Нүүр Түүхийн хуудас сөхөхүй Мана уул яагаад манайх биш болсон бэ?
Түүхийн хуудас сөхөхүй

Мана уул яагаад манайх биш болсон бэ?

G.Press 11 цагийн өмнө 17 үзэлт 0 сэтгэгдэл

Халхголын тулалдааны талаар сошиалаар гарч байгаа постуудыг харахад, зарим хүн энэ үйл явдлын тухайд ямар муу мэдээлэлтэй байдаг юм бэ гэж эрхгүй харамсах сэтгэл төрөх юм.

Хаа байсан Буйр нуурын зүүн эрэг, Халхын сүм орчмын газруудыг ч хутгачихсан байх шиг. Угтаа бол Халхголын тулалдаан хойд талаараа Одон нуурын /БНХАУ/ харалдаа, урд талаараа Эрс уул хүртэлх 60 орчим км урт, өргөөшөө Халхголын зүүн эргээс 5-20 км газрыг хамарсан л тулалдаан шүү дээ, үүнд Буйр нуур зэрэг газрууд огт өртөөгүй.

Үүнээс ганцхан Баянцагааны тулалдаан нь голын баруун эрэгт болсон, "гарамын" гэж нэрлэгддэг тулалдааны үеэр япончууд баруун эрэгт гарах гэж оролдсон ч чадаагүй, бусад бүх ажиллагаа нь зүүн эрэгт болсон байдаг нь Манж-Го-гийн талынхан хоёр улсын хилийг Халх голоор зааглагдаж байгаа зураг гаргаж ирээд зүүн эрэг нь бүхэлдээ манай нутаг гэж маргасан бол манайхан мөн хилийн заагийг Халхголоос зүүн тийш хамгийн ихдээ 20 орчим километрийн цаагуур тогтоосон түүхэн зураг гаргаж ирээд манайх гэж маргаснаас үүдсэн юм.

Одоо яагаад Халхголын ялалт гэж нэрлэдгийн учрыг мөшгөе. 1939 оны наймдугаар сарын 20-нд манайхан, мөн л бидэн рүү дайрахаар идэвхийлэн бэлтгэж байсан Япон-Манж-Го-гийн нэгдсэн VI  армийн Монголын нутаг дэвсгэр дээр байгаа хүчийг бүслэн устгах их давшилтыг эхлүүлсэн.

Зөвлөлт-Монголын цэргүүд Монгол Улсын албан ёсны хил гэж үзэж байсан газар хүртэл давшиж, дайсныг 1939 оны наймдугаар сарын 20-нд бүрэн бүслээд, хилийн заагт хориглолтын шугам бий болгож, Манж-Го-гийн нутгаас бүслэгдсэн цэргүүдэд туслах хүч ирэхээс сэргийлж, хамгаалсан, тэр үеэр бусад цэргүүд бүслэгдсэн дайсныг устгах ажиллагаандаа орсон.

Одоо маргааны бай болоод байгаа Мана уул яг тэр үед аль талд байсан бэ гэж асуух нь ч илүүц, нэгэнт Зөвлөлт-Монголын цэргийн нэгдсэн хүч хилийн заагт хүрсэн юм чинь манай талд л байсан нь маргаангүй.

Манж-Го-гийн нутгаас япон, манжийн цэргийн нэгдсэн хүч хэд хэдэн газраар давшиж, бүслэлтийг сэтлэхийг оролдсон боловч чадаагүй юм. 1939 оны наймдугаар сарын 20-нд гэхэд Фу-И буюу Хуруу өндөрлөгт эсэргүүцэж байсан япончуудын сүүлийн хэсэг бууж өгч, бүслэгдсэн дайснуудын эсэргүүцэл бүрэн дарагдсанаар гаднаас дайрах дайралтын эрчим ч буурсан, гэхдээ дайсан зарим нэг газраар тагнуулын шинжтэй довтолгоо хийх, агаарт тулалдах явдал гарч байсан ч 1939 оны есдүгээр сарын 7-нд нд VI  армийн командлагч Огису Риппо нийт Япон, Манжийн цэргүүдийг их давшилтад бэлтгэх тушаал гаргаснаар үндсэндээ зогссон гэж болно. VI  армийн удирдлага Халхголын зүүн эргээс Зөвлөлт-Монголын цэргийг шахан гаргах их давшилтаа 1939 оны есдүгээр сарын 18-20-ны хооронд эхлүүлнэ гэж төлөвлөж байсан ч Токиогийн эрх баригчид 1939 оны есдүгээр сарын 16-нд хоёр тал одоо байгаа байрлалдаа гал зогсоох тухай Москвад хэлэлцэн тохирсон тул амжаагүй юм. Энд Мана уулын тухай асуудал дахиад л гарч ирнэ.

Зөвлөлт-Монголын цэргийн хяналтад нэгэнт орчихсон байсан Мана уул яаж яваад хилийн гадна үлдчихсэн юм бэ гэсэн асуудал их сонирхолтой. Үндсэндээ Халхголын тулалдааны төв хэсгээр Зөвлөлтийн цэргүүд голлон давшиж, Монголын VI  морьд дивизийн 15, 17 дугаар хороод фронтын зүүн жигүүр буюу Одон нуурын харалдаах газарт, VIII морьт дивиз нь баруун жигүүр буюу Хулд уул, Эрс уулын хоорондох заагийг чөлөөлж хилийн зурвасыг сэргээсэн, тэгэхээр Мана уулын орчмын газрыг Зөвлөлтийн цэргүүд хамгаалж байсан болж таарч байна.

Гал зогсоохоос өмнө уг хэсгийг Монголын талд шилжүүлэхээр болж, корпусын командлагч /одооныхоор хурандаа генералтай дүйх цол/ Лувсандоной цэргүүдээ авч Мана уулын чиглэлд хөдөлсөн боловч замдаа төөрч, огт өөр газар луу явчихсан байдаг юм. Өглөө нь буруу замаар явснаа мэдэж, эргэх үед зөвлөлтийн тагнуулын онгоцууд тэднийг хараад Япон-Манжийн цэргийн хүч гэж андуурч, салам бөмбөгдөж, 100 орчим цэргийн аминд хүрсэн нь Монгол цэргүүд Халхголын тулалдаанд хамгийн их хохирол амссан үйл явдал болсон.

Зарим нэг судлаачдын бичсэнээр бол Лувсандонойг цагтаа ирнэ гэж итгэсэн Зөвлөлтийн цэргүүд Мана уулын орчмын газрын хамгаалалтаа буулгаж, байрлал руугаа буцсан гэдэг. Ингээд Мана уул хэсэг хугацаанд хамгаалалтгүй байсныг дайсан далимдуулж тэр хэсэг газрыг хяналтдаа авсан гэсэн таамаглал байдаг, ямар ч гэсэн яг гал зогсоох үед Мана уул орчмын газар Япон, Манжийн цэргийн хяналтад орчихсон байж.

Нөгөө гэрээний хавсралтад туссан "гал зогсоох үед байсан байсан газраараа зааглана" гэсэн үг энд нөлөөлж, Мана уул орчмын газрыг Манж-Го улсын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гэх. Ташрамд хэлэхэд үүнээс өөр хувилбарууд ч бас яригддаг, аль нь үнэн болохыг хэлэхэд хэцүү юм.

Энэ үйл явдлаас болж Лувсандоной цаазлуулсан, гэтэл түүнийг цаазалсан яг тэр үед Квантуны армийн удирдлага VI  армийн Риппо тэргүүтэй удирдах бүрэлдэхүүнийг огцруулж, VI  армийн 72 дугаар явган хорооны дарга, хурандаа Сакаи, 23 дугаар тагнуулын хороон дарга Иоке, VIII хилийн гарнизоны дарга, хурандаа Хасаба зэрэг олон хүн харакири хийж амиа хорлосон нь цаг хугацааны хувьд давхацсан нь сонирхолтой юм. Мана уулын орчмын газар хятадын нутаг болсон нь ийм, тохиолдлын шинжтэй үйл явдал болохоос биш, манайхан муу хамгаалаад, япончуудыг дийлэлгүй ялагдаад алдчихсан хэрэг биш.

Халхголын ялалт бол жинхэнэ бөгөөд ямар ч маргаангүй ялалт байсан, хагас дутуу мэдээлэл, буруу ойлголтоос болж үүнийг үгүйсгэвэл нүгэл болно. Нөгөө маргаад байсан газрын ихэнх нь манай нутаг болон баталгаажиж, улсын хил Халхголын зүүн эргээс 20 км-ийн цаагуур татагдчихаад байна, өөр яалгах гэсэн юм бэ?

Энд бас тодорхой болоогүй, судлах эзнээ хүлээж байгаа хэд хэдэн асуудал бий. Жишээ нь дэслэгч генерал Камацубарагийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй.

1945 онд олзлогдсон Квантуны армийн штабын дарга асан Ренсүке Иосогаи Владивосток хотноо болсон шүүх хурал дээр энэ талаар "Бид Камацубарад хатуу шийтгэл хүлээлгэсэн" гэж мэдүүлснээс үүдэн Камацубара нь VI  армийн дунд тушаалын бусад дарга нарын хамт өөртөө харакири хийж амиа хорлосон гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэтэл миний Токиод байхдаа үзсэн нэгэн баримт дээр дэслэгч генерал Камацубара Мичитаро нь 1956 онд Сэндай хотод нас барсныг тэнд нь цэргийн хүндэтгэл үзүүлж оршуулсан гэсэн байсан. Би лавлаж завдалгүй орхисон доо.

"Гарамын" гэж түүхэнд бичигдсэн үйл явцын тухай асуудал ч сонирхолтой. Үүнд зүүн эрэгт хамгаалалт хийж байсан зөвлөлтийн цэргүүд гэнэт онцын шалтгаангүйгээр, бөөнөөрөө хамгаалалтын зурвасаа орхин, Халхголын гарам руу ухарсны шалтгаан одоо ч маргаантай байгаа. Тэднийг байрлалаа орхин ухарсныг мэдсэн япон, манжийн цэргүүд араас нь элдэж, гарам дээр гүйцэж ирснээр энэ тулалдаан болсон байдаг. Чухамдаа энд танкийн бригад командлагч, хожим ЗХУ-ын баатар болсон Яковлев амь үрэгдсэн юм.

Ийм олон асуудал бий. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн Халхголын түүхт ялалтыг үгүйсгэх буюу ач холбогдлыг нь бууруулах шалтгаан болохгүй гэж ойлгож байна.

Сайн мэдэхгүй асуудлаа сэвж, бид ялагдсан, газар нутгаа алдсан, энэ муу оросууд л манай нутаг дээр дайн өдөөсөн гэж худлаа попордог хүмүүс олширсноос, энэ мэт асуудлыг судалж, бодит баримт гаргаж, нэг тийш болгодог хүмүүс нь олширвол сайнсан. Та бидний эх орны түүх шүү дээ.

 

ЧИМЭДИЙН ЭНХЭЭ

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.