Хавар надад аль эрт, хаа хол гээсэн дурсамжийг минь хаанаас ч юм тээгээд ирдэг. Нар ээж, цас хайлсан сайхан өдөр өнө эртний сайхан дурсамж сэдэрнэ. Анхны хайрын гэгээхэн дурсамжууд...
Хичээлээ тараад гэр рүүгээ харьж явахад араас бараадан, намайг дагаад зогсвол зогсож, эргэж харвал цаашаа хараад зогсчихдог тэр даруухан хөвгүүний үл мэдэг сэвхтэй нүүр, шар нүд санаанд бууна. Харин миний сэтгэлд ташаандаа офицер цүнх гялалзуулан булан эргээд том том алхаад явчихдаг өндөр нуруу, өтгөн хөмсөгтэй ангийн “хэнэггүй” байдаг байлаа. Яг үнэндээ тэр хайр байсан, үгүйг би мэдэхгүй. Зүгээр л ангийнхан бид хоёрыг нэг ширээнд хамт суудаг болохоор холбож шоолдогт жигтэйхэн дургүй. Шоолуулсныхаа төлөө ямар ч шалтгаангүй түүнийг үзэн ядна. Харин багш бидний суудлыг сольж би өөр хүүхэдтэй хамт суух болсноор санаа амарч билээ. Хүүхдүүд ч биднийг холбож шоолохоо больчихсон. Гэтэл сэтгэл нэг л хоосон, хачин уйтгартай ч юм шиг болчихож билээ. Тэр үеэс нөгөө үзэн яддаг, харахаас дургүй хүрдэг тэр хүүг өөрийн эрхгүй харцаараа хайж, хааяа харц мөргөлдвөл зүрх хүчтэй цохилж, нүүр халуу оргино. Өнөөх маань анзаарч байгаа ч юмгүй. Бөмбөг хөөхөөс өөрийг мэддэггүй нөхөр л дөө. Ийнхүү дэгэлзэж, дэрвэж явтал нэг намрын том том цас хаялсан өдөр арай ахмад танил хөвгүүн гэнэтхэн хацар дээр минь үнсчихээд “Хайртай шүү” гэж хэлэхэд нь яг л хөшөө шиг хөшиж, зүрх минь зогсчих шиг болсон. Тархи толгойд юу ч орж ирэхгүй хичнээн удаан зогссоноо мэддэггүй юм. Харин тэр огт нүд цавчихгүй намайг юу гэх бол гэж харсаар байсан. Би түүнд юу ч хэлээгүй. Зүгээр л гэр рүүгээ алхчихсан. Тэр өдөржин, оройжин, маргааш нь ч түүний уруул хүрсэн газар халуу дүүгээд л байх шиг санагдаж билээ. Биднийг үерхсэн үү гэж үү. Үгүй ээ. Тэр хол явчихсан. Дотроо хүлээгээд л... Хаа нэгтээ нэрнийх нь эхний үсгийг бичээд бяцхан зүрх зурдаг байж билээ.
Сургуулийн баруун хойд өнцөгт нэг тоосгон дээр нэрнийх нь үсгийг арилахааргүй хадаасаар сийлсэн санагдана. Нэг өглөө эрт ангидаа ирж суудаг ширээнийхээ доод талын ирмэгт хүн харахааргүй хэсэгт с эрхэм нандин санагдах тэр үсгийг дурсгал болгон үлдээж билээ.
Хавар болохоор олон жил хашаагаар нь ч ороогүй сургууль руугаа зорьж очоод тэр дурсамжийнхаа ул мөрийг хаймаар санагддаг. Хавар чи надаас “Аль нь чиний анхны хайр байсан юм бэ?” гэж асуух шиг... Мэдэхгүй ээ, би одоо ч мэдэхгүй. Зүгээр л би тэднийг дурсах дуртай. Хэн нэгэн миний сэтгэлийг догдлуулж, бас өөрөө хэн нэгний сэтгэлийг дэнслүүлж байсан тэр гэгээхэн насаа дурсах дуртай. Тэр он жилүүд миний амьдралын хавар байжээ.