Үзлэгийн үеэр их, бага эмчийн тасгийн эмч нарын хэлснээр төмөр замчдын дунд амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн, цусны даралтын өвчлөл төдийлөн буурахгүй байгааг хэлж байлаа. Энэ нь амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, ажил амралтын дэглэм барихгүйгээс дархлаа нь муудаж, ханиад томуу, вирус хүлээж авахдаа амархан байгааг онцолж байсан юм. Тухайлбал, Чойрын их эмчийн тасаг зангилааны 1047 ажилтан, тэдний ар гэрийнхэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг аж. Нийт ажилчдын өвчлөлийн хувьд амьсгалын замын өвчлөл тэргүүлж, хоол боловсруулах эрхтний өвчлөл удаалж байгааг их эмч Б.Одончимэг хэллээ. Тэрбээр, “Зангилааны 11 аж ахуйн нэгж байгууллагаас хөдөлмөрийн чадвараа хамгийн их алдаж буй нь Замын III анги, өртөөд байна. Замын III ангид өвчлөлийг албан тушаалаар нь авч үзвэл замчид буюу гадаа хүнд нөхцөлд ажиллаж буй хүмүүс их өвдсөн. Амьсгалын замын өвчлөл их байгаа нь улирлын чанартай ханиад томуу ихэссэнтэй холбоотой. Ханиад томуу нь хүндэрч хатгаа болоод ирж байна. Бид сар бүр хөдөлгөөний байгууллагуудаар явж хүмүүсийн даралтыг үзэж, ажил амралтын дэглэм нь ямар байх ёстой талаар сургалт хийдэг. Ээлжийн ажилтай хүмүүс залуугаасаа даралт нь ихэсдэг, мөн ходоод гэдэсний өвчлөл ихтэй орж ирж байна. Энэ нь тэдний амьдралын буруу хэв маяг болон цахим орчин хөгжсөнтэй холбоотой. Дээхэн үед өртөөний жижүүр, машинч нар ээлжээс буусан л бол үзэж харах юм багатай шууд унтаж амардаг байлаа. Одоо бол залуус унтаж амрахгүй гар утас, компьютер ухаж, цахим орчин хэрэглэснээр тархи нь амарч чадахгүй, нойргүйдэлд орж байна. Зарим нь зүрхний хэм алддаг тохиолдол их. Тиймээс ээлжээс буугаад аль болох харанхуй орчин бүрдүүлж унтах нь чухал. Харанхуй орчин бүрдэхүй бол нүдний хаалт хийх хэрэгтэй” гэв.