтагдах ч  замчид өвлийн тэсгим хүйтэн жаврын өмнөөс  омог бардам сөрөх нь  эрхэмсэг хийгээд амгалан. Зорчигчийн галт тэрэг хурдлах завсраар вагоны цонхны цаанаас харсан дүрслэл сэтгэлд хадгалагдсаар алсрав.

...Саяхны нэгэн орой мөнөөх замчид шар алаг вагон цуваандаа цуглаад байхад нь сэтгүүлч миний бие аяны дөрөө мулталсан юм. Тэдэнтэй ажил үйлс, амьдрал ахуйнх нь талаар халуун яриа ч өрнүүлээд амжлаа. Их засварын замчдын амьдрал үнэхээр эгэл бус юм. Тэрхүү эгэл бус хүмүүсийн тухайд зах зухаас нь “шүүрдэж” авсны минь нэг нь ЗЗМС-ын замчин Адъяасүрэнгийн Бямбадорж. 1983 онд Эрхэт өртөөнд их засварын цувааны вагонд анх мэндэлжээ. А.Бямбадорж дөрвөн дүүтэйгээс хоёр нь мөн л их засварын цуваанд буюу Ерөө, Дулаанхаан өртөөнд мэндэлцгээсэн хүмүүс. Харин нөгөө хоёр нь Чойр өртөөний эмнэлэгт болон Улаанбаатар хотод төрсөн аж. Тийм болохоор,  түүнийг хамт олон нь “цувааны хүүхэд” хэмээнэ. Түүний ижил тавилантай хүн ЗЗМС-ынхан дунд олон. Энэ тухайд тэрбээр “Үр хүүхэд, эд хогшил, хань ижил гээд амьдралаа бүгдийг нь аваад ажлын талбарт гардаг болохоор биднийг “Цыганууд” гэж нэрлэдэг юм шүү дээ. “Би л гэхэд айлын ууган хүү.Эрхэт зөрлөгт их засварын ажилд гараад байх үедээ намайг өлгийдөж авсан юм билээ. Аав ээж хоёр маань тухайн үед гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан болохоор би одоо хүртэл ээжээрээ овоглодог. Аавыг маань Д.Эрдэнэгэрэл гэдэг. Бас л төмөр замчин хүн. 1996 онд аав минь автын ослоор  бурхан болсон. Ээж маань л биднийг өдий зэрэгт хүргэсэн дээ.Ээж дохиочин болохоор намайг дагуулаад л ажилдаа гарна. Тэгэхээр би ерөөсөө гурван настайгаасаа л төмөр замтай танилцаж, дагалдан ажиллаж эхэлсэн гэсэн үг. Намайг багад нэг классны вагонд дөрвөн айл аж төрдөг байв.  Хоёр купег нэг айлын гэр болгочихно. Тухайн үед манайх “941” дүгээр вагонд амьдардаг байлаа. Гоонио мастер, Чимбаа гээд “Хүндэт төмөр замчин” залуу, Алтангэрэл ахынх, Буржгар Жагаа ахынх гээд айлууд манай хөрш. Тэдний маань зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдүүд нь өнөө хэр нь бидэнтэй мөр зэрэгцэн төмөр замдаа ажиллаж байна. Манайх, Алтангэрэл ахынх хоёр дөрөв, дөрвөн хүүхэдтэй болохоор хамгийн өнөр өтгөн нь. Лхагваа ахынх гурав, Гоонио ахынх нэг, Буржгар Жагаа ахынх хоёр хүүхэдтэй гээд л... Вагон маань байраар бол нэг орцныхон. Ёстой л ногоон вагоноо өргөхөөс наагуур пижигнүүлнэ. Хүүхэд насныхаа  дурсамжийг эргэн санахад сайхан байдаг. Зуны их ажил дуусаж, хот руугаа ирсэн ч бүгдээрээ нэг хороололд амьдарна. Амгалангийн гурван шар, УС-15-ын байр, ЗЗМС-ын арын хувийн орон сууцууд гээд л хэсэг хэсгээрээ  төвхнөнө.Тэр үед ёстой шороо идэж өссөн найзуудаас маань одоо Механик цехэд Э.Мягмардорж, А.Анхбаяр, Э.Батзаяа, “Думкар” вагонд Д.Самбуу гээд олон хүн бий. Бидний дүү нар хүртэл үе үеэрээ энэ хамт олон дундаа ажиллаж, амьдарч байна.Томилолтоор хөдөө хээр ажиллаж байхад “Бушуухан л вагондоо очиж унтах юмсан” гэсэн бодол төрнө. Ёстой л өссөн төрсөн өлгий нутаг маань их засварын цувааны вагонууд юм даа” хэмээв.
            Их засварын цувааны галт тогооны вагонд түүнтэй ярилцаж суухад хажуухан талд буурал замчин үе үехэн цамцныхаа ханцуйгаар магнайн хөлсөө шудран халуун цай оочилно. Цаахантаа нь үе тэнгийн дөрвөн залуу үхрийн махтай халуун хоол амтархан идэх зуураа ямар нэгэн хөгжилтэй яриа дэлгэж инээлдэнэ. Тогооч бүсгүй “Талх нэмэх хүн байна уу?” гэх нь сонсогдоно. Нүдэнд харагдах  энгийн зураг. Чихэнд сонсогдох үгс гээд энэ цуваанд байгаа бүхий л зүйл нэг тийм халуун дотно. Яг л нэг гэр бүл шиг. Чухамдаа ийм л уур амьсгал, тав тух, халуун сэтгэл нэг доор цогцолдог учраас өвлийн жаврыг ажрахгүй өмнөх ажлаа дуусгахын төлөө алсын энэ зөрлөгт нутагтаа хоргодсон өнчин хун шиг эргэцэж байгаа гэлтэй.

Хөргийн маань эзэн миний энэ  бодлыг таслан, “Манайх хоёр хүү, нэг охинтой. Тэд маань хотод өвөө эмээ дээрээ байгаа.Өвөө, эмээ хоёр маань Чойрт замчин байсан юм билээ. Дараа нь аав ээж маань бас л гэр бүлээрээ энэ цуваанд ажиллаж амьдарч. Үргэлжүүлээд манай гэр бүл ажиллаж байна гээд бодохоор сайхан шүү. Ийм залуустай мөр зэрэгцэн ажиллах бахархахгүй байхын аргагүй шүү дээ. Өвөө эмээ, аав ээж маань энэ л бахархалт замналаар төмөр замд хөдөлмөр зүтгэлээ бүтээсэн гэж бодохоор миний мэргэжил ганцхан миний бахархал бус манай удам судрын бахархал юм даа. Эхнэр  маань ээжийн мэргэжлийг өвлөж, дохиочноор ажиллаж байгаа. Манай хамт олон Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн замыг тавилаа. Тавантолгой, Оюутолгойн нүүрсний зам, Хангийн зам гээд шинэ цагийн төмөр замын бүтээн байгуулалтад бид бүгд гар бие оролцлоо. Үр хүүхэд, ач зээгээ дагуулаад л “Өвөө нь энэ олон төмөр замыг бүтээн байгуулалцлаа шүү дээ” гээд ярихад бас л сайхан биз. Ид хийж бүтээх насандаа “Энэ Эрдэнэгэрэлийн хүү Бямбадорж шүү дээ” гэж аавынхаа алдрыг бүтэн дуудуулах гавьяатай, өөрийн төдийгүй гэр бүлийнхээ бахархлыг чадлынхаа хэмжээнд бүтээхийг зорьдог доо, ах нь. Энэ зорилгоо эхнээс нь бага багаар бүтээгээд л явж байна гэ боддог. Өнөөдөр ах нь “Онц хөдөлгөөнчин” болсон. Энэ тэмдгийг энгэртээ зүүлгэх тэр мөчид одоо амьд сэрүүн байгаа ээжийгээ л бодсон доо. Тэгээд дараа нь эзэмшсэн мэргэжил, намайг тойрон зогсоод алга ташин баяр хүргэж байгаа хамт олон минь бодогддог юм билээ. Ээж минь УБТЗ-д тасралтгүй 33 жил дохиочноор ажиллаад гавьяаны амралтаа авсан. Ийм олон жил эмэгтэй хүн дохионд гарна гэдэг үнэхээр тэсвэр тэвчээр, эр зориг шалгасан ажил.  Цасан шуурга, аадар бороо, идэр есийн жавар, говийн халуун нар гээд алийг тэр гэх вэ.Хойд замд л гэхэд ээж минь дохионд гарахдаа хамгийн багадаа л замчдаасаа 400 метрийн зайд дарцгаа бариад зогсдог байсан. Битүү ой мод, уул хадтай хангай газарт гав ганцаараа зогсож байгаа эмэгтэй хүн мэдээж айна, даарна, өлсөж цангана гээд олон л бэрхшээл тулгардаг байсан байх. Шаамарт ажиллаж байхдаа ээж минь баавгайтай тааралдсан гэсэн. Үнэгтэд чонотой халз тулгарсан гээд үлгэр домог шиг дурсамж бидэнд ярьдаг. Хэдийгээр өөрөө айж, өлсөж цангаж байгаа боловч миний хариуцаж байгаа ажлын цаана хамт олны минь аюулгүй байдал, амь нас бий гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулдаг байснаа  дурсдаг юм...” хэмээн ярих нь нүүрэнд нь бахархлын мишээл тодорч, нүднийх нь аяганд нулимс цэлэлцэх аж...

А.Бямбадоржийн “Бид хавар гэрээсээ гараад өвлийн эхэн сартай золготол энэ вагондоо амьдардаг болохоор дасахаас ч аргагүй.Төмөр замын салбарын жаргал, зовлонг хэдэн үеэрээ яс махандаа шингэтэл амтсаж, идэр залуу наснаасаа толгойд буурал суутал энэ л хамт олонтойгоо нэгэн сэтгэл зүтгэлээр хөглөгдөж яваа хүмүүс л ойлгоно. Түүнээс биш дээд сургуулиа төгсөөд л энэ салбараас ажлын гараагаа эхэлж буй залуус шантарч, халгах нь ч аргагүй. Дүрэмт хувцас, галт тэргээр л төсөөлөн бодож гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн ажил орсон залуус өвлийн жавар, зуны халуун нартай халз тулгаран хүнд хүчир ажил хийгээд эхлэхээр зориг зүрх нь мохно. Хамгийн түрүүнд өөр ажил олж хийх тухайгаа л бодно. Тэгэхээр залуу үедээ сэтгэл санааны болоод мэдлэг, дадал туршлагын хувьд бүх талаас нь нөмөр нөөлөг, түшиг болох нь бидний үүрэг болоод байгаа юм. Үүний л хүчинд өөрсдийн мэргэжлийн залгамж халааг бэлтгэнэ шүү дээ. Гэхдээ шинэ хүнд эхний долоо хоног чанга л даа. Тэр хэцүү санагдах үеийг давчихвал хоёрдахь долоо хоногоос өөрийн гараар хамт олонтойгоо мөр зэрэгцэж бүтээсэн хөдөлмөр, бүтээн байгуулалтаа эргэж харахад энэ салбартаа илүү ихийг хийж бүтээх, найз нөхөд, гэр бүл цаашлаад үр хүүхдэдээ бардам дурсагдах бахархлыг бүтээхийн төлөө эргэж харалгүй зүтгэж эхэлдэг” хэмээн хүүрнэх ярианаас нь  “Удам залган ажиллаж яваа түүн шиг хүмүүс л энэ мэргэжлийн үнэ цэнийн талаар арай өөр хүсэл тэмүүлэл, үүрэг зорилготой юм даа” гэсэн бодол төрж билээ.

Түүнд амжилт бүтээлийн дээдийг хүсээд сэтгэлдээ халуун бахархал, тэмдэглэлийн дэвтэртээ “амттай” яриа тээсээр их засварын цувааны гал тогооны өрөөнөөс гарав.

Тал нутагт үдшийн бүрий айлчилжээ...Зорчигчийн галт тэрэгний цонхоор Шаргын-Овоо-Замын-Үүд-2 өртөө хоорондын хос замыг тавьж эхэлж буй замчдын аж амьдралыг бодохын зэрэгцээ говийн бяцхан цүнхээлд элгээ илбүүлэн ганганах нүүдлийн шувуудын зүг хараа сунгаад өнгөрсөн намрын бодол яг л өчигдөрхөн мэт санагдана. Тэр цагт алтан шаргал өнгөөр тунаран байсан уудам тал эдүгээ цасан өмсгөлөө нөмөрч, буцах шувуудын өлгий болсон говийн бяцхан цүнхээл тошин ойтол хөлджээ. Гагцхүү зөрлөгийн салбар зам дээрх шар алаг цуваа төдийд зогссон янзаараа. Шар хантаазтай замчид зогсолтгүй хөдөлмөрлөсөн хэвээрээ... “Өвлөөс урьтаж энэ хүмүүс дулаан гэртээ харина даа” гэсэн тэртээх нэгэн бодол минь ташаа байсныг сая мэдэв. Нуур цөөрөм тас хөлдөж, нүцгэн тал цасаар хучигдаж, зээрийн сүрэг хүртэл нөмөр барааддаг энэ хатуу өвлийн өмнө замчид харин хийж бүтээх оргилуун хүсэл, ажил мэргэжилдээ шимтсэн гал халуун сэтгэлээрээ жигүүрлэн үлджээ... Тэд шинэ цагийн түүхийг бүтээхийн төлөө өвлийн хүйтнийг үл ажран ажлын талбартаа хоргодсон нь энэ буй за... Нүүдлийн шувууд, нүүдэлчин “цыган”-ууд хүн байгалийн ихэр заяа гэж энэ юм даа.

 

Б.ДЭЛГЭРХИШИГ