Дэлхийн хэмжил зүйн өдрийн 100 жилийн ой энэ сарын 20-нд тохиож байна. тохиолдуулан Замын захиргаа, Техникийн бодлого, стандартчиллын алба, Хэмжил зүйн төв хамтран өдөрлөг зохион байгуулж, шилдэг ажилтан, хэмжил зүйчдээ шагнаж урамшууллаа. Өдөрлөгт ЗТХЯ, СХЗГ, УБТЗ, “МТЗ”, “ТТЗ”, “МТЛ” зэрэг төр засаг, төмөр замын байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Өдөрлөгийг Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нээж үг хэллээ. Тэрбээр, “Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан дэлхийн хэмжээнд маш олон үйл явдал өрнөдөг. Бид ч хэмжил зүйн үйл ажиллагаа ямар түвшинд хүрсэн, тухайн жилдээ ямар ажил зохион байгуулсан зэргээ дүгнэж хэлэлцдэг. Дэлхийн хэмжил зүйн байгууллагаас тодорхой тунхгийг дэвшүүлдэг. Энэ жилийн хувьд “Дэлхийн хоол хүнсний тогтолцоог хэмжил зүйгээр дэмжих жил” болгон зарласан. УБТЗ-ын хувьд 2019 онд Замын техник эдийн засгийн зөвлөлөөс нэгдсэн хэмжил зүйн төв байгуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу байгуулагдаж, СХЗГ-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд бид хоёр дахь удаагаа зөвлөгөөн хийлээ” гээд баярын мэнд хүргэлээ. Өнөөгийн байдлаар УБТЗ-д хэмжүүрийн улсын шалгагч ес, шалгалт тохируулгын ажилтан зургаа, засвар тохируулгын ажилтан 25, үл эвдэх сорилын оператор 85, хэмжигч техникч 35 хүн ажиллаж байгаа аж. Түүнчлэн, Замын ерөнхий инженер С.П.Старцев дэлхийн хэмжил зүйн үүсэл хөгжил, мөн Монгол Улсад хэмжил зүй хэрхэн хөгжсөн талаар ярьж, УБТЗ-д 1970-аад оноос хэмжил зүйг нарийн ашиглаж эхэлснийг онцоллоо. Мөн энэ үеэр Тээврийн хяналтын албаны Төвийн хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд орлогч дарга Ц.Лувсан “ГТХАБ-д хэмжил зүйн үйл ажиллагаа нөлөөлөх нь” сэдвээр илтгэл тавилаа. 2011-2022 оны хооронд УБТЗ-ын хэмжээнд нийт 752 гологдол бүртгэгдсэний 323 буюу 43 хувь нь техникийн хүчин зүйлээс шалтгаалсан байна. Мөн өнгөрсөн онд гарсан 527 дутагдлын 26 хувь буюу 139 нь зүтгүүрийн техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалжээ. Тиймээс техникийн хүчин зүйлээс шалтгаалсан гологдол, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, давтан гаргахгүй байхад үл эвдэх сорил, хэмжил зүйн үйл ажиллагаа чухал ач холбогдолтойг Ц.Лувсан дарга хэлсэн юм. Мөн ХАБ-ыг хангахад Тээврийн хяналтын алба болон хөдөлгөөнтэй холбоотой бусад албадын байцаагч нарын хэмжил зүй, үл эвдэх сорилын талаарх мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага бий болсныг онцоллоо.
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан төмөр замын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж урамшуулав. ЗТХЯ-ны “Хүндэт төмөр замчин” тэмдгээр Хэмжил зүйн төвийн ахлах инженер Ц.Эрдэнэбилэг, СХЗГ-ын “Жуух бичиг”-ээр Замын IV ангийн сэв шалгагч оператор А.Амарсанаа, Замын II ангийн сэв шалгагч Б.Ганбаатар, Зорчигчийн вагон депогийн үл эвдэх сорилын оператор Д.Цэрмаа нарыг шагнав. Түүнчлэн, УБТЗ-ын “Төмөр замчны алдар” тэмдгээр Замын II ангийн үл эвдэх сорилтын инженер Б.Батбэх, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Дархан өртөөний пүүний оператор Н.Ганбаяр нарыг шагналаа. Мөн “Хөгжлийн төлөө” хүндэт тэмдгээр СХЗГ-ын хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын улсын шалгагч Б.Зоригхүү, 150 мянган төгрөгөөр Хэмжил зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Байгальмаа нарыг шагнаж урамшууллаа. Харин УБТЗ-ын Залуучуудын зөвлөлийн “Тэргүүний залуу” алтан медалиар Зураг төслийн төвийн дохиолол холбооны инженер С.Батбаяр, Сайншанд татах хэсгийн лабораторийн инженер Б.Ариунчимэг, Төв засварын үйлдвэрийн чанар шалгагч хүлээн авагч инженер Б.Сувд-Эрдэнэ нарын энгэрийг мялаалаа.
Түүнчлэн, Хэмжил зүйчдийн ур чадварын тэмцээнд тэргүүлсэн баг, ажилтнуудыг энэ үеэр шагнаж урамшуулав. Тэргүүн байрт Улаанбаатар татах хэсгийн “Хувьсал”, дэд байрт Сайншанд татах хэсгийн “Татах хүч”, гутгаар байрт Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн “High tech” багууд тус тус шалгарчээ. Харин “Шилдэг хэмжигч техникч”-ээр Сайншанд татах хэсгийн хэмжигч лаборант З.Ариунцэнгэл, “Шилдэг үл эвдэх сорилтын оператор”-оор Улаанбаатар татах хэсгийн үл эвдэх сорилын оператор Б.Ганцоож нар шалгарсан байна.