Саваа мод шидэнгүүт шууд л араас нь ухаангүй давхидаг нохой мэт бодол бүрийнхээ араас эцэж унатлаа гүйхийн оронд арслан шиг саваа шидэгч рүү эгцлэн харж бай. Нохой руу хэдэн ч удаа, юу ч хамаагүй шидэж болно, бүгдийг нь үмхэнэ, дагаж хөөнө, хөөцөлдөнө. Харин арслан руу ганц л удаа шидэж болно.
Мял Богд
Будда гурван төрлийн залхууг тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт бидний мэддэг залхуурал. Ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болсон үед. Хоёр дахь нь өөрийгөө буруугаар мэдрэх буюу сэтгэн бодох залхуурал. "Би амьдралдаа хэзээ ч юу ч хийж чадахгүй хүн”. Гурав дахь нь чухал бус зүйлд байнга санаа зовдог. Үүнээс сэтгэлийн амар амгалан алдагдаж, тавгүйтэх шалтгаан болдог. Тиймээс, ширхэг будаан чинээ гасланг ч битгий сэтгэлдээ агуул. Нүдэнд өчүүхэн тоос шороо төдий ороход ямар их зовиуртай байдаг билээ? Яг түүн шиг бидний сэтгэлд ганцхан будааны чинээ зовлон байхад бид маш их шаналал амсдаг. Нэг үгээр хэлбэл, зовлон яг л будаа шиг үрждэг гэдэг. Сэтгэл бол эрдэнийн сав л гэсэн үг. Бид эрдэнийн савандаа хамгийн сайхан эрдэнээ хадгалдаг шиг сэтгэлдээ хамгийн сайхан дурсамж, аз жаргалаа хадгалах ёстой. Гуниг зовлонг хэдий удаан сэтгэлдээ тээнэ тэр чинээгээр бидний амьдралыг зөв талаас нь эерэгээр харах өнцөг үгүй болж байдаг. Иймээс будаан чинээ зовлон сэтгэлээсээ “үргээж” байгаарай. Амьдралыг ямар өнгөөр харна, яг л тийм өнгөөр танд харагдана шүү.
.................