Хязгааргүй үргэлжлэх уудам тал, торойх үүлгүй цэнхэр тэнгэр хоёрын заагаас солонго уу гэлтэй өнгө өнгийн туяа сүлэлдэн үзэгдэх нь үгээр илэрхийлэшгүй үзэмж төгөлдөр зураглалыг бүрэлдүүлэх ажгуу. Удалгүй мөнөөх олон өнгийн туяа нэлэнхүйдээ улбар шар гэгээнд уусан шингэсээр газрын хээлнээс дүгрэг улаан наран авхай гэрэлтэн тодрох нь тэр ээ. Энэ бол Догшин ноён хутагтын өлгий болсон Дорнын шаргал говьд үүр цайж, домгийн буурал талд шинэ өглөө айлчлан ирж буй нь энэ. Миний бие Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэргээр Улаан-Уул өртөөнд  үүр шөнийн заагт зорчин ирж, тэндээсээ машин хөлөглөн 10 гаруй км зам давхин “Бүрдэнэ булаг” хэмээх амралт сувиллын газарт очсон юм. Амрагчдад зориулсан жижиг модон шовгор байшингуудтай хашааны ард том цагаан гэрүүд, асар майхнууд тойрог хэлбэрээр сүндэрлэж, машин тэргээ ч эмх цэгцтэй зэрэгцүүлэн байршуулжээ. Зарим гэрийн өмнө ил галын цэнхэр утаа суунаглана.  Шовгор байшингийн хаа нэгтэйд хүмүүс гүвэр гүрэв ярилцаж, гадуур ганц нэг хүн нүүр гараа угааж зогсоо нь харагдана.

 

...Өмнө нь говийн баянбүрд гээчийг сонсож л байснаас нүдээр үзээгүйн хувьд эндхийн байгалийн тогтцыг бишрэхгүй байхын аргагүй байлаа. Амралтын газрын чанх хойно сүндэрлэх олон уулсын зүг чиглэн алхлаа. Хотоос хамт ирсэн Замын аж ахуйн албаны Байгууламж ба гүүр хоолойн инженер Г.Энхбаяр, Э.Батболд нар ч нэгдэв. Замчид өмнөх орой нь(наймдугаар сарын 17) гэр, майхан, асраа барьж наадмын бэлтгэлээ бүрэн хангаад амарч байгаа аж. Г.Энхбаярын хувьд тус ангиас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлсэн бөгөөд, ердөө жилийн өмнө алба руу томилогдсон учраас өнөөдөр болох үйл явдал хийгээд Бүрдэнэ булгийн тухай бид хоёрт дэлгэрэнгүй ярьж явлаа.

Бидний зорьсон түнхлэг уулсын хормойд ганц жижигхэн сүм торойно. Тус сүмийн дэргэд байх хоёр гурван маанийн хүрдийг эргүүлээд уул өөд гарсан бүдэг жимээр мацлаа. Өндөр уулсаар хүрээлүүлсэн хангай нутагт өссөн хүний хувьд бяцхан толгод гэмээр говийн хайрхан руу мацахад чамгүй огцом юм. Гэхдээ хөрс нь хатуулаг, өвс ургамал ч нахиалах боломжгүй шаварлаг бүтэцтэй тул хальтирч, бүдрэхийн зовлонгүй оргилд нь хүрэв. Биднийг уулын оргил дахь том чулуун овоонд хүрэх үед өглөөний нар ээрэм талыг бүрэн гийгүүлэв. Бидний буудалласан амралтын баруун талд элсэн манхан шаргалтан дурайж, чанх урд нь нуурын ус бидэртэн цэлэлзэнэ. Тэрхүү нуур, манхан хоёрын наахантаа торгон дээл дэвссэн мэт номин ногоон зүлэг дээр Замын IV ангийнхан цагаан хээтэй цэнхэр, шар асруудыг зэрэгцүүлэн барьж наадмын талбайгаа бэлтгэжээ. Бидний ирсэн зүүн зүгээс эхлээд дөрвөн зүг найман зовхист хараа цуцаам уудам тал цэлийж үзэгдэнэ. Өндөрлөгөөс харахад тохмын ором гэлтэй энэ хэсэгхэн тойромд говийн олон уулын бэлчир, нуур цөөрөм, элсэн манхан, ширэг ногоон зүлэг гээд байгалийн үзэмжит бүхэн яаж цогцлон тогтсон нь гайхамшигтай.Элсэн манхны хойд хэсэг нуруу, бөөрний өвчнийг анагаах увидастай бол өмнөд хэсэг нь аялал жуулчлалын зориулалттай гэнэ. Элсэн манхны өмнөд хөвөөг эмжээд хүйтэн булгийн ус оргилдог гэх.Тийм ч учраас зургадугаар сараас эхлээд л Бүрдэнэ булгийг зорих хүмүүсийн урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа юм билээ. Чухамдаа энэ бяцхан тойромд бүх зүйл бүрдэж, тогтоно гэдэг агуулгаар“Бүрдэнэ булаг” гэж нэрлэсэн болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Замын IV ангийнхан хоёр жилд нэг удаа энд хуран чуулж, мэргэжлийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэдэг ч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд уламжлал болсон энэ арга хэмжээ нь түр завсарлаад байсныг Г.Энхбаяр дурсав.Байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй жилийн дөрвөн улиралд нүүр тулж, төмөр замын тээврийн хүнд хүчир ажлыг нуруундаа үүрч явдаг замчдын хувьд энэ арга хэмжээг хүсэн хүлээхээс ч аргагүй биз. Бид гурав уулын оргилоос бууж, наадмын талбайг зорьсон юм. Хаа газрын төмөр замчдын тогтсон дэг юм хойно бүх үйл ажиллагаа яг л хөтөлбөрийн дагуу цагтаа эхэллээ. Тусгайлан зассан урлагийн тайзнаа Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын уран бүтээлчдийг урьжээ. Наадмын төв асарт Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Сандаг, Замын аж ахуйн албаны үйлдвэрлэл техникийн хэлтсийн дарга Ж.Болд тэргүүтэй хүндэт зочид, Замын IV ангийн дарга А.Оргодол, орлогч дарга Б.Ням-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч С.Түмэндэмбэрэл нарын албаны хүмүүс тухалсан харагдана.

Замын IV ангийн дарга А.Оргодол наадмыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн тэртээх он жилүүдэд замчин хэмээх мэргэжлийг эзэмшиж, бидний өнөөгийн бахдам түүхийн зузаан хуудсыг хөдөлмөр зүтгэлээрээ бичиж ирсэн ахмад буурлуудын маань үр ач нар өнөөдөр аав ээжийнхээ мэргэжлийг удам залган өвлөж, нэгэн үйлс, зорилгын төлөө мөр зэрэгцэн ажиллаж буйг онцлон тэмдэглэхэд таатай байна. Замын IV ангийн хамт олон УБТЗ-ын тээврийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн мэдлэг чадвар, арга туршлагаа зориулан, ЗЗМС-ын хамт олон тэргүүтэй мэргэжил нэгтнүүдийнхээ хамт томоохон хувь нэмэр оруулсныг мөн энэ цаг мөчид дурдахад таатай байна. 2023 он манай хамт олны хувьд амжилт бүтээл арвин, ажил хөдөлмөр өрнүүн жил болж байна. Ажил хөдөлмөрийн бардам үлгэрлэл болсон замчид та бүхэндээ Замын IV ангийн 74 жилийн ой, мэргэжлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэв. Үүний дараагаар уртын дуу, морин хуурын аялгуу уудам говийг уяраан эгшиглэж, замын хэсгүүд өөр өөрийн туг далбаагаа намируулан наадмын талбайг нар зөв тойров. Энэ үед тус ангийн 17 хэсэг болон Засварын газар, Гүүр хоолой хиймэл төхөөрөмжийн цех нэг, нэгээрээ наадамчин олны өмнүүр алхахад хөтлөгчийн уран яруу хоолойгоор хэсэг бүрийн амжилт бүтээл, алдар сууг бахархалтайгаар тунхаглан зарлав. Ийнхүү тухайн хэсгүүд өөр өөрийн далбаагаа төв асрын өмнөх индэрт ёслол төгөлдөр залав.Төгсгөлд нь, төрийн дуулал эгшиглэж, наадмын үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэн юм. Хэсэг тус бүр ижил өнгийн хувцсаар жигдэрч, үндэсний гоёлоороо гангаран, одон медалиа зүүснээс эхлээд мэргэжлийн баяртаа өндөр ач холбогдол өгснийг нь бахдан ярихад ангийн дарга А.Оргодол “Манайхан энэ жил харин ч даруухан байна. “Эдийн засгийн хямралтай, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ихтэй байхад өөрсдөдөө хүндрэл бүү учруулаарай. Байгаа нөөц боломжоороо л оролцоход болно” гэж хэсгийн мастеруудад нь захисан. Тэгэхгүй бол бусад хэсгүүдээсээ ялгарах гээд янз бүрийн хувцас захиалж хийлгээд сүйд болцгоодог юм” хэмээсэн. Нээрэн ч зүлэг ногоон дэвжээнээ хүчит 64 бөх зодоглож, наадмын талбайн баруун дэнжээс сур, зүүн талын том цэнхэр асраас шагайн харвааны уухай цуурайтаад л улсын наадмаас дутуугүй өнгө төрх, сүр жавхаа цогцлох аж.  Хүчит бөхчүүдийн хүдэр чийрэг бие галбир, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн хурц шаламгай, уран барилдаан, мэргэн харваачдын хувцас хэрэглэл, наадамчин олны донж төрх гээд бүгд хараа булааж, сэтгэл хөвөлзүүлж, хийморь огшооно. Энд чуулсан 300 гаруй наадамчин бүгд Замын IV ангийнхан гэхэд хөндлөнгийн хүн итгэмгүй тийм л эрхэмсэг, бардам, ажил мэргэжлээрээ төдийгүй үндэсний өв соёлоороо сэтгэл бахдам орчныг бүрдүүлсэн байв. Энэ өдөр үндэсний бөх, сур, шагайн харваанаас гадна орчин цагийн спортын төрөл болох элсний волейбол, дартсын төрлөөр ч замчин олон хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Наадмын эхний өдөр сур, шагайн харваа, элсний волейбол, дартсын тэмцээний аваргууд тодорч үдэш нь урлагийн тоглолтоор сонороо мялаасан бол хоёр дахь өдөр нь үндэсний бөхийн шөвгийн дөрөвт тунаж үлдсэн хүчтэн барилдаж, бүх тэмцээний нийлбэр оноог нэгтгэн аваргуудаа тодруулдаг уламжлалтай юм байна.

Замчдын наадмын эргэн тойронд

Замын IV ангийн 74 жилийн ой, замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан тус ангид ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажиллаж буй нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа. Үүнд “Төмөр замчны алдар” тэмдгээр сэв шалгагч А.Амарсанаа, Замын VIII хэсгийн замчин Ш.Баярцэнгэл нарыг,  “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын  IV хэсгийн замчин Б.Жанлавдоржийг, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын I хэсгийн мастер Н.Баярбатыг тус тус шагналаа. Мөн “Баянбуурал”-амралтад амрах 300.000 төгрөгийн эрхийн бичгээр Ц.Батсүрэн ахлагчтай Техник тасгийн хамт олныг урамшууллаа. Түүнчлэн албаны даргын нэрэмжит “Өргөмжлөл” мөнгөн шагналаар техникч диспетчер Л.Олонбаяр, Замын II хэсгийн жолооч-моторчин Б.Батмөнх нарын найман хүнийг шагнасан юм. Шилдэг тэргүүний замчдыг алдаршуулан шагнах үйл явдалтай хамт шинээр томилогдсон мастеруудад дурсгалын алх гардуулах хүндэтгэлийн ёслол өрнөсөн.Энэ жил тус ангийн шилдэг тэргүүний замчдаас Замын III хэсэгт Б.Бямбадорж, VII хэсэгт Ж.Болормаа, VIII хэсэгт Б.Наранцэцэг, XVI хэсэгт Г.Гантогтохнар замын мастер хэмээх өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаардсан ажилд томилогдсон аж.

Ж. Элдэвсайхан:Замын мастеруудаараа бахархадаг

ЗамынX хэсгийн мастер

 -Бид 2016 оны наймдугаар сард Замын IV ангид орж байлаа. X хэсгийн мастераар томилогдоод гурван жил гаруй хугацаанд ажиллаж байна.Манай хэсгийн хамт олон “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд хамгийн анхны “Замчин” ХАБЭА цахим танхимыг тохижуулсан маань мэргэжил нэгтнүүддээ үлгэр дууриалал болсон.  Энэ танхимдаа бид “PlayStation4” тоглоом, суурин компьютер, том дэлгэцтэй зурагт, тохилог буйдан, кофе чанагч гээд орчин цагийн залуус чөлөөт цагаа өнгөрөөхөд хамгийн таатай орчныг бүрдүүлсэн. Амралтын буйдан, ханын чимэглэлд хүртэл ач холбогдол өгч өөрсдөө тохижуулсан. Хэсгийн байр хоорондоо явган хүний зам, сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбай, хүүхдийн тоглоомын талбай гээд гаднах орчиндоо ч анхаарсан. Манай хэсэгт өртөө, холбоо, замынхан гээд нийт 25 өрх бий. Зуны ид халуунд бага насны 25-30 хүүхэд цугладаг. Тиймээс энэ жил хүүхэд багачуудаа зуны халуунд сэрүүн байлгах зорилгоор 4.5х2.20 метрийн хэмжээтэй усан бассейн байгуулсан. Ажилчдын маань дийлэнх нь залуус, мэргэжил нэгт хосууд учраас аливаа шинэлэг ажлыг санаачилж, хамтдаа бүтээн байгуулахад урамтай байдаг. Замын мастер гэдэг амаргүй алба. Гэхдээ олон жилийн туршлагатай ах эгч нараасаа суралцаад, өөрөө хичээгээд явахад бахархалтай сайхан ажил шүү. Мэргэжлийн баяраар мастерын алхаа гардан авч байгаа шинэ мастеруудаа дэргэдээс нь харж зогсоход гурван жилийн өмнөх рүү буцаад очих шиг сайхан санагдсан. Ер нь, мастер хүн албан ажлынхаа зэрэгцээ хүнийхээ ахуй амьдралыг маш сайн ойлгодог байх нь чухал санагддаг.

Сумын заан Б.Буянтогтох түрүүллээ

Энэ удаагийн мэргэжлийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглосноос Замын XIV хэсгийн замчин А.Боорчи, II хэсгийн мастер Б.Баттулга, I хэсгийн замчин Увс аймгийн Малчин сумын харьяат Сумын харцага Б.Буянтогтох, Замын X хэсгийн мастер Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Сумын заан Ж.Элдэвсайхан нар шөвгийн дөрөвт шалгарч, Б.Баттулга, Б.Буянтогтох нар үзүүр түрүүнд тунасан юм. Ингээд Увс аймгийн Малчин сумын харьяа Сумын харцага Б.Буянтогтох түрүүлж, дархан цолоо дуудллаа. Мөн үндэсний сурын харваад 19 хэсэг, цехийн эмэгтэй, эрэгтэй нийт 38 харваач цэц мэргэнээ сорьсноос эрэгтэй төрөлд Замын I хэсгийн шалгалтын бригадын дарга М.Мэндсайхан, эмэгтэй төрөлд  Замын II хэсгийн замчин Г.Одмаанар тэргүүлсэн юм. Мөн шагайн харвааны тэмцээнд 10 багийн 80  мэргэн цэц мэргэнээ сорин өрсөлдснөөс Засварын газрын ДГКу дрезин машинч Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяа Монгол Улсын гарамгай мэргэн Д.Амаржаргал ахлагчтай баг тэргүүллээ. Түүнээс гадна элсний волейболын эрэгтэй төрөлд Замын IV хэсгийн замчин Спортын мастер Г.Цамбалхүндэв ахлагчтай баг, эмэгтэй төрөлд Замын VI хэсгийн мастер Г.Баярчимэг ахлагчтай баг, дартсын тэмцээний эрэгтэй төрөлд I хэсгийн мастер Н.Баярбат, эмэгтэй төрөлд мөн хэсгийн замчин А.Хонгорзул нар тэргүүн байрыг эзлэн, багийн нийлбэр оноогоор Н.Баярбат мастертай Замын I хэсгийн хамт олон “Шилдгийн шилдэг”-ээр шалгарлаа.

Г.Одмаа: Сурын харваанд улам бүр дурлаж байгаа

Замын II хэсгийн замчин

-Би УБТЗ-д 15 дахь жилдээ ажиллаж байна. Нөхөр маань бас төмөр замчин. Манайх гурван хүүхэдтэй, ам бүл тавуул амьдарч байна. Миний хувьд мэргэжлийн харваач биш. Сонирхогчийн хэмжээнд 2020 л оноос ангийнхаа спартакиадад орж эхэлсэн. Анхны жилийнхээ түрүүг аваад энэ жил бас түрүүллээ. Өмнө нь, сур харваж үзэх юмсан гэж боддог л байсан. Гэхдээ чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байгаагүй юм. Ер нь, өнөөдрийн тэмцээнд оролцсон бүх хүн надтай адилхан сонирхлоороо сур харваж сурсан. Ангийн маань уламжлалт наадам учраас хэсэг бүрээс эрэгтэй, эмэгтэй харваач оролцуул гэсэн чиглэл өгдөг л дөө. Тэгээд л энэ спортод илүү сонирхолтой нь сургалтын нум сум өөрсдөө худалдаж аваад оролцдог. Сурын харваа их гоё спорт, зөвхөн өөрөөс шалтгаалах спорт учраас хувь хүн их төлөвшинө, тэвчээр хатуужилтай болно гээд яг хичээллээд эхлэхээр улам дурладаг юм билээ. Манай нөхөр шагайн харваагаар хичээллэдэг, аймгийн гоц мэргэн цолтой хүн бий. Намайг сурын харваагаар хичээллэхэд их дуртай, бүх талаас нь дэмжээд явдаг даа. Сүүлийн жилүүдэд манай ангийн хэмжээнд сур, шагайн харвааны төрөл эрчимтэй хөгжиж, сонирхогчид улам бүр нэмэгдэж байгаа. Ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хүнээ хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг ангийн удирдлага, эвсэг хамт олны маань л ач тус юм даа.

Үндэсний бөх

...

Д.Амаржаргал:Би удам залгасан харваач

Монгол Улсын гарамгай мэргэн

-Би 2001 оноос хойш шагай тоглож байна. Өвөө, аав гээд гэр бүлийнхэн маань шагай тоглодог байсан болохоор энэ спортод дурласан. 2003 онд Төрийн их баяр наадамд түрүүлж, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор мөн түрүүлж байлаа. Дараагийн таван жилд нь улсын их баяр наадмын дэд, гутгаар гээд ер нь л айргийн таваас буугаагүй дээ. 2014 онд ДГКу дрезины туслах машинчаар орж зургаан жил ажиллаад машинчаар есдэх жилдээ ажиллаж байна. Шагайн спортыг хөгжүүлэхэд манай ангийн захиргаанаас өндөр ач холбогдол өгч бүх хэсгийн шагайн цурхайтай болгосон. Замчид өөрсдөө хашлага, сум авч тоглодог болсон нь энэ хүн бүр хичээллэх боломжийг нээж өгсөн. Бид 2015 онд Сумангийн зоо зөрлөгтөө анхны шагайн харвааны тэмцээнээ зохион байгуулж байлаа. Манай ангиас ер нь тогтмол 6-7 баг гардаг. Нэг үе хэсэг бүрээс баг гаргах боломж бүрдэж байлаа. Сүүлийн жилүүдэд харин цөөрөөд байна. Гэхдээ бусад ангиудыг бодвол харваач олонтой шүү.

Ийнхүү Бүрдэнэ булгийн нуурыг шуранхайн айзмаар харгиатуулж, бүлээн шаргал манхныг нь уухайн түрлэгээр мяралзуулсан говийн замчдын мэргэжлийн баяр, спортын наадам баяртай хөөртэй, бахархал омогшилтой, басхүү шандас сорьсон өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Их говийн бяцхан тойрд энгэрийн зүүсгэл шиг бидэртэн ногоорох зүлгэн дээр еэвэн хээ шиг жирийж буусан майхан асрууд нэгэн зэрэг хураагдахтай зэрэгцэн аль хэсгийн бөх хүчтэй, хэний шившсэн сум ончтой байсан тухай яриа хадны цуурай мэт өртөөчилнө. Ид зуныг санагдуулам сэрчигнэх зөөлөн салхиар харгана, бударганы хагсмал үнэр ханхийх нь намрын тэргүүн сарын 22 хэдийнэ айлсаж, намар цаг айлчлан ирж буйг эрхгүй сануулна. Дараа жилийн наадам хүртэл даан ч хол байна даа...

 

Б.Дэлгэрхишиг