Дэлхий дээр 2050 он гэхэд есөн тэрбум гаран хүн амьдрах тооцоо байгаа. Гэтэл дэлхий маань энэ олон хүний хэрэглээг нөөцөөрөө хангаж дийлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Одоогийнхоороо задгай хэрэглээтэй байвал нөөцийн хомсдолд орно гэдгийг судлаачид ярьж бичиж байгаа. Тэгвэл үүнийг яаж зохицуулах вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх гэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүд энэ чиглэлээр ажилладаг ч хүмүүс өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал.
Хүн бүр өөрсдийн тухтай амьдралын хэв маягийг сонгож хэвшүүлэхийг хичээж байна. Зарим хүмүүс минимал хэв маягийг сонгож өөртөө хэвшүүлэх гэж хичээж байхад нөгөө нь өөрт амар, ая тухтай амьдрах хэв маягийг сонгох гэх мэт.
Энэ бүхний эцсийн зорилго бол хэрэглээгээ хязгаарлах, аль болох байгаль орчинд ээлтэй амьдрах дадал зуршлыг өөртөө бий болгоход чиглэж байгаа юм.
Минимал хэв маягийг өөртөө дадал болгоно гэдгийг хүмүүс ихэвчлэн хувцас хэрэглэл, хоол хүнс, мөнгө санхүүтэй холбож ойлгох нь түгээмэл.
Өнөөгийн хөгжилд дижиталийн үүрэг асар их болсон. Бид өдрийн ихэнх цагаа дэлгэцэд зориулах болсон. Ажил амьдрал, өөрийгөө хөгжүүлэх, хөгжлөөс хоцрохгүй байх, мэдээлэл авах зэргээр бидний цагийг дижитал ертөнц эзэлдэг.
Судалгаагаар утас, телевизор, компьютер зэрэг дижитал дэлгэцүүд хүний биед эерэг үр нөлөө багатайгаас гадна хүнийг автуулах магадлал маш өндөр гэж гарсан. Тэгвэл бид яах ёстой вэ? Шийдэл нь дижитал минимализм гэх бас нэгэн амьдралын хэв маягийг судлаачид санал болгож байна. Үүнийг хэрхэн өөртөө хэвшүүлэх вэ?
Цаг хугацаа
Онлайн болон ямар нэг дэлгэцэд өнгөрөөх цагаа багасгах. Ихэнх хүмүүс ажлаа онлайнаар хийх боллоо. Тэгвэл ажлаас бусад үед дэлгэцэд өнгөрөөх цагаа багасгах хэрэгтэй.
Ингэхийн тулд дэлгэцэд өнгөрөөх цагаа тооцож эхэлнэ. Жишээлбэл, өдөрт 90 минутаас ихгүй хугацааг дэлгэцэд өнгөрөөнө гэх мэт. Түүнээсээ зорилго тавьж долоо хоногт таван хувиар багасгана эсвэл сард 10 хувь багасгана гэх зэргээр тоон зорилго тавих боломжтой. Хамгийн чухал нь энэ зорилгодоо үнэнч, тууштай байх явдал.
Файлуудаа эмхэлж цэгцлэх
Та өөрийнхөө хувцас хэрэглэлээ эмхэлж цэгцэлдэгтэй адил. Хэрэггүй хувцсаа хаяна эсвэл хандивлана. Дижитал орчинд үүнийг хийх бүр ч амархан. Хэрэгцээгүй аппликейшн болон програмаа байн байн устгаж байх хэрэгтэй. Мөн аль болох Cloud storage ашигласнаар төхөөрөмжид тань зай багтаамж үргэлжид байх болно.
Өөртөө дадал, хэвшил суулгах
Дээрх хоёр шийдлийг өөртөө хэвшил болгож, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр нэг л мэдэхэд та аль хэдийнэ маш ухаалаг дижитал хэрэглэгч болсон байх болно.
Та бүх зүйлийг мэдэх гэж араас нь мөшгих биш яг өөртөө хэрэгтэй чухал зүйлийн араас мэдэх гэж тэмүүлэх нь зөв. Утас, дижитал дэлгэцнээс өөрийгөө бага ч гэсэн холдуулж байхын тулд утсаа орхиод аль болох хол зайд явган алхаж бас болно. Боломжтой бол утсаа орой есөн цаг гэхэд унтрааж байх эсвэл airplane mode-д тохируулахыг судлаачид зөвлөж байна.
Дижиталд шилжээд байгаа энэ үед насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 80 гаран удаа утсаа оролдож, 10 минут тутамд утсаа үзэж байна гэсэн статистик бий.
Цахим шилжилт бидний амьдралыг хөнгөвчилж, олон зүйлийг цаг хугацаанаас хамаарахгүйгээр хийх боломжийг олгодог болсон ч нөгөө талдаа хүнийг дэлгэцэнд автуулснаараа эрүүл мэнд, сэтгэцэд муугаар нөлөөлдөг болох нь нэгэнт судлагдсан. Энэ хэмжээгээрээ хүмүүсийн хоорондын амьд харилцааг багасгаж байгаа сул талтай.
Иймд орчин үед хүн өөртөө зөв дадал суулгаж, дижитал болон амьд харилцааг тэнцвэржүүлэх нь амьдралын чухал хэвшил болоод байна.