Гэрэл зураг бол эрэл зураг... Харах яруу найраг, гэрэл зургийн өгүүлэмжийг “уншиж” болдог. Гэрэл зураг, яруу найраг хоёр “хүйн холбоотой”. Баянбууралын агаарын “амт” гол ус, цэцэг ногоо, байгалийн үзэсгэлэнг гэрэл зургаар дамжуулж хүмүүст хүргэхийг зорьдог. Төмөр замчин хүний хөдөлмөрч нугаршгүй хатан чанараас жишээ авч уран бүтээлээ туурвидаг. Төмөр замын сэдэвртэй хамгийн сайн шүлгээ Баянбууралдаа бичсэн. Бас хамгийн сайхан гэрэл зургийг энэ нутгийн ариун тансаг байгалийн “урланд” авч байлаа. Цэн тогоруу ижилссэн өгөөмөр зун, агаар нь айраг шиг сэнгэнэж, аянч шувуудын цуваа эрхиний хэлхээ шиг гогцоорох “тэнгэрийн зурагтай” намар, алтан харганатай уулс нь анирхан бууралтах өвөл, “лусын зүүд” шиг анхны бороо ход ход дусагнасан хүүхдийн инээд шиг хавар Баянбууралын “гоёл”. Буман цугласан Банябуурал амралт үдэж угтах алтан замын хойморт үүрийн цолмон шиг гэрэлтнэм. Буудал замын зогсоолоос хөдлөх галт тэрэгний дохиолох дуу Буурал хайрхны оройгоос бууж нэг, буцаж нэг цуурайлна...
...Зам төмөр “амьсгалдаг”. Заримдаа мөс хадаалах шиг чимээлж солирын буулт далайн түрлэг мэт соронзон үйлчлэлд дотогшоо лугшдаг. Ган зуузай, зам төмрийн толион дээр гар нарны “зоргодос” алтан “жараахай” үсчүүлж тоглоно. Оонын эвэр шиг ихэрлэж, очир алмааз шиг гэрэлтэн, орчлонгийн хаяа руу “хөтлөлцөж” одсон, дэлхийн тойрсон зам-миний шүлгийн зам.
Омог түүхийн
Овилго даасан
Он цагийн ихэр зураг
Гүрэн мөрөн гаталсан
Гүүн зэл шиг цагаан зөрөг
Өдөр
Нар бадамлаж өнждөг
Газрын ган “тулга”
Шөнө
Сар бөгжилж гоёдог
Хорвоогийн хатан бүслүүр
Хөх салхинд хөг орж
Хүмүүн сэтгэлийг аргадсан дуу
Зүүрмэг алсыг гийгүүлэх гэж
Зүрхний ховдолд тэрлэсэн шүлэг
...Үргэлжлэх амьдралыг амьдралыг
Нуруун дээрээ тээсэн
Нуман зам.
Жавар шилбүүрдсэн өвөл, нар төөнөсөн зуны алинд ч ажрахгүй ажлаа хийж явдаг замчин хүнийг би үнэн голоосоо хайрладаг. Шаргал хантааз нь алсаас харахад ассан бамбар шиг гэрэлтээд дөрвөн цагийн эргэлтэд гадаа ажилладаг манай замчмд энэ цагийн баатрууд. Замын хажууд мал дороосоо уур савсуулан зогсох үлэмж булчинлаг, хөрслөг чийрэг замчдыг галт тэрэгний цонхоор хараад тэдний хүч “нөмөрт” гэртээ байгаа юм шиг дутуу юмгүй дулаахан тохилог зорчиж яваагаа би улам бүр мэдэрдэг.
М.Жаргалсайхан