Оны өмнөхөн шуудангийн автобусанд суулгаад Хөвсгөл рүү илгээсэн хүү минь өвөө, эмээ дээрээ шинэ жил, цагаан сар хэмээх хоёр том баярыг өнгөрүүлээд саяхан ирлээ. Хэдийгээр “Цэвэр агаарт хэд хоноод ир, чамд л олдохгүй норм. Анх удаа явж байгаа биш дээ. Аймагт нагац эгч чинь тосож аваад сумын унаанд суулгачихна. Суманд авга эгч чинь байхад юунд нь санаа зовох вэ. Тэднийд ганц хоёр хоног аяны алжаалаа гаргаж аваад хүргэн ахаараа хөдөө хүргүүлэхгүй юу” гэхчлэнгээр тоомжиргүй аястай ганц хоёр захиас захиад, холын замд үдэж өгсөн ч автобус нь хөдлөх цагаас л эхлэн хүүгээ буцаж ирэх хугацааг хоног тоолон хүлээж байсан гэргий бид хоёрын хувьд царайд нь хөрс сууж борлосон хүүгийнхээ улаа бутарсан хацрыг үнэрлэн угтах мэдрэмж хэчнээн сайхан гэж санана.
Бид хоёртоо л том хүү боловч аравхан настай юм шүү дээ, хөөрхий минь. Хүү минь хар нялхаасаа л ингэж явсан болохоор одоо ч өөрөө ажрахаа байж дээ. Хөдөөнөөс ирэх бүртээ нэг тийм хэрсүү, хэзээний том хүн шиг хэвлүүн үг хэллэг, үйл хөдлөлүтэй болох нь өхөөрдмөөр... Бид хоёр хэд хоногтоо л жижигхэн хэрнээ “том” яриатай хүнээс сураал, зэмлэлийг нь сонсоно шүү дээ. Хүүг минь буцах бүрт аль амттай шимтэйгээ том бор шуудайн чинээнд нь тултал чихэж өгдөг өвөө эмээгийн сэтгэл нэмэгдэнэ үү гэхээс дундрахгүй. Амыг нь онгойлгох төдийд нутгийн минь салхи, төрсөн газрын минь аглаг өвсний үнэр ханхийх тэр мэдрэмж ...
Хүүхэд ахуй насанд аав, ээж аймаг, сумын төв ороод ирэхэд ганзаганых нь олзыг дүү нартайгаа хамт задлах мөч ямар сайхан байдаг билээ дээ. Одоо харин хотын иргэн болчихоод хөдөөнөөс илгээсэн шуудайтай олзыг задлах бүртээ тэр дурсамжийг нэхэн санадаг болж.
Энэ удаад аав, ээж маань тэрхүү бор шуудайны амсар дээр гялгар уутанд боож, гадуур нь сайн гэгч скочдсон захидал илгээжээ. Задалж үзвэл мэндчилгээний үг ч байхгүйгээр “Хүүг минь айлын том гэж бүү ганцаардуулаарай. Үргэлж анхаарал тавьж байгаарай, та хоёр. Та хэдийг ажил, цэцэрлэгтээ явсан хойгуур ганцаараа гэрт байсаар их бүрэг ичимхий болж. Бие нь давжаарсан санагдаад байхаар нь жинтэй айлд зорьж очин хэмжиж үзлээ. Бас ч гэж 40 шахам кг байна. Зун ирэхэд нь дахин жин дээр зогсоож үзнэ шүү...” гэсэн товч бөгөөд тодорхой, хөнгөн зэмлэлтэй захиас илгээжээ. Ай даа, өвөө эмээгийн сэтгэлээ гэж...