Монгол Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээний асуудал хэлэлцээний түвшинд явж буй. Яг одоогийн нөхцөл байдал болоод цаашид хоёр улсын боомтын төмөр замаараа холбогдсоноор манай улсын нүүрс, ачаа тээврийн талбарт ямар боломжууд үүсэж болох талаар Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлттэй ярилцлаа.
Хятадын тал гурвыг цогцоор буюу уурхай олборлох, худалдааны гэрээ хоёртой зэрэг зурна гэдэг байр сууриа илэрхийлсэн
-Гашуунсухайт-Ганцмод боомтын холбогдсон төмөр зам нарийн, өргөн царигаар зөрөлдөж орох юм байна. Зөрөлдөж ороод хэрхэн ачилт, буулгалт хийгдэх вэ?
-Энэ яагаад гэхээр, Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага буюу ОСЖД 1955 онд үүсгэн байгуулагдаад, 2011 онд манай улс нэгдсэн. Үүнд БНХАУ, Монгол Улс, ОХУ, Зүүн Европын улсууд, сүүлийн үед БНСУ болон зүүн өмнөд Азийн улсууд элссэн. Үүнд зааснаар “Цариг өөр байвал ачаа хүлээж авч байгаа талдаа хүлээлгэж өгнө" гэчихсэн. Тэгэхээр манайх өргөн царигаар ороод Хятадуудад хүлээлгэж өгнө л гэсэн үг юм. Хятадын тал өөрийнхөө царигаар манай улсын нутаг дэвсгэр дээр ачаагаа хүлээлгэж өгнө. Өөрөөр хэлбэл олон улсын гэрээгээр зохицуулсан харилцаа. Нарийн царигаар байсан бол мэдээж шилжүүлэн ачилт байхгүй. Шууд галт тэрэг хил дамнаад тээвэрлэх боломжтой.
Монгол Улсад нарийн царигийн ач холбогдол яагаад чухал вэ гэхээр ТЭЗҮ дээр жилд 500 мянган тонн ачаа өгөх буюу энэ маш бага гэсэн үг. Хойд хөршөөс нефтийн худалдан авалт амаргүй байгаа энэ цаг үед яваандаа бид төмөр замаараа нефть импортлох асуудал яригдаж болно. Тэгэхээр Өмнөговь өөрөө нефтийн бүтээгдэхүүний асар том хэрэглэгч. Иймд энэ төмөр замаараа нефтийн бүтээгдэхүүн авах тийм боломжийг бий болгож өгч байна аа л гэж харж байна. Мөн олон улсын боомт болж чадвал зорчигч тээвэр хөгжих боломжтой. Одоо бидэнд ганцхан Замын-Үүд-Эрээн чиглэлээр Монголын бүх импортын ачаа орж ирдэг. Энэ нь Гашуунсухайт-Ганцмод боомтоор бас ачааллаа хувааж, ачаа тээвэр орж ирэх нэг үүд хаалга нээгдэж байна ойлгож болно. Өмнөговьд жишээ нь ачаа авдаг хүн заавал Замын-Үүд-Эрээнээс аваад Улаанбаатар, Дорноговиор тойрох шаардлагагүй. Шууд эндээсээ төмөр замаар оруулаад ирэх боломжтой. Ингээд харахаар ирээдүйн төлөвлөлтөө бодвол цаашид нарийн царигаар төмөр замуудаа барьж байгуулъя л гэж байгаа.
-Төмөр замынхаа хил холболтыг хийчихвэл цаашид төмөр замаар нэвтрэх хүчин чадал хэдий хэр байхаар тооцож байна вэ?
-Төмөр замын нэвтрүүлэх чадвар нь ганцхан зүйлээр тогтоогдохгүй. 10 мянган галт тэрэг Гашуунсухайтаас-Ганцмод өртөө хүртэл ямар хугацаанд явах, буцаад ямар хугацаанд орж ирэх вэ, хил гаалийн үзлэг гэх мэтээр өдрийн 100 мянган тонн ачаа буюу 10 галт тэрэг нэвтрүүлээд буцаахад жилдээ 30 сая орчим ачаа тээвэрлэх боломжтой гэж харж байна. Тэгэхээр хил гаалиа шийдээд, хурдацтай яваад байвал энэ тоо нэмэгдэнэ. Мөн нэмэгдэх ч боломж бий.
2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ болон Монгол Улсын хооронд Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгыг нэг гүйцэтгэгчээр, нэг зураг төслөөр зэрэг эхлүүлж, зэрэг дуусгая гэж тохирсон. Хятадын Төмөр зам компанийн зүгээс компани хооронд байгуулах гэрээний төслөө тохиролцсон. Сонгуулийн 6 дугаар сард гэрээгээ үзэглэх тал дээр Хятадын талыг яаравчлуулахад гурвыг цогцоор буюу уурхай олборлох, худалдааны гэрээ хоёртой зэрэг зурна гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд төмөр замын ажлын гэрээ нь одоо хүлээгдэж байна. Энэ асуудал шийдэгдчихвэл уг нь бол төмөр зам дээр техникийн түвшний ажлууд аль хэдийнэ хийгдсэн гэсэн үг.
-Манай талаас улс төрийн түвшинд олон жил гацаасан төмөр замын бүтээн байгуулалт. Мэдээж нөгөө талаас энэ удаад илүү няхуур хандахаас аргагүй болов уу. Хятадын талаас ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Одоо бид Гашуунсухайтаар жилд 40 сая тонн ачаа гаргаж байгаа бол цаашид 30 саяар нэмэгдэнэ. 70 сая тонн болно. Эрдэнэс Тавантолгой компани одоо байгаа олборлолт дээрээ нэмэлтээр 20 сая нүүрс олборлож гаргана. Хятадын талаас "Одоо байгаа худалдан авагч нартай байгуулсан нүүрсийг гэрээнийхээ дагуу явна. Манайд нэмэлтээр нүүрс олборлож өг" гэдэг байр сууриа илэрхийлснийг Монголын тал хүлээж авсан. Энэ нь ойролцоогоор “Эрдэнэс Тавантолгой”-д жилд 1.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого, төмөр замд болон уурхайд жилд 400 сая ам.долларын нэмэлт орлого орно гэсэн үг.
Хятадын талаас “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр замын холболтыг хийсний ард Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын төмөр замын холбоно гэсэн байр сууриа улс төрийн дээд түвшинд илэрхийлсэн. 2023 оны 5 дугаар сард Шивээхүрэн-Сэхээ боомт дээр Ерөнхий сайд очиж нээлтийг нь хийсэн байгаа шүү дээ. Энэ төмөр замыг энэ оны арваннэгдүгээр сард улсын комисс очиж ажиллаад дуусчихсан, үндсэндээ бэлэн гэсэн үг. Сэхээ дээр зөвхөн нарийн царигаар 7 км төмөр замыг Хятад руу ачаа өгөх зориулалттайгаар Монголын талдаа тавиад дуусчихсан байна. Хилийн тэг цэг буюу хилийн шугаманд тулчихсан гэж ойлгож болно. Хятадын талдаа 3.75 км буюу дан замын ажил үлдсэн учраас холболт хийгдэхэд асуудалгүй.
Өртөө болон бусад байгууламж мөн баригдсан. Шивээхүрэн болон Нарийнсухайтын бүлэг орд дээр 5-6 уурхай гарч байгаа. 14 гаран сая тонн нүүрс боомтоороо экспортлосон тоо бий. Уурхайн хүчин чадлаараа наад талдаа уг нь Нарийнсухайтын бүлэг орд 25 сая тоннын олборлолтын хүчин чадал байгаад байдаг. Тэгэхээр боомтынхоо одоогийн нөхцөл байдалд уягдаад бүрэн хүчин чадлаараа ажиллаж, нүүрсээ гаргаж чадахгүй байна. Иймд хил холбогдчихвол бүрэн чадлаараа ажиллах боломж бий.
-Энэ удаад Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболт дээр нарийн болон өргөн царигаар холбох терминал барьчихна. Та түрүүн яриандаа цаашид нарийн царигаар төмөр замуудаа тавих нь зөв гэж хэллээ?
-Нарийн царигийн төмөр зам баригдвал Монголын нүүрсний экспорт үндсэндээ сарын дотор л 10 сая тонноор нэмэгдэхээр байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2.5 жилийн хугацаанд баригдах товтой. Хятадын талаас одоогийн төмөр замаа явуулах гэрээгээ зурчих л юм бол дараа дараагийн төмөр замын асуудал буюу Шивээхүрэн-Сэхээгийн ажлыг эхлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Хятадын талаас хөрөнгө оруулалт, барилга угсралт, сонгон шалгаруулалт бүгд болчихсон. “Зүүнбаян-Ханги”-ийн төмөр зам Ханги-тайгаа Мандал-тайгаа холбогдоход Монголын тал 600 метр, Хятадын талд 10 орчим км дутуу. Гурван сарын л ажил. Зүүнбаян-Хангийн төмөр зам нь 15 сая тоннын хүчин чадалтай. Бичигт-Зүүнхатавч төмөр зам нь төр хувийн хэвшлийн түншлэлээр сонгон шалгаруулалт Эдийн засаг, хөгжлийн яаман дээр явагдах юм.
2028 оноос ашиглалтад орно гэж тооцож, хүлээгдэж байна. Тэгэхээр энэ гол төмөр замуудаа ашиглалтад оруулвал Монгол Улс жилд 80 сая тонноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх боломжтой болно. Үүний 55 сая тонн нь нэг жилийн дотор экспортод гарна гэдэг тооцоо бий. Яг энэ дүнгээ барьж чадвал эдийн засгийн эерэг нөлөө үзүүлнэ. 2014 онд БНХАУ-тай байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэл дээр олон зүйл яригдсан. Үүний нэг нь Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт юм. Дан ганц төмөр зам гэлтгүй олон салбарт хамтран ажиллана гэдгээ уг түншлэлдээ тусгасан байна лээ.
Монголын хувьд газарзүйн давуу байрлалтай буюу нүүрсний тээврийн зай богино учир тээврийн өртгөөрөө өрсөлдөх бүрэн боломжтой
-Одоогоор Монголын Хятадтай холбогдох гээд хүлээж буй хилийн боомтын төмөр замууд нь бүгд “Чайна Энержи” компанийн төмөр зам гэсэн үг үү?
-Үгүй. Шивээхүрэн-Сэхээ боомт дээр гэхэд Хятадын төмөр замын корпорацийнх. Зүүнбаян-Ханги дээр мөн төрийн өмчит компани, Бичигт-Зүүнхатавч дээр хувийн хэвшил эзэмшдэг төрийн өмчит давамгайлсан цаад талдаа өөрсдийн төмөр замтай. “Чайна Энержи”-гийн төмөр зам Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам юм. Цаашаагаа Хятадын төмөр замын үндсэн магистралтай холбогдоход Хятадын хувийн хэвшлийн 370 км зам бий. Хятад Улс өөрөө 160 мянган км төмөр замын сүлжээтэй. Жилийн тээврийн хэмжээ тэрбум тонноор хэмжигддэг. Тэгэхээр төмөр замын боомтоороо энэ улстай холбогдох нь худалдаа эдийн засгийн асар чухал ач холбогдолтой. Хятадтай нүүрсний худалдаа хийх сонирхолтой Индонез, Казахстан, Канад, Австрали, Чили зэрэг олон улс бий.Монголын хувьд газарзүйн давуу байрлалтай буюу Монголын нүүрсний тээврийн зай богино. Дэлхийн улс орнууд тээврийн өртгөөрөө өрсөлдөж байгаа гэсэн үг. Манай улсын хувьд өрсөлдөх бүрэн боломжтой гэж харж байгаа.
-Хятадын талаас манайхыг хил холболтоо хийгээд төмөр замуудаа явуулъя гэдэг. Гэтэл манай талд яг хаана аа, юун дээр төмөр замын асуудал гацаад, удаашраад байна вэ?
-Нэгдүгээрт, 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын 68 дугаар тогтоол гараад Хятадын талаар төмөр замаа бариул, санхжүүжилтийг нь “Эрдэнэс Тавантолгой” хийе, нүүрс нь жилд 20 саяас доошгүй хэмжээгээр урт хугацааны гэрээ байгуул гээд УИХ-аас чиглэлээ өгсөн. Энэ хүрээнд яриад байгаа 50 гаруй удаагийн уулзалт хийсний дараа Ерөнхий сайд Хятадын талтай уулзаж, тэдний талаас ерөнхий байр сууриа илэрхийлсэн албан бичиг явуулсан. Уг албан бичигт “Төмөр зам холбогдтол, бүтээн байгуулалт явагдах эхний үед 27 сая тонн нүүрс буюу эхний жилд 5,5,5,6,6 гэсэн нөхцлөөр 2025-2029 он хүртэл ийм хэмжээний нүүрс авъя. Цаашаагаа 20 сая тонноор явъя гэсэн байр суурь хэлсэн. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой”-н зарласан тендер бий л дээ. Энэ тендер нь юу вэ гэхээр нэмэлтээр 2 ам буюу Бортээг, Ончхараатын орд дээр олборлолт хийх тендер юм. Хүмүүс Бортолгой-той андуураад байдаг.
Нөөцийнхөө хувьд сайн нь Бортолгойн орд. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд “Чайна Энержи”-тэй хэлцэл хийхээс өмнө зарласан тендер гэж ойлгож болно. Энэ тендерт хятадын талаас оролцъё, олборлолт дээр чинь оръё гэсэн юм билээ. Нүүрсний урт хугацааны гэрээ 16 жил байя гэдэг саналаа илэрхийлсэн юм. Тавиад байгаа хоёр саналыг нь яагаад шуудхан шийдчихэж болохгүй байна вэ гэхээр Монгол Улсын Биржийн тухай хуульд өөрчлөлт орсон. 10.3 болон 10.4 дүгээр заалт дээр “Зөвхөн хил дамнасан төмөр зам барих дээр урт хугацааны гэрээ хийхгүйгээр биржээр худалдаалахгүй” мөн “энэ гэрээг байгуулахдаа биржийн дундаж үнээр нүүрсээ тооцно” гэсэн заалт бий. Тэгэхээр биржийн дундаж үнээр тооцох гэдэг дээр Хятадын тал өөр аргаар тооцъё гэсэн. Хэрвээ тэгвэл хууль зөрчих учраас хэлэлцээр цааш үргэлжлэх нь удааширсан. Хоёрдугаарт Биржийн тухай хуульд байгаа. 10.14 дүгээр заалт дээр туслан авах гээд байгаа бидний тендерээр шалгаруулсан үйл ажиллагаа гурван жилийн л хугацаатай байж болно. Тэгэхээр хятадуудын яриад байгаа 16 жил гэдэг дээр болдоггүй. Ингээд ийм асуудлуудаас болж шуудхан шийдвэрлэж чадаагүй.
Монголын хувьд газарзүйн давуу байрлалтай буюу манөй нүүрсний тээврийн зай богино учраас өртөг боломжийноороо дэлхийн улс орнуудтай өрсөлдөх бүрэн боломжтой.
Хятадын тал нүүрсээ өөрсдөө худалдаж авахгүй, зөвхөн операторын үүрэн гүйцэтгэнэ
-Тэгэхээр олборлосон нүүрсээ Хятадын тал өөрсдөө авна гэсэн үг үү?
-Авахгүй юм. Манай Эрдэнэс Тавантолгойн туслан гүйцэтгэгч буюу хөрс хуулаад нүүрс олборлож өгдөг компаниуд бий. Энэ ажлыг нь л Хятадын тал хийж өгнө. Гэрээн дээр зохицуулагдсан чанарт тэнцсэн нүүрсүүдийг олборлож бидэнд өгнө гэсэн үг. Түүнээс өөрсдөө ороод авахгүй, операторын үүрэг гүйцэтгэнэ.
-Бусад хүлээгдэж буй боомтууд ашиглалтад орохоор аль ордоосоо нүүрсээ экспортлох вэ?
-Шивээхүрэн Нарийнсухайтын бүлэг ордын нүүрсний нөөц нь 1 тэрбум тонн гэдэг. Тэнд дотоодын компаниуд уурхайд олборлолтоо хийж байгаа. Зүүн талд нь төмөр замын трасстай 100 км дотор 2.2 тэрбум тонн хүрэн нүүрс бий гэж ТЭЗҮ-д гарсан. Тэгэхээр энэ уул уурхайн бүтээгдэхүүнүүд тус тусынхаа чиглэлийн боомтуудаар гарна.Тавантолгойн бүлэг ордоос гэхэд одоо байгаа Гашуунсухайтаараа гарна.
-Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын 979 тэрбумын зардлыг хэрхэн шийдвэрлэх үү?
-Энэ зардал 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68-р тогтоолоор Эрдэнэс Тавантолгой шууд санхүүжүүлнэ гэсэн байдаг. Ямар ч зээл, оффтэйк байхгүй. Санхүүжилт нь одоогоор мэдээж эхлээгүй байна. Ажил яваад ирэхээр санхүүжилт нь хийгдээд эхлэх байх. Эрдэнэс Тавантолгойн хувьд энэ жилийн ашиг нь 2.5 их наяд гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр санхүүжилтийн чадамж бий гэсэн үг. Мэдээж санхүүжилт үе шаттай явагдах учраас шууд 979 тэрбумыг төлөхгүй байх. Уг хийгдэх бүтээн байгуулалт нь Монголын Тавантолгой компанийн өмч. Хятадын компани ямар нэгэн хувь, хувьцаа эзэмшихгүй. Орж ирэх ашиг нь Тавантолгой руу л орж ирнэ гэсэн үг. Жилд нүүрс тээвэрлэлт 30 сая тонноор нэмэгдэхээр Хятадын “Чайна Энержи” 20 саяыг нь өөрсдийн санал болгох үнээр, нэмэлт 10 сая тонныг нь бид биржийн үнээрээ зарна, Хятадын талаас энэ тал дээр ямар ч хязгаарлалт тогтоохгүй шүү гэдгээ манай талаас илэрхийлж тохиролцох юм.
-Ачаа тээвэр, нүүрс гэлтгүй төмөр замын боломжоо ашиглаад түлш, нефть тээвэрлэх боломж бидэнд бий юу?
-Мэдээж Хятадаас говийн бүсээ хангах түлш авна аа гэвэл том нефтийн агуулахууд боомтууд дээрээ барих боломжтой. Ирээдүйд яригдаж болох асуудал. Нарийн цариг яагаад яригдаад байна гэхээр нарийнаараа холбогдчихвол Улаанбаатар төмөр зам, Хятадын төмөр замтай ямар ачаа зөөх, өргөн нарийн царигаараа буулгах зөөвөрлөхөө шууд ярина. Бид нарийн царигаар барьчихвал ачаагаа хүргэж өгдөг болно гэсэн үг. Хувийн төмөр зам барьчихаар боломжтой гэж харагдаж байгаа. Тээврийн зардлын тухайд Тавантолгойн ТЭЗҮ дээр тарифыг 0.045 цент төлөхөөр, нэг тонн нүүрс 7 орчим ам.доллараар очно гэж харж байна. Ачаа тээвэр нэг тонн нь хуучин 21 ам.доллар байсан бол одоо 14 ам.доллар болсон. Мэдээж өөр зардлууд үүн дээр нэмэгдэнэ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг Эрдэнэс Тавантолгой компани 1 тэрбум 5 сая ам.доллараар барьсан. Бүх зардлыг нь Эрдэнэс Тавантолгой гаргасан.
Уг нь анх олон улсын боомт болгоно гэж ярьж байсан ч хэлсэн ярьснаасаа буцаж, энэ ажлыг олон жил улс төржиж гацаасан. Тэгэхээр эхний ээлжид Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замаа явуулж, дараагийн төмөр замын холболтуудаа даруй эхлүүлэх ажил бидний урд байна.
https://eguur.mn/552757/