Төмөр замчид өвлийн тээврийн бэлтгэл ажлаа хангаж буй энэ цаг дор Улаанбаатар өртөөгөөр орж, сурвалжилсан юм.  

 

Улаанбаатар өртөөний дарга Ц.Төрмөнх  өвөлжилтийн бэлтгэлийнхэ тухайд “Манай хамт олон их завсар, их барилгын хүрээнд нэлээд олон ажил төлөвлөсөн. Тухайлбал, Туул зөрлөгийн шугамын их засвар үргэлжилж байна.  Улаанбаатар өртөөний дээврийн их засвар, “Ажилтны хөгжлийн төв”-ийн халаалтын ялтсан бойлерын засвар, Хангай зөрлөгийн замыг уртасгах, ажлын байрны  нь их засвар дууслаа. Эдгээр төлөвлөгөөт ажлуудаас гадна  ажлын байруудыг тохижуулах санаачилгыг өртөөний удирдлагын багийн хэмжээнд дэвшүүлээд ивүүрчний постуудын гадна засвар, дотоод засал чимэглэл, тавилгын тохижилт, халуун хүйтэн устай болгох ажлыг хийсэн. Саяхан сургалтын танхим, ачаа вагон хүлээлцэгч нарын өрөөг мөн ажилтнуудынхаа хүчээр хийж дуусаад байна. Дээр нь, Хонхор өртөөнд манай аюултай ачаа бүгд буудаг учраас тэнд ЦХОБА-ны нэг тасаг бий. Тухайн тасгийн өрөө тасалгаа хүйтэн, тохьгүй байгааг тухайн тасгийн алба хаагчид Замын даргын үзлэгийн үеэр ярьсан юм.  Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн бидэнд үүрэг өгсөн. Уг үүргийн дагуу ажлын байрыг нь дулаалах, засах ажлыг бүрэн хийж дууссан. Мөн Улаанбаатар-2 өртөөний ажилтнууд зөөврийн хоолтой байсан. Замын II ангийн хамт олон санаачилж өөрийн балансын байраа цайны газар болголоо. Ингээд тухайн байрыг засаж, 36 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийг нь шийдлээ. Одоо Улаанбаатар-2 өртөөний 50 гаруй ажилтан халуун, чанартай хоолтой болсон” хэмээн ярилаа.

Орчин цагийн компаниуд тэргүүлэх зэрэгтээ тавьдаг дээрх жишгийн дагуу ийнхүү өвлийн хүйтэнд, зуны аагим халуунд гадаа олон цагаар ажилладаг хүмүүсийнхээ ажлын байрны тав тухыг хангах, таатай орчныг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч буйгаа өртөөний удирдлагууд онцолж байлаа. Тэд их хэмжээний төсөв шаардах ажлаа Замын их барилга, их засварын төлөвлөгөөнд тусгуулдаг бол бага хэмжээний өртөгтэй засварыг  ажилтнууд өөрсдийнхөө хүчээр хийх сонирхолтой байдаг гэнэ. Ингээд тухайн өдрийн ээлжинд ажиллаж байсан зарим хүнтэй уулзсан юм.

 

Ү.ДАШДАВАА: ИВҮҮРЧИД ТОХИЛОГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЛОО

Улаанбаатар өртөөний ивүүрчин

-  УБТЗ-д галт тэрэгний найруулагчаар 23 жил ажиллаад сүүлийн дөрвөн жилд ивүүрчнээр ажиллаж байна. Бид өвөлдөө гал түлдэг, тохь тух муутайхан байранд ажилладаг. Одоо харин тохь тухтай байранд орлоо.. Өдрийн 12 цагийг өнгөрүүлдэг байрыг маань ийм сайхан тохилог болгоход хөрөнгө санхүү болоод бусад талаар дэмжлэг үзүүлсэн удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Б.МӨНХЦЭЦЭГ: АЖИЛЛАХ ОРЧНОО ӨӨРИЙН ГАРААР БҮРДҮҮЛЭХ УРАМТАЙ

 

- Манайхан дунд гарын ур дүйтэй хүн олон бий. Би төмөр замд орохоосоо өмнө барилгын засал чимэглэлийн курс төгссөн учраас 2017 оноос өртөөнийхөө хэмжээнд хийсэн тохижилтод оролцдог. Ивүүрчид, ачаа тээврийн агентууд гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс нэг бригад болоод л ажлын байрныхаа засал чимэглэлд ханцуй шамлан орно шүү дээ. 2023 онд л гэхэд бид гурван зөрлөгт засал чимэглэлийн ажил хийлээ. Мөн сургалтын танхим, ивүүрчдийн ажлын байрыг тохижууллаа. Байгууллагын удирдлагууд ч биднийг дэмждэг. Ер нь, бид өөрсдийнхөө тав тухтай орчныг бүрдүүлж байгаа учраас сэтгэл өег байдаг юм.

2024 ОНД ТЭЭВРИЙН БИЧИГ БАРИМТЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА

 

Улаанбаатар өртөөний хамт олон ачаа тээврийн бичиг баримтуудыг цахимжуулахад санаачилгатай ажиллаж байгаа аж. Тус өртөөний орлогч дарга Н.Тэнгисийн гардан хэрэгжүүлж эхэлсэн энэ ажил эдүгээ үр дүнгээ өгч эхлээд буйг тэд онцолж байв.  Цаашид тус өртөөнийхөн АБТЭМА-тай ижил түвшинд буюу ирсэн, буусан вагоныг шууд аваад гарах боломжийг бүрдүүлэх зорилт  тавин ажиллаж байгаа гэнэ. Ингэхийн тулд бусад терминалуудтай мэдээллээ цахимаар солилцох үйл ажиллагааг журамлачихвал хөрөнгө мөнгө ч шаардагдахгүй гэдгийг албаны хүмүүс дурдаж байв.  Цахим үйл ажиллагаа төгөлдөржихийн хэрээр цаг хугацаа, хүн хүч, зардал гээд маш олон төрлийн хэмнэлт гарна гэж үзэж байгаа бөгөөд 2024 онд тээврийн бичиг баримтыг өртөөнийхөө хэмжээнд бүрэн цахимжуулахаар төлөвлөжээ. Ялангуяа, салбар зам, ачилт буулгалт хийж байгаа терминалуудыг цахим үйл ажиллагаанд далайцтайгаар оруулахаар ажиллаж байгаа юм байна.

 

Д.БАДАМСҮРЭН: ОРЧИН ЦАГИЙН ХӨГЖИЛ ХУРДАЦТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Улаанбаатар өртөөний зохицуулагч

 

-Би 2008 онд Улаанбаатар өртөөнөөс ажлын гараагаа эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш пүүлэгч, агент, тооцооны оператороор, 2019 оноос өнөөг хүртэл ачааны диспетчерээр ажиллаж байна. Өнгөрсөн цаг хугацааг харахад хөгжил дэвшил алхам алхмаар урагшилж, тэр хэрээр хүний гар ажиллагаа багассан. Цаг хугацааг хэмнэсэн цахим шийдлүүд олноор нэвтэрч байна. Орчин цагийн залуус ч технологийн хөгжилдөө илүү ойр, чадварлаг болж байна. Тухайлбал, өмнө нь бид нэг бүрчлэн гараар бичдэг байсан бол одоо шөнийнхөө нарят дээр телеграммаар  бичээд л солилцдог болсон. Манай пүүлэгч нар газар дээр нь очиж гараараа бичилт хийгээд ээлжийн ахлахтайгаа утсаар холбогдож мэдээгээ өгдөг байлаа. Шөнө очсон хүмүүс чингэлэг, дугаар, серийн дугааруудыг нэг бүрчлэн бичихдээ тоо зөрүүлэхээс эхлээд алдаа их гарна. Түүнийг нь заавал биет байдлаар очиж шалгахгүй бол мэр сэр зөрчил гардаг байлаа. Өдрийн цагаар ч ялгаагүй авто замын түгжрээнээс шалтгаалж явсан пүүлэгч хэзээ ирэх нь тодорхойгүй цаг хугацаа алддаг байсан. Харин цахимаар ажиллаж эхэлснээс хойш тухайн тоог үндсэн бичиг баримттай нь тулгаад л явчихдаг болсон хэмээн ярилаа.

 

ХОЛБОГЧ-НАЙРУУЛАГЧИЙН МЭРГЭЖИЛ ХОМСДОЛД БҮҮ ОРОХ ВИЙ

 

Намрын сэрүү унаж, навчис сэрчигнэсэн жиндүүхэн өдөр Улаанбаатар өртөөний Ялгах довын хажуугаар шүгэл хангинуулж, шар дарцаг намируулсан холбогч, найруулагч нар жавхаа төгөлдөр харагдана. Вагоныхоо бөөрөнд хурдны морь унасан хүүхэд шиг цог золбоотой давхиж яваа тэд бол яах аргагүй төмөр замын тээврийн амин мэргэжилтнүүд юм.  Өвөл  -30, -40 хэмийн хүйтэнд вагоноос зүүгдээд явахад тухайн температур 5-10 хэмээр нэмэгддэг гээд бодохоор энэ ажилд хэр баргийн аавын хүү тэнцэхгүй нь ч аргагүй. Анхаарал болгоомж, авхаалж самбааг хором тутамд чандлан ажилладаг энэ мэргэжлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгаа нэгэн эрхэмтэй уулзаж цөөн хором ярилцсан юм. Түүнийг З.Цоггэрэл гэдэг. Тэрбээр 21 настайдаа Улаанбаатар төмөр зам хэмээх их айлын босгоор алхан орсноор холбогч, найруулагчийн замналаа эхлүүлжээ. “Өвөө маань “шүгэл Сайнаа” нэрээрээ алдаршсан мундаг найруулагч байлаа. Аав Загаржав минь бас л Улаанбаатар өртөөндөө найруулагчаар ажиллаж байсан хүн. Би гурав дахь үеийн төмөр замчин учраас энэ холбогч найруулагчийн мэргэжил бол миний бахархал юм. Намайг энэ хамт олны дунд олон жил тогтвортой ажиллахад хүргэсэн бас нэгэн шалтгаан гэвэл цалин хөлснөөс гадна мэргэжил нэгт нөхдийн минь эв нэгдэлтэй, нийтэч байдал. Зовлон жаргалаа хамт хуваалцаж яваа ажлын хамтрагч нар гэдэг юугаар ч сольшгүй үнэт зүйл шүү дээ. Хүн бүр алдаа гаргадаг. Харин тэр алдаанд нь дөрөөлөн хавчих бус дахин алдахгүй байх боломжийг нь олгоход хамт олны үнэ цэнэ оршдог.  Өнгөрсөн хугацаанд би ч алдаа гаргаж л байсан. Тэр алдааг минь уучилж, чаддаг мэддэгээрээ тусалж, зөвлөдөг учраас ажлын хамтрагчдаа би хүндэлдэг. Холбогч найруулагчийн мэргэжлээр хүн бүр тууштай ажиллаж чаддаггүй. Ялангуяа, залуучууд ажилд ороод нэг жил ч бололгүй гараад явчихдаг. Арга ч үгүй бидний ажлын нөхцөл хүнд л дээ. Гэхдээ цаашид чадварлаг холбогч найруулагчдыг тогтвортой бэлтгэхийн тулд Замын удирдлагаас бодлогоор анхаараасай гэж би хувьдаа боддог. Энэ ажлыг дадлагын оюутан 2-3 сар хийгээд бүрэн сурахгүй. Сайн найруулагч бэлдэхэд хамгийн багаар бодоход таван жил шаардлагатай. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар өртөөнд 10-аас дээш жил ажилласан найруулагч маш цөөн байна. Залуучууд энэ ажилд яг арга барилаа олоод ирэх үед нь албан тушаал дэвшүүлээд авчихдаг. Энэ нь нэг талдаа сөргөөр нөлөөлж байх шиг. Ингэж явсаар холбогч-найруулагчийн мэргэжил хүний нөөцийн хувьд хомсдолд орох вий гэж эмзэглэх юм. Тиймээс ахисан шатанд ажиллуулах залуусаа холбогч найруулагчаар ядаж 2-3 сарын хугацаанд дадлагажуулаад авдаг. Тогтвортой ажиллахыг нь харин тууштай, урт хугацааны бодлогоор сургадаг болоосой гэж боддог. Би энэ жилээс ивүүрчин боллоо. УБТЗ-ын хэмжээнд байдаг 14 ивүүрчний нэг болж байгаа нь төмөр замчин хүний хувьд бас нэгэн бахархал юм даа. Ах нь өнгөрсөн хугацаанд олон ч залуусыг дагалдуулж, чаддаг мэддэгээ заахыг хичээж явна. Хүний хандлага нүүрэндээ илэрхий байдаг юм. Өнөөгийн нөхцөлд төмөр замчид бага цалин авч байгаа нь үнэн. Гэлээ гээд нэгэнт эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа сэтгэл дутааж болохгүй. Өнөөгийн залуусын маань дунд зөвхөн мөнгө бодсон сэтгэлгээ давамгайлаад байгаад жаахан сэтгэл дундуур л явдаг юм хэмээн дурсамж, сургамж дүүрэн яриа дэлгэсэн билээ.

 

Улирлын аяс хүмүүний хүсэл зорилгыг мохоодоггүй шиг Улаанбаатар өртөөнийхний нийтэч, халуун дулаан уур амьсгал, хүн бүрийнх нь хөдөлмөрч зан хөврөн одох он жилүүдийн урсгалд улам бүр бэхжиж, байгууллагын соёл, түүхэн уламжлал, хэтийн ирээдүйн илч гэрэл болсоор яваа ажгуу.

 

 

Б.Дэлгэрхишиг