Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны 70, 71 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээндээ тус албаныхан олон ажил зохион байгуулж буйн нэг нь, энэ сарын 4-7-ны өдрүүдэд Замын хойд хэсэглэлд Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Салхит, Зүүнхараа дахь Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангиудын бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа. ЦХОБА-ны дарга Ц.Ариунбат  “УБТЗ-аар тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг манай алба хаагчид хамгаалж ажилладаг. Төмөр замын ачаа тээвэр тэр чигтээ үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тиймээс өнөөгийн нийгмийн эмх замбараагүй байдал, дэг журамтай холбоотойгоор онцгой байдал болон харуул хамгаалалтынхаа тусгай бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, анхан, дунд шатны мэдлэгийг олгох, чадавхжуулах зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байна. Төмөр замын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлэхийн тулд алба хаагчдын мэдлэг чадвар, дадлага туршлага сайн байх ёстой гэдэг үүднээс бид хүний нөөцийн бодлогын бичиг баримтдаа өөрчлөлт оруулсан. Ингэснээр шинээр авах албан хаагчдын нас, мэдлэг чадвар, мэргэшлийг маш сайн тусгасан. Онцгой байдал, харуул хамгаалалт гэсэн хоёр үндсэн чиг үүрэгтээ 100 хувь мэргэжлийн хүмүүс байх ёстой гэж үзсэн. Тиймээс Дотоод хэргийн их сургууль, ЦЕГ-ын дадлага сургалтын төвтэй хамтран алба хаагчдаа сургалтад хамруулаад бүгдийг нь мэргэжлийн үнэмлэхтэй болгосон. Мөн сургалт дамжаанд хамрагдсан ч шинээр батлагдсан Галт зэвсгийн тухай хуулийн дагуу галт зэвсгийн сургалтад тусгайлан сууж, тэнцэн гэрчилгээ авсан хүмүүст галт зэвсэг эзэмших эрх олгоно. Энэ хүрээнд бид танхимын сургалт хийгээд гэрчилгээжүүлсэн. Гэвч мэдлэгээс илүү туршлага, дадал чухал байдаг. Тиймээс бид ЦЕГ-ын хуучны шилдэг тусгай боловсон хүчнээс бүрдсэн “Гуравдугаар тусгай тасгийн ирвэсүүд” ТББ-тай хамтран танхим, практик хосолсон дадал зуршил суулгах сургалтыг хийж байна. Мөн онцгой байдлынхандаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас сургалт авч байгаа. Онцгойгийнхон маань бүгд техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөө маш богино хугацаанд оновчтой зөв ашигладаг байх хэрэгтэй. Түүнээс биш тэмцээнд зориулж тодорхой хэдэн хүнийг л бэлтгэж оруулдаг байж болохгүй. Техник хэрэгслээ 100 хувь гаргаад бүгд ажиллах шаардлага үүсвэл энэ талд доголдолтой байна уу гэж харсан учир энэ сургалтыг авч байна” гэв. Сургалтад ангиуд бие бүрэлдэхүүнээ хоёр ээлжээр 100 хувь хамрууллаа.

Хамгийн чухал нь, сургалт хийж буй “Гуравдугаар тусгай тасгийн ирвэсүүд” ТББ-ын тэргүүн Т.Гантулга, сургагч багш бэлтгэл хурандаа Б.Ганбат, Х.Моломжамц нар өмнө нь төрийн тусгай албанд ажиллаж байсан бэлтгэгдсэн хүмүүс. Тэд цэрэгжүүлсэн хамгаалалтынханд галт зэвсэгтэй хэрхэн харьцах, эзэмших талаар танхимын хичээл заахдаа ч биечлэн үзүүлж, хамгаалалтын галт зэвсгийн сумны төрөл, онцлог, аюултай болон аюул багатай зэрэг бүх талаар нь зааж байлаа. Мөн хээрийн дадлагыг хоёр өдрийн турш хийлгэж, хүн бүрийг таван сумаар буудуулан оноо өгсөн юм. Сургагч багш Б.Ганбат “Галт зэвсэг бол тоглоом биш. Сум алдвал хаана ч аюул учруулж болзошгүй. Тиймээс ямар ч тохиолдолд буугаа сумтай гэж бодож, газар руу 45 хэм доош нь шагайж бай. Нэг ч үйлдлийг буруу хийж болохгүй” гэсэн бол сургагч багш Х.Моломжамц “Та бүхэн бол үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалагчид. Энэ төмөр замаар улсын эдийн засаг, эрүүл мэнд, аюулгүй байдал бүгд явж байдаг. Харин гэмт халдлага үйлдэгчид бүгдийг судалдаг. Тиймээс ийм онцгой тээврийг хамгаалдаг цэрэгжүүлсэн хамгаалалтынхан буу эзэмших хэрэгтэй. Гэхдээ бууг бүр эцсийн тохиолдолд хэрэглэнэ шүү. Наана нь хамгаалалтын олон арга хэрэглэх ёстой. Би буу эзэмших эрхтэй гээд хаа хамаагүй гаргаад байж болохгүй. Өөрөө ч хэрэгт орох аюултай учир маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй” гэв. Түүнчлэн, тэд гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх тухай, мөн халдлага болсон, болж магадгүй мэдээлэл авсан тохиолдолд хэрхэн ажиллах, нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах талаар үзүүлэх сургуулилт хийлээ. Галт тэрэг, төмөр зам онцгой объект учир хаана юу байгаа, ямар өөрчлөн шинэчлэлт хийсэн, шинээр эд анги, тоног төхөөрөмж юу байрлуулсан зэрэг бүх мэдээллийг хамгаалалтынхан мэдэх ёстой гэнэ. Тэгж байж гэмт халдлагаас урьдчилан сэргийлж чадна. Хэрэв хамгаалж буй объектоо өөрсдөө сайн мэдэхгүй бол халдлага болсон тохиолдолд аюулыг зогсооход маш хүндрэлтэйг багш нар онцоллоо.

 

 Галын бэлэн байдалд суралцав 

 

Үүний зэрэгцээ ангиудын онцгой байдлан алба хаагчдад галын галт тэргэнд ажиллах дадлага сургуулилт хийлээ. Тодруулбал, “Гал унтраах тактик тархалтын сургууль”, “Шуурхай карт төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Гал унтраах дүрмийн хэрэгжилт”, “Гал унтраах багаж тоног төхөөрөмжийн туршин шалгалт хийх аргачлал”, “Өдөр тутмын дадлага сургууль хийх аргачлал зөвлөмж”, “Хүйтний улиралд гал унтраах арга зүй”, “Объект сонгож гал унтраах практик сургууль дадлагыг зохион байгуулах” зэрэг сэдвээр практик дадлага сургуулилтыг ЦХОБА-ны галын ахлах байцаагч Ц.Батбаатар заав. Мөн “Гамшгийн тухай ерөнхий ойлголт” сэдвээр Дархан-Уул аймгийн ОБГ-ын хошууч Н.Отгонбаяр, “Галын аюулгүй байдлын тухай ойлголт” сэдвээр дэслэгч Г.Нандин-Эрдэнэ, “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх аргачлал” сэдвээр ахлах дэслэгч Б.Болорцэцэг хичээл заалаа.

           

Ц.Ариунбат: Ачаа хамгаалагч, паркийн хамгаалагч нарт галт зэвсэг тавьж өгнө

ЦХОБА-ны дарга:

 

-Энэ сургалтыг хээрийн байдлаар зохиож буй нь хүн бүрийг хамруулж, галт зэвсэгтэйгээ танилцах, орчин цагийн галт зэвсгийн дэвшлийг танилцуулах зорилгтой. Өнөөгийн бидний хэрэглэж буй болон цаашид хэрэглэх, худалдан авах бодлогод явж буй галт зэвсгүүдтэй урьдчилан танилцсан байх ёстой. Учир нь, Замын удирдлагуудад танилцуулаад шийдвэрлэн ажиллаж буй үе шаттай ажлуудын нэг нь он гаргаад ачаа хамгаалагч, паркийн харуулуудад галт зэвсэг тавьж өгнө. Одоо бол манайхан форт-17р буюу рекинэн сумтай, ойрын зайд бусдыг үхэлд ч хүргэж болох хэмжээний галт зэвсэг хэрэглэж байгаа. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэхэд цаашид илүү хүчтэй галт зэвсэг зайлшгүй байх шаардлагатай. Төмөр замаар явж буй улс хоорондын транзит тээвэр, тэсэрч дэлбэрэх аюултай ачааг аюулгүй тээвэрлэх үүднээс ачаа хамгаалагч нарын чадвар сайн, галт зэвсгээр хангасан байх нь чухал байна. Энэ сургалтад ээлжийн амралттай, чөлөөтэй алба хаагчид ч хамрагдсан. Цаашид бид урд бүс, төвийн бүс гэсэн гурван шатлалтай бүх ангийнхныг хамруулна.

 

Т.Гантулга: Төмөр зам бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол судас

“Гуравдугаар тусгай тасгийн ирвэсүүд” ТББ-ын тэргүүн:

-Юуны өмнө үүсэн хөгжөөд 70 жил болж буй энэ байгууллагынханд мэнд хүргэе. Бид сургалтаа хүссэн бүх газарт нь ордоггүй. Харин ЦХОБА-нд зайлшгүй энэ төрлийн сургалтыг хийх ёстой газар мөн гэж бид үзсэн. Өөрөөр хэлбэл, төмөр зам бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол судас. Энэ судсаар улсын хөгжил дэвшил, биднийг тэжээн тэтгэх хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, түлш шатахуун, зэр зэвсэг, олон улсын дамжин өнгөрөх асар үнэтэй ачаа бараа явдаг шүү дээ. Ийм чухал тээврийг цаг үргэлж хамгаалдаг хүмүүст бид сургалт орох хэрэгтэй гэж үзсэн. Манай ТББ-ынхан бол төрийн тусгай хамгаалалт, цагдаагийн тусгай, тагнуул гэхчлэн боловсрогдсон бүтээгдэхүүнүүд байдаг. Бид сурсан зүйлээ хувь хувьдаа хадгалаад байх биш үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүст заах гэж нэгдсэн. Түүнээс биш зүгээр нэг хувь хүний компанийн хамгаалалтад хичээл заах гэж нэгдээгүй. Гэхдээ тэр шатанд зааж болно л доо. Харин хаана юугаа заах вэ гэдгээ бид нарийн тогтсон байдаг. Сургалтад оролцсон цэрэгжүүлсэн хамгаалалтынхан маань чадвар өндөртэй байлаа. Чадвартай хүн энэ байгууллагад ажиллах ёстой гэдгээ ухамсарласан байна.

 

Ө.Амартүвшин: Маш чухал ач холбогдолтой сургалт боллоо

 

-Манай ангийг түшиглэн маш чухал сургалтыг зохион байгуулж буйд бид баяртай байна. Энэ бол Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийнханд маш чухал ач холбогдолтой сургалт боллоо. Хэдийгээр хамгаалагч нар маань резинэн сумтай буутай ч бүгд нарийн ашиглаж мэдэхгүй шүү дээ. Тиймээс энэ сургалтаар галт зэвсэгтэй харилцах, ашиглах талаар тодорхой хэмжээний ойлголттой болж байна. Мөн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтран галын галт тэргэнд ажиллах дадлага сургуулилалт амжилттай боллоо. Сургалтад нийт 160 орчим хүн хамрагдсан.

 

 

Г.Энхжаргал: Онол дадлага хосолсон болохоор ойлгоход амар байлаа

Сүхбаатар Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн паркийн харуул:

 

-Энэ удаагийнх бусад сургалтаас илүү онцлог боллоо. Учир нь, онол дадлага хосолсон болохоор ойлгоход амар байлаа. Биднийг төмөр замын төдийгүй үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг хүмүүс гэж багш нар тодотгож хэлсэн нь их урам өгсөн. Галт зэвсгийг хэрхэн ашиглах, гэнэтийн нөхцөл байдалд бэлтгэлтэй байх, халдлага болсон тохиолдолд яаж хамгаалах, ганцаар эсвэл бүлгээр ямар тактикаар ажиллах вэ гээд олон талын арга туршлагаас суралцлаа. Манайхан ийм сургалтыг ойр ойрхон зохион байгуулаасай гэж хүсэж байна. Багш нар хичээлээ маш сонирхолтой байдлаар заадаг юм байна. Танхимын сургалтад ч бүгд идэвхтэй оролцож буйг та анзаарсан байх.

 

 

М.Наранболд