МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ю.Идэрчулуун
ХОЁР СЭТГЭЛ
Тэнгэрийн хаяаны
Зосон улаан будагтай уусанхан
Тэлмэн хоёр морьтон
Ергөж цаашилна
Эмээл дээрээ бие биедээ
Хантайран ойртох нь
Хол ойрын жаргалыг
Хөөрч яваа даа...
Морьдынхоо ташааг нийлтэл
Мөн тэгээд
Эмээл дээрээ сүүжилдэх нь
Магад ойрхон
Сэтгэлийн үг санагдана
Тэнгэрийн хаяа
Дэн шаргалаар
Дэлхий шатлаа гэмээр бутарсаар
Дэргэх морьтон
Сүүлчийн тэнгис хүртэл
Суран жолоог татмааргүй
Хасарын удмын хайр ч юмуу
Хосоороо туулмаар зурагдана
Үдшийн гялаан морьтны
Өвөрт нь шингэхээр
Өвгөдийн гаансны цог болж
Улайсаар
Өеөлдөн доошилно уу
Одод олмолсон шөнөөр
Бие биеэ налж түшсэн
Бидэн хоёр л гэмээр
Эмээлийн мөнгөн хяраас
Үйрч эмтлэгдсэн
Үүрийн гялаан нисэв үү
Од оддодоо
Олох хүртэл зайд
Ончирсон хоёрын сэтгэл
Хээр хоносон бидэртэй сарыг
Зууван болтол дэрлэв үү...
2023-12-2
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Цээсэд
“ГАРАГ СҮЛЖСЭН ТЭРГЭН ЗАМ
ГАЗАРТ БУУСАН ТЭНГЭРИЙН ЗААДАС”
хэмээх мөчлөг шүлгээс
Ган зам
Энтээ үзүүр нь
Элэг зүрхтэй минь лугших
Гарын алганы хээ шиг
Газрын халуун судас
Тэртээ үзүүр нь
Тэнгэрийн заадастай нийлэх
Хорвоо хэмээх их хуурын
Хос мөнгөн чавхдас
Галт тэрэг
Зүрхтэй минь хэм нийлүүлэн
Нар цуцаан довтолгох
Зүйрлэшгүй хүчээ гайхуулсан
Зөөвөр жингийн цуваа
Зүүдтэй минь хамт аялуулан
Сар эцээн тэлгүүлэх
Зөөлөн дулаан суудалтай
Зөн билгийн унаа
Өртөө
Хүний олноор
Хаяагаа тэлдэг
Хүлгийн олноор
Уяагаа сунгадаг
Хөл тасардаггүй
Зан сайтай айл
Сөл алддаггүй
Замаг сайтай нуур
Машинист
Төхмийн жавар, шуурганд түүртдэггүй
Түм буман тэмээ ачаанд үүртдэггүй
Түлбэрэх зангүй аварга хөсгийн хөөглөгч
Түдэх саадгүй ган замын хөтөч
Таван тивээр тархсан нүүдэл суудалтай
Гурван өнгөөр талархсан нүүр царайтай
Газар газрын аялал жуулчдын жолооч
Гадаад дотоодын алба залгуулагчдын улаач
Вагон үзэгч, засварчид
Эртний үлэг гүрвэл шиг асар
Их далайн халим шиг аварга
Энэ цагийн илчит тэрэгний
Эд анги, эрэг шураг бүрийг
Эвэршсэн гараараа илж тэмтрэнэ
Эмч шиг чагнаж, тогшиж үзнэ
“Судас”-ыг нь барьж онош тогтооно
Сувилагч шиг асарч тойлно
Вагоны үйлчлэгч
Хол ойроос суугчдыг угтан
Хоймортоо залж тухлуулна
Хот хүрээндээ буугчдыг үдэн
Хонгор эх шиг нь даллан үлдэнэ
Халуун цай нь бараан ч гэсэн
Цагаан сэтгэлийн сүү амтлуулна
Харанхуй шөнө жавартай ч байсан
Дулаан бүхээгт инээд цэцэглүүлнэ
Сумчин
Шар дарцаг нь анхаарлын тэмдэг
Шаналангуй царай нь асуултын тэмдэг
Зөрлөг өнгөрүүлэх нь зөөлний тэмдэг
Зөвшөөрөхгүй бол хатуугийн тэмдэг
Гараа өргөвөөс баяртайн тэмдэг
Гадас шиг зогсвоос аюулгүйн тэмдэг
Гандуу хувцас нь ажилсагийн тэмдэг
Гарцаагүй, тэр өөрөө ган замын тэмдэг
Төмөр замчид
Анхдагчдаасаа эхлээд л
*Авангаард явсныг нь түүх өгүүлнэ
Мандах инженерээс Раашийг хүртэл
Манлайлагч байсныг нь би хэлнэ
Рааш баатрын залгамж үеийнхэн
Алдаршиж явааг нь та бид мэднэ
Маргаашаас эхлээд ирээдүйг хүртэл
Мандуулж явахаа хойч үе батална
2023 он
*Авангаард- хошуучлагч гэсэн утгатай
Ахмадын холбооны орлогч дарга М.Ганбат
БОСОО ЗАЯАТАЙ-ЧИНГИСИЙН МОНГОЛ
Алд биеэс ахуй төрөө чухалчлан
Аймаг овгоо эвлүүлэн захирсан
Бүтэн биеэс бүрэн улсаа эрхэмлэн
Бутарсан улсаа нэгтгэн байгуулсан
Хас төрийн минь их эзэн Богд Чингис
Хамаг Монголын хаан танд мөргөм үү
Тэнгэр газар ивээсэн туг сүлднээс
Тэмүжин эзэн эрч авч хүчирхэгжсэн
Гал, нар, сар, “Бурхан халдун”-аа тахиж
Гүрэн хаанчиллах хүч аван алдаршсан
Аугаа Чингис хааны суу заль дор
Азийн цээжинд Монгол минь босоо
Мэргэн ухаан, суу билиг нь төгөлдөр
Миний Монголчууд тэнгэр удамтай
Мандан бадарч түүхэнд мөнхөрсөн
Морьтон Монголчууд босоо заяатай
Мөнх тэнгэрийн хүчин дор нэгдсэн
Мянганы суутан Чингисийн Монгол
Эрэлхэг дайчдын сүр хүч, эв нэгдлээр
Эргэх орчлонг дайлаар мордсон
Зориг ухаан, жанждын эрдэм чадлаар
Замба тивд Монгол Улсаа мандуулсан
Далай их хаадууд нь түүхэнд мөртэй
Дайчин баатрууд нь дэлхийд цуутай
Хүн гүрний Модун хааны үндэслэсэн
Хүчирхэг хаад дамжсан алтан аргамж
Эх хэл, түүх соёлоо мөнх дархалсан
Эзэнт улсын төр, өнөд амгалан оршиг
Тэнгэрлэг түмний од хийморь дээшээ
Тэгш заяат Монголын суу алдар өөдөө
МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найргч Б.Жамбалдорж
ИЖИЙ ЗАМ
Замын хажуугийн модод ёсолж буй мэт
Заримдаа бас гараа өргөн даллаж байх мэт
Захидал цүнхэлсэн хүү гэрэлтэж зогсох мэт
Замдаа сайн яваарай гэх хэн нэгний үг сонсдох мэт ээ
Өвдөг тэврээд холыг ширтэх охиныг
Өөр бас олон олон уй гунигийг
Цочоочих вий гэхээс хоолой засан цомцойдог шүү би
Үүрээ орхиод нисэж яваа шувуухай
Үүр цүүрээр үг солих мэт дагаж ниснэ
Хамар хашааны минь сахилгагүй жаалын
Хамаагүй шидсэн чулуу нь энд жиргэж байгаа мэт санагдана
Эх нутгаа санаад шархалж эхэлсэн оюутнууд
Элэг зүрхээ эдгээх гэж гунигтай дуу аялж явна
Хэн нэгний санаандгүй өгсөн үзгийг
Хэрэг болгон зүрхэн тушаа зүүж явнам
Жаргал зовлон хоёрыг тэнцүүхэн татсан
Хэзээ ч ойртохгүй, хэзээ ч холдохгүй
Чи бидний хайр сэтгэл шиг замаар явж байна
Бөөрөн дээрээ хичээнгүй бичигтэй дайварнууд
Бөн бөн ижийг минь санагдуулдаг
Хамаг хайраа хүүдээ гэж хаягласан
Хачин сайхан зүйл шалаар дүүрэн байдаг
Хайр сэтгэлүүдийг ачсан хөсөг тэрэг
Хаврын урт өдөр өнгөрч өгдөггүй
Алтан гинжийг хэнээр таслах вэ гэсэн шиг
Ар хормойноос зүүгдэж явсан гэнэн насаа сананам
Дөрвөлжин шугамтай дэвтэр шиг өрөөнүүдэд
Дөрөв гэсэн дугаар байдаг
Өөд өдөөсөө харсан хүмүүс харцаараа мэндлэх нь
Өөд болооч минь эргээд ирсэн шиг дотнохон байдаг
Зогсоол бүхэн дээрээ догдолсон зүрхтэй, зүрхэн зам
Зогсоол бүхэн дээрээ мөрөөдлийн салхитай, гэгээн зам
Зогсоол бүхэн дээрээ хагацлын зурвастай, ухаарлын зам
Зогсоол бүхэн дээрээ ээж рүүгээ гүйсэн хүүгийн тэмүүлэлтэй, ижий зам аа
Ахмад яруу найрагч Ц.Бурмаа
ХУРДАН МОРЬ
Дэргэж давхихдаа дэл сүүл нь намирсан
Дээдийн шүтээнд сүслэн залагдсан
Дэлгэрхэн нутагтаа өнөд үржсэн
Дээлтэй Монголчуудын хурдан хүлэг
Сартай шөнө эхээс төрөхдөө
Саран авхайн туяанд илбүүлсэн
Сайхан хөлөөрөө тэмцэн байж
Сайртай хөрсөн дээр тэнцэж боссон
Унаган цагаасаа удмаа дуурсгуулж
Унаган нутгаа магтан дуудуулж
Дааган насандаа сургуулан унуулж
Давхил уралдааны таранд сунгуулж
Удамтай малчны уяанд тэлүүлж
Умарзай гийнгоотой уралдаанд тэмүүлж
Сартай шөнө идшээ хэмжүүлж
Сайхан хомоолоо эзэндээ шинжүүлж
Эрийн гурван наадамд уяулж
Эгэлгүй хурдаа олонд гайхуулж
Элгэн түмнээ цэнгүүлэн шагшуулж
Эзэн хүнээ магтуулан баярлуулж
Хурд ир нь гүйцэхээрээ
Хурдан шандас нь төгөлдөржихөөрөө
Хуйлран цэнгэдэг наадмаараа
Хувьтай цэнгэлдээ уралдахаараа
Эрдэнэт чадлынхаа төгсийг харуулж
Эрэмгий төгөлдрөө түмэнд магтуулж
Эзэн хүнийхээ магнайг тэнийлгэж
Эрхэт төрийнхөө наадмыг мялаадаг
Монгол морьддоо эзэн нь баярлаж
Төрийнхөө наадамд уралдуулдаг юм
Монгол морьд эзнээ баясуулж
Торгон жолоогоо өргүүлдэг юм
Дэргэж давхихдаа дэл сүүл нь намирсан
Дээдийн шүтээнд сүслэн залагдсан
Дэлгэрхэн нутагтаа өнөд үржсэн
Дээлтэй Монголчуудын хурдан хүлэг ээ