Сүхбаатар хэсэглэлийн Хойт зөрлөгт би одоогоос гурван жилийн өмнө очиж хонож, өнжин сурвалжилга бичиж байв. Тухайн үед Ж.Нямцэрэн хэмээх ахтай гэмгүй сайхан танилцаж, одоо хэрнээ мэндтэй устай явдаг юм. Тэр жилийн намар нь Замын I ангийн нэгдүгээр хэсгийнхээ замчидтай дахин уулзахын ерөөл тавиад салсан ч ажил амьдрал, цар тахалгэсээр энэ тэр гэсээр он цаг гурвантаа улирчээ. Саяхан, харин тэс өөр ажлын далимаар Сэлэнгэ явахдаа Хойтон зөрлөгөөр ёстой л буугаад мордов. Гурван жилийн өмнө уулзсан хүмүүс бүгд өөрчлөгджээ. Залуус төв рүү шилжиж, албан тушаал дэвшиж, зарим нь бүр Солонгосыг ч зорьсон сурагтай. Оронд нь бүр ч залуу хүмүүс ирж. Гагцхүү Ж.Нямцэрэн ах маань л харуул занги мэт торойн үлдэж... Гагцхүү ч гэж дээ, тэр угаасаа л УБТЗ-ын эхлэл цэгт тангараг өргөсөн цэрэг шиг үнэнчээрээ зүтгэж яваа замчин хүн дээ. Бэрхшээл тоочиж гомдоллохгүй, улс төр ярьж уухирахгүй яг л байгаагаараа. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, амьдрал аж төрөлдөө сэтгэл хангалуун. Төмөр замын тээврийн ном журмын галт тэргийг саадгүй явах аюулгүй байдлыг цогцлоохын хажуугаар амин хувьдаа аж ахуй эрхэлж, мордоод явах морьтой, саах үнээтэй, тэр бүү хэл тахиа шувуутай. Тэрүүхэндээ “под хийж" суугаа хүн... "Нэг үеэ ч бодвол залуучууд маань интернэттэй, зурагттай, дуртай цагтаа орох халуун устай сайхан болчихлоо. Ирэх жилээс манай хэсэгт орон сууц барьж өгөх юм гэнэ. Одоо тэгээд, замчид биднийгээ үүнээс илүү хайрлаж, халамжилж, тав тухыг маань хангана гэж юу байх вэ. Санаснаар болдог бол шинэ залуус эндээ цэвэр агаарт, дуу чимээнээс хол аж төрөөд байж болмоор... Ах нь таван жилийн дараа тэтгэвэртээ сууна. Тэгээд хувиараа юм хийж үзэх санаа бий. Залуучуудад “Та нараас хэн нь ч байсан давхар аж ахуй эрхлээд, эндээ суурьших бодолтой явбал чадах чинээгээрээ дэмжинэ. Бүх боломж бололцоо нь ч бэлэн байна"... гэж ч хэлж үзлээ. Үг авах шинжтэй хүн алга. Өнөө цагийн залуусын маань санаа бодол арай өөр зүйлд байдаг бололтой юм. Энэ амьдралдаа дасчихсан мань мэтэд нь ч ойлгох ухаан хүрэхгүй юм даа..." гээд тэрүүхэндээ маг маг инээсэн... УБТЗ гээд ярихаар 16 мянган гишүүнтэй нүсэр байгууллага мэт бодогдовч тэдгээр олон гишүүний ажил үйлс ийм л хээгүй гүдэсхэн хүмүүсийн хичээл зүтгэлээр хөглөгдөж, оюун бодлоор сүлэгдэж явдаг юм шүү дээ.
Б. ДЭЛГЭРХИШИГ