Мэдээлэл технологийн албаны дарга Х.Анартай  “УБТЗ”-ын хэмжээний цахимжуулалтын ажлын явцын талаар ярилцлаа.

 

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд”УБТЗ” ХНН ямар ажлуудыг хийж байна вэ?

 

-Одоогийн ашиглаж буй программ хангамжийг сайжруулахын зэрэгцээ төлөвлөгөөт ажлууд болон Замын удирдлагаас өгч буй үүрэг даалгаврын дагуу шинээр ажлууд хийж байна. Ер нь, программ хангамжийн сайжруулалт, шинэчлэлтийг тасралтгүй хийсээр байна. Манай дээр хийж байгаа гол ажлуудаас дурдвал:

  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Е-нормативыг хөдөлгөөнт төхөөрөмжөөс бүртгэх iOS, Android аппликэйшнуудыг ашиглалтад оруулах

  • Зүтгүүрийн засварын программ

  • АТҮЦС-д Зочин хэрэглэгчийн нэмэлт, санамж бүртгэлийн программ  болон вагон захиалга

  • УБТЗ ХНН ХУР-ын сүлжээнд холбогдож төрийн үйлчилгээг хялбар авах, УБТЗ вагон хангалтын мэдээг ХУР-ын сүлжээнд нэгтгэх.

  • Гаалийн ерөнхий газартай мэдээлэл солилцож, ачаа тээврийн захиалга, гаалийн мэдүүлгийг мэдээлэл солилцооны шугамаар дамжуулан цаасны хэрэглээ болон үйлчлүүлэгчийн цагийг хэмнэх

  • Улс хоорондын ачаа тээврийн цахим мэдээний солилцож буй мэдээллийг тооцох, солилцсон мэдээллийн тайланг гаргах, боловсруулах чиглэлээр ажиллан мэдээллийг автоматаар татан боловсруулдаг болгох

“Цахим Монгол” ажлын хүрээнд УБТЗ-ын вэб сайтад байгууллагын ил тод байдлын мэдээллийг харуулдаг болгосон. Үүнд:

  • Ил тод байдал цэс нэмж, 16 дэд цэстэйгээр албадуудын мэдээллийг байршуулах талбар хийж хөгжүүлсэн

  • Мэдээ цэсэнд ачилтын захиалгын ил тод байдлын мэдээллийг харуулдаг болгосон

Цаашид экспортын ачилтын захиалгын мэдээллийг илүү боловсронгуй болгож харуулахаар мэргэжлийн алба болох Тээвэр зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байна.

Цахим гарын үсгийг өөрийн программуудад ашиглаж байна. Цаашид тайлан, мэдээг цаасгүй болгож, цахим гарын үсэгтэй болгохоор төлөвлөж байна. Ажлын байранд хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах биш цахим хэлбэрээр илгээдэг.

 

-Замын хэмжээнд төлөвлөсөн ажлуудаас үр дүнгээ өгч буй ажлууд бий юу?

 

-Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Е-нормативын вэб хувилбарыг ашиглалтад оруулж нийгэмлэгийн хэмжээнд ашиглаж байна. E-норматив программын хэрэглэгчдийн саналыг хүлээн авч, ашиглалтын талаар зөвлөгөө өгч, хэрэгжилтэд болон ашиглалтад хяналт тавьж ажиллаж байна.

Бид ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг илүү боловсронгуй болгох тал дээр Тээвэр зохион байгуулалтын албатай хамтран ажиллахдаа төлөвлөгөөний дагуу шинээр нэвтрүүлэх ажлуудын техникийн даалгаврыг боловсруулж, систем шинжилгээг хийж, хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн.

Цахимжуулж буй ажлын байрны үйл ажиллагааны дарааллыг гаргаж байна.Тоон гарын үсгийн хэрэглээг цаг тухай бүрт нь олголтыг хүчин төгөлдөр гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар, Замын хэмжээнд 68 байгууллагын 380 гаруй ТГҮГ-г /Тоон гарын үсгийн гэрчилгээ/ дарга болон инженер техникийн ажилтан нар ашиглаж байна.

Салбарын нэгдсэн платформд ГТХЗНТ-д сар бүр pdf форматаар өгдөг таван төрлийн статистик тайланг байршуулж тайланг цахимжуулсан. ЗТХЯ ч эдгээр тайланг ашиглаж байгаа. Санхүү албаны орлогын хэлтэст сар бүрийн тайланг харилцааны төрөл болгоноор дэлгэрэнгүй явуулдаг болгож байна.

УБТЗ болон РЖД хоорондын ачаа тээврийн цахим мэдээлэл солилцоо, тээврийн цахим бичиг баримтын чанарыг дээшлүүлэхээр РЖД-тэй хамтран өнгөрсөн тавдугаар сарын 02-ноос  зургадугаар сарын 26-ны өдрүүдэд дүн шинжилгээ хийн ажилласан. Энэ хугацаанд тээврийн нийт 2356 бичиг баримтыг шалган, 10 төрлийн алдааг тодорхойлон программ хангамж, мэдээллийн системтэй шууд холбоотой таван алдааг засварлан, сайжруулсан. Ингэснээр РЖД-д УБТЗ-аас хүлээн авч буй ачаа тээврийн цахим мэдээний чанар дээшлэн, Сүхбаатар-Наушки чиглэлийн ачаа тээврийн бичиг баримтын бүрдүүлэлт, урьдчилсан мэдээний илгээлт, хилийн өртөөнд тээврийн бичиг баримтыг технологит хугацаандаа гүйцэтгэж байна.

Мөн “Мэдээлийн систем, программ хангамж хөгжүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулсан.

 

-Төмөр замын тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлж буй программ хангамжууд олон бий. Тэднээс онцолж нэрлэвэл ?

 

Төлөвлөгөөний дагуу АТҮЦС, АТМС, НАТУРКА –ын нэмэлтүүд хийгдэж байна.

  • АТМС-ТКАС – Ачаа тээврийн бичиг баримтын программ

  • АТҮЦС – Ачаа тээврийн үйлчлүүлэгчийн программ

  • АТМС-Натурка – Ачаа тээврийн хөдөлгөөний программ

  • Зүтгүүрийн ашиглалтын программ

  • Зүтгүүрийн машинч, цалин, түлшний тайлангийн программ

АТҮЦС, ЗТҮЦС, Вагон хайлт, Натурка зэрэг программ хангамжууд нь иргэд болон  байгууллагын хэмжээнд ашиглалт сайн эрэлт хэрэгцээтэй байгаа.

Энэ онд “Хэмжих хэрэгслийн бүртгэлийн программ”, “Е-норматив цахим нормативын программ”-ийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн шинээр “Олон улсын тээвэр зуучлалын төвийн IFFC программ”, “Е-норматив гар утасны апп”, “Цахим зүтгүүр” гэх мэт программ хангамжуудын  хөгжүүлэлтийг хийж байна.

Вагон хангалтын мэдээллийг илүү боловсронгуй болгохоор Тээвэр зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байгаа. Байгууллагуудын цахимаар авч буй үйлчилгээний гэрээ сунгалт, багц сунгалт зэрэг ажиллагааг цахим болгох талаарх судалгааг хийж байна. Байнгын харилцагч гэрээт байгууллагуудаас гадна нэг удаагийн тээвэрт оролцож буй иргэд, байгууллагын захиалгыг өртөөнд очиж өгдөг байсныг хялбарчилж, танилт, нэвтрэлтийн – Дан систем ашиглан системд нэвтэрч захиалга өгдөг болгох ажлыг хийж байна.

Тээврийн үйл ажиллагааг цахим болгох ажил нь чухал ач холбогдолтой тул мэргэжлийн албадтай хамтарч ажлын технологийн судалгааг маш сайн хийж гүйцэтгэх нь чухал. Мэргэжлийн алба, хэлтэс, төвүүд үр дүнг чухалчлахгүй цаг хугацаанд баригдан техникийн даалгаврыг боловсруулж гаргах нь учир дутагдалтай санагддаг.

Төмөр замын үндсэн бичиг баримтуудыг цаасаар үйлддэг байсныг бүрэн цахимжуулж хатуу тооцоот бичиг баримтуудыг программ болгож автоматжуулснаар маш их үр дүнд хүрсэн.

 

-Ер нь, төмөр замчдын ажлын байр автоматчилагдаж, цахимжихын хэрээр ажлын бүтээмж нэмэгдэх, үргүй зардлууд буурах, үйлчилгээний чанар дээшлэх, шуурхай болох зэрэг үр дүн гарах ёстой гэж ойлгодог. Гэтэл зарим төмөр замчид цаас огт багасахгүй байна гэх юм. Цахимжилтын үр дүнгийн талаар мэргэжлийн хүний хувьд та ямар дүгнэлт хэлэх вэ?

 

-Нэг үеэ бодвол ажлын байрууд компьютержиж ажилтнууд нь тэр талын мэдлэгтэй болсон байна. Ажлын байруудыг цахимжуулж цаасны хэрэглээг багассан ч тэдгээр ажлын байранд ажилтны хийсэн орлого, зарлага, үйл ажиллагааг болон тайланг шалгаж байгаа процедур нь буцаад л цаас нэхдэг. Тиймээс тэр олон тайлан, анхан шатны бичиг баримтыг цаас болгон гаргаж байна. Санхүүд өгдөг ачаа тээврийн, зорчигчийн бүх тайланг цаасаар хэвлэж өгдөг. Программ хангамжийг цаасгүй байдлаар нэвтрүүлж байгаа боловч бичиг баримт, тайланг заавал цаасаар авах журмуудыг хүчингүй болгож байж үр дүн гарна.

Иймээс ажлын байрыг цахимжуулахдаа хяналт шалгалтыг ч бас цахимжуулж өөрчлөлтийг дүрэм журамдаа оруулах хэрэгтэй. Тэгж байж л цаасны хэрэглээ багасна.

Тухайн салбарын ажлыг доороос нь дээш эцсийн цэг хүртэл бүрэн системчлэх судалгааг хийхгүйгээр хэсэгчлэн судалж цахимд оруулж байгаа нь учир дутагдалтай санагддаг.

Программ хангамжууд нэвтэрснээр цаасны хэрэглээ тодорхой хэмжээнд буурсан ч бүрэн цаасгүй болгохын тулд программ хангамжуудыг сууриар нь нэгтгэж, нэгдсэн системд ажилладаг болгох. Нэгдсэн систем болгоход хүний нөөц буюу програмист инженерүүдийн тоог нэмэх, сул орон тоо байвч хүн орохгүй байгаа тул цалин хөлс, урамшууллын орчныг сайжруулах хэрэгтэй байна.

 

-УБТЗ-ын хэмжээнд цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч хүндрэл бэрхшээл бий юу?

 

-Цахим хөтөлбөрийн ажлуудыг үндсэн ажлынхаа хажуугаар давхар хийж байгаа тул ажлын ачаалал эрс нэмэгдсэн.

Төмөр замын ИТА-нууд нэгдсэн нэг зорилготой болж, цахимжуулалтад хамтдаа хичээж нэг ажил хийж байгаагаа ухамсарлах, техник технологийн эрин зуунд төмөр замд ашиглагдаж буй программ хангамжуудаа ашиглаж, хэрэглэж сурах шаардлагатай.

УБТЗ-ыг цахимжуулахад маш их тайлан, төлөвлөгөөг цаасан байдлаар хэвлэж, маш олон алба, хүнд тараадаг хэвшлээсээ салахгүй байгаа нь гол бэрхшээл болж байна. Үүнийг хамгийн түрүүнд цэгцлэх хэрэгтэй. Дотоод сүлжээгээр мэдээллийг цахимаар, албан бичгээр гэх мэт дамжуулдаг хэдий ч энэ үйл явц удаан, шат дамжлага ихтэй байна. Цахим гарын үсгийн хэрэглээг яаралтай нэвтрүүлж, ялангуяа шийдвэр гаргадаг ажилтнуудад хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй.

Цаашид цахимжилтын ажил ихсэх хандлагатай байгаа тул УБТЗ ХНН-ийн нь  программ зохиогч, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн орон тоог, программист инженерийн цалин, шагнал урамшуулал нэмэх зэрэг шийдвэрлэх  асуудлууд байна.

 

-Цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй компьютер, техник хэрэгслийн шинэчлэлийг хөндөх шаардлага үүсэх болов уу. Замын хэмжээнд ашиглагдаж байгаа компьютер техник хэрэгслийн хэдэн хувийг шинэчлэх шаардлагатай вэ. Ялангуяа, шугам замынхны хувьд маш хуучирсан, ажиллахад хүндхэн байна гэх асуудлыг Замын даргын үзлэгийн үеэр ярьж байгаа харагддаг?

 

-Шинэчлэх шаардлагатай гэж бодож байна.  Үйлдлийн системээс эхлээд программ хангамжууд нь тогтмол шинэчлэгддэг. Иймд ажлын байрны нөхцөлтэй уялдуулан хэрэгцээг нь тодорхойлон судалгааны үндсэн дээр тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх шаардлагатай. Техник хэрэгсэл бүр тодорхой хэмжээний ашиглалтын хугацаатай байдаг тул үе шаттайгаар хуучин төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай.

УБТЗ-д хэрэглэж байгаа компьютер, тоног төхөөрөмжийг таван жилийн хугацаатайгаар тогтмол шинэчилж байх нь зөв. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн хүрээнд таван жилд шинэчлэх заалттай байдаг. Гэтэл ажилтан, албан хаагчдын компьютер хэрэгслийг солих хугацаанд нь сольдоггүйгээс үүдэн шинэ программ хангамж суулгах, цахим албан хэрэг хөтлөлтийн программ хангамж хэрэглэх зэрэг зүйлүүдийг ашиглахад компьютерийн үзүүлэлтүүд хоцрогдсон байдгаас хүндрэл бэрхшээлүүд маш их гардаг.

Мэдээж сайн багажтай ажилтны ажиллах хурд, бүтээмж тэр хэмжээгээрээ л өндөр байна. Жишээ нь, шугам замын зорчигч ачааны кассируудын компьютер тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдал хурдан шуурхай ажиллагааг хангах үүднээс тогтмол шинэчилж сайжруулж байх хэрэгтэй.

Манай албаны хувьд  нэн тэргүүнд IT салбарын компьютер, техник хэрэгслийг сайжруулан шинэчлэх шаардлагатай байдаг ч шинээр орсон зарим ажилтныг ажлын гол багаж болох компьютер, техник хэрэгслээр хангаагүй л байна.

 

 Б.Гүнжинлхам